
Б.БАРС
Бразилд үргэлжилж буй хөлбөмбөгийн их наадамд тоосоо өргөсөн манай гаригийн урдаа барьдаг 32 багаас дөрвөөс бусад нь нутгийн зүг хөлгийн жолоогоо залаад байна. Шилдэг дөрөвт шөвгөрч үлдэхийн төлөө гал гарсан тоглолтууд хөлбөмбөгийн хорхойтнуудыг хоёр шөнийн турш нойргүй хонууллаа. Хөлбөмбөгийн бурхан тэнгэр шилдгүүдийн талд орон “Аз зөвхөн хүчтэнүүдэд үйлчилдэг” гэх бичигдээгүй хуулийг дахин баталсан юм.
Талбайн эзэн “пентакампионе” буюу дэлхийн цорын ганц таван удаагийн аварга баг сүүлийн үед Латин Америкт цойлон гарч ирсэн Колумбын амбиц ихтэй шигшээг хоёр төвийн хамгаалагчийнхаа (Тиагу Силва, Давид Луиз) оруулсан гоолуудын ачаар 2:1-ээр хожин хөгжөөн дэмжигчдээ баярлууллаа. Харамсалтай нь Бразилын залуу лидер, түлхүүр тоглогч Неймар гэмтэл аван дараа дараагийн тоглолтод багтаа туслаж чадахгүй нь. Колумбын шилдэг довтлогч Родригес 80 дахь минутад 11 метрийн торгуулийн цохилтоор Бразилын хаалганд бөмбөг оруулж, нийт зургаан гоолтойгоор энэ тэмцээний шилдэг мэргэн буучдын жагсаалтыг дангаар тэргүүлэх болсон юм.
Европын хөлбөмбөгийн хоёр тэргүүлэгч баг Франц, ХБНГУ-ын халз тулаан тун ширүүн өрнөсөн. “Бундес машин” гэгддэг германууд тоглолтын эхэнд Хуммелсийн мөргөж оруулсан бөмбөгийг чулуу болгон тоглолт дуустал ганцхан гоолын тэргүүллээ хадгалсаар дараагийн шатанд шалгарлаа. Бензема тэргүүтэй францууд тоог тэнцүүлэх хэд хэдэн сайхан боломжийг алдсанаар тэмцээнээс хасагдахад хүрсэн юм.
Дэлхийн шилдэг хөлбөмбөгчийн шагналыг хэдэнтээ хүртсэн Лионель Месситэй Аргентин Бельгийн эсрэг мөн л амаргүй тоглолт хийн “Бундес машин”-ы адил тоглолтын эхэнд Игуаины оруулсан гоол болон Бельгийн “улаан чөтгөрүүд”-ийг тогтоон барих ухаалаг тактикийн ачаар хагас шигшээ рүү орж чадав.
Харин Нидерландын “нисдэг холландууд” Төв Америкийн жижигхэн Коста-Рикаг тоглолтын турш давамгайлсан ч түүнийгээ гоол болгон хувиргаж чадалгүй хөлбөмбөгийн сугалаа гэгддэг тоглолтын дараахь 11 метрийн цуврал цохилтоор хувь заяагаа шийдсэн билээ. Нидерландын дасгалжуулагч Хунтелаар нэмэлт цаг шувтрахын өмнөхөн хаалгачаа сольсон нь ямар зөв шийдвэр болсныг телевиз үзэгчид хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Сэлгээгээр орж ирсэн Крул хоёр цохилтыг хаан багаа аварч үндэснийхээ баатар болсон. Харин энэ тэмцээний шилдэг хаалгачийн нэг Коста-Рикагийн Навас нэг ч удаа цохилт хааж чадаагүй билээ.
Ийнхүү аваргын төлөө өрсөлдөх эрхийн төлөө Бразил ХБНГУ-тай, Аргентин Нидерландтай хүч үзэхээр үлдээд байна. Өмнөд Америк, Европын шилдэг багуудын энэ хоёр дуэль яаж өрнөхийг хөлбөмбөгийн хорхойтнууд тэсч ядан хүлээж байгаа нь лавтай. Бразил-ХБНГУ энэ сарын 9-нд, харин Аргентин-Нидерланд энэ сарын 10-нд Улаанбаатарын цагаар тус бүр үүрийн 04.00 цагт ногоон талбайд гарч ирэх юм.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин