Ж.Мандухай: Бүжиг, ардын урлагаа хөгжүүлэх үйлсдээ илүү хичээх болно

2022-09-09
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Б.НЯМСҮРЭН

 

“Төрийн хишигтэн” буландаа бүжгийн урлагт гоо үзэсгэлэн, авьяас чадвар, хөдөлмөрөөрөө өөрийгөө бүтээж, хөгжмийн хэмнэлд тодоор гэрэлтсэн бүжигчнийг онцолж байна. Түүнийг нэрлэвээс Үндэсний Урлагийн Их театрын бүжигчин, Гавьяат жүжигчин Ж.Мандухай билээ.

 

-Баяр наадмын босгон дээр Гавьяат жүжигчин цол хүртлээ. Төрийн цолоор шагнагдсан баярт мөчөөсөө  хуваалцаач?

-Саяхан наадмын босгон дээр төр засгаас жирийн ардын охин намайг  гавьяат жүжигчин цолоор шагнасан. Үндэсний уламжлалт соёлын биет бус өвийг эзэмшиж, хөгжүүлэн сурталчилж, түгээн дэлгэрүүлж байгааг маань  үнэллээ.

Хүмүүс ярьдаг шударга зүйл үгүй болжээ гээд. Гэвч шударгаар хөдөлмөрлөж байгаа уран бүтээлчийг олж харсан нь талархууштай. Мэргэжил нэгтэй хүмүүс болон ойр тойрныхондоо үнэлэгдэж, хайрлагдах мэдрэмж сайхан байсан шүү. Цаашдаа итгэлийг нь алдахгүй өөрийгөө гээхгүй байхыг эрхэмлэнэ. Бүжиг, ардын урлагаа хөгжүүлэх үйлсдээ илүү хичээх болно.

Төрийн соёрхолт С.Сүхбаатар  багш, Гавьяат Одонтуяа, Даваахүү гээд мундаг уран бүтээлчдээ хүндэлж биширч явдаг. Өөрөө энэ цолыг авна гэж хэзээ ч бодож байгаагүй. Эргээд харахад өөрийн зорилго, ажил амьдралдаа чин сэтгэлээсээ хандахыг хичээдэг байсны үр шим гарсан. Мөн Үндэсний Урлагийн Их Театрынхаа  Гавьяатын эгнээнд орсон. Цаашдаа илүү хөдөлмөрлөнө.

-Та Үндэсний урлагийн их театртай холбогдоод 20 жил болжээ. Театрын юунд татагдав?

-С.Сүхбаатар багш маань намайг ирээдүйн манай байгууллагын  бүжгийн өвийг сурталчлах бүжигчин шүү гэж хэлдэг байсан. Тийм учраас энэ байгууллагат орж ажилласан. Театрт  ажиллахаасаа өмнө хоёр жил дадлага хийж байгууллагынхаа  бүжигчин болж байлаа. Манай байгууллага угсаатан ястны утга соёл, ардын бүжгийн өв уламжлалыг түгээж, сурталчилж таниулдаг. Ардын болон үндэсний язгуур бий биелгээгээс уламжлалт зан үйлийн тайзны бүжигт, тайзны бүжгээс үндэсний бүжигт, үндэсний бүжгэн жүжгээс орчин үеийн модерн балетыг бүтээж байна. Илүү ихийг бүтээхийн тулд  хоёргүй сэтгэлээр зүтгэнэ.  Байгууллагын хамт олон, уур амьсгал их сайхан. Үүнд нь татагдаж гар нийлж өнөөг хүртэл ажилласаар байгаа юм.

-Анх “Шонхор” бүжгээр тайзнаа гарч байсан билүү?

Хүүхэд байхад Сүхээ багш маань есөн охин гэртээ байлгаж бид ч багшаасаа ихийг суралцсан. Багшийн эхнэр Оюунжаргал эгч хоол цай хийж бидэнд ээж шиг маань ханддаг байлаа. Багшийн маань хоёр дахь бүжгэн жүжиг болох “Алтан ураг” бүжгэн жүжгийн “Шонхор” бүжигт биднийг оруулсан. Тэр үед анх тайзан дээр гарч байлаа. Театрын уран бүтээл арвин их өв сантай. Их том байгууллага болохоор ихэвчлэн масс ихтэй олныг хамарсан бүтээлүүд гаргадаг. Мөн Ц.Сэвжид багшийн монгол бүжгийн чуулбарт орсон. Түүний дараагаас олон бүжгээр үзэгчидтэйгээ уулзлаа.

-Есөн жилийн өмнө “Мандухай сэцэн хатан” дүрийг тайзнаа амилуулсан.  Дүрээ  хүмүүст хүргэхдээ хэрхэн ажиллав?

-“Мандухай сэцэн хатан” дүр эргээд бодоход надад их сургамж үлдээсэн. Хүмүүс Мандухай сэцэн хатныг Гавьяат жүжигчин Н.Сувд гуайгаар хүлээн авсан байдаг. Тэр мундаг хүний  хэмжээнд нь хүрэхгүй, хүмүүст ойлгогдохгүй байж болохгүй гэсэн багахан айдас, сандрал байсан. Тиймээс хатны тухай ном товхимлоос багагүй уншиж судалсан. Тэр бүгдээс туулсан амьдрал, уналт босолт  бүгдийг нь өөр дээрээ мэдэрч дүрээ бүтээхийг хичээсэн.

-Тайзнаа гараад бүжиглэх үеийн мэдрэмжээ хуваалцаач?

-Миний хувьд тэр мэдрэмжийг үгтэй зүйрлэж чадахгүй. Уран цэцэн, гоё сайхнаар яруу найрагчид их гоё дүрслэх байх. Бүжиг бол миний амьдрал. Тайзан дээр гарах үед миний дотроос ямар нэгэн зүйл бадраад байдаг.

-Бүжгийн урлаг таньд хэрхэн нөлөөлсөн бэ?

-Бүх зүйлд хурдтай болсон. Мөн зохион байгуулах чадвар суулгасан. Тухайлбал, Математик, Геометр нь төсөөлөн бодож тооцоолдог. Бүжгийн урлаг нь тайзан дээр гарахад тайзны гол төв, хоорондын хайрцаг гэх зэрэг зүйлийг байнга харна. Мөн  гэрэл хаана тусах, харцаа хааш нь өгөх зэрэг зүйлээ тооцоолдог. Тэгэхээр тооцооллын урлаг гэж ойлгож болно. Мөн оюутан байхаасаа өглөөнөөс орой хүртэл ерөнхий эрдэм, мэргэжлийн хичээл гээд ачаалал даах чадварт  суралцсан. ҮУИТ бол ажлын ачаалал өндөртэй. Үргэлж тоглолт, бэлтгэлтэй байдаг. Бүтээлүүдээ бодох шаардлагатай учраас энгийн амьдралдаа дотогшоо байх талтай.

-Таны хувьд уран бүтээлээрээ  дамжуулан нийгэмд юу түгээхийг зорьдог вэ?

-Зарим хүмүүс ёс мэдэхгүй хүнд ёр халдахгүй гэж хэлдэг. Надад тэр үг буруу санагддаг. Аав ээж  хоёр маань  баруун аймгийн хүмүүс. Хүүхэд байхаас энэ болно, болохгүй гэсэн зүйлийг зааж сургасан. Монголчуудын эрт дээр үеэс дагаж ирсэн сургаал үгнүүд зүгээр нэг хэлсэн зүйл огт биш. Тэр л үг сургаалыг хүүхэд байхдаа сурч мэдвэл амьдрал нь зөв тэгш явах юм. Сургаал нь бүжгийн урлагт шингээгдсэн байдаг. Түүгээр дамжуулж ёс суртахуун, зан заншил, Монголын өв соёл тухайн улс үндэстэн, угсаатны ялгаа оршин тогтнох үндсийг хүмүүст домог болтлоо үзүүлэхгүй ч гэсэн цаг үед нь зөвөөр тээгээд явахыг боддог. Түүнээс биш уран бүтээлээрээ тодрох гэсэн бодол байдаггүй.

