• Зууны мэдээ сонин онлайн захиалга

Шагайн харваа их эртний уламжлалтай

Д.ЦЭРЭННАДМИД

 

Шагай харваа бол эртнээс буюу монголчууд малыг гаршуулсан үеэс эхлэн уламжилж ирсэн тоглоом наадгайн нэг төрөл юм. Түүх сөхвөл шагайн харваа анх хамаг Монголын үед түгэн дэлгэрсэн хэмээн тэмдэглэгджээ. Тодруулбал, XIII зууны үед гэж болох бөгөөд тухайн үед хаад ноёд өргөө орчимдоо нааддаг байж. Хожмоо олны хүртээл болж өргөжсөн гэдэг. Халх тойрмын харваачид жилдээ нэг удаа монос цэцэглэх цагаар болзон уулздаг байв. Уг наадгай нь тойргоор тоглодог тоглоом учраас шагайчид цуглардаг газрыг тойром хэмээн нэрлэдэг байсан гэж судлаачид бичсэн бий.

Нэг сонин гэвэл шагай зөвхөн эрчүүдийн тогглоом байсангүй. Богдын их хатан Дондогдулам ордныхоо үйлчин хүүхнүүдийг шагайн харваанд сургасан тухай түүхэн тэмдэглэл байдаг. Тэр ч байтугай “уран Янжин” гэдэг бүсгүйгээр ахлуулсан багтай байсан гэнэ.

Харваачийн сумаа няслах агшин.

Шагайн харвааны сумыг анх малын болон зээрийн шилбэний яс болон шагайгаар хийж байж. Уг сумаа хашлага хэмээх модон суурь дээрээс есөн тохой буюу ойролцоогоор 4.72 метр зайд өрөөстэй 30 хасааг онох гэж харвадаг. Анх хашлагын оронд далны ясыг хэрэглэж байлаа. Сум нь ч шагай байсан түүх бий юм билээ.

Шагай харвах уг үндэс нь угаасаа малын шагайн яснаас үүдэлтэй гэдэг. Монголчууд шагайг хүндэтгэх, билгэдэх нь өнө эртний уламжлалтай юм. Тухайлбал, Тэмүүжин Жамухтай анд бололцохдоо шагай бэлэглэлцэж байсан гэж “Монголын нууц товчоо”-нд өгүүлсэн байдаг.

Бас 1260 оны үед хаан Хубилай эрийн гурван наадам хийхдээ шагай харвуулж байсан тухай Хятадын “Шар судар”-т тэмдэглэгджээ. Харваачдын баг долоон гишүүнтэй. Түүний зургаа нь харваач байх. Эсрэг багтайгаа 80 минут орчим хугацаанд тоглоно. Багууд тойргоор өрсөлдөхөд өдөрт 10 цаг орчим тоглох шаардлагатай байдаг.

Ер нь их цаг хугацаа хэрэгтэй тоглоом учир социализмын үед хөдөө аж ахуйн ажлыг цалгардуулж байна гэж үзээд шагайн харвааг хориглосон удаатай юм. Үүний улмаас энд тэндэхийн тойромд эрчүүд нууц маягаар харваж байсан юм.

Халхын гурван тойрмын хоёр нь Булганд байж. Дорноговийн Луугар, Төв аймгийн Бадын бөөр, Хонхор, Дундговийн Наран Хөгцтий гэсэн том тойром байсан юм билээ.

1918 онд тухайн үеийн Дайчин бээсийн хошуу одоогийн Дундговь аймгийн  Дэрэн сумын нутаг Наран Хөгцтийн тойромд 101 багийн 700 гаруй харваач цугларч байсан баримт бий.

 

*   *   *

 

Сүүлийн үед энэ уламжлалт тоглоом наадгай сэргэж олныг хамрах болсноор 2001 оноос эхлэн албан ёсоор Монголын үндэсний их баяр наадмын нэгэн төрөл болсон юм. Тиймээс тусгайлсан дүрмийн дагуу харвадаг үндэсний спортын нэгд тооцогдож ирж.Шагайн харвааны бас нэг онцлог нь өөртөө урлагийн төрлийг нэгтгэсэн тоглоом гэх нь бий. Харваачид шагай харваж байхдаа хоолой нийлүүлэн уурхайлдаг. Тэр нь морины цол, гийнгоо,  сурын уухайтай туйлын төстэй.

Уухай нь төв халх, дөрвөд далай ханы, баяд урианхай болон боржигон гэсэн олон төрөлтэй. Наадмын үед төв халхын боржигон уухай голлон сонсогддог.  Түүхчдийн тодорхойлсноор харваачид уртын дууны эрт үеийн хэлбэрийг агуулсан “Найзын”, “Самбарын”, “Онооны” гэж уухайг ангилсан байдаг.

Иймээс шагайн харвааг монгол түмний эртээс уламжлалтай соёлын өвөрмөц нэгэн төрөл гэж үзсэн учраас 2014 онд Юнеско-гийн “Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалт”-д бүртгэсэн нь уг тоглоом наадгай нь дэлхийн соёлын нэгэн болсон байна.

 

*   *   *

 

Аравч бас зурхай.

Монголын шагайн холбооны дэд ерөнхийлөгч, улсын үлэмж дархан мэргэн, спортын мастер Ш.Отгонбаяртай шагайн УАШТ-ий үеэр уулзаж цөөн асуултад хариулт авсан юм.

 

-Танай шагайн холбоо хэдийд байгуулагдсан, ямар бүтэц бүрэлдэхүүнтэй ажилладаг юм бэ?

-Холбоог 1987 онд байгуулж байлаа. Түүнээс хойш 21 аймагт салбар холбоо, 150 гаруй суманд зөвлөл ажилладаг. Улсын хэмжээнд 18 мянга гаруй харваач бий.

-Энэ жилийн аварга шалгаруулах тэмцээний онцлог юу байна вэ?

-Харваачдын эгнээ улам өргөжсөн байна. 1991 онд улсын аварга шаргаруулах тэмцээнийг анх зохион байгуулж байсан бол түүнээс хойш уг тэмцээн жил бүр уламжлал болсоор байна. Энэ жилийн тэмцээний гол онцлог гэвэл 1300 харваач оролцлоо. Энэ нь 1990 онд Хэнтий аймгийн нутаг түүхт Хөдөө аралд “Монголын нууц товчоо”-ны 750 жилийн ойн баяр наадмын шагайн харваанд нэг багт 8-9 хүнтэй 102 баг бүртгүүлж байсан дээд амжилтыг эвдсэн үзүүлэлт юм.

-Хилийн чанадад ажиллаж, амьдарч байгаа монголчууд шагай их харвадаг болсон шиг...?

-Тийм ээ. Гадаадад суугаа монголчууд шагай их харваж байгаа. Уралдаан тэмцээн ч зохион байгуулдаг болсон. АНУ, Франц, БНСУ, Шведэд монголчууд маань шагайчдын зөвлөл, клуб байгуулсан байна.

-Харваачдад ямар цол олгодог вэ?

-Шагайн харваагаар тогтмол хичээллэдэг цаашлаад Үндэсний их баяр наадмын харваа, УАШТ-д үзүүлсэн амжилтаар нь харваачдад цол олгодог. Дэд мэргэн, мэргэн, гарамгай мэргэн, дархан мэргэн, үлэмж мэргэн гээд. Одоо улсын хэмжээнд цолтой харваач 400 гаруй бий.

-Үндэсний баяр наадмын хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл УИХ-д өргөн баригдсан байгаа. Энд шагай харвааны хувьд бас шинэчлэл байгаа биз дээ?

-Уг төсөлд шагайн харвааны тухай зарим зүйл туссан бий. Тэмцээн зохион байгуулах болоод шагайн харвааны хэрэгслүүдэд стандарт тогтоох болоод баяр наадамд түрүүлсэн, дэд байрт шалгарсан харваачдад Ерөнхийлөгч цол олгодог болох заалтууд байгаа л даа.

-Шагайн харвааны хүнд өгөх өгөмж нь юу байдаг вэ?

-Монголчуудын эрт үеэс   нандигнан хадгалж өвлөн хуримтлуулсаар ирсэн өвөрмөц өв соёл бол шагайн харваа хүнд их юм өгдөг. Газар газрын эрчүүдийг танилцуулдаг, хамт олон ч нөхөрсөг болгодог төдийгүй хүнд тэсвэр хатуужил, цэгцтэй нягт нямбай байх чадварыг олгодог.

Мөн хүний нүдний харааг тогтворжуулах, гар хурууны болон зай хэмжээний баримжаатай, сэтгэл зүйн хаттай байхад чухал нөлөөтэй. Тэгээд танай сонин шагайн харвааны тухай сурвалжилж байгаад талархая. Нэг зүйлийг хэлэхэд манай харваачдын дунд энэ өв соёлыг уламжлан тээж яваа сайхан цуглуулгатай хүмүүс бий. Тэднийг сурвалжилж өгөөрэй. 

Сум мод, хасаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 13. БААСАН ГАРАГ. № 96 (6828)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.