• Зууны мэдээ сонин онлайн захиалга

С.Гэрэлмаа: Эрсдэл, стрессийг давах чадвартай хувь хүнийг бэлдэх хэрэгтэй

Р.ОЮУН

 

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж  Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаа Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эрүүл мэндийг дэмжих, өвчлөлөөс  урьдчилан сэргийлэх албаны дарга С.Гэрэлмааг урилаа.

 

Судлагдаагүй вирус гарахад монгол төдийгүй дэлхий сандарсан

 

-Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эмнэлгийн тусламж үйлчилгээ гэсэн хоёр төрлийн үйлчилгээ байна гэж Эрүүл мэндийн тухай хуульд заасан байгаа.

Тухайлбал, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тэргүүлэх чиглэл болгоод эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэхэд эрүүл мэндийн байгууллагуудын бие даасан эсвэл нээлттэй, олон эмчийн хэлбэрт тулгуурласан байдлыг нь хангаж тусламж үйлчилгээ үзүүлнэ гэж заасан. Мөн хуульд нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд ямар тусламж үйлчилгээнүүд хамаарах вэ гэдэгт найман зүйлийг заасан байдаг. Харин олон улсад нэн шаардлагатай 10 тусламж үйлчилгээг өнгөрсөн жил шинэчилж баталсан. Тэгэхээр манайх бас үүнийгээ шинэчлэх ёстой гэж үзэж болно. Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хоёр хэсэг буюу хүн амын эрүүл мэндийн байдал ямар байна. Үүнд нөлөөлөх хүчин зүйлийг нь судлах, хянах, тандах, эрүүл мэндийг нь дэмжих, хамгаалах, өвчин эмгэгээс сэргийлэх, хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох гэсэн найман үйл ажиллагааг тусгайлан оруулсан байдаг. Энэ найман үйл ажиллагааг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн тусламж үйлчилгээ хүргэдэг. Тэр дотроо манай эрүүл мэндийг дэмжих, урьдчилан сэргийлэх албанд илүү давамгайлж явдаг гэж ойлгож болно.

Монгол Улсад эмнэлгийн тусламж үйлчилгээ илүү хөгжингүй, тоног төхөөрөмж, эм тариа, шинэ технологийг оруулж ирэх тал дээр их хөгжсөн байдаг. COVID-19 өнөөдөр дэлхий дахинд болон Монгол Улсыг аливаа зүйлийн бэлэн байдлыг хангах, бэлэн байдал дотроо хүн амын эрүүл мэндийн боловсролыг нь дээшлүүлээд эрүүл мэндээ хамгаалах, эрүүл мэндээ хамгаалахад дэмжлэгт орчин чухал гэдгийг сануулж байна. Цаашид энэ цар тахлаас гадна бусад шинэ дахин сэргэж байгаа вирусын болон бусад халдвар гарч болзошгүй. Ийм тохиолдолд нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн бэлэн байдал, ямар нэгэн хямрал, олныг хамарсан цар тахал, химийн хордлого, бусад гамшгийн үед бэлэн байдлыг хангах нь ямар ач холбогдолтой юм бэ. Байгууллагууд хэрхэн хамтарч цар тахлыг нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлыг даван туулах вэ гэдэг талаар сургалтууд хийх шаардлагатай. Мөн хүний нөөцөө бэлдэх хэрэгтэй юм байна. Хүний нөөцөө бэлдэж чадвал өнөөдөр сандарч, айж тэвдэхгүйгээр бусад ажлыг хийх боломж байна. Өнөөдөр шинэ судлагдаагүй вирус гарснаас Монгол Улс төдийгүй дэлхий нийтээр сандарлаа. Өнөөдөр шинжлэх ухаан хөгжиж байна. Айдсаар биш шинжлэх ухаанд тулгуурласан ДЭМБ юу гэж зөвлөж байгааг бид орчуулж ажиллаж ирлээ. Тиймээс хор хохирол багатай, вакцины ач тус, бүх хүний зан үйл, эрүүл мэндийн боловсрол энд ямар чухал вэ гэдгийг бүгд сайн харж, мэдэрсэн.

