• Зууны мэдээ сонин онлайн захиалга

Б.Вандан: Хоёр том бурхан зураачийн ур ухаан, арга барилаас суралцсандаа баярладаг

П.АМГАЛАНБАЯР

 

Дэлхийд алдартай И.Е.Репиний академид Монголоос анх суралцаж төгссөн Ардын зураач Л.Гаваа, Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Дондог нарын шавь зураач Бадамжавын Ванданг “Зууны мэдээ” сонин “Миний багш” буландаа урилаа.

 

-Багш нарын тань тухай яриагаа эхлэхийн өмнө таны зураач болох хүсэл зорилго юунаас эхтэйг сонирхож болох уу?

-Гадаадын кино үзэх их дуртай хүүхэд байлаа. Ялангуяа, кинонд гарч буй уран зураг төрөх агшин, өнгө будаг, зохиомжийн хослол намайг уран зурагт дурлах эхийг тавьсан байх. Агуу бүтээлүүдийн нээлтийн тухай гардаг Италийн таван ангитай цуврал кино үзсэн нь  санаанаас гардаггүй юм. “Нууц үдэш” гэж хананы зургийг гэгээн Аннагийн урланд зурж байгаа тухай өгүүлдэг хэсэг нь бүр гоё. Энэ мэтчилэн намайг  уран зурагт дурлуулж,  хүсэл тэмүүллийг минь хурцалсан зүйл олон л доо.

-Ардын зураач Л.Гаваа гуайтай багш шавийн барилдлагатай болсон тань хэдийд юм бэ?

-Анх зураг зурах хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдсөн 16 настай хүү Л.Гаваа багштайгаа уулзаж билээ. Анх багшийн урланд  очоод хаалган дээр нь Ардын зураач Л.Гаваа гэж бичсэнийг хараад мөн ч их сүрдэж билээ. Тэгээд хаалгыг нь зөөлхөн тогштол  “Ор, ор” гэж байна. Багш төрийнхөө шагнал, одон тэмдгийг зүүчихсэн сууж байсан нь бүр ч сүрдмээр. Тэгээд өөрийнхөө зурсан хэдэн зургийг  үзүүлэхэд харж байснаа “Залхуу л байна даа. Өдөрт 200-300  таталбар байнга хийж байгаарай” гэж хэлсэн.

Тэр үед багш 50 орчим настай, залуу хэв маягаар хувцасладаг, өвөрмөц хүн байсан юм. Зураачийн урлантай анх танилцсан минь тэр. Тэр үед багш УДБЭТ-д ажилладаг, дугуйлан хичээллүүлнэ их завгүй байсан санагддаг. Тэр бүр надад олдохгүй. Нэг харахад театрын музей, үзэсгэлэнгийн танхим эсвэл гадаадад явж байдаг.

-Анх багшийнхаа урланд очиход ямар сэтгэгдэл төрж байв?

-Зураачийн урланд анх орж үзсэн нь тэр шүү дээ. Ном, сонин сэтгүүл өрөөтэй, театрын хувцас хунар зөндөө олон байхыг хараад гайхаж билээ. Театр, кино дэлгэцийн зураач байна гэдэг нэг талаараа судлаач байх ёстойг тухайн үедээ ойлгоогүй л дээ. “Гамлет”, “Шекспир” гэсэн дэлхийн сонгодог жүжгийг тайзнаа амилуулахын тулд XVII зууны Европын аж байдал, хүн зоных нь тухай судалсан байх ёстой. Тэр үеийн философи, сэтгэлгээ хийгээд хувцас, дэг жаягийг мэддэг байж энэ агуу бүтээлүүдийг тайзнаа  буулгах боломжтой юм. Мөн угсаатны зүйн судалгаа гэдэг театрын зураачийн уран бүтээл төрөхөд том байр суурь эзэлдэг. Тэгэхээр театрын зураач байна гэдэг тийм амар ажил бишийг багшаасаа мэдсэн.

-Л.Гаваа багшийн ур ухаан, арга барил театрын олон бүтээлд шингэсэн байдаг. Та багшийнхаа ямар арга барилаас илүү сурахсан гэж хичээж байв?

 -Л.Гаваа багш модерн тал руу илүү зурдаг. Өнгө уран зурагт ямар их нөлөөтэй, өнгийг хэрхэн буулгах талаар их ярьдаг байсан. Багшийн уран бүтээлийн онцлог нь өнгийг гайхалтай буулгаж, хөнгөн зурдаг. 1948 онд багшийг Репиний академид сурахаар явахад театрынхан “Гаваатай хамт өнгө алга боллоо” гэж ярьж байсан гэдэг.

