Ч.БЯМБАА
Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр” (World Diabetes Day) болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдрийг тохиолдуулан Диабет судлаач Г.Жаргалсайхантай ярилцлаа.
-Чихрийн шижин буюу диабет гэж ямар өвчин болохыг энгийнээр тайлбарлаж өгөхгүй юу. Хүний цусан дахь сахарын хэмжээ хэвийн үедээ хэд байх ёстой вэ?
-Чихрийн шижин өвчнийг олон улсын нэршлээр диабет гэж нэрлэдэг. Ерөнхийдөө хүний цусан дахь сахарын хэмжээтэй холбоотой өвчин юм. Хүн бүрийн цусанд сахар байдаг. Сахар буюу глюкоз нь нүүрс усны хамгийн энгийн хэлбэр. Эрүүл хүний цусан дахь сахарын хэмжээ 3-5.5 ммоль/л орчим байдаг. Харин хоол идсэнээс хойш 1:30-2:00 цагийн дараа 7.8 ммоль/л орчим болж нэмэгддэг.
Энгийн хүн хоол идсэний дараа сахарын хэмжээ нэмэгдэж, хэсэг хугацааны дараа буцаад хэвийн хэмжээндээ ордог. Харин чихрийн шижинтэй хүний цусан дахь сахарын хэмжээ 9, 10, 11, 12, цаашлаад 20, 30 хүртэл нэмэгдэх тохиолдол бий. Сахраа хянахгүй удаан явж хүндрүүлбэл бүх судсыг гэмтээдэг.
-Чихрийн шижин өвчин хүндэрснээр хүний биед ямар сөрөг нөлөөллүүд бий болох вэ?
-Чихрийн шижингийн хүндрэл гэдэг нь үндсэндээ судасны гэмтэл юм. Цусан дахь сахарын хэмжээ өндөр байх нь өөрөө үрэвсүүлэх, хоруу чанартай нөлөө үзүүлдэг. Үүний улмаас хүний бүх эрхтэн, эд эсийг тэжээдэг судас гэмтэнэ. Чихрийн шижингийн хүндрэлүүд үүсдэг. Мөн мартамхай болох, хараа муудах, нүд бүрэлзэх, бөөр өвдөх, шөнө олон удаа шээх, хөл өвдөх, гишгэж чадахгүй болтлоо зовуурилах зэрэг шинж илэрч болно. Мөн шарх удаан эдгэрдэг. Энэ бүхэн чихрийн шижингийн хүндрэл юм. Ийм аюултай учраас сахарын хэмжээг хүндрэл үүсэхгүй түвшинд барьж сурах хэрэгтэй.
-Цусан дахь сахарын хэмжээ хэт ихсэх эсвэл хэт буурах нь чихрийн шижин үүсэж байна гэсэн үг үү?
-Сахарын хэмжээ ихэссэн хүн болгон чихрийн шижингийн сонгодог хэлбэртэй байдаггүй. Жишээлбэл, илүүдэл жинтэй, таргалалттай хүний нойр булчирхайгаас ялгарч байгаа инсулины хэмжээ хэвийн хэмжээнээсээ хэт өндөр байх тохиолдол бий.
Үүнийг инсулины дөжрөл буюу инсулины тэсвэржилт гэж нэрлэдэг. Хүний эд эсэд цусанд байгаа глюкозыг нэвтрүүлдэг рецептор гэж бий. Энэ нь хэвийн ажиллахаа больсноор цусан дахь сахар өндөр хэвээр байдаг. Үүний зэрэгцээ нойр булчирхай их хэмжээний инсулин тогтмол ялгаруулж, ачааллаа хэтрүүлсээр байгаад үйл ажиллагаа нь аажмаар мууддаг. Ингээд жинхэнэ чихрийн шижин үүсэж эхэлдэг.
Гэхдээ инсулины тэсвэржилттэй үед нь зөв арга хэмжээ авч, энэ чиглэлээр мэдлэгтэй хүнээр удирдуулж чадвал эргээд эрүүл хүнийх шиг хэвийн байдалд орох бүрэн боломжтой. Бид эрүүл мэндийн мэдлэг муутайгаас болж энэ байдлаа даамжруулж, урьдал үеэс чихрийн шижин рүү шилжүүлчихдэг. Ингээд насан туршдаа хянах шаардлагатай өвчний ангилалд ордог юм.
- Чихрийн шижин ямар шинж тэмдгээр илэрдэг вэ. Хүн өөрөө анзаарах боломжтой юу?
- Ерөнхийдөө чихрийн шижинтэй холбоотой шинж тэмдэг илэрч эхлэхэд таргалалт, бүсэлхийн тойрог томрох зэрэг өөрчлөлт ажиглагддаг. Эрэгтэй, эмэгтэй гэлтгүй илүүдэл жинтэй болж, хөдөлгөөн удааширна. Мөн залхуу болж, хөдөлгөөн хийх хүсэлгүй болдог. Биеийн зарим хэсэгт арьсан дээр жижиг товруу, гүврүү мэт зүйлс үүсэх тохиолдол бий. Эдгээр өөрчлөлт аажмаар илэрдэг учраас хүмүүс тэр бүр анзаардаггүй.
-Цусан дахь сахарын хэмжээгээ хэрхэн хянаж, хэвийн хэмжээнд барих вэ?
-Чихрийн шижин нэгэнт үүссэн бол насан туршдаа хянах шаардлагатай өвчин болдог. Тиймээс хүн өөрийгөө тогтмол хянаж байх ёстой. Өөрийгөө хянахаас өөр аврал байхгүй. Тиймээс манай компани монголд сахарын хэмжээг тогтмол хянах. Linx төхөөрөмжийг 2021 оноос нэвтрүүлсэн. Хүмүүс сахар хянах системийг биедээ нааж гар утсандаа Linx апплекейшнийг татаж холбон хэрэглэнэ.
Ингэхдээ нэг удаагийн хэрэглээ 15 хоног бөгөөд 150 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна. Тухайн систем минут тутамд сахарыг хэмжиж гар утсанд нь мэдээлнэ. Өдөрт 1440 удаа хэмжинэ. Энэ бол сахар нь өндөр бүх хүнд сахарынхаа учрыг олох алтан боломж юм. Биед ямар нэг сөрөг нөлөөгүй бас тээргүй.

- Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-нд дэлхий нийтээр “Чихрийн шижин өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр” тохиодог. Тэгвэл танай байгууллага энэ хүрээнд ямар арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна вэ?
-Инсулин дааврыг нээсэн эрдэмтэн Фредерик Бантингийн төрсөн өдрийг тохиолдуулан ДЭМБ болон олон улсын чихрийн шижингийн холбооноос анх 1991 онд энэ өдрийг санаачлан тэмдэглэж эхэлсэн.
Манай байгууллага “Чихрийн шижин өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийн хүрээнд “Сахартай хүмүүсийн групп”-ын гишүүд болон нийт иргэддээ зориулж арваннэгдүгээр сарын 13, 14-нд өдөрлөг зохион байгуулна. Тус өдөрлөгөөр манай бүх бүтээгдэхүүн 10-40 хувь хүртэл хямдарна. Манай эмчийн үнэгүй зөвлөгөө, азын хүрд зэрэг олон хөтөлбөрийг бэлдээд байгаа. Цагийн хуваарийн хувьд 10:00-18:00 цагт болно.

-Стресс чихрийн шижин үүсэхэд хэрхэн нөлөөлдөг вэ?
- Өнөөгийн нийгэмд хүн бүр л амьдралаа авч явах гэж хичээж байна. Орлого, зарлага, цалин, бизнес гээд хүнийг стрессдүүлэх зүйл олон байна.
Бид стресс ихтэй нийгэмд амьдарч байгаа учраас стресс өөрөө бас нэг том аюул болдог. Хүн стрессээ хэрхэн тайлдаг вэ гэхээр, амттан их идэх нь түгээмэл. Амттан идэхэд аз жаргалын даавар болох дофамин, эндорфин болон бусад дааврууд ялгардаг. Тиймээс стресс ихтэй хүн амттан, бялуу зэрэг зүйл их идэх хандлагатай болдог. Үүний улмаас таргалалт үүсэж эхэлдэг.
Амттан их хэрэглэх нь инсулины хэмжээг нэмэгдүүлж, инсулины тэсвэржилтийг бий болгоход нөлөөлдөг. Ингээд таргалалт, инсулины тэсвэржилт, стресс зэрэг хүчин зүйлс нийлж, чихрийн шижин үүсэх нөхцөл бүрддэг.
-Стрессээс гадна чихрийн шижин үүсэхэд нөлөөлдөг ямар шалтгаанууд байдаг вэ?
-Илүүдэл жин, таргалалтаас гадна нойр булчирхайн гэмтэл ч нөлөөлнө. Нойр булчирхайн үрэвсэлтэй байх, нойр булчирхайгаа авахуулах зэрэг тохиолдолд чихрийн шижин үүсэх эрсдэлтэй.
Нойр булчирхай гэмтэх олон шалтгаан бий. Хүн өвдөх, халдвар авах зэргээс шалтгаалан нойр булчирхайн үйл ажиллагаа алдагдаж болно. Ингэснээр инсулин ялгаруулах үйл ажиллагаа доголдож, сахарын хэмжээ нэмэгдэх нөхцөл бүрдэнэ.
-Чихрийн шижин өвчнөөс хэрхэн сэргийлж, өөрийгөө хамгаалах вэ?
-Чихрийн шижин нэгэнт үүссэн бол өөрөө өөрийгөө хянах хэрэгтэй. Хүн насан туршдаа хажууд нь байж, өглөө бүр сахарыг нь хэмжиж, анхааруулж байх эмчтэй байна гэж байхгүй. Тиймээс өөрийнхөө эрүүл мэндэд анхаарч, сахарын хэмжээгээ тогтмол хянаж сурах нь хамгийн чухал юм.
Сахартай хүмүүсийн групп



Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 13. БААСАН ГАРАГ. № 215 (7957)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn