
Д.Мөнх
Олимпийн хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Доржсүрэнгийн Мөнхбаяр өнөөдөр 45 нас хүрлээ. Тэрээр 1969 оны долодугаар сарын 9-нд Улаанбаатар хотод төрсөн. Гавьяатын амжилтын талаар цухасхан дурьдвал 1992 оны Барселоны олимпод 25 метрийн дархан зайдаа хүрэл медаль авсан амжилтаа 16 жилийн дараа Бээжингийн галын шугамд баталж олимпийн медалиа ихэрлүүлсэн юм. Түүнчлэн 1998 онд Испанийн Барселонад болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс анхны алтан медалийг эх орондоо авчирсан гавьяатан билээ. Хожмоо Германд амьдарч, тус улсын нэрийн өмнөөс өдгөө тэмцээн уралдаанд оролцож байгаа. Харин хамгийн сүүлд өнгөрсөн зургадугаар сард Германд болсон Дэлхийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртэж, олимпийн эрхийн тэмцээнд өрсөлдөхөөр бэлтгэлдээ ороод байгаа билээ. Гавьяат тамирчин Д.Мөнхбаяртаа төрсөн өдрийн мэнд хүргэе.
Эх сурвалж: www.polit.mn