Оюутны зөвлөлүүд цагийн ажилд зуучилдаг болъё

2022-10-19
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Б.БАЯРЖАВХЛАН

 

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн өдрөөс өдөрт өсөж буй энэ үед оюутан залуус цагийн ажил хийж хэрэглээний мөнгөө, цаашлаад сургалтын төлбөрөө олохыг эрмэлзэх болсон. Гэвч ажил олгогч цалингаа өгдөггүй. Эсвэл анх тохирсон дүнгээсээ бага цалин олгох зэрэг асуудлууд их байдаг. Гэвч ажлын гэрээ байгуулаагүй эсвэл хэнд хандахаа мэддэггүй учраас цалингаа авч чадахгүй хохироод үлдэх нь элбэг байдаг тухайгаа оюутнууд хэлж байсан юм. Тэгвэл “Зууны мэдээ” сонин өмнөх дугаартаа Монгол болон Солонгос улсад цагийн ажлын хөлс ямар байгаа талаар сурвалжилсан. Ингэхэд манай улсад нэг цагийн ажлын хөлс 2500-4500 төгрөг. Харин Солонгост 21 мянган төгрөг байсан юм. Харин өдрийн ажлын цалин манай улсад 65 мянган  байсан бол Солонгост 280 орчим мянган төгрөг байв.

 

Хуульд зааснаар нэг цагийн ажлын хөлс Монголд 3273 төгрөг, Солонгост 21 мянган төгрөг

 

Солонгос улс хөдөлмөрийн хуульдаа нэг цагийн ажлын хөлсийг 21 мянган төгрөг гэж заасан бол манай улс 3273 төгрөг 81 мөнгө байхаар зохицуулжээ. Оюутнуудын хувьд “Бага цалинтай байж болох ч баталгаатай цалингаа авдаг болмоор байна” гэж байсан юм. Тэгвэл оюутнуудад баталгаатай цалинтай ажлын байрыг олж өгөх боломжтой ганц л газар бий. Сургууль бүрт оюутны холбоо гэж бий. Тэд хөдөлмөр халамжийн газар болон Монголын залуучуудын холбоотой хамтран цагийн ажилд зуучилж яагаад болохгүй гэж...

Манай улсад бараг бүх салбарт хүний нөөц дутмаг. Ажил хийх хүн олдохгүй байна гэх болсон. Тэгвэл оюутнууд оюутны зөвлөлтэйгөө уулзаад мэргэжлийнхээ дагуу цагийн ажил хийдэг болох боломж бололцоо байдаг эсэх, их сургуулиудын оюутны зөвлөл энэ талаар ямар байр суурьтай байдаг талаар сурвалжиллаа.

 

МУБИС-ийн оюутны зөвлөлийн гишүүн М.Амгалан: Ажилд зуучилдаггүй

 

МУБИС-ийн хувьд манай улсын цор ганц багш бэлтгэдэг сургууль гэж хэлж болно. Нийслэлийн хэмжээнд багшийн сул орон тоо их байгааг салбарын сайд хэлж байсан. Тэгвэл төгсөх курсийн оюутнууд цагийн багш хийж яагаад болохгүй гэж.

Тухайлбал, О.Нарангэрэлийн хувьд энэ жил МУБИС-ийн Мэдээлэлзүйн багшийн ангийг төгсөнө. Тэрбээр одоо нийслэлийн “Хишигт” хятад хэлний сургуульд мэдээлэл зүйн багшаар ажиллаж байгаа юм. Энэ тухайгаа “Миний хувьд дадлагад гарч байсан сургуульдаа хичээлийнхээ хажуугаар цагийн багш хийж байна. Энэ нь өөрийгөө хөгжүүлэхээс гадна хэрэглээний мөнгөө олоход тустай байна” гэсэн юм.

Энэ талаар МУБИС-ийн оюутны зөвлөлийн гишүүн М.Амгалангаас тодруулахад тэрбээр “Манай оюутны зөвлөлийн хувьд сургуулийнхаа оюутны зөвлөлтэй хамтран үйл ажиллагаа явуулдаг. Ингэхдээ оюутны автобусны карт олгох, баяр ёслол, сургалтын үйлчилгээ зохион байгуулдаг. Одоогоор манай дээр оюутнуудыг цагийн ажилд зуучлах үйл ажиллагаа гэж байхгүй. Мөн Монголын залуучуудын холбоотой хамтарч ажилладаггүй” гэж байсан юм.

 

МУИС-ийн оюутны холбооны ерөнхийлөгч А.Оюун-Эрдэнэ:Ажилд зуучлана гэж бүртгэхээс хэтэрдэггүй

 

“Монгол Улсын их сургуулийн хувьд хөдөлмөр эрхлэлт хариуцсан мэргэжилтэн гэж  байдаг. Гэхдээ ганцхан мэргэжилтэн байдаг нь 16 мянган оюутанд хүрч ажиллаж чаддаггүй. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн хөдөлмөр зуучлалын төвүүд байдаг хэдий ч оюутнуудыг ажилд зуучилж өгнө гээд бүртгэхээс өөр зүйлийг хийдэггүй. Бидний хувьд хамтарч ажиллахад бэлэн” гэсэн юм.

 

Санхүү эдийн засгийн сургуулийн Инновац хөгжлийн газрын дарга Ц.Батбаяр: Цалинтай оюутан хөтөлбөр хэрэгжүүлж байгаа

 

Санхүү эдийн засгийн сургуулиас энэ талаар мэдээлэл авахаар оюутны зөвлөлийн гишүүнтэй уулзахад Инновац хөгжлийн газрын дарга Ц.Батбаяраас тодруулаарай гэсэн юм. Ц.Батбаяр энэ тухай “Санхүү эдийн засгийн сургуулийн хувьд цалинтай оюутан төслийг 2021 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд банк болон аялал жуулчлалын чиглэлээр ажил олгогчтойгоо хамтран оюутнуудыг сурахынхаа хажуугаар цалинтай ажиллах боломжийг бий болгоод явж байна” гэв

 

Монголын Залуучуудын холбооны Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн захирал Б.Хэрлэн: Үйлчлүүлэгчдийнхээ цалинг батлан даадаг

 

МЗХ-ны дэргэдэх Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн захирал Б.Хэрлэнгээс тодруулахад “Бидэнд цагийн ажлын санал байнга ирдэг. Манай зуучлалын төвөөр үйлчлүүлж байгаа хүмүүсийн хувьд цалинг нь 100 хувь батлан даадаг. Цалингаа авч чадахгүй үлдэх асуудал үүсэхгүй гэсэн үг. Нэг үгээр хэлбэл цаад байгууллага цалингаа өгөхгүй байлаа ч бид өмнөөс нь таны цалинг өгнө гэсэн үг юм. Зуучлалынхаа хариуцлагыг бид өөрсдөө хүлээдэг. Цагийн ажлын үнэлгээ бага нь үнэн. Хуульдаа үнэлгээ нь гурван мянган төгрөг байгаа. Тиймээс энэ үнэлгээг өөрчлөх боломжгүй. Гэхдээ манай байгууллага аль болох өндөр цалингаар ажиллуулахыг эрмэлздэг. Тодруулбал, өдрийн ажил хийх хүмүүсийн цалин багадаа 60 мянган төгрөг байхаар тохиролцдог. Цагийн байнгын ажлуудын хувьд ихэвчлэн ур чадвар шаардахгүй зөөгч, бармен, туслах зэрэг ажлууд байдаг. Тухайлбал, Хүннү молл дээр өдөр бүр ямар нэгэн ажил байж л байдаг. Гэвч ажилчдын хувьд яармагийн түгжрэлд ормооргүй байна гэх зэргээр энэ ажилд очдоггүй. Мөн гагнуурчин гэхэд цагийн найман мянган төгрөгийн цалинтай ажил байгаа юм. Гэвч тус ажил нь 61-ийн гарам дээр байгаа учраас бас л хийх хүн олддоггүй зэрэг асуудлууд их байна. Яг их сургуулийн оюутны зөвлөлүүдтэй бол хамтарч ажилддаггүй” гэсэн юм.

