А.Солонго: Монгол чихэр дэлхийн зах зээлд өрсөлдөх боломжтой

2022-10-11
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Б.ДАРЬСҮРЭН

 

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Бизнес, хөгжил” буландаа үндэсний үйлдвэрлэгч “Цайдам трейд” ХХК-ийн “Бурамхан” брэндийг онцолж, үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал А.Солонготой ярилцлаа.

 

-Монгол Улсын чихрийн хэрэглээний ихэнх хувийг импортын бараа эзэлдэг. Чихэр үйлдвэрлэх санаа хэрхэн төрсөн бэ?

-Анх гэрийнхээ нэг өрөөг суллаад ажиллаж эхэлсэн. Өмнө нь олон улсын төслүүд дээр ажиллаж, тухайн үеийн залуусын хамгийн өндөр цалинг авч байсан. Гэвч тэр ажлаа орхиод жижиг, дунд үйлдвэрлэгч болохоор шийдсэн. 2016 онд туршилт, судалгааны ажлаа эхлүүлж, 2017 онд анхны бүтээгдэхүүнээ зах зээлд гаргаж байлаа. Чихэр үйлдвэрлэх болсон нь эдийн засагч мэргэжилтэй минь холбоотой юм болов уу. Өөрөөр хэлбэл, ОХУ-д Олон улсын эдийн засагч мэргэжлээр улаан дипломтой төгсөж байлаа. Дэлхийн хаана ч байдаггүй монгол соёл бол тавгийн чихэр. Хотжихын хэрээр цагаан идээний хэрэглээ багассан.

Хэдийгээр чихрээр таваг засдаг соёлоо орхиогүй ч импортын бараагаар орлуулж буй нь гадаад руу ямар хэмжээний мөнгө урсаж байгааг илтгэнэ.Хэн нэгнийг монгол чихэр нэрлэ гэвэл хэлэх үг олдохгүй. Гадаад чихэр гэхээр “Барбарис” гэсэн нэр орж ирдэг байдлаас чихэр үйлдвэрлэх санаа төрсөн.

-Ямар нэг асуудал гарахад буух эзэнтэй л юм байна?

-Тийм ээ. Ямар нэг асуудал үүсэхэд буух эзэн, буцах хаягтай гэсэн үг. Гадаадын чихэр хэрэглээд, эрүүл мэндтэй холбоотой асуудал үүсэхэд, хаана хандах нь тодорхойгүй, эрсдэл бий болдог. Бид анх Handmade буюу гараар урласан чихрийг хоногт 50 кг-аар үйлдвэрлэдэг байсан бол одоо хоногт нэг тонн чихэр үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг өнгөрсөн онд ашиглалтад оруулсан. Мэдээж чихрийн чанар хамгийн чухал. Бид чихрийг дан ганц амттан гэж ойлгохоос илүү хүний биед хэрэгтэй олон ач холбогдлыг анхаарч үзэх хэрэгтэй. Ямар ч зүйлд зохистой хэрэглээ гэж байх ёстой. Тэр хэрэглээг хэтрүүлбэл дан ганц чихэр гэлтгүй бүх зүйл биед хортой. Жишээлбэл, дэлхийн хамгийн сайн ургамал хүн орхоодойг их хэмжээгээр хэрэглэвэл хор болно.

Чихрийг зохистой хэрэглэвэл аз жаргалын амтыг мэдрээд зогсохгүй, тархины тэжээл болдог давуу талтай. Гол нь аль чихрийг ямар хэмжээгээр идэх, шүдээ хэрхэн арчлах талаар мэдээлэлтэй байх нь чухал. ДЭМБ-аас ч хүүхдүүддээ хатуу чихрийг идүүлэх зөвлөмж гарсан байдаг. Яагаад гэвэл хүүхдүүд бантан, зутан хэрэглэсээр байгаад шүдний “массаж” гэх зүйлгүй болсон. Манай бүтээгдэхүүн нь уушги цэвэрлэн дархлаа дэмжиж, биеийн өсөлтийг дэмжихээс гадна найрлагадаа витамин С, коллагентойгоороо давуу талтай. Түүнчлэн ямар баяр болж байгаагаас шалтгаалан чихрээ үйлдвэрлэдэг. Тухайлбал, сансрын нисгэгчдийн өдрийг зориулж “Сансрын нисгэгч” гэсэн чихрийг хийсэн гэх мэт. 

-Үйлдвэрлэл нь хэрхэн явагдаж байна. Бүтээгдэхүүний баглаа боодлоо яаж нийлүүлдэг вэ?

-Үйл ажиллагаа эхлэхдээ есөн төрлийн бүтээгдэхүүнтэй байсан бол өнөөдөр 30-40 нэр төрөлтэй болсон. “Зайсан хилл” цогцолборт хэрэглэгчдийн өмнө чихрийн үйлдвэрлэлийг нээлттэй харуулахаас гадна өөрсдийнх нь гараар хийх боломжийг олгох “Candyland” төслийг хэрэгжүүлж хэрэглэгчиддээ үйлчилсээр байна. Мэдээж хэрэглэгч байхгүй бол бид оршин тогтнохгүй. “Бурамхан”-д итгэж найддаг, амтархан иддэг байнгын хэрэглэгчиддээ үргэлж талархдаг. Тиймээс бүтээгдэхүүнээ яаж сайжруулах, дутуугаа хэрхэн гүйцээхийн төлөө өдөр бүр зорилго тавьдаг. Одоогоор 300-400 гаруй сүлжээ дэлгүүр, худалдааны төвд байрлан ажиллаж байгаа. Тухайлбал, “Зайсан хилл”, “Драгон” худалдааны төв, Үндэсний соёл амралтын хүрээлэнд бий. Сав, боодлын хувьд МХЕГ, Стандартчилал хэмжил зүйн газраас баталсан Монгол Улсын стандартын дагуу шилтэй, ууттай, ширхэгээр нь үйлдвэрлэдэг.

-Бүтээгдэхүүнээ экспортлож байна уу. Тулгарч буй бэрхшээл юу байна?

-Цар тахлаас өмнө экспортлож байсан. Одоогоор цар тахал бүрэн намжаагүй, ОХУ, Украины мөргөлдөөн, эдийн засгийн уналтаас болоод түр зогссон. Энэ үед жижиг, дунд үйлдвэрлэл тэсэж үлдэх нь хэцүү даалгавар юм. Өнгөрсөн жилтэй харьцуулахад үйлдвэрийн хүчин чадал ихэссэнтэй холбоотойгоор хүний нөөцөө зургаа дахин нэмсэн. Анх 5-6 хүнтэй байсан бол өнөөдөр 35 ажилтантай болж өргөжсөн байна. Сүүлийн жилүүдэд олон нийт ЖДҮ гэдэг үгнээс харшилтай болсон. Гэвч энэ нь биднээс бус “Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан”-гийн зээл эзэндээ очоогүйгээс бий болсон асуудал. Тиймээс ЖДҮ гэдэг нэрийг аврахыг чин сэтгэлээсээ хүсдэг. Монгол Улс үйлдвэрлэл эрхлэн ажлын байр, цалин хөлсөөр хангаж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой жижиг, дунд үйлдвэрлэгчдээ дэмжих хэрэгтэй.

-Танайх ЖДҮХС-гаас зээл авч байсан уу?

-2019 онд эхний хүсэлтээ өгөөд эцсийн шат хүртэл явсан ч татгалзсан хариу авсан. Харин 2020 онд дахин өгсөн хүсэлт минь биелэж 100 сая төгрөгийн зээл авсан нь үйлдвэрээ тэлэхэд нэмэр болсон. Ийм хэмжээний зээл бизнес эрхлэгчдэд хэрэгтэй учраас шалгуурыг нь хөнгөлөөд өгвөл багагүй туслалцаа болно. Шинээр бий болж буй үйлдвэрлэл эрхлэгчдэд барьцаа байхгүй учраас өөрт байгаа орон сууц, машинаа барьцаалахаас өөр аргагүй. Бид энэ зээлээр үнэтэй машин авч, тансаг зэрэглэлийн орон сууцанд суугаагүй. Харин ч үйлдвэр, үйлчилгээгээ өргөжүүлж, 35 залууг ажилтай, орлоготой болгосон.

-Хэд хоногийн өмнө УИХ-ын дарга Г.Занданшатар танай үйлдвэрийн ажиллагаатай танилцсан. Ямар сэтгэгдэлтэй буцав?

