Б.Туул
Японы сүмогийн 30 дахь их аварга Хакухо М.Даваажаргал өчигдөр эх орондоо ирсэн . Тэрээр багын найз Н.Батсуурь нь Ардын хувьсгалын 93 жилийн ойн үндэсний их баяр наадамд түрүүлсэнд баяртай байгаагаа хэвлэлийнхэнд дуулгасан. Хэрэв уншигч та санаж байгаа бол Монгол Улсын отгон арслан Намсрайжавын Батсуурь арслан цол хүртсэнийхээ дараа манай сонинд өгсөн ярилцлагандаа Хакухо М.Даваажаргалыг бас магтаад амжсан. Тиймээс бөхөд хорхойтой, наадамд одтой хоёр аврагынхаа хоёр биенээ магтсан, бас хоёр биеэндээ амжилт хүсч талархал илэрхийлсэн сэтгэгдэлийг хүргэж байна.
Хакухо М.Даваажаргал:
Н.БАТСУУРЬ ХЭЛСЭНДЭЭ ХҮРЧ, ТӨРИЙН НААДАМДАА ТҮРҮҮЛЖЭЭ
-Энэ жилийн наадмын түрүү бөх улсын арслан Н.Батсуурь та хоёр багын найз гэв үү?
-Тийм ээ. Харин та яаж мэдэв. /Инээв/
-Наадмын дараа отгон арслантай ярилцах завшаан тохиосон юм.
-Би аавыгаа дагаад “Сонгино”-ын амралтад наадмын бэлтгэлд хамт гардаг байсан. Тэр нэг зун Батсуурь аавыгаа дагаад наадмын бэлтгэлд гарсан юм. Тэнд арслан бид хоёроос өөр хүүхэд бараг байхгүй. Бөхчүүдийн гар хөлийн үзүүрт зарагдаж ийш тийш хөтөлцөөд гүйдэг л байсан даа. Тэгээд олон жилийн дараа Батсуурьтайгаа Японд уулзаж билээ. Найз минь Японд хэлний сургуульд ороод, манай дэвжээнд хааяа ирж бэлтгэл хийдэг байсан. Надаас “Даваа ахаа танай дэвжээнд бэлтгэл хийж хөлсөө гаргаж баймаар байна” гэдэг байсан. Тэгж байгаад Батсуурь Монгол руу явахдаа “Даваа ахаа намайг харж байгаарай. Би Монголд очоод сайн бөх болно” гэж дөрвөн жилийн өмнө надад ам гарч байлаа шүү дээ. Тэгж байгаад хэлсэндээ хүрч төрийн наадмын түрүү бөх болсонд давхар давхар баяр хүргэе. Ер нь Батсуурь хөдөлмөрч сайхан барилддаг, сайн бөх.
Монгол Улсын отгон арслан Н. Батсуурь:
ХАКУХО М.ДАВААЖАРГАЛ БИД ХОЁР БАГЫН НАЙЗУУД
-Тэнд байхдаа Хакухо М.Даваажаргалын дэвжээнд хэсэг хугацаанд сүмогийн бэлтгэл хийсэн гэсэн. Сүмод хүч үзье гэж бодож байв уу?
- Би 2011 онд Дархан-Уул аймгийн баяр наадамд түрүүлж аймгийн арслан болсон. Гэхдээ дунд нь хоёр жил Япон яваад бөхөөс хэсэг хөндийрсөн. Би “Соёл Эрдэм” дээд сургуульд аялал жуулчлалын чиглэлээр суралцаж байгаад, тэтгэлэгт хамрагдаад Япон явсан юм. Би тэгэхэд суралцах гэж явсан болохоос сүмоч болох гэж Японыг зориогүй.
Ёкозүна Хакухо М.Даваажаргал бид хоёр багын найзууд. Наадам дөхөөд ирэхээр бөхчүүдийн хүүхдүүд болсон хойно хамт дагаад бэлтгэлд гардаг байлаа. Өөрөө барилдах дуртай болохоор сүмогийн бэлтгэлийг хийж үзсэн. Доод зиндааны бөхчүүдтэй ана мана үздэг л байсан.