Э.Сайханцэцэг: Хими эмчилгээний тасгийг хортой нөхцөлд шилжүүлэх шаардлагатай

2022-10-17
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leadership forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаа Хавдар судлалын үндэсний төвийн Хими эмчилгээний тасгийн их эмч Э.Сайханцэцэгийг урьж, ярилцлаа.

 

ХСҮТ-ийн үйлчлүүлэгчдийн 70 орчим хувь хими эмчилгээ хийлгэдэг

 

Блиц:

Анагаах ухааны магистр, Тэргүүлэх зэргийн их эмч Э.Сайханцэцэг  нь 2006 оноос одоог хүртэл ХСҮТ-ийн Хими эмчилгээний тасгийн их эмчээр ажиллаж байна.

 

-Хавдар судлалын салбар 1962 онд Монгол улсад үүсэж хөгжсөнөөс хойш Химийн эмчилгээний тасгийг 1982 оноос 20 ортойгоор нээн ажиллуулж эхэлсэн түүхтэй. Тэгэхээр Монгол Улс хорт хавдартай өвчтөнүүддээ мэс заслын бус химийн эмчилгээ хийгээд 40 жил болжээ. Анх анагаах ухааны доктор Б.Равдан эмч химийн эмчилгээг Монголд нэвтрүүлсэн гэж үздэг.

Үүнээс хойш үе залгамжлан химийн эмчилгээ хөгжсөөр өнөөгийн түвшинд хүрээд байна. Цусны болон тунгалгийн булчирхайн хавдрыг Нэгдүгээр эмнэлгийн Цус, дотоод шүүрлийн тасагт эмчилдэг. Харин бусад бүх эрхтэний хавдрыг Хавдар судлалын үндэсний төвд эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг. Хавдар судлалын үндэсний төвийн нийт үйлчлүүлэгчдийн 60-70 орчим хувь нь Хими эмчилгээний тусламж үйчилгээ авдаг.

Хавдрыг мэс засал, хими, туяа гэсэн гурван аргаар эмчилдэг. Химийн эмчилгээ бол системийн эмчилгээ юм. Ямар эрхтэн системийн хавдар, ямар эсийн ялгаралтай гэдгээс хамаараад схемүүд нь өөр өөр байдаг. Үүнд нь тохирсон тунгаар, эмчлүүлэгчийн биеийн гадаргуу буюу өндөр, жингээс хамааран химийн эмчилгээг хийдэг. Хими эмчилгээг судсанд дуслаар тарих болон  уух хэлбэрээр зөвлөдөг. Иймд өвчтөн тус бүрийн схем, тун өөр өөр байдаг.

Хими эмчилгээг мэс засал, туяа эмчилгээний өмнө болон дараа, түүнчлэн хөнгөвчлөх зорилгоор хийдэг. Хөнгөвчлөх хими эмчилгээ хийснээр тухайн эмчлүүлэгчийн хавдар бүрэн төгс эмчлэгдэхгүй ч өвдөлт намдах, хавдрын эмчилгээ багасах ач холбогдолтой. Химийн тариа нь хавдрын эд эсийг устгах, өсөлт үржилтийг дарангуйлах үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ эрүүл эд эсийг гэмтээдэг тул хордлого гаж нөлөө илэрдэг.

 

Химийн эмчилгээний тасгийг хортой нөхцөл гэж үздэггүй

 

-ХСҮТ-ийн Хими эмчилгээний тасаг хэвтэн эмчлүүлэх болон өдрийн хими эмчилгээ гэсэн үндсэн хоёр чиглэлээр иргэдэд үйлчилдэг. Хими эмчилгээний тасагт төлөвлөсөн химийн тарианы сонголтоос хамаардаг ба ихэвчлэн хоол боловсруулах эрхтэн системийн хавдруудын үед тасралтгүй 24-өөс дээш цагийн эмчилгээнүүд зөвлөсөн тохиолдолд зайлшгүй хэвтүүлж эмчилдэг.  Бусад хавдрын хими эмчилгээг өдрөөр үзүүлэх боломжтой . Өөрөөр хэлбэл, эмчлүүлэгч эмчилгээ хийлгээд гэртээ харих боломжтой юм.

Өдрийн хими эмчилгээг эмчлүүлэгчдэд үзүүлэхдээ сувилагч нар наймаас дээш цаг хамт нэг зааланд ажилладаг. Үйлчлүүлэгч эмчилгээгээ дуусгаад харьдаг. Харин тухайн нөхцөлд сувилагч нар тасралтгүйгээр дараагийн өвчтөнд хими эмчилгээг залгуулан хийж үйлчилсээр байдаг. Гэхдээ одоог хүртэл Хими эмчилгээний тасгийг  хөдөлмөрийн хэвийн нөхцөл гэж үзсээр байна. Хүнд хортой нөхцөлд оруулна гэж байнга ярьдаг ч бодит шийдвэр хараахан гараагүй байгаа. Хэрэв энэ шийдвэр бодит болж хэрэгжвэл хортой нөхцөлд ажиллаж буй эмч, сувилагч нарт ажиллах цагийн хорогдол, ээлжийн амралтын хоног, цалингийн тодорхой хувийн нэмэгдэл зэрэг таатай нөхцөл үүснэ.

 

Сувилагч нар 1-2 сарын дараа ажлын байраа солих нь түгээмэл

 

-Хими эмчилгээний тасаг одоогоор шинээр координатор буюу туслах эмч нэмж аваад үндсэн найман эмч ажиллаж байна.  Эмч бүр амбулатори болон өдрийн хими, хэвтэн эмчлүүлэх тасагт эмчлүүлэгчдэд тусламж үйлчилгээ үзүүлдэг тул эмч нарын ачаалал их байдаг. Манай тасаг шинэ эмч авахдаа  хүний их эмчээр төгссөн, хоёр жил хавдар судлаач эмчээр суралцаж төгссөн, химийн курс дүүргэсэн, гадаад хэлний мэдлэг өндөртэй, идэвх санаачлагатай, судлагаа шинжилгээний ажил хийдэг зэргийг үндэслэн сонгон шалгаруулж авдаг.  Сувилагчийн тухайд ХСҮТ төдийгүй улсын хэмжээнд хомсдолд орсныг хүн бүхэн мэднэ. Химийн тариа харшил өгдөг, агаарт ууршдаг учир сувилагч нар эрүүл мэндийн асуудлаар ажиллахаас татгалзах, халшрах тохиолдол элбэг байдаг. Сувилагч нар 1-2 сар ажиллаад Химийн тасгаас татгалзан, ажлын байраа солих  нь элбэг учир сувилагчийн тогтвор суурьшилтай ажиллах байдал хомс байдаг.

Намайг анх 2005 онд ХСҮТ-д ажилд ороход сувилагч нар химийн эмчилгээний эмээ өөрсдөө найруулдаг байсан. Харин сүүлийн жилүүдээс эм найруулдаг тусдаа төхөөрөмжтэй болсон нь нэг чухал ололт юм. Дүгнэвэл, химийн эмчилгээний тасгийг хөдөлмөрийн хортой нөхцөл рүү шилжүүлэх, сувилагч нарын тоог нэмэгдүүлэх гэсэн үндсэн хоёр асуудал бидэнд тулгараад байна.

Энэ оны долдугаар сард ХСҮТ эмч, сувилагчдадаа гүйцэтгэлээр нь урамшуулал олгосон. Энэ нь ачаалал ихтэй, хортой нөхцөлд ажилладаг сувилагч нарт үргэлжлүүлэн ажиллахад маш чухал дэмжлэг болсон. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс чадамжаар таван түвшинд хуваан үнэлнэ гэсэн. Тиймээс хамгийн дээд түвшинд нь хүрэхийн төлөө хичээж, мэдлэг, чадвараа нэмэгдүүлэхэд анхааран ажиллаж байна.

 

Олон улсын удирдамжийн дагуу тусламж үйлчилгээ үзүүлдэг

 

-Хими эмчилгээний дараах гаж нөлөө, хүндрэл нь эмчлүүлэгч бүрт харилцан адилгүй байдаг. Энэ нь тухайн эмчлүүлэгчийн хавдрын үе шат,  хавсарсан архаг өвчин, нас, химийн эмчилгээний төрөл зэргээс хамаардаг. Химийн эмчилгээ хийлгэсэн хүн бүрт ядрах, тамирдах гэсэн шинж тэмдэг 100 хувь илэрдэг.

Хавдрын үе шатаас хамааран химийн эмчилгээ хийхэд тухайн өвчтөний тавиланд нөлөөлдөг. Тодруулбал, хөхний хорт хавдрын гуравдугаар шатанд химийн эмчилгээ хийлгэсэн эмчлүүлэгчдийн таван жил амьдрах магадлал 70 хувь байхад дөрөвдүгээр шатанд химийн эмчилгээ хийлгэсэн эмчлүүлэгчдийн таван жил амьдрах магадлал 25 хувь болж буурсан байдаг. Тиймээс ямар ч эмчилгээ хийлгэсэн хорт хавдрын эрт илрүүлэг хамгаас чухал. Эрт илрүүлэх тусам хавдрын хүрээ бага, өвчтөний амьдрах хугацаа уртасдаг.

Манай улс химийн эмчилгээг олон улсын удирдамжийн дагуу бүх эрхтэн системийн хавдрын үед хийж байна. Олон улсын  дэвшилтэт, сүүлийн үеийн хавдрын эмчилгээний төрөл болох  бай болон дархлаа эмчилгээг манай тасаг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, нутагшуулах ажлыг эрчимтэйгээр хэрэгжүүлж байна.  Тэгэхээр Монгол Улсын химийн эмчилгээ олон улсын чиг хандлагаас огтхон ч хоцроогүй. Эмчлүүлэгчид өөрсдийн хүсэлтээр дархлаа эмчилгээний зарим нэг хэлбэрийг авчран  хийлгүүлж  байна. Албан ёсоор эмийн бүртгэлд оруулан дархлаа эмчилгээг хийж эхлээгүй.

