
Д.ЦЭРЭННАДМИД
Сүхийн Буянтогтох гэж нэгэн эрхэм хүн байх. Эр хүний хийх учиртай бүхнийг л амжуулж явсаар өдий жар гаруй насыг насалж одоо удмаа дагаад малчин буй. Дундговь аймгийн Дэрэн суманд нутаг орноо сайн мэддэг, хүн зоноо удам угсаагаар таньдаг хүний нэг гэвэл тэр болж дээ. Өөрийнхөө удмыг 4-5 үеэр нь өөд уруугүй мэддэг юм билээ. Ярих нь хүртэл эвлэг хүн гэж байх. Яриаг сонсоход ч амттай. Үүх түүх ханхална.
-Миний удам гэвэл Дэлэгпил тайж гэж хүн байсан даа. Тэр хүнийг өөд болоход би найман настай байжуу дээ. Тэрнээс хойш миний нагац ах, эгч нар Сүх, Билэг, Гүндсамба, Лигдэн гээд бие биенээ түшсэн сайхан улсууд байлаа. Түрүү, Төхөмийн хонхрын бурхдууд байсан юм даа. Их уужуу тайван хүмүүс байлаа. Тэдний минь дээд удам гэвэл Ихэр хамба, Өлзий туслагчийнхан. Уужуу тайван хүмүүс байсан гэдгийг батлах ганцхан баримт хэлье л дээ. Чоно уургалаад барьж авч. Тэгээд амийг хороогоод яахав хөөрхийг 40 ташуурдаад тавьчих, хаширах биз. Одоо мал руу халдахгүй байлгүй гэж байсан гэдэг. Би ийм л өвгө дээдсийн удам гэдгээрээ бахархаж явдаг даа гэж С.Буянтогтох яриагаа эхэлсэн юм. Монгол хүн тал шигээ уужимхан сэтгэлтэй гэдэг. Үнэн үг шүү гэдгийг С.Буянтогтохтой ярилцах үедээ улам гүнзгий ухаарсан минь. Энэ хүнд хийгээгүй ажил, уулзаагүй хүн бараг үгүй гэхээр. Бүр багаасаа ажил хөдөлмөр эрхэлж Өмнөговийн Тавантолгойн уурхайд ажилчин байв. Тэгээд 1971 онд цэргийн албанд очихдоо Ардын хувьсгалын 50 жилийн ойн медаль, “Таван жилийн гавшгайч”-ийн тэмдэгтэй байж. Цэргээс ирээд сумын захиргаанд нарийн бичгийн дарга болов. Дараа нь баг, бригадын дарга ч байлаа. Гэвч түүний үндсэн мэргэжил нь жолооч учир тухайн үедээ шилэгдэж аймгийн Намын хороо, захиргааны дарга нарын тэрэг барьж олон жилийг ардаа хийсэн байдаг. Мөн аймгийн 17 дугаар автобаазад ажилласан жилүүд бий. Энэ бүхнийг нийлүүлээд үзэхэд 37 жил жолоо мушгисан байх юм. Бурхан жолооч гэгдэж ч явж. Нэг үйлийг ийм олон жил хийнэ гэдэг ажил мэргэжилдээ эзэн болж явжээ гэдгийн баталгаа юм даа. Бас хөдөөгөө очоод багийн дарга гэдэг амаргүй албыг 12 жил хашиж. Тэр хугацаанд өөрийн төрж өссөн нутагтаа тааваараа л ажиллаж. Тэхдээ төрийн алба гэдэг үүднээс дарга л байсан юм билээ. Хэн нэгнийд түүнийг буугаад мордоход багийн дарга ирээд явлаа гэхээс Буянтогтох л явж байна гэдэггүй байж. Үүнийг өөрөө хэлэхдээ:
-Миний сайных ч юу байхав. Миний нутгийнхны төрөө түшиж түвшин амгалан амьдарч ирснийх гэж байналээ. Алаг-Өндөр баг сумын тэргүүний багийн нэр хүндийг олон жил хадгалсан. Тэгэхэд С.Буянтогтохын нэмэр, өвлөж үлдээсэн бүхэн нөлөөлсөн л байж таараа.
Багийн контортой болгожээ. 10 сая төгрөгийн дундын фонд байгуулсан нь одоо ч хэвээр байгаа аж. Мөн багийн төмөр сүргийг 400 толгой малтайгаар зохион байгуулсан. Тэр нь ч уламжлалаа хадгалсан хэвээр юм билээ. Бэлчээр дагасан хэд хэдэн худаг шинээр гаргуулсан нь их үр дүн өгсөн гээд түүний багийн дарга байхдаа хийсэн ажил бүтээлийг тоочвол ихийг хэлэх болно.С.Буянтогтохыг элдэвтэй эр гэж болно. Сайн уртын дууч гэж байгаа. Соёлын гавьяат зүтгэлтэн, халхын том дууч Г.Дадьсүрэнг багш гэдэг юм билээ. Бас төрөл бүрийн хөгжим тоглоно. Баяан, аккардион дарчихна. Боржгин дууны уралдаан наадамд 2-3 удаа оролцсон. Саяхан гэхэд аймгийнхаа зүүн бүсийн урлагийн наадамд уртын дуу, аман хуураар оролцохдоо хос алтан медаль авсан байна. Багаасаа моринд хорхойтой нэгэн. Ямар сайндаа тэртээ 300 гаруй км-т орших Тавантолгойгоос морио хөлслөх гэж мотоциклиэр шөнөжин давхиж ирж байхав. Тэрнээс хойш морио шүтэж сойж яваа хүн. Насны уяач гэж болно. Аймгийн наадамд дөрвөн түрүү, зургаан айрагтай. Энэ амжилтаараа өнгөрсөн жил аймгийн алдарт уяач болсон юм билээ. Зах зухаас нь хэлбэл шинэ цагийн үлгэр мэт түүний амьдрал ийм л сонинтой. Морины уяа сойлгын тухай ном, сонин хэвлэлд С.Буянтогтохын нэртэй гарсан зүйл зөндөө л юм билээ.
-Би хурдан хул азаргатай байсан. Түүний буянаар бараг л наадам бүхнээр айраг амсаж баярлаж явсан даа. Адууны маань үр удам ч тасраагүй. Энэ жил сумынхаа 90 жилийн ойд морио мордуулахгүй бол болохгүй. Нэг хязаалан үрээ сойж байна даа гэж яриагаа өндөрлөв. Тэр.
Дэрэнгийнхэн ч Буянтогтохгүй наадна гэж байхгүй л дээ. Наадам эхлэх өглөө “Түмэн эх”-ийн ая барих дуучны нэг нь мөнөөс мөн. Бас аймагтаа нэртэй морь цоллооч учир олоон хурдан хүлгийн жолоо өргөнөө. Тэр нь өөрт нь буян хишиг болж ирдэг болой. Наадам, найрын хойморт намбайж суух насаа гэж.