
Б.БАРС
Бразил-Герман-1:7... Шөвгийн дөрөвт үлдсэн дэлхийн таван удаагийн аварга Бразилийн шигшээ баг нутгийн талбайдаа ийн гутамшигтайгаар Германы “Бундес машин”-д доромжлуулна гэж бодож байсан хүн энэ хорвоо дээр үгүй биз ээ. ДАШТ буюу Мундиалийн түүхэнд шөвгийн дөрөвт эн тэнцүү багууд ийм их зөрүүтэйгээр нэг нэгэндээ хожигдсон түүх үгүй.
Энэ тоглолтын тухай дэлгэрэнгүй тайлбар хүргээд ч яахав, дэлхий бараг тэр аяараа үзсэн хойно. Бразилийн шигшээ баг хамгаалалтын шугамаа цэгцэлдэг ганц хүн, багийн ахлагч Тиаго Силваг торгуулийн хоёр шар хуудаснаас болоод алдсаны дээр довтолгоо нь гол найруулагч болох нуруундаа хүнд гэмтэл авсан Неймаргүй “өнчирсөн” байлаа.
Тиаго Силвагүй Бразилийн хамгаалалтын шугам Германы довтлогчдод үнэхээр дээрэлхүүлж, Неймаргүй довтолгоо нь “Бундес машин”-ы зохион байгуулалттай хамгаалалтыг нэвтлэх аргаа ололгүй тоглолтыг дуусгасан. Эхний гоолыг 11 дэх минутад “Бундес машин”-ы довтолгооны үзүүрт зүтгэдэг Томас Мюллер оруулж, үүнээс 10 минутын дараа талбайн эздийн хаалганд бараг л минут тутамд гоол орж эхэлсэн. Ямар сагсан бөмбөг биш дээ гэх бодол хүн бүхний толгойд буусан байлгүй.
Эхлээд домогт довтлогч Мирослав Клозе ДАШТ-д 16 дахь удаагаа гоолдож Бразилийн шүтээн “Туулай” хочит Роналдогийн амжилтыг эвдэн бразилуудыг давхар “доромжлов”. Төдөлгүй Томас Кроос хоёр, улмаар Семи Хедира талбайн эздийн хаалганд бөмбөг оруулж тохуурхав. 5:0. Энэ бол сүйрэл...
Хэдий тийм ч бразилууд бууж өгөлгүй хоёрдугаар үе эхлэхэд Германы хаалганд дор хаяж гурван гоол оруулах боломжоо алдсан. Үүний “буруутан” нь Германы гайхалтай хаалгач Томас Нойер. Тэр үед бразилууд ядаж нэг гоол оруулсан бол тоглолт яаж ч эргэх билээ...
Гэвч энэ удаад хөлбөмбөгийн бурхан тэнгэр тэднээс нүүрээ бууруулсан. Үр дүнд нь тоглолтын сүүлийн минутад Оскар нэр хүндийн гоол оруулж багаа хуурай тоогоор хожигдуулсангүй. Бүх талаар жигд “Бундес машин” багийн тоглолт ганц нэг одын ганцаарчилсан үзүүлбэрээс илүү гэдгийг яруу тодоор харууллаа. Хөлбөмбөгт Бразилийн моод ул болж, Германы эрин үе эхэлж байна уу ч гэлтэй.
Сайхан амарч байгаад “Бундес машин” супер од Лионель Мессигээр тэргүүлсэн Аргентин, Арьен Роббений манлайлсан Нидерландын аль хожсонтой дэлхийн цомын төлөө өрсөлдөхөөр болоод байна. Хэн хожих вэ? Бөмбөг бөөрөнхий дээ...