Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 11 дэх өдөр гурван тоглолт болов. Манай хойд хөрш ОХУ-ын шигшээ баг Белгийн багт 0:1-ээр хожигдож хэсгээсээ гарах эсэх нь эргэлзээтэй болж байна. Алжирын баг БНСУ-ыг 4:2-оор бут ниргэсэн бол, Юрген Клинсманы удирдсан АНУ-ын шигшээ дэлхийн шилдэг хөлбөмбөгч Криштиан Роналдуг нутаг буцаах дөхөв. Америкт 1:2-оор ялагдаж явсан португалчууд шүүгчийн нэмэлт таван минутын хамгийн сүүлчийн секундэд мөргөж гоол оруулан тэнцээ авч чадлаа.

БЕЛЬГИ - ОХУ - 1:0
Гоол: Ориги 88
ОХУ-ын шигшээ Бельгитэй сайн тоглосон ч төгсгөлд гоол алдан 0:1-ээр хожигдов. Хоёрдугаар үеийн 88 дахь минутад Бельгийн 19 настай довтлогч Дивок Ориги Эдин Азарын дамжуулалтаар гоол оруулав. Ингэснээр Бельгийн баг зургаан оноотой болж дараагийн шатанд шалгарах нь тодорхой болжээ. Хэсгийн сүүлийн тоглолтод Бельги БНСУ-ыг хожвол ОХУ-д боломж гарч магадгүй. Гэхдээ манай хойд хөршийнхэн сүүлчийн тойрогт Алжирыг хожиж байж шөвгийн 16-д үлдэх боломжтой.
БНСУ-АЛЖИР - 4:2
Гоол: Ислам Слимани 26, Рафик Аллиш 28, Абдельмумен Жабу 38, Сон Хын Мин 50, Ясин Браими 62, Ху Жа Чол 72
Африк тивийн хүчирхэг Алжирын шигшээ баг БНСУ-ыг 4:2-оор бут нигэжээ. Хоёр багийн тоглолтын эхний үе 3:0-ийн харьцаатай Алжирын шигшээгийн давамгайллаар өндөрлөв. Тоглолтын 26 дахь минутад Ислам Слимани гоолын салхийг хагалж, хоёр минутын дараа Аллиш, 38 дахь минутад Жабу нар гоолдсон юм. Хоёрдугаар үеийн 50 дахь минутад БНСУ-ын Сон Хынмин гоол оруулж, тооны харьцааг 3:1 болгов. Гэсэн ч 62 дахь минутад Алжирын Брахими гоол оруулснаар энэ тоглолтод хэн хожих нь ерөнхийдөө тодорхой болсон юм. Үүний дараа 72 дахь минутад БНСУ-ын Ку Жачол гоол оруулж, тооны харьцааг 4:2 болгон ойртуулсан. БНСУ хэсгийн сүүлийн шатанд Бельгитэй тоглоно. Хоёр тойргийн дараа Н хэсгийг зургаан оноотой Бельгийн баг тэргүүлж, Алжир гурван оноотой нэхэж явна. Харин ОХУ, БНСУ-ын баг ердөө нэг оноотой хэсгийнхээ сүүл мушгиж байна.
АНУ - ПОРТУГАЛ - 2:2
Гоол: Нани 5, Жонс 64, Дэмпси 81, Варела 90+5
“Европын бразилчууд” гэгддэг Португалийн шигшээ баг дэлхийн шилдэг хөлбөмбөгч Криштиано Роналдугийнхаа хамт нутаг буцах дөхлөө. Юрген Клинсманнаар удирдуулсан АНУ-ын шигшээ баг хэдхэн секунд л тэссэн бол хэсгээсээ гарах болзлоо хангах байв. Тоглолтын тав дахь минутад Нани эхний гоолыг оруулж нэгдүгээр үе Португалийн давамгайллаар өндөрлөсөн юм. Хоёрдугаар үеийн 64 минутад Жонс, 81 дэх минутад Дэмпси нар гоолдож АНУ-ын баг тэргүүлж эхэлсэн. Гэлээ ч тоглолтын сүүлчийн секундэд Португалийн Варела мөргөж гоол оруулснаар 2:2-оор тэнцэж, энэ хэсгээс ямар багууд дараагийн шатанд шалгарах нь сүүлчийн тойрогт л тодрохоор болов. G хэсэгт сүүлчийн тойрогт Герман-АНУ, Португал-Гана хоорондоо тоглоно. Португалчуудын хувьд хэсгээсээ гарахын тулд Ганыг дор хаяж гурван гоолын зөрүүтэй хожиж, германчууд АНУ-ын шигшээг заавал ялах хэрэгтэй болж байна.