Никита Высоцкий: Намайг буруутгахаасаа өмнө өглөө ирээд, бүтэн өдрийг надтай өнгөрөөгөөд үзвэл ойлгоно гэж аав хэлдэг байсан

2021-08-31
Нийтэлсэн: Админ
 15 мин унших

З.БАТЦЭЦЭГ

 

“Хоёр жилийн өмнө Ирина Мирошниченко надад зөвлөсөн. “Билет аваад Франц руу нис, Маринатай очиж уулз. Зүгээр ярилц, өнгөрсөнийг биш, ажил хэрэг биш, зүгээр уулз. Эвлэр” гэсэн. Гэхдээ очиж завдахгүй л байна” хэмээн жүжигчин-найруулагч Никита Высоцкий ярьж байна. Зөвлөлтийн үеийн домог болсон жүжигчин дуучин Владимир Высоцкийн хүүгийн ярилцлагыг www.7dn.ru-гаас орчуулан толилуулж байна. 

-Никита, таны аав зөвлөлтийг эсэргүүцэгч байгаагүй. Тэгээд яагаад Зөвлөлтийн үед тэр цензурт байсан юм бол? Түүнээс ч илүү Евтушенко, Вознесенский нар илт таагүй зүйл бичдэг байсан. Гэхдээ тэдний бүтээл хэвлэгддэг байсан. Высоцкийг бол хэвлэдэггүй, их удаан хугацаанд хүмүүс түүний царайг ч таньдаггүй байлаа. Гэтэл дуунууд нь бараг ардын дуу шиг болсон байхад.

-Түүний найз Болгарын алдарт яруу найрагч Любомир Левчев аавын дайны тухай хэд хэдэн шүлгийг Болгар хэл рүү хөрвүүлсэнийг сэтгүүлд хэвлэсэн байж. Аав үүнийг үзээд уйлж байсан. Үүнээс өмнө тэрээр хэзээ ч өөрийхөө шүлгийг хэвлэгдсэн байхыг үзээгүй. Аавын 40 насны ойгоор найзууд нь өөрсдөө түүний шүлгүүдийг 2 ном болгоод хэвлээд бэлэглэж байсан. Өөр ямар ч хэвлэлт байхгүй. Харамсалтай нь аавыг нас барсаны дараа тэр хоёр боть алга болсон. Гэхдээ аав шууд хориотой бас байгаагүй ээ. Ямар ч байсан театр кинонд тоглож, концертоор аялан тоглож байсан. Хэзээ ч түүнийг хэлмэгдүүлж, шоронд хийх гэж оролдож байгаагүй. Аав хэзээ ч өөрийг нь хавчиж байна гэж бодож байгаагүй, тэр өөр зүйлд санаа зовж байсан. Хүмүүст илүү их зүйлийг өгч чадах ч, түүнд боломж олгохгүй байна гэж. Тэрээр энэ тухайгаа дээд дарга нарт захиа болгон илгээж байсан ч, хариу ирээгүй...

Нэгэн хүлээн авалт дээр тухайн үеийн Соёлын яамны сайд Парисаас авчирсан түүний пянзан дээр гарын үсэг зуруулжээ. Аав түүнээс яагаад Зөвлөлтөд ийм пянз хэвлэж болохгүй талаар асуухад түүнд тодорхой хариулаагүй. 1968 оны зун “Зөвлөлт Орос” сонинд “Высоцкий юун тухай дуулдаг вэ” нийтлэл хэвлэгдсэний дараа аавд асуудал үүсч эхэлсэн. Мэдээж дээрээс тушаалтай. Хэн захиалсаныг ойлгоход одоо бэрх. Хэн нэгэнтэй зөрчилдсөн эсвэл яг тодорхой нэг дуун дээр шүүмжлэл байгаагүй. Гол буруутгал нь Высоцкийн дуу юунд ч хүргэж мэднэ. Түүний дууг архичид, шоронгийхон сонсдог гэсэн утгатай. Зүгээр л нам түүнд яаж хандахаа мэдэхгүй байсан. Бүх орон даяараа түүнийг сонсдог, ер бусын хүнийг тэд яахаа мэдэхгүй байсан. Тэр Лениний тухай, комсомолын тухай дуулахгүй. Гол нь жанртаа ч биш. Зүгээр л энэ хүн хэн бэ? баруунд түүнийг бүгд сонсдог, түүний шүлгийг ВВС, “Америкийн дуу хоолой”, “Эрх чөлөө”-гөөр дамжуулдаг. Магадгүй тэр үзэл сурталын дайсан уу? Үгүй л юм шиг байна. 

Улс орон даяараа түүнд хайртай. Энгийн ажилчдаас эхлээд академикууд хүртэл, ахмад дайчид түүнд их онцгой сүсэг бишрэлтэйгээр ханддаг байсан. Гараар бичсэн зар тавиад, хэдхэн цагийн дотор стадион хүн цуглуулж чаддаг байлаа. Ганцаараа гитартай гараад л дуулна. Зүгээр нэг алдар нэртэй байгаагүй, асар том нэр хүндтэй байсан. Зөвлөлтийн ард иргэд бүгдээрээ андуурна гэж байхгүй шүү дээ. Ямар ч байсан тэр сонины нийтлэл аавыг нэлээн зовоосон. Зарим нэг нь үүнийг уншаад хориглоод, аавыг урихаа больсон, дуудахаа больсон. Аав кинонд дуулсан дууг нь хасах хүртэл зүйл байсан. Гэхдээ ямар нэгэн арга заавал олддог байлаа. Аав “Мэдлэг” нийгэмлэгийн лектор гэж зарлан хотуудаар явж тоглолт хийж байсан. Үзэгчдийн өмнө гараад: “Би та нарт Таганка театрын талаар ярьж өгье” гэнэ. Мэдээж ийм лекцэн дээр дуулна. Харин таны дурссан Евтушенко, Вознесенский нар системийн хүмүүс байсан. Тиймээс мэдээж тэдний бүтээлийг хэвлэлгүй яахав. 

-Таны аав эдгээр яруу найрагчидтай ямар харилцаатай байсан бэ?

-Сайн, гэхдээ найзууд биш. Тэд ааваас ах, өөр хүрээний хүмүүс. Голдуу Таганка тойрч л харьцана даа. Энэ хоёр бас Окуджава нар театрын уран сайхны зөвлөлд ордог байсан юм. Тэд аавыг хүндэлж харьцдаг байсан. Гэхдээ аавыг жинхэнэ яруу найрагч гэж үздэг хүмүүс бол Окуджава, Ахмадулина нар байсан. 

-Атаархдаг байсан юм болов уу?

-Үгүй, ээ огт үгүй. 1970 онд аавыг нас барсан гэх цуу яриа дэгдсэн. Вознесенский Москвад байгаагүй, тэрээр шууд шүлэг бичсэн байдаг. Дараа нь аав амьд байж таараад, гэхдээ шүлэг нь үлдсэн. Үүнээс 10 жилийн дараа аавыг нас барахад Вознесенскийн өөр нэгэн “Дуучин” шүлгийн “Бага дүү- бүх ард түмний Володягаа алдлаа” мөртийг булшин дээрх самбар дээр бичсэн байдаг. Атаархаж байсан хүн ингэж бичих үү? Аав нэг газар суугаад л 15 мин дотор тамхины цаасан дээр шүлэг бичнэ. Тэрийг нь дараа нь улс даяараа дуулдаг байсан гээд бод длл. 

-Өөрөө хүнд атаархдаг хүн байсан болов уу?

-Хэлэхэд хэцүү амьд хүн юм чинь магадгүй. Эд хөрөнгийн хувьд бол үгүй. Атаархал байсан бол зөвхөн ажил, уран бүтээлд. Их сургуулиа төгсөөд бараг 4 жил ажилгүй байсан юм чинь дээ. Түүний орсон Пушкины театрт тоглох боломж олгодоггүй байсан. Любимов ч түүнд шууд итгээгүй. Зөвхөн 1966 онд аав Галиллейд тоглосны дараа л итгэсэн. Тэгэхэд Говорухин түүнийг “Вертикаль” кинондоо тоглуулж, Виктор Туров бас түүнийг дайны дуунуудтай нь хамт урьж “Би хүүхэд наснаас гаралтай” кинонд тоглуулсан. Эдгээр хүнтүүнийг өөрийхөө тухай ойлголтыг нь өөрчилж, драмын эмгэнэлт жүжигчин болгосон. 1960-аад оны сүүлээс эхлээд тэр өөрчлөгдөн, одоогийн бидний мэддэг Высоцкий болсон. 

-Түүний ном Зөвлөлтийн үед хэвлэгдэж байгаагүй ч, тэр ядуу хүн байгаагүй байх. 

-Зөвлөлтийн хэмжээсээр бол үгүй л дээ. Москвад  Мерседес дөрөв байсны нэгийг унаж байсан. Ааваас гадна Брежневт, шатарчин Анатолий Карпов, нүдний эмч Святослав Федоровт байсан. Аавд энэ машиныг Марина Влади комиссын дэлгүүрээр дамжуулан авчирсан. Амьдралынхаа сүүлийн 4 жилд л 100м2 байранд амьдарсан. Мөн сүүлийн жилүүддээ найз Эдуард Володасркийн газар дээр зуслангийн жижиг байшин барьсан. Гэхдээ ямар ч хадгаламж байгаагүй. Нас барсаныхаа дараа хэд хэдэн хүнд нэлээд өр үлдээсэн. 

