Уржигдар шөнө дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн 16-гийн сүүлчийн тоглолт болж өнгөрөв. ДАШТ-ий шөвгийн наймд Европоос дөрөв, Өмнөд Америкаас гурав, Хойд Америкаас нэг баг үлдээд байна. Харин Ази, Африкын багууд шалгарч чадсангүй.
Энэ удаагийн дэлхийн аваргад дуулиан тариад буй Коста-Рикагийн баг дэлхийн аваргад гурвантаа аман хүзүүдсэн Голландтай, талбайн эзэн Бразил Колумбтай, Герман Францтай, Аргентин Бельгитэй 1/4 шигшээд үзэлцэх болно. Хагас шигшээд Бразил-Колумбын хожсон нь Герман-Францын, Голланд-Коста-Рикагийн хожсон нь Аргентин-Бельгийн аль хожсонтой тоглоно.

Шөвгийн наймын учраа:
Бразил - Колумб
Голланд - Коста-Рика
Франц - Герман
Аргентин - Бельги
АРГЕНТИН - ШВЕЙЦАРЬ 1:0
Гоол: Ди Мария 118.
Аргентин: Ромеро, Сабалета, Гарай, Фернандес, Рохо (Басанта, 105), Машерано, Гаго (Биглия, 106), Ди Мария, Месси, Игуаин, Лавесси (Паласио, 74).
Швейцарь: Бенальо, Лихтштайнер, Шер, Журу, Родригес, Бехрами, Инлер, Жака (Фернандес, 66), Шакири, Мехмеди (Жемаили, 113), Дрмич (Сеферович, 82).
Шар хуудас: Жака (36), Фернандес (73), Рохо (90), Ди Мария (120), Гарай (120)
Дэлхийн хошой аварга Аргентиний шигшээ баг Швейцарьтай 118 минутын турш гоолгүй тэнцэж яваад нэмэлт цаг дуусахаас хоёрхон минутын өмнө Мессигийн дамжуулалтаар Анхель Ди Мария хожлын гоолыг оруулж, хөгжөөн дэмжигчдээ баярлууллаа.
Тоглолтын эхний үед хоёр баг тэнцүүхэн тоглосон ч хоёрдугаар үеэс Аргентиний баг санаачлагыг авч, удаа дараалан довтолж байв. Үндсэн цагт 0:0-ээр хоёр баг тэнцсэн тул нэмэлт хоёр үе сунгасан. Нэмэлт хоёрдугаар үеийн төгсгөлд Швейцарийнхан талбайн төв орчимд бөмбөгөө хэт удаан барьсны улмаас алдаж, Месси нэг тоглогчийг хууран торгуулийн талбайд ойртонгуутаа баруун жигүүрт суларсан Ди Марияд дамжуулалт өгснийг, “Реал”-ын хагас хамгаалагч хаалгачийн алсын буланд оновчтой цохиж гоол оруулсан.
Шөвгийн 16-гийн сүүлчийн учраа болох Бельги-АНУ-ын тоглолт мөн л нэмэлт цагт үргэлжилж Европын баг 2:1-ээр буулгаж авчээ. 93 дахь минутад Де Брейне тоглолтын эхний гоолыг оруулсан бол, 105 дахь минутад Лукаку тоны харьцааг 2:0 болгож Бельгийн баг тэргүүлж эхэлсэн. 107 дахь минутад АНУ-ын багийн тоглогч Грин гоол оруулж харьцааг ойртуулжээ.