-Олон аж ахуйн нэгжээс манайхыг сонгон зочилсонд их баярласан. Өөрсдийн нөхцөл байдал, зорилгоо танилцуулахад таатай байлаа. Нөгөө талаас УИХ-ын дарга “Болж байна, та нараар бахархаж байна, улам их хичээгээрэй” гэсэн урмын үгтэй хамтатган цаашид төрийн худалдан авалтын бодлогоор дэмжихээ илэрхийлсэн. Манай чиг хандлага энэ онд батлагдсан Хүнсний аюулгүй байдал, хангамжийн тухай хуультай нийлж буйд талархдаг. Үндэсний олон үйлдвэрлэгч бий болж Монгол Улс импортлогч бус экспортлогч орон болоосой гэж чин сэтгэлээсээ хүсэж байна.

-Өөрийнхөө алдаа, онооноос тулгуурлаад, шинээр бизнес эрхлэгчдэд зөвлөгөө өгөхгүй юу?

-Шинээр ажил эхлүүлэхэд шантарч, өөр газар сэтгэл амар ажиллая гэх бодол олон төрнө. Гэхдээ хэзээ ч ингэж болохгүй. Та бид хөлөө жийгээд суучихвал хойч үе минь яах билээ. Гадаадад очоод боолын хөдөлмөр эрхэлье гэхээр тэнд хийх ажил олдохгүй. Харин дотооддоо хийх ажил дуусашгүй их байна. Бид импортоос хэт хараат болсон учраас бүх мөнгө гадагшаа урсаж, ам.долларын ханш өсөж байгаа. Тиймээс “Хөлөө жийгээд суулгүй, хамтдаа хөдөлмөрлөе” гэж уриалмаар байна.

https://www.facebook.com/buramhancandy

https://www.instagram.com/buramhancandy/

Утас: 70129222

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 11. МЯГМАР ГАРАГ. № 197 (6929)

 

Орон сууцжуулалтын тусгайлсан банк байгуулах ажил юу болов?

Ерөнхий сайд Г.Занданшатар томилогдсоныхоо дараа нэг бодлогыг маш тодорхой зарласан. Энэ бол иргэдийн

1 цаг 17 мин
Б.Чойжилсүрэн сайдад өгсөн хугацаа дууслаа, эрчим хүчний салбар цэгцэрсэн үү

Засгийн газар эрчим хүчний салбарын доройтолд “онцгой анхаарна” хэмээн мэдэгдэж, Эрчим хүчний

1 цаг 17 мин
С.Баярцогт Ерөнхийлөгчид нэр дэвших үү, Ерөнхий нарийн бичгийн дарга болох уу?

Монголын улс төрд эргэж ирдэг улстөрчид бий. Тэд нам гүм болдог ч бүр мөсөн алга болдоггүй. Харин

1 цаг 17 мин
УИХ тарвал дахин сонгох уу, эсвэл засаглалыг өөрчлөх үү?

Уг нь, “…УИХ-ыг тараая” гэдэг санал үе үеийн УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд гарсаар ирсэн.

1 цаг 17 мин
Д.Тогтохсүрэнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилжээ

Д.Тогтохсүрэнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилжээ

18 цаг 57 мин
1072 хувьцааны ногдол ашиг олгоно

1072 хувьцааны ногдол ашиг олгоно

19 цаг 9 мин
Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Х.Баттулга нар Эпштэйнтэй нэр холбогдсоноо ингэж тайлбарлав

АНУ-д насанд хүрээгүй хүүхдүүдийг бэлгийн мөлжлөгт оруулж, хүний наймааны сүлжээ ажил

Өчигдөр 06 цаг 00 мин
МАН-аас Г.Занданшатар, АН-аас Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд “тулах” уу?

Улс төрийн үнэлгээ дүнг олон жил тогтвортой судалж, зарлаж ирсэн МЭК судалгаан байгууллага

Өчигдөр 06 цаг 00 мин
О.Ангарагсүрэн: Монголынхоо өв соёлыг өөр нүдээр харах боломжийг бидэнд олгосон

“Монголын урчуудын эвлэл”-ийн Арт галерейд энэ сарын 5-ны өдөр нээлтээ хийсэн “Мөнх тэнгэр” үзэсгэлэнд

2026-02-16
Х.Булгантуяаг Д.Үүрийнтуяагаар солив

МАН-ын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурал болж, шинэ ерөнхийлөгчөөр УИХ-

2026-02-16