
Д.ГЭРЭЛ
Ерөнхий сайд Н.Алтанхуягийн сэтгүүлчидтэй ярилцах “Ерөнхий сайдын 30 минут” уулзалт өчигдөр товлосон ёсоороо болов. Тэрээр энэ удаагийн уулзалтаар нийгэмд талцал авчирсан Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын тогтоолын төслийн талаар голчлон ярьсан. Тухайлбал, “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг УИХ 2010 оны зургадугаар сарын 24-ний өдөр баталсан байдаг. Түүнд тусгаснаар манай улс гурван чиглэлд шинээр төмөр зам тавих учиртай ч өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд нэг ч км-ыг бариагүй. Царигийн маргааны улмаас удааширсан энэ ажлыг Шинэчлэлийн Засгийн газар урагшлуулахын тулд төмөр замын бүтээн байгуулалтад “Чингис” бондын хөрөнгөөс 200 гаруй сая ам.доллар зарцуулсан. Монгол Улс ирээдүйд хөрш орнууд руугаа долоон цэгээр төмөр замын тээвэрлэлт хийх боломжтой. Үүнээс Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтын төмөр замын ажил л урагшилж байгаа. Хятадын тал цаанаас Ганцмодны боомт хүртэл төмөр зам тавьчихсан, харин манайх ачаа тээвэрлэх замын царигийн асуудлаа шийдвэрлэлгүй дахиад хойшлууллаа. Уг нь Ганцмодны боомт хүртэл тавих төмөр замын асуудал дөрвөн жилийн өмнө шийдэгдсэн. Үүнийг тухайн үеийн Зам тээврийн сайд байсан УИХ-ын гишүүн Х.Баттулга салбарынх нь сайдаар ажиллаж байхдаа бодлогыг батлуулсан. Гэтэл одоогийн Засгийн газар л болж бүтэхгүй, улсаа аюулд оруулж байгаа юм шиг бодлого өргөн мэдүүлсэн мэтээр ойлгуулах нь буруу” гэсэн юм. Тэрээр өөрт нь ирүүлсэн Х.Баттулгын ил захидалд хариу мэдэгдэл өгснөө ч энэ үеэр уншиж өгсөн. Сэтгүүлчдийн асуултад ийн хариулав.
-“Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног”-ийн хөтөлбөр хэрэгжээд шувтрах талдаа орлоо. Хөтөлбөр үр ашгаа өгч байна уу?
-“100 хоног”-ийн ажлын хүрээнд Засгийн газар бизнесийн үйл ажиллагаанд учруулж байгаа саад тотгорыг арилгая гэж үзээд, шаардлагатай бүх хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлсэн, түүнээс ихэнх нь батлагдсан. Ер нь 100 хоногийн дотор бүх юм гял цял болчихно гэж бодож болохгүй, гэхдээ нэлээд олон ажил амжуулаад явж байна.
-Хөгжлийн банкинд мөнгө байна уу, Улаанбаатар-Дархан, Улаанбаатар-Төв аймгийн авто замыг шинэчлэн засах хүрээнд 17 тэрбум төгрөг гаргахаар шийдвэрлэсэн ч одоо хэр нь санхүүжилт нь хийгдэхгүй байгаа гэх юм. Мөнгөгүй байгаа юм биш үү?
-Хөгжлийн банкинд мөнгө байгаа, Чингис бондын 1.5 тэрбум ам.долларын хагас нь бүтээн байгуулалт болоод гарчихсан. Гэхдээ үлдэгдэл нь Хөгжлийн банкин дээр байхгүй ч арилжааны банкуудад бий.
-Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны ажил цалгардаад байна уу гэж харагдах боллоо. Гурилын үнийг тогтвортой байлгахын тулд “Үнэ тогтворжуулах” хөтөлбөр хэрэгжиж байгаа, мөн экспортын улаан буудайнд ногдуулах Гаалийн болон НӨАТ-ыг чөлөөлсөн. Ийм байтал нэг кг гурилын үнэ 1000 төгрөгт хүрлээ?
-Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны хувьд аж ахуйн нэгжүүдтэйгээ нэлээн тулж ажиллаж байгаа. Тиймээс зориудаар гурилын үнэ өсгөх шалтгаан байхгүй. Үнийн асуудлыг Улаанбаатар хотын хэмжээнд байгаа том үйлдвэрүүдтэйгээ ярьж зохицуулах ёстой.
-Орон сууцжуулах хүрээнд олгож байгаа найман хувийн хүүтэй зээл инфляци өндөр байгаагаас шалтгаалаад 9.6 хувьд хүрч байна гэх боллоо. Засгийн газар найман хувийн зээлийг өсгөх шийдвэр гаргачихсан юм уу?
-Жилийн найман хувийн хүүтэй зээл хэвийн олгогдож байгаа. Янз бүрийн саад тотгор учраагүй. Инфляци буюу бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс хамаараад найман хувийн зээлийг өсгөлөө гэхэд дээд тал нь есөн хувь болно. Ер нь бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс хамаарна, одоохондоо есөн хувь болгох шаардлага үүсээгүй, найман хувиар явж байгаа. Ер нь бол инфляци буурвал найман хувийн зээл долоон хувь болж буурах бололцоо бий.
-“Эзэн 100 хөтөлбөр” дээр ажиллаж байгаа хүмүүс ямар цалинтай ажиллаж байна вэ. Хөтөлбөр амжилттай хэрэгжвэл эдгээр хүмүүсийг урамшуулах уу, амжилтгүй болбол хариуцлага тооцох уу?
-Эдийн засгийг эрчимжүүлэхтэй холбоотойгоор “Эзэн-100” арга хэмжээний хүрээнд эдийн засгийн зөвлөл гэж байгуулагдсан. Түүнд багтсан төлөөллүүдийн хувьд бүгд ажилтай, аж ахуй эрхэлдэг. Тэд цалингүй ажилладаг.
-Экспортыг дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор Засгийн газар 888 төслийг санхүүжүүлэхээр зарласан. Энэ хүрээнд зээл олгосон уу. Олгосон бол хэдэн төсөлд зээл өгөв?
-Арилжааны банкуудын шалгуур хангасан төслүүдэд эхнээсээ зээл олгогдож эхэлсэн. 888 төслөөс 20 гаруй төсөлд Хөгжлийн банкны мөнгө олгогдсон гэсэн мэдээлэл бий. Цаашид энэ төсөл тасралтгүй үргэлжилнэ.
-Хууль зүйн сайдыг Г.Сарангэрэл гэх бүсгүйтэй холбоотой тухай их мэдээлэх боллоо. Үүнд танхимынх нь тэргүүний хувьд ямар байр суурьтай байна?
-Хууль зүйн сайдын хувьд юу хэлэх билээ, харахаар их буруу юм явж байна. Зохион байгуулалттайгаар гүтгэлэг хийдэг, муухай ажлыг зохион байгуулдаг бүлэг хүмүүс бий болсон байна гэж харагдаж байгаа.
-УИХ-аас төмөр замын асуудлыг хэлэлцсэн ч намрын чуулган хүртэл хойшлууллаа. Хөрш орнуудтайгаа гэрээ хэлэлцээр хийх шаардлагатай гэсэн асуудал хөндөгдөх юм. Энэ асуудал хэзээ эцэслэгдэх вэ?
-Жишээ нь бид нүүрс экспортлоход зөвхөн Хятадад гаргах гэж байгаа юм биш, тус улсын нутгаар дамжуулж БНСУ, Япон ч юм уу далайн эрэг хүртэл явна. Тэгэхээр Хятадын нутгаар тээвэрлэлт хийх үнэ тариф, татвар хураамж, хэдий хэмжээтэй тээвэрлэлт хийх боломжтой юм бэ гэдэг асуудлаар хэлэлцээр хийж байгаа. Ирэх ням гаригт хэлэлцээр дахиад үргэлжилнэ.
-Хятадын ерөнхийлөгч ирэх наймдугаар сард Монгол Улсад айлчилна гэсэн мэдээлэл бий. УИХ-ын хаврын чуулганаас гаргасан төмөр замын бодлогыг хойшлуулах шийдвэр айлчлалд нөлөөлөх үү?
-Нөлөөлөхгүй, хэлэлцээр дуусаагүй байгаа учраас.