 

Дөрвөн удаагийн судалгааг Номхон далайн баруун бүсэд ганцхан Монгол Улс хийсэн

 

Блиц:

Мэргэжил: Хүний их эмч

Боловсрол:

-1996-2002 онд Анагаах ухааны их сургуулийг хүний их эмч

-2002-2004 онд Клиникийн I амаржих газарт эх барих, эмэгтэйчүүдийн их эмч

-2017-2018 онд Удирдлагын академийн Төрийн захиргааны мэргэшүүлэх анги

-2016-2019 онд Нийгмийн эрүүл мэндийн магистр

-2019 онд ДЭМБ Номхон далайн баруун бүсэд Эрүүл мэндийн тогтолцоо мэргэшүүлэх зургаан сарын сургалт

-2021 оны есдүгээр сараас 2022 оны гуравдугаар сарын 31 хүртэл ХБНГУ-ын Дойчи Вилле академийн “Хямралын мэдээллийн харилцаа” онлайн сургалт

Ажилласан жил: 2013 оноос өнөөдрийг хүртэл Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд мэргэжилтнээс албаны даргаар ажиллаж байна.

-Монгол Улсад хүн амын эрүүл мэндийн байдал ямар байна вэ гэдгийг Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв судалсан. Дөрвөн удаагийн судалгааг Номхон далайн баруун бүсэд ганцхан Монгол Улс хийснээрээ онцлогтой. Дөрвөн жил тутамд хийдэг энэ судалгааг 2023 онд хийнэ. 2018 онд хийгээд 2019 онд үр дүнгээ үзүүлсэн. Үндэсний хэмжээнд хийсэн судалгаагаар хүн амын дөрөвхөн хувь нь харьцангуй эрүүл. Бусад нь ямар нэгэн эрсдэлт хүчин зүйлтэй байна. Тухайлбал, архи тамхины хэрэглээ, хөдөлгөөний дутагдал, даралт ихсэлтийн тархалт өндөр, бодисын солилцооны хам шинжтэй. Мөн халдварын бус өвчинд өвчлөмтгий байна гэсэн судалгааны дүн гарсан. COVID-19-ийн улмаас Монголд 2200 орчим хүн нас барлаа. Энэ хүмүүсийг судлахад халдварт бус өвчний архаг суурь өвчтэй байсан. Өнөөдөр коронавирус биш хувь хүний, нийт хүн амынхаа эрүүл мэнд ямар байна вэ. Хэрэв архаг суурь өвчтэй бол эм уух, эрүүл зан үйлийг хэвшүүлэх, дасгал хөдөлгөөн хийх, эрүүл зөв хооллолт бий болгох хэрэгтэй. Үүнийг хувь хүнээс гадна Засгийн газраар, тогтолцоогоороо дэмжих ёстой болж байна. Бид өнөөдөр өвчинтэй биш хувь хүний зан үйлтэй тулж ажиллах шаардлагатай боллоо.