 

Дээрх жишээнүүдээс харахад ихэнх сургуулиудын оюутны алба автобусны карт тараах, шинэ жил, цасны баяр зэргийг зохион байгуулахаас хэтэрдэггүй. Одоогоос 10 жилийн өмнө ч ийм л байсан. Тэгвэл оюутны зөвлөл нь цагийн ажил хийх хүсэлтэй оюутнуулдаа бүртгэж ажил олгогч байгуулагатай хамтрах хэрэгцээ үүсээд байна. Мөн бид цахим үндэстэн болоод багагүй хугацааг өнгөрүүлээд байна. Тиймээс ажилд орох хүсэлтэй оюутны чадварыг цахимд байршуулж тэр дундаас нь ажил олгогч ажилтнаа сонгодог болгох боломж бий. Оюутны зөвлөлүүд одоо арай ахисан түвшинд ажиллах цаг иржээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 19. ЛХАГВА ГАРАГ. № 203 (6935)

 

Аляскийн дээд хэмжээний уулзалтад АНУ, ОХУ өндөр түвшний төлөөлөгчид оролцоно

Аляскийн дээд хэмжээний уулзалтад АНУ, ОХУ өндөр түвшний төлөөлөгчид оролцоно

22 цаг 44 мин
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан төсвөө тусад нь батлах хэрэгтэй гэв

2026 оны улсын төсвийг иргэдээрээ хэлэлцүүлэх ажлын хүрээнд УИХ-ын гишүүн О.Саранчу

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгчийн Тамгын газрын “гал тогоо”-г хэн хэн барьдаг вэ?

Төрийн тэргүүний тамгын газрын үйл ажиллагааг урагшлуулна гэдэг амаргүй ажил байж таарна.

Өчигдөр 06 цаг 00 мин
ЭМДС-д хяналт, шалгалт хийх ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ахална

ЭМДС-д хяналт, шалгалт хийх ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ахална

Уржигдар 11 цаг 32 мин
Төрийн нууцын тухай хуульд өөрчлөлт оруулна

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, хуралдаанаас гаргасан шийдвэрийг  ЗГХЭГ-ын тэргүүн

Уржигдар 06 цаг 00 мин
Б.Лакшми: Орлого олох хэрээр төсвөө тодотгож байгаад "үрдэг" зуршилтай болчихлоо

2026 онд хэдий хэмжээний орлого олж хэдий хэмжээний зарлага гаргах вэ гэдэгт хүн б

Уржигдар 06 цаг 00 мин
Женнифер Лопесын тоглолтууд Ташкент, Астана, Алматы дахь хотын төсөвт олон сая доллар оруулав

Женнифер Лопесын тоглолтууд Ташкент, Астана, Алматы дахь хотын төсөвт олон сая доллар оруулав

2025-08-13
Б.Хишигжаргал: Тэдний уулзалт харилцааг түр зөөлрүүлж болох ч, геополитикийн зөрчил намжихгүй

ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Орос судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан Б.Хишигжаргалтай ярилцлаа.

2025-08-13
Д.Амгалан: Хууль, эрх зүйн шинэчлэл хийснээр Улаанбаатар хот тэлж хөгжих боломжтой болсон

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Амгалантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2025-08-13
Киргизэд махны үнийг төрөөс түр зохицуулна

Киргиз улсад махны үнийг төрөөс  түр зохицуулахаар шийдвэрийг тус ул

2025-08-12