УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Төслийг Шадар сайд Н.Номтойбаяр танилцуулав.
Тэрээр дэлхий дахинд гамшиг, аюулт үзэгдлийн давтамж нэмэгдэж, геополитикийн хурцадмал байдал бий болсон тул стратегийн болон гамшгийн нөөцийн бодлого, төлөвлөлтөд эрсдэлийг цогцоор тусгах шаардлагатайг онцлов. Төсөлд дараах зохицуулалт орсон байна. Үүнд:
-Нөөц бүрдүүлэх, хадгалах, сэлгэх, хуваарилах үйл ажиллагааг эрсдэлийн үнэлгээ, хэрэгцээний тооцоонд үндэслэн төлөвлөх, нэгдсэн цахим бүртгэл, хяналттай, шуурхай зохицуулалтын тогтолцоонд шилжүүлэх
-Орон нутгийн нөөцийн эрх зүйн тодорхойлолтыг шинэчилж, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын чиг үүрэг, оролцоо, хяналтын механизмыг нарийвчлах
-Агуулахын дэд бүтцийг улсын төсвөөс гадна төр, хувийн хэвшлийн түншлэлд суурилан хөгжүүлж, сул зайг түрээслэн орлого олох боломж бүрдүүлэх
-Нөөцийн хадгалалтын чанар, стандартыг алдагдуулахгүйгээр технологийн горимын дагуу сэлгэх, шинэчлэх
-Онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний эрх, боломжийг гамшгийн үеийн шуурхай ажиллагаанд зориулан өргөжүүлэх тус тус багтсан байна.
Эх сурвалж: polit.mn