Багш И.Е.Репиний нэрэмжит Уран зургийн академид сурсан анхны монгол зураач. 1952 онд театрын тайз заслын зураач мэргэжлээр төгсөж ирээд “Үүлэн гурван толгой”,  “Шарилжин дундах цэцэг”, “Гамлет”, “Отелло” дуурь болон “Цогт тайж” киноны ерөнхий зураач, “Төгсгөл”, “Энэ хүүхнүүд үү” гэсэн тайз дэлгэцийн олон уран бүтээлд зураачаар ажилласан байдаг. Багш зураачаас гадна “Сүхбаатар” кинонд Лувсан хэмээх шархадсан цэргийн дүрд тоглосон түүхтэй.

-Багшийнхаа бүтээлүүдээс алинд нь илүү дуртай вэ?

-Багшийн “Булган гол”, “Алтан ус”, “Кино механик” гэсэн алдартай зургууд Түүхийн музейд хадгалагдаж байгаа “Автомат засгийг устгасан нь” зургийг нь үзэх их дуртай. Энэ зураг нь ажиллагаа ихтэй хэрнээ хүний сэтгэлд буухаар хөнгөн зурсан санагддаг юм.

-Л.Гаваа багшийн шавь нар нь ямар чиглэлээр зурж байна вэ?

-Олон зураач Л.Гаваа багшийн зураг зурах арга барилаас суралцаж, энэ чиглэлээр уран бүтээлээ туурвиж байна. Урлаг судлаач Ч.Болдбаатар, н.Гансүх, байгалийн зураг зурдаг Соёлын тэргүүний ажилтан н.Нарангэрэл, Б.Гансүх гээд олон хүнийг нэрлэж болно.

-Багш тань өөрийнхөө уран бүтээлд нөлөө үзүүлсэн хэн нэгний тухай дурсдаг байв уу?

-Л.Гаваа багшийг уран бүтээлээ туурвихад нь их тусалсан хүн бол “Цогт тайж” киноны зохиолыг бичсэн Б.Ринчен гуайг гэж ярьдаг байсан. Түүхийн талаас их зүйл ярьж өгдөг, багш ч ихийг асууж ярилцдаг байсан гэдэг юм.

-Л.Гаваа зураач говийн хүн. Түүний уран бүтээлд говийн сэдэв хэр олон байдаг вэ?

-Багш маань Дорноговь аймгийн Хатанбулаг сумын хүн. Би эртний амьтан судлалын ажлаар нутагт нь очиход нутгийнхан нь багшийг “Манай нутгийн сайн зураач” хэмээн ихэд магтдаг юм билээ. Л.Гаваа багш нутгийнхаа тухай олон  зураг зурсан. Тухайлбал, “Эргэлийн зоо” гэсэн  эртний амьтдын  нутагладаг байсан газрын тухай зураг болгон буулгасан нь бий. Энэ зурагтаа улбар шар өнгийг түлхүү ашигласан байдаг.

-Та бас Репиний академийн төгсөгч С.Дондог зураачийн шавь гэсэн үү?

-Тийм ээ. Дүрслэх урлагийн дунд сургуулийн уран зургийн ангид элсэхэд манай ангийг дааж авсан багш минь юм. С.Дондог багш маань Репиний академид 1958-1964 онд сурч Е.Е.Моисеенкогийн урланд зургаан жил суралцсан. Моисеенко зураачийн урланд сурсан анхны зураач. С.Дондог багшийн дараа саяхан “Репиний академийн шадар гурав” нэртэй үзэсгэлэнгийн эзэн зураач С.Элбэгдорж, Б.Пүрэвсүх, Ё.Өлзийхутаг нар Моисеенко гэж тэр агуу зураачийн шавь болсон байдаг юм.  С.Дондог багшийн дипломын ажил нь Ардын намынхан улааны даргатай суварганы хажууд уулзаж байгаагаар дүрсэлсэн “Уулзалт” нэртэй зураг байдаг.

-С.Дондог зураач хэр хатуу багш байв?

 -Багш Репиний академи төгсөж ирээд Багшийн дээд сургуульд багшилсан. Энэ үеийн шавь нараас нь н.Батмөнх, н.Равсал, н.Доржханд гэсэн олон сайхан зураач төрсөн.

С.Дондог багш бидэнтэй хамт, зэрэгцээд зурдаг байсан учраас өнгө, зохиомжоо хэрхэн хийх талаар олон зүйл сурсан. Ярьж тайлбарлахаас  илүү,  үйл хөдлөлөөрөө зааж сургадаг байсан юм.

Нэг өдөр багш  “Тунгалаг Тамир” киноны зохиолыг уншаад зохиомж гаргаж зур гэсэн даалгавар өгсөн юм. Тэгэхээр нь Эрдэнэ, Петртэй хамт Тамирын хөндийгөөр морьтой давхиж байгаагаар зурсан. Миний зургийг багш хөдөлгөөн, өнгө, ажиллагаа сайтай болж гэж магтсанаа хасах гурав тавьж билээ. Ер нь багш  магтаж байгаад тааруу дүн тавьдаг байсан. Бидэнтэй хамт зурсан зургаа  зэрэгцүүлж тавьж байгаад өөртөө дүн тавина. Өөрийнхөө зургийг харж байснаа “тааруухан байна” гэнэ. Их өвөрмөц зан төрхтэй хүн байсан.

-С.Дондог багшийн тань зурсан алдартай хөрөг зургууд байдаг. Ер нь аль тал руугаа илүү зурдаг байсан бэ?

-Хөрөг зургийн том мастер байсан юм. “Магсаржав”, “Сүхбаатар”, “Чойбалсан”, “Хөдөлмөрийн баатар Үрчгэр”, “Хөгжимчин Ишдулам”, “Хуурч Жамьян” гэсэн хөргөөс хувь хүний онцлог, дотоод сэтгэл, тухайн цаг үеийн байдлыг тодорхой харж болохоор өгүүлсэн байдаг.

Багшийн уран бүтээлд цэрэг, эх орны сэдэвтэй зураг нэлээд хувийг эзэлдэг. Алтанбулагийн хувьсгалын музейд “Ардын хувьсгалын ялалт” гэдэг 20 метр урт зургийг зурж үлдээсэн. Мөн “Мөр” гэдэг алдартай зураг нь бий. Оросын урлагийн  сэтгүүлүүдэд олон удаа хэвлэгдэж байсан гэдэг. Мөн байгалийн зургууд сайхан зурна. Монголын говь, хангай, уул усыг маш сайхан зурж дүрсэлдэг байв. Багш натур, натюрморт их гоё зурна.

-Репиний акедемид сурсан хоёр гайхалтай зураачийн шавь байх аз уран бүтээлч бүхэнд тохиох аз биш байх. Та тэднээс хэр ихийг авч үлдэж чадсан гэж өөрийгөө тоодог вэ?

-Би үнэхээр азтай хүн. Дэлхийд алдартай Репиний академийг төгссөн бурхан хоёр  багшаасаа зурах арга барил, зураачийн ур ухаанаас суралцсандаа баярлаж явдаг. Өөрт байгаа савныхаа хэрээр хутгаж авах гэж хичээж ирсэн.

-Ер нь Репиний акедемийн сургалтын арга барил, онцлогийг та яаж хардаг вэ?

-Санкт-Петербургийн Оросын нэрт зураач И.Е.Репиний нэрэмжит уран зургийн академи хоёрдугаар Екатерина хатны үед байгуулагдсан. 260 гаруй жилийн түүхтэй. Өмнө нь Эзэн хааны академи нэртэй байсан. Уран барилга, уран зураг, уран баримал гэсэн гурван гол суурь сургалтын бүтэцтэй. Социализмын үед Репиний уран зургийн академи болсон.

Оросын нэрт зураач Илья Репиний гайхамшигтай олон бүтээл бий. “Ижил мөрний барлагууд”, “Догшин Иван ба түүний хүү Иван” гэсэн алдартай зургийг туурвисан энэ хүний нэрэмжит академийн сургалт нь их онцлогтой. Сургуульд элссэн эхний жилээс эхлээд оюутнуудыг шууд натур зуруулдаг. Зохиомж нь сонгодог уран зураг чиглэлээр явдаг, хүний биеийн анатомийг судлуулна. Мөн дэлхийн урлагийн түүхийн маш сайхан хичээл ордог байсан тухай багш нар минь ярьдаг байсан. Репиний акедеми төгсөгчдийн дипломын ажлын тусгай музей хүртэл байдаг. Энэ музейд монгол зураач, барималчдын бүтээлүүд ч байгаа гэхээр яах аргагүй омогшох сэтгэл төрдөг юм. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 8. МЯГМАР ГАРАГ. № 113 (6845)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.