Генийн мутацитай  хавдарт зориулаад хийж байгаа  тариа, уух эм бүхий эмчилгээг бай эмчилгээ гэдэг. Энэ нь олон улсын химийн эмчилгээний дэвшилтэт технологийн нэг. Манай улсад саяхан нэвтэрсэн гэхэд 7-8 төрлийн бай эмчилгээний эм, тариа байгаа нь өндөр үзүүлэлт юм.

 

Өдрийн хими эмчилгээнд 30-35 эмчлүүлэгч  үйлчлүүлдэг

 

-Хими эмчилгээний тасаг нь 24 ортойгоор ажилладаг байсан. Эмчлүүлэгчдийн орны хүлээгдэл их байгаатай холбоотойгоор дахин зургаан ор нэмсэн. Харин ажлын таван өдөрт  өдрийн хими эмчилгээг 30-35 хүнд үзүүлдэг. Эмч, сувилагч нарын ачаалал маш өндөр гэсэн үг. Мэс засал болон туяа эмчилгээг өвчтөнд нэг л удаа хийдэг. Харин химийн эмчилгээ 21-28 хоногийн давтамжтайгаар зургаагаас дээш курс байдаг. Хавдар хүрээгээ тэлж, даамжирвал схемээ солиод хийдэг. Хавдар нь даамжраад 10 гаруй удаа ч химийн эмчилгээ хийлгэх тохиолдол гардаг. Нэг хүн 21 хоноод ахин ирдэг тул хүлээгдэл, ачаалал үүсэх нь тодорхой. Зарим тохиолдолд эмчлүүлэгч долоо хоногийн зайтай хими эмчилгээнд эмчлүүлэх ч шаардлага үүсдэг.

Хавдар туссан хүмүүс эмчийн үгнээс зөрөх нь бага. Гэхдээ хугацаандаа ирэхгүй, зөвлөсөн эмчилгээг гэрээр хийхгүй тохиолдол цөөнгүй  гарна. Сэтгэл зүйн асуудал ч үүснэ. Химийн эмчилгээний тасгаар үйлчлүүлэгчид ар гэр болон бусад танил хүмүүсийн буруу, ташаа мэдээллээс үүдэн хими эмчилгээнээс татгалзах тохиолдол элбэг байдаг. Заримдаа эрт үе шатандаа оношлогдож, бүрэн эдгэрэх боломжтой үедээ эмчилгээ, үйлчилгээнээс татгалзаж, хавдрын үе шатаа хүндрүүлэх, даамжруулах тохиолдол ч байдаг.

Хавдар тусаад эмчлүүлж байгаа үед хамгийн чухал зүйл нь гэр бүл, ойр дотныхоны халамж, анхаарал байдаг. Өвчтэй гээд шаналаад хэвтэж байгаа хүнийг гэр бүлийнхэн нь сэтгэл зүйгээр дэмжих ёстой. Эмч, өвчтөн хоёр 100 хувь хичээгээд ч хавдрыг бүрэн дүүрэн ялж чадахгүй. Харин гэр бүлийнхний дэмжлэгийн  ачаар химийн олон удаагийн эмчилгээний ард амжилттай гарна.

Хавдар судлалын үндэсний төв сэтгэл зүйчтэй. Сэтгэл зүйч урьдчилан гаргасан хуваарийн дагуу тасгуудад ээлжлэн ажиллаж өвчтөнүүдэд сэтгэлзүйн зөвлөгөө өгдөг. Тухайн өвчтөнтэй ганцаарчилж ярьдаг учир сэтгэл зүйчтэй уулзаад сайхан боллоо гэж үйлчлүүлэгчид ярьдаг.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 17. ДАВАА ГАРАГ. № 201 (6933)

 

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

1 цаг 4 мин
Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

1 цаг 6 мин
МЕТА компанийн төлөөлөгчид улс төрийн намуудад сургалт, мэдээлэл хийв

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

4 цаг 56 мин
Амьдрал яагаад үзэсгэлэнтэй вэ гэж үү?

Бэрхшээл сорилт бүрийн ард бэлэг бэлдсэн байдгаараа амьдрал үзэсгэлэнтэй.

5 цаг 1 мин
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой ү

5 цаг 6 мин
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна

Азийн цээжинд  ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг  болж байсан Монгол Улсад ардчил

5 цаг 11 мин
Жижиг орнууд “ах” оронд найдах биш өөртэйгөө адилхан улсуудтай найзалж дэмжиж хөгжих хэрэгтэй

НҮБ-ын Ерөнхий Асамблейн 70 дугаар чуулганаар 2015 онд “Тогтвортой хөгжлийн зорилт”-ын 16 дахь зорилгын баталж,

5 цаг 16 мин
Би биш бид илүү үнэ цэнийг бүтээнэ

Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа урьдаг билээ

5 цаг 21 мин
Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

15 цаг 20 мин
Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

22 цаг 49 мин