Ч.Бямба
Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.
Иргэн О-ын ээж, "манай охин энэ сарын 13-нд ажлаасаа гарч яваад өнөөдрийг хүртэл ирэхгүй байна" гэх дуудлага мэдээллийг энэ сарын 22-нд цагдаагийн байгууллагад мэдээлсэн байна. Улмаар цагдаагийн байгууллагаас эрэн хайх, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа бөгөөд одоог хүртэл сураг гараагүй байгаа аж. Тодруулбал, мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэн О есдүгээр сарын 13-нд өөрийн ажлын газар болох Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын харьяа спорт цогцолбороос 18:00 цагийн үед гарч явсныг тогтоосон байна. Түүний байгаа газрыг олж тогтоохоор үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд уг хэрэгт холбогдуулан нэг иргэнд эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, үргэлжлүүлэн шалгаж байгаа ажээ.
Мөн Дорнод аймгийн Баяндун суманд иргэн Ш энэ сарын 3-нд сураггүй алга болсон гэх дуудлага мэдээлэл энэ сарын 8-нд цагдаагийн байгууллагад ирсэн байна. Тухайн иргэнийг албаныхан 23 хоног эрэн хайсан бөгөөд уг хэрэгт цагдаагийн тэргүүн дэд даргын тушаалаар ажлын хэсэг байгуулагдан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна гэж Эрүүгийн цагдаагийн албаны эрэн сурвалжлах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Очгэрэл хэлэв.
Түүнчлэн БЗДЦГ-ын Нэгдүгээр хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү мэдээлэхдээ "Иргэн Ц.Ариунгоо аравдугаар сарын 29-нд алга болсон. Шалгалтаар гэрээсээ гараад 2.6 км явсан нь тогтоогдож, 269 камерт үзлэг шалгалт хийсэн. Тэрээр хамгийн сүүлд цэцэрлэгт хүрээлэнгийн камерт өртсөн. Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна" гэв.
Эх сурвалж: www.polit.mn