Манайд хүүхдүүдийн дунд таргалалт өндөр байна. Тэгэхээр 10-20 жилийн дараа насанд хүрсэн халдварын бус өвчний суурьтай хүмүүс бий болно. Тиймээс аливаа эрсдэл, стрессийг даван туулах чадвартай хувь хүнийг бэлдэх шаардлага тулгараад байна. Үүнийг яаж бэлдэх вэ гэвэл ерөнхий боловсролын дунд сургуулийн эрүүл мэндийн хичээлээр олгох ёстой. Тэгш хүртээмжтэй, бага зардлаар чанартай боловсролыг түгээх нь чухал ач холбогдолтой гэдгийг ДЭМБ-аас зөвлөсөн. Харамсалтай нь Монгол Улсад эрүүл мэндийн боловсрол олгох хичээл хангалтгүй байна. Тухайлбал, өсвөр насны хүүхдүүд бэлгийн болон нөхөн үржихүй, сэтгэцийн эрүүл мэнд, хорт зуршил. Бага насныхан анхны тусламж, хувь хүний эрүүл мэнд, эрүүл ахуй, орчны эрүүл мэнд гэсэн сэдэв нь түлхүү ордог ч бусад хөгжингүй орны эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөрийг гүйцэхгүй. Эрүүл мэндийн боловсролыг сургуулийн өмнөх нас буюу цэцэрлэгт байхад нь олгох юм. Хүүхдийн зан үйл таван наснаас урагш төлөвшдөг. Үүгээрээ том хүн болдог. Гэтэл бид дөрөвдүгээр ангиас нь зааж байна. Манай эрүүл мэндийн боловсрол, эрүүл мэндийн хичээл IV-XII ангид ордог. Гэтэл хамгийн их төлөвшил, бага мөнгө, бага хугацаа зараад том хүн болох суурийг нь тавьдаг орчин бол сургуулийн өмнөх нас буюу цэцэрлэг байгаа. Энэ боловсролыг цэцэрлэгт нь өгвөл халдварт бус өвчин буюу даралт ихсэх, эрүүл зөв хооллолт, таргалалтад зарах тэр их мөнгө багасна. Халдварт бус өвчинд зарцуулсан нэг ам.доллар долоо болох үр дүнгээ өгдөг.       

Энэ хичээлийг зааж байгаа багш нар мэргэжил, арга зүйн дэмжлэг аваагүй. Гурван жилийн өмнө бэлтгэгдсэн тэр чадвараар хичээл зааж байна. Үүнээс хойш их өөрчлөлт гарсан. Тиймээс боловсролын тогтолцоогоо өөрчлөхгүй бол “Эрүүл монгол хүн” буюу 2030 онд монгол хүний дундаж наслалтыг 78-д хүргэнэ гэж ярих хэрэггүй. Эрүүл мэндийн боловсрол, дадлыг өөрчлөхгүйгээр монгол хүний дундаж наслалтыг уртасгах боломжгүй. Бусад оронтой харьцуулахад монгол хүний дундаж наслалт бага. Дайнтай улстай адилхан хэмжээний хүн хорт хавдар, ослоор буюу сэргийлж болох өвчний хүндрэлээр нас барж байна. Эрүүл мэндийн хичээл заадаг багш нарыг мэргэшүүлэх хэрэгтэй байна. Гэхдээ дэмжлэгт орчин буюу эрүүл мэндийн хичээлийн кабинеттэй байх ёстой. Тухайлбал, хүний ходоод хүүхдүүдэд харагдахгүй. Тиймээс нүдэнд нь харагдаж, хүний идсэн хоол хэрхэн улаан хоолойгоор дамжиж ходоодоор орж боловсрогддог талаар ойлголт өгөх материаллаг бааз дээрээ тайлбарлана гэсэн үг.

 

Манай улс Азид  хүүхдийн таргалалтаар тэргүүлж байна

 

-Цаг бусаар нас барах эрсдэл нь эрэгтэй 60, эмэгтэй 55 нас хүрээгүй өнгөрөхийг хэлнэ. Тэгвэл цаг бусын нас баралт буюу сэргийлж болох өвчлөл даралт ихсэх, осол гэмтэл, зүрхний шигдээс, чихрийн шижин, хорт хавдар, амьсгалын замын архаг өвчнүүд тухайн хүний зан үйлээс хамаардаг. Та хэдий чинээ тарган байна энэ өвчний эрсдэлүүд хүлээж байна. Таны хэвлийн тойрог хэдий бага байна төвийн таргалалт бага байна. Та зүрх судасны өвчнөөр ойрын 10 жил өвдөхгүй. Яагаад гэвэл таны биеийн жингийн индекс хэвийн байна. Биеийн жин хэвийн байхад дээрх өвчнөөр өвчлөх нь бага, урьдчилан сэргийлж байна гэсэн үг. Монгол Улс Азид архины хэрэглээгээр дөрөвдүгээрт, хүүхдийн таргалалтаараа тэргүүлж байна. Цахим донтолттой, амьд харилцаагүй, хөдөлгөөний дутагдалтай, хүүхдүүдээ гадаа гаргаж тоглуулахаа больсон. Амралтын өдрүүдээр ажлын нэрийн дор олон цагаар хүүхдээ үл хайхрах хүчирхийлэлд өртүүлж байна. Манай төв үүнийг онцгой анхаар ажилчдаа 17:30 цагт тараагаад бусад  үлдсэн цагийг гэр бүл, үр хүүхдэдээ зарцуулах шаардлага тавиад хэрэгжүүлж байна. 

 

Монгол Улс бүх иргэнээ үзлэгт хамруулна

 

-Эрүүл мэндийн яам ирэх сарын 1-нээс бүх иргэнээ буюу 0-18, 18+ хүмүүсээ эрт илрүүлэгт хамруулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Хүний нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд тулгуурласан аль насанд ямар өвчлөл өндөр байна вэ гэдгийг судалгаагаар гаргаж ирсэн. Энэ насныханд зориулсан үзлэгийг зохион байгуулж байна. Хамгийн гол нь эрүүл мэндийн даатгалаа төлсөн иргэд хамрагдах боломжтой. Жилд нэг удаа хамрагдчихвал өөрийнхөө эрүүл мэнд ямар байна гэдэг баримжаа авна. Ингэснээр хорт хавдрын эрт илрүүлэг, чихрийн шижин, зүрх судасны эрсдэлийг тодорхойлох боломжтой. Иргэд энэ үзлэгтээ идэвхтэй хамрагдаасай. Энэ нь Монгол Улсад төдийгүй бусад оронд хийж байгаагүй үйл ажиллагаа. Эрүүл мэндийн даатгал төлөөгүй иргэдийн судалгааг гаргаж байгаа. Монгол Улсын эрүүл мэндийн даатгал сайн дурын эв санааны нэгдэл дээр хийдэг даатгал. Та өөрийнхөө эрүүл мэндэд санаа зовж байгаа бол хамгийн бага төлбөрөөр даатгалаа төлөөд хамрагдах боломжтой. Бид 2018 онд Эрүүл мэндийн сайдын А/420 тушаалаар 18-аас дээш насны иргэдийг хамруулсан. Үүгээр шинэ хавдар, бэлгийн замаар дамжих ДОХ, тэмбүүг илрүүлсэн. Оюутан залуусын эрүүл мэнд ямар байгаа талаар баримжаагаа авсан. Тоног төхөөрөмжийн хангалт ямар байгаа судалгаа гаргаад ходоодны дурангүй аймагт дуран илгээж байгаа. Мөн эмч, мэргэжилтнүүдээ чиглэл чиглэлээр нь чадавхжуулж, мэргэшүүлж байна. Үүнийг Эрүүл мэндийн хөгжлийн төв хариуцаж байгаа. НЭМҮТ иргэддээ үнэн зөв мэдээлэл өгч байгаа. Таныг эхлээд хэн дуудах вэ. Та эхлээд хаана очих вэ. Дуудсан цагт заавал очоорой. Нас насны онцлогт таарсан шинжилгээнүүд байгаа. Үүнийг иргэддээ хүргэх, эмч, мэргэжилтнүүд болон иргэдэд гарын авлага боловсруулах ажлыг бид хийж байна.

Бидний тооцоогоор иргэн хоёр удаа ирнэ. Эхний ирэлтээрээ үзлэг, шинжилгээндээ хамрагдана. Хоёр дахь нь шинжилгээний хариу гарангуут “Таны хариу ингэж гарлаа. Та ирээд зөвлөгөөгөө ав” гэнэ. Насанд хүрэгчид 23, хүүхдэд 15-16 төрлийн үзлэг шинжилгээ хийнэ. Мөн аль насанд ямар онцлог байна гэдэгт сэтгэцийн эрүүл мэндийн асуумж байгаа. Сэтгэц эрүүл бол бие эрүүл байна. Бие махбодод нь өвчний ямар нэгэн эмгэг шинж тэмдэггүй байж тухайн хүн эрүүл гэж үздэг. Гэтэл шинж тэмдэггүй ч стресс, уур бухимдалтай байвал харьцангуй эрүүл буст орно. Тиймээс үүнийг нь илрүүлэх 21, 45, 60 насанд сэтгэцийн эрүүл мэндийн асуумж бий. Мөн зургаан нас цэцэрлэгээс сургууль руу шилжих, 14 өсвөр буюу шилжилтийн нас учраас бас байгаа. Бид өмнө нь эрт илрүүлээд орхидог байсан. Тэгвэл энэ удаагийн онцлог нь та заавал хоолны зөвлөгөө авна. Мөн дасгал хөдөлгөөн хийнэ. 10 мянган алхам тухайн иргэний биеийн жинг илүүдлээс аврах урьдчилан сэргийлэлт. Энгийн байна гэдэг хоцрогдсон зүйл биш. Энгийн зан үйлийг хэвшүүлэх нь тухайн хүнийг олон өвчнөөс хамгаална.

 

Би биш бид

 

-ХБНГУ-ын Дойчи Вилл академийн “Хямралын мэдээллийн харилцаа” сургалтад хамрагдлаа. Цар тахал эхлэхэд манай улс төдийгүй дэлхий нийтээрээ айдаст автаж ямар нэгэн ташаа, ам дамжсан мэдээлэлд айдастай байж түүнээс болж бие биеэ гадуурхах, хүний эрх зөрчигдсөн гэсэн судалгааны үндэслэлүүд байгаа. Тэгвэл үүнд нэг мэдээлэлтэй, баталгаатай эх сурвалжийг авснаар хүний эрүүл мэндэд ямар үр дүнтэй байдаг юм. Үүнийг хэрэгжүүлснээр байгууллага хохиролгүйгээр даван туулах арга барилд бид суралцлаа. Энэ нь Монгол болон Африкийн хоёр оронд хэрэгжсэн төсөл. Монгол Улс зарим талаар хоцрогдож байгаа юм шиг боловч сургалтын явцад бусад оронтой харьцуулахад монгол хүний ажлаа зохион байгуулах чадвар, бэлэн байдлыг хангах чадвар давуу байсан нь харагдсан. Засгийн газраас өгч байгаа чиглэлийг анхан шатанд хэрэгжүүлэхэд  баталгаатай, баталгаагүй олон зүйлийг зохицуулахад багуудын хамтын ажиллагаа чухал гэдгийг сургалтаар олж авсан.

Монгол хүмүүс ганцаарчилсан биш багаар ажиллах нь үр дүнтэй юм. Зөвхөн Монголд ч биш дэлхий нийтээрээ багийн ажиллагаанд шилжсэн. Би биш бид гэсэн зарчимд шилжих шаардлагатай юм байна. Мэдээллийн эх сурвалж үнэн зөв мэдээлэл өгч байна гэдэгт хувь хүн яаж дүгнэлт хийх вэ. Үүнийг иргэдэд яаж энгийн аргаар хүргэх вэ гэдэг чадварт суралцлаа. Эрүүл мэндийн салбар өөрийгөө сурталчилдаггүй юм байна. Өрхийн эрүүл мэндийн төвийг манай иргэд тоодоггүй. алгасдаг. Гэтэл Өрхийн эрүүл мэндийн төв цар тахлын үед ачааллыг дааж, давж гарлаа. Сүүлдээ эмчилгээ, хяналт, вакцин, тандалт, багцыг Өрхийн эрүүл мэндийн төв авч гарсан. Тиймээс Өрхийн эрүүл мэндийн төвийн чадавхыг сайжруулах, анхан шатны тусламж үйлчилгээг нэмэгдүүлэхэд Засгийн газраас дэмжлэг хэрэгтэй гэдгийг үүнээс харсан.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 4. ДАВАА ГАРАГ. № 67 (6799)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.