-Багаасаа бүжгээр хичээллэж эхэлсэн гэсэн. Удамд нь урлагийн хүн бий юу?

-Аав маань цэргийн мэргэжилтэй. Харин ээж багш. Эцэг эхээс дөрвүүлээ. Гэр бүлээсээ би л урлагийн хүн болсон. Аав ээж маань хүссэн зүйлийг маань хийлгэж байсан нь бүжигчин болоход нөлөөлсөн. Хань маань  урлагийн хүн. Намайг их ойлгож, дэмжиж ямар ч үед ажил мэргэжлийг маань хүндэлдэг. Тийм учраас мэргэжлээрээ олон жил ажиллаж байна.

-Урлагийн хүн болоогүй бол  ямар мэргэжилтэй болох байсан бэ?

-Багаасаа л урлагт дуртай. Ном их уншдаг байсан. Унших нь олон хүний амьдралаар амьдардаг гэдэг. Үүнтэй адил бүжгийн урлаг ч бас цаг үеэр аялдаг. Өөрийн хүсэл мөрөөдлөөр бүжигчин болсон. Хэрэв урлагийн хүн болоогүй бол эдийн засгийн мэргэжилтэй болох байсан. Ээжийн ах нь эдийн засагч мэргэжилтэй, маш мэдлэгтэй хүн бий. Ахаасаа үлгэр дуурайлал авч, асууж зөвлөдөг. 

- Хэдэн нас хүртлээ бүжиглэх боломжтой вэ?

-Шинжлэх ухаан талаасаа бүжигчин хүн 20 жил болоод тэтгэвэртээ гарах ёстой гэж заасан байдаг. Гэхдээ 20 жилээс илүү тайзаа гоёод явж буй уран бүтээлч цөөхөн бий. Уран бүтээл, бүжиг гээд явахаар өөрийгөө хайрлах чанар суугаагүй байдаг. Өөртөө хайргүй байх талтай. Бүжгийн урлагаар хичээллэхээр  хөлс их гарч энергиэ алддаг.Түүнийгээ тодорхой хэмжээгээр нөхөх дадал суртахууныг сургуульд  заадаг байсан бол эрүүл саруул олон жил ажиллах боломжтой санагддаг.

-Залуу хойч үеэ бэлдэж багшлах бодол бий юу?

-Одоогоор уран бүтээлдээ анхаарч байна. Гэхдээ багш болохыг үгүйсгэхгүй. Багш байх нь маш олон жилийн туршлага, мэдлэг хэрэгтэй.  Хүн дуртай зүйлийнхээ төлөө хичээх юм бол амжилт гаргана. Бүрэн дүүрэн авьяастай байгаад мэргэжилдээ сэтгэл гаргаж чадахгүй бол амжилтад хүрэхгүй. Мэргэжилдээ дуртай бол жүжгийн хөдөлгөөн бүр сэтгэлээс гарч түүндээ дурладаг. 

-Мэргэжил нэгт уран бүтээлчдэдээ ямар үлгэр дуурайлал үзүүлэхийг хичээдэг вэ?

-Миний хувьд  аливаа зүйлд тайлбар тавих дургүй. Үйлдлээрээ үлгэрлэхийг хичээдэг. Үнэхээр сурах гээд асууж, мэдэхийн төлөө хичээж  буй хүнд мэддэг зүйлээ хэлээд л өгдөг. Нэг удаа  хэлүүлээд өөртөө шингээгээд авдаг хүн бий. Сэтгэлгүй хүнд зааж зөвлөхийг хүсдэггүй. Харьцаанаас харьцаа, хүндлэлээс хүндлэл үүснэ. Дүү нартаа өөртөө итгэлтэй бай гэж захидаг. Аливааг зөв сураасай гэж хүсдэг.

