
Э.ОРХОНСҮРЭН
Дундговь аймгийн Гурвансайхан сумын иргэд 90 хоногт сумаа шинэчилжээ. Хатуу хучилттай хар зам, гэрэлтүүлэг, дулаан, цэвэр, бохирын шугам гээд хот хөдөөгийн ялгааг арилгах олон бүтээн байгуулалтыг нутгийн иргэдийн оролцоотой хийжээ. Энэ жил тус сумын 90 жилийн ой тохиож байна. Тиймээс нутгийн зөвлөлийн дарга, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн төрөлх нутагтаа бүтээлч ажил өрнүүлэхээр иргэдтэй уулзжээ. Тэрээр өөрийн хийхээр төлөвлөж буй ажлын санааг танилцуулахад иргэд мөрөөдөл, төсөөлөл мэт хүлээж авсан гэнэ. Тиймээс долоо хоног бүрийн амралтын өдрөөр сумандаа очиж иргэдтэй хэд хэдэн удаагийн уулзалт хийснээр иргэдийн оролцоотой бүтээн байгуулалт хийх ажлаа эхлүүлж байна.
Тэдний эхний ажил бүтээн байгуулалтыг хэрхэн хийх талаарх нутгийн иргэдийн оролцоо бүхий төлөвлөгөө гаргах байв. Үүний дараа сумын төв дундуур явах хатуу хучилттай замыг барих ажлаа эхлүүлж, зарим айл газраа чөлөөлж өгсөн байна. Ийнхүү 90 хоногийн хугацаанд тус сумын найман настай балчраас 80 настай буурал хүртэл бүх хүн бүтээн байгуулалтад оролцжээ. Үүний дүнд зургаан метр өргөн 2.5 км хатуу хучилттай хар зам болон явган хүний замыг тавьсан байна. Мөн “Цэцэрлэгжилт” компанийн дэмжлэгтэйгээр зургаан га талбайд мод, бут, сөөг тарьж зүлгэжүүлжээ. Тус сумын төвд 200 орчим айл өрх, 170 хашаатай. Айлууд блокон суурьтай төмөр хашаагаар жигдэрсэн бөгөөд блок цохих ажлыг иргэд өөрсдөө хийсэн гэнэ. Түүнчлэн нарны зайн хураагуур бүхий 86 гэрлээр сумын төвөө гэрэлтүүлсэн гээд хийж бүтээсэн ажил ихтэй ажээ. Эдгээр ажлын гүйцэтгэгчээр “Атмор” ХХК болон “Монгол Дайвин” ХХК-ийн хамт олон ажилласан байна.
Энэ жил Засгийн газраас Сумын төвийн шинэчлэл төсөлд 16 сумыг хамруулж тус бүрт нь таван тэрбум төгрөг өгөхөөр шийдвэрлэсэн. Харин Гурвансайхан сум уг төсөлд хамрагдаагүй ч гадны санхүүжүүлэгч байгууллага, иргэдийн оролцоотой ийнхүү сумаа дөрөв орчим тэрбум төгрөгөөр шинэчилжээ. Уг шинэчлэлтэй танилцахаар Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг тэргүүтэй албаны хүмүүс даваа гаригт тус сумыг зорьсон юм. Ерөнхий сайдыг очиход нутгийн иргэд баяр хөөрөөр дүүрэн, хийж бүтээсэн зүйлээрээ бахдан угтлаа. Н.Алтанхуяг сайд “Дундговь аймгийн Гурвансайхан сумынхан нутаг орноо өөрсдөө оролцож яаж өөрчилж чаддагийг яруу тодоор харуулсан анхны сум боллоо. Иргэдийнхээ санаачлагаар хүн амьдрах суух хамгийн тав тухтай нөхцлийг бүрдүүлж чадсанд баяр хүргэе. Р.Эрдэнэбүрэн даргыг “Та одоо Барилга хот байгуулалтын Төрийн нарийн бичгийн дарга. Гэтэл нэг сумын менежер болоод байна” гэж зэмлэж байсан юм. Гэтэл би ташаа ойлгож байж гэдгээ энд ирээд мэдлээ. Бодитой, амьдралтай зүйл хийсэн нь сайшаалтай байна. Бусад яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар ч гэсэн үүнээс үлгэр авч ажиллахыг хүсье” гэв. Мөн тэрээр сумын төвийн шинэчлэл төсөлд багтсан зарим сумын Засаг дарга нарыг уг бүтээн байгуулалттай танилцуулахаар дагуулан ирсэн гэдгээ нутгийн иргэдэд дуулгасан юм.
Сумын төвийн шинэчлэлийг хийх санхүүгийн эх үүсвэр олох зорилгоор “Хамтын хөрөнгө оруулалтын загвар” хөгжлийн түншүүдийн уулзалтыг тус суманд зохион байгуулжээ. Тус уулзалтад НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, “Азийн хөгжлийн банк”, “Жайка”, “Койка”, “Мерси Кор”, “Дэлхийн эрүүл мэндийн байгууллага”, “Дэлхийн зөн”, АНУ, Канад, Франц, Япон, Солонгос, Австрали зэрэг орны төлөөлөгч оролцсон байна. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс үзүүлсэн тусламж, Орон нутгийн хөгжлийн сан, иргэдийн санхүүжилтээр Гурвансайхан сумын төв ийнхүү өөрчлөгдсөн байна. Ирэх намар тус суманд 300 гаруй хүүхдийн сургууль барихаар төлөвлөжээ. Гэвч шинэ сургууль барихад эрчим хүчний эх үүсвэр дутагдах тул энэ асуудлыг шийдэх талд анхаарч өгөхийг Ерөнхий сайдаас Р.Эрдэнэбүрэн дарга хүссэн юм. Энэ үеэр уг ажлыг гүйцэтгэгч “Атмор” компанийн удирдлага болон нутгийн иргэдийн сэтгэгдлийг сонирхлоо.
“Атмор” ХХК-ийн ТУЗ-ийн дарга С.Саруулсайхан: 200 АЙЛЫН ДЭД БҮТЦИЙГ 2.5 ТЭРБУМААР ГҮЙЦЭТГЭСЭН
Манай компани Гурвансайхан сумын бүтээн байгуулалтын зам, тохижилт, цэвэр, бохир усны шугам, дулааны магистрал шугам зэрэг дэд бүтцийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Эдгээр ажлыг хийхэд хүндрэл, бэрхшээл тулгарсангүй. 200 айл өрхөд хүргэсэн дэд бүтцийн ажлыг 2.5 тэрбум төгрөгөөр хийж гүйцэтгэсэн. Иргэд замтай, цэвэр бохир устай, халаалттай орчин үеийн тохилог орон сууцанд амьдрах тохижилттой боллоо. Мөн манай компани хамгийн сүүлийн үеийн халаалт, усан хангамжинд зориулагдсан дулаалгатай полиэтилен уян хоолойг ашигласан. Энэхүү уян хоолой нь Канад, Арктикт хэрэглэдэг, -60 градусын хүйтэнд тэсвэртэй софтлайн технологи юм. Манай орны нөхцөлд газар дор 50-60 см-ийн гүнд хоолойг байрлуулж, 50 жил ашиглана.
Гурвансайхан сумын иргэн А.Сүхбаатар: МАНАЙ СУМАНД ТҮҮХ ДАВТАГДЛАА
Би Гурвансайхан сумын унаган иргэн. Манай сумынхны нэг онцлог нь аливаа зүйлд хандах хандлага, оролцоо сайтай. 1999 онд эдийн засаг нэлээд хүндрэлтэй байсан үе. Тэр үед манай сумыг байнгын эрчим хүчтэй болох чиглэлээр хүмүүс ярилцаж тухайн үеийн 700 гаруй айл өрх аймгаас манай сум хүртэлх 71 км газрыг эрчим хүчээр хангах ажлыг өөрсдийн хүчээр барьж байсан түүхтэй. Энэ түүх мөн давтагдлаа. Өнгөрсөн гуравдугаар сард энэ ажлыг эхлүүлэх гэж байхад бид яриа хэлэлцээр хийж иргэдийн 80 хувь нь дэмжсэн юм. Одоо бид дэд бүтэцтэй, тохилог орчинтой болсон учраас орлогын эх үүсвэртэй бол хот суурин газар шилжих бус төрөлх нутагтаа амьдрах бүрэн боломжтой боллоо.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин