
Д.ЖАВХЛАН
Энэ жил улсын хэмжээнд 119 сумын тэгш ой тохиож байна. Үүнээс гадна таван аймагт даншиг наадамтай. Зарим сумдын хувьд ойн баяраа Үндэсний их баяр наадмын өмнө тэмдэглэсэн бол цөөнгүй сум наадмын дараа тэгш ойгоо тэмдэглэж байна. Тэдгээрээс Төв аймгийн Сэргэлэн сумын 90 жилийн наадамд дархан аварга А.Сүхбат түрүүлж, наадамчин олноо цэнгүүлсэн бол их варга Д.Дагвадорж Хужиртын наадамд зодоглон, хүндэтгэл үзүүлжээ. Хужирт сумын 90 жилийн ойн наадамд улс аймгийн алдар цолтой хүчит 128 бөх барилдахад бөхчүүдээс үзэгчдийн анхаарлыг хамгийн ихээр татсан бөх бол мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Д.Дагвадорж байв. Тэрээр 1996 оны баяр наадамд өсвөрийн бөхийн барилдаанд түрүүлж улсын шонхор цол хүртэж байсан бөгөөд дараа жил нь Ардын хувьсгалын 76 жилийн ойн баяр наадмаар хамгийн сүүлд зодоглохдоо гурвын даваанд улсын заан Ц.Баярсайханд өвдөг шороодож байсан юм. Түүнээс хойш 17 жил зодог шуудаг өмсөөгүй байсан их аварга маань ийнхүү аавынхаа төрсөн нутгийн түүхт ойд хүч үзсэн нь энэ. Ингэхдээ тэрээр аавынхаа малгайтай барилдсан бөгөөд Хужирт сумын 90 жилийн ойг хүндэтгэн барилдаж хоёр даваад гурвын даваанд өвдөг шороодсон байна. Харин наадмын өмнө дархан аварга цолоо Ерөнхийлөгчөөс гардсан А.Сүхбат аварга төрөлх нутаг Төв аймгийн Сэргэлэн сумынхаа 90 жилийн ойн баяр наадамд зодоглож түрүүлжээ.