-Өв соёлоо түгээн дэлгэрүүлж яваа хүний хувьд бүжгийн хөгжлийг хэрхэн хардаг вэ?

Цаг хугацааны явцад олон бүжиг дэглээч нар гарч ирсэн. Үүнийгээ дагаад бүтээлүүд төрөн гарч байна. Тус бүтээлийг нь бүжигчин хүн тайзан дээр амилуулна. Жүжигчин бид биеэсээ биед дамжуулж харж, тархи толгойндоо шингээж нэгнээсээ суралцдаг. Өнөөдрийн хөгжлийг хараад бидэнд ахмад уран бүтээлчид баяр хүргэдэг. Бүжигчдийн чадвар техник өссөн гэж үнэлдэг. Нэг үеэ бодвол төр засгаас үнэлдэг болсон. Тэгэхээр цаг үе бүр сайхан болно. Он цагийн уртад чанартай бүтээлүүд  мартагддаггүй.

-Цаашид олон зүйл хийхээр  төлөвлөсөн байгаа байх?

-Үзэгчдэд хүргэх гурван бүжиг бий. Мөн бүжгийн санал ирсэн. Ер нь тайзнаас буух болоогүй гэж бодож байна. Хэдэн жилийн өмнө “Үелзүүр” бүжгийг клипжүүлж хүргэсэн. Ардын  бүжгийг клипжүүлэх амаргүй санагдсан. Богино хугацаанд ардын урлагийг сонирхолтойгоор ойлгуулахыг зорьдог юм. Урлагт залуучуудыг дурлуулахыг хичээдэг. Энэ жилийн хувьд “Тамгагүй төр” жүжигт оролцсон. Мөн төрийн арга хэмжээ, хүндэтгэлийн концерт, наадмын нээлт, хаалт зэргийг амжуулж завгүй байлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 9. БААСАН ГАРАГ. № 174 (6906)

 

Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

11 цаг 14 мин
Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

11 цаг 41 мин
Ц.Даваасүрэн:Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэсэн хууль баталвал Үндсэн хууль зөрчинө

Ц.Даваасүрэн:Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэсэн хууль баталвал Үндсэн хууль зөрчинө

11 цаг 44 мин
М.Оюунчимэг: Эмийн салбарын монополь байдал олон ноцтой асуудал үүсгэж байна

М.Оюунчимэг: Эмийн салбарын монополь байдал олон ноцтой асуудал үүсгэж байна

11 цаг 47 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

11 цаг 51 мин
Олон эмэгтэйн краш, улстөрч С.Баярцогт

Олон эмэгтэйн краш, улстөрч С.Баярцогт

12 цаг 8 мин
Г.Дэнзэн: Алдагдсан найман жилийн алдааг засах хөтөлбөр боловсрууллаа

АН-ын Стратеги бодлого, сургалт, судалгааны газрын дарга, 2024 оны УИХ-ын сонгуульд АН-аас дэвшүүлэх мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийг ахалж ажилласан Г.Дэнзэнтэй Үндэсний аудитын газарт намынхаа мөрийн хөтөлбөрийг хүлээлгэн өгөх үеэр уулзаж ярилцсан юм.

18 цаг 16 мин
Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Дэлхийн хамгийн олон хүн амтай Энэтхэг улс ирэх таван жилд улс орноо удирдах удирдагчдыг сонгохоор бэлтгэж байна. Тиймээс ч ирэх дөрөвдүгээр сарын 19-нөөс зургаадугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлэх парламентын сонгууль энэ улсын хувьд нүсэр ажил байх нь ойлгомжтой.

18 цаг 21 мин
Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Цахим, хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал нар мэдээлэл хийлээ. Сайд нарын байр суурийг хүргэе.

18 цаг 27 мин
МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

...Тэгэхээр нам, намын лидер эмэгтэйчүүд жагсаалтад “жагсаад” орж ирэхээр болж байгаа юм. Энэ боломж дээр хэн хэн гэдэг эмэгтэй улстөрчид “тоглох” вэ. Энэ бас сонин.

18 цаг 37 мин