-Эдгээр хүмүүст өрийг нь буцааж өгсөн үү? эсвэл тэд мөнгө авахаасаа татгалзсан уу?

-Зарим нэг нь татгалзсан. Жишээ нь Зураб Церетели. Заримыг нь буцааж өгсөн. 

-Түүнийг өртэй байсан гэдгийг сонсоод их гайхлаа. Тэр концертоос олж байсан их мөнгөө юунд зарцуулдаг байсан юм бэ?

-Мөнгийг үрж амьдардаг, найзууддаа тусалдаг байсан. Жишээ нь хамгийн сүүлд олсон их хэмжээний мөнгөө- Калининградад 5 хоног 20 гаруй концерт тоглосны дараа 6000 рубль авсаныгаа тухайн үед мөнгө их хэрэг болсон найздаа бүгдийг нь өгсөн. Нас ахиад аав харин юм төлөвлөж эхэлсэн. Тэгж л байртай болсон. Үүнээс өмнө дандаа байр түрээслэдэг. Бүр өмнө нь ээжтэйгээ 5 давхар байрны 4 давхарт, лифтгүй, 22м2 байранд амьдарч байсан. Яг тэр байранд манай ах Аркадий бид 2 төрсөн. Марина Влади бас хүүхдүүдтэйгээ тэнд ирдэг, тэд 1976 он хүртэл эмээтэй хамт амьдарсан. Саяхан тэр байшин дахин төлөвлөлтөнд орон, оронд нь өндөр шинэ байшин боссон байгаа. 

-Аав чинь гоё хувцаслах дуртай байсан.

-Тийм. Марина бас түүнийг сайхан хувцасладаг байсан. Аав арьсан, жийнсэн хүрмэнд дуртай. Зангиа, костюмд дургүй. Тэр ганц пиджактай, нээх өргөн зангиатай. Италийн телевизийн зураг авалтанд ганц удаа зүүсэн байх. Пиджак нь тэгээд л алга болчихсон. Аав чинь дайны дараахь цаг үеийн хүүхэд, бие биенийхээ хуучин хувцсыг өмсөж өсөцгөөсөн. 

-Танай ах та 2 ядруу амьдралыг мэдэхгүй. Таны ээжээс салсаны дараа та нарт тусалдаг байсан уу?

-Тийм ээ, ээжид тэр шууд хэлсэн, мөнгө хэд л хэрэгтэй байна үргэлж туслах болно гэж. Сард нэг удаа ах бид хоёрт зориулж 200 рубль өгдөг байсан. Тэр үедээ их мөнгө. Мэдээж ямар ч гэр бүл салалт стресс. Гэхдээ ээж аавыг хүүхдүүдтэй нь уулзуулахгүй гэж шийтгэж байгаагүй, аавд сайн ханддаг байсан. 

-Аав тань хатуу байж чаддаг байсан уу?

-Чадна. Хатуу, шударга бус хандах үе ч байна. Гэхдээ уучлаарай гэж хэлж чаддаг, ухарч чаддаг байсан. 

-Аав ээжийгээ салсаны дараа та түүнтэй хэр их уулздаг байсан бэ?

-Янз бүр. Тэр их хурдтай амьдардаг байсан. Концерт, тоглолт, зураг авалт, мөн архи ууж зугаална. Нэг тийшээ явчихвал 2-3 сар уулзахгүй. Москвад ирэхээр нь уулздаг байсан. Ер нь бол шударгаар хариулахад ням гарагийн аав байсан. Нэг удаа бид маргалдлаа. Яг юунаас болсоныг санахгүй байна. Намайг яг гарах гэж байтал аав “За яахав залгаарай” гэж хэлсэн. Тэгж хэлэхэд нь бүр уур хүрээд. Яаж хүүдээ ийм тоомсоргүй ханддаг юм бэ? Би уурлаад хариуд нь “Залгаад ямар утсаа авах биш, эсвэл өөр хүн авдаг биз дээ” гэлээ. Тэгэхэд над руу шүд зуун “Намайг буруутгахаасаа өмнө өглөө ирж, яаж амьдарч байгааг минь хараарай. Тэгээд ойлгоно оо” гэхэд нь би “Хэдэн цагт?” гэлээ. “Өглөө 7-д” гэсэн. Маргааш өглөө нь яг цагтаа ирээд бүтэн өдөржин аавтай хамт байсан. Эхлээд машин засварын газар очоод, дараа нь театрт бэлтгэл хийсэн. Дараа нь мөнгө солиулаад, аав тэр үед гадаад явах гэж байсан юм, тэндээсээ шууд концерт руу нь явсан. Би бүр ядарчихсан байсан чинь аав “Яваарай, яваарай” гээдл. Дараа нь гэрт нь ирээд хувцсаа солиод, тэр үед халуун ус тасарцан байсан. Ус буцалгаад толгойг нь угаахад тусаллаа. Дахиад л нэг тийшээ явсан. Би машинаасаа буухаасаа татгалзсан, бүр ядраад хөл дээрээ тогтож чадахгүй байсан юм чинь. Аав хөгжим асааж өгчөөд өөрөө гүйгээд алга болсон. Буцаж ирээд одоо зураг авалттай, тэгээд л харина даа гэхээр нь би “Намайг гэрт хүргээд өг, би унтмаар байна” гэсэн. Маргааш нь утасдаад би уучилалт гуйж байлаа. 

-Та түүнтэй сүүлчийн удаа хэзээ уулзсан бэ?

-Нас барахаас нь 2-3 хоногийн өмнө. Над руу залгаад, би ирсэн. Тэр орой эмээ жигнэмэг хийгээд, бид гуравхамт оройг өнгөрүүлсэн. Зурагтаар Олимпийн тоглолт үзээд, цай уугаад. Би аавыгаа янз бүрийн байдалтай байхыг нь зөндөө харсан. Хаана ч ууж идсэн байлаа гэсэн миний нүдэн дээр ууж байгаагүй. 

-Найрын үеэр ямар байдаг байсан бэ?

-Хөгжилтэй. Инээдтэй юм ярьж бүгдийг хөгжөөдөг байсан. Гэхдээ ганцаараа анхаарлын төвд байгаагүй. Бүх хүнийг яриандаа татаж оруулдаг. Зочдоос айдаггүй. Хөргөгч нь үргэлж дүүрэн. Хаа сайгүй танилуудтай. 

-Цугласан хүмүүс бүгд дуулуулдаг байсан байх даа?

-Мэдээж. Гэхдээ таньдаг хүмүүс нь цуглавал хүсвэл дуулна, хүсэхгүй бол дуулахгүй гэдгийг мэддэг байсан. 

-Аавыхаа анхаарлыг татах гэж ахтайгаа өрсөлддөг байв уу?

-Үгүй. Ах бид хоёр эвтэй байсан. Би бага нь болохоороо аавтай илүү дотно байсан байж магад, мэдэхгүй юм. Манай ах амжилттай яваа кино зохиолч. Бид тус тусдаа гэр бүл, найз нөхөдтэй ч их холбоотой байдаг. 

-Таны хүүхдүүд өвөөгөө хүндэлдэг үү?

-Мэдээж, манай гэрт хананд зураг нь өлгөөтэй байгаа. Гэхдээ би хэзээ ч гэртээ аавыг тахин шүтэх ёстой гэсэн ойлголт өгч байгаагүй. 

-Таны овог амьдралд чинь тус болж байна уу?

-Янз бүр. Алдартай хүний хүү байна гэдэг хэцүү. Ээж энэ тухай ах бид хоёрт тайлбарлаж өгсөн. Сургуульд байхдаа хэсэг хугацаанд бид ээжээрээ овоглодог байлаа. Ямартай ч хэсэг хугацаанд дэвтрээ ээжийн овгоор хаягладаг байсан юм. Аав энийг харчихаад их уурлаад, бид хоёртой ярилцсан. Тэгээд бид дахиж тэгэхээ больсон. Сургууль төгсөөд би театрын сургуульд шалгалт өгөхөд намайг ээжийхээ овгоор ор гэж зөвлөж байсан. Тэгсэн ч намайг дор нь таньж байсан. Тэгэхдээ би эхний удаагийн шалгалтаар сургуульд орж чадаагүй. Үнэнийг хэлэхэд би бэлэн байгаагүй л дээ. Ухаантай хүмүүс үүнийг анзаараад надад “Аавыг чинь бодоод чамайг авч болох юм. Чи өөрөө тэгэж хүсэж байна уу?” хэлсэн. Арын хаалгаар орохыг би үнэхээр хүсээгүй. Тэгээд ч би хүүхэд байхаасаа тультраа хэлтэй байсан. Энэ миний онцлог гэж боддог байсан ч, шалгалтанд унасныхаа дараа энийгээ засахаар шийдсэн. Хэл заслын хичээл яваад, хажуугаар нь үйлдвэрт ажилд орсон. 

-Ямар үйлдвэр, яах гэж?

-“Коммунар”. Зөвлөлтийн үед чинь сурахгүй, ажиллахгүй байж болохгүй, ял авна. “Коммунар”-т тоос сорогч хийдэг байсан. Би угсрагчаар ажилладаг байлаа. Их хэцүү байсан ч, цалин сайтай. Жилийн дараа МХАТ-д Андрей Мягковын курст орсон. Аав амьд байсан бол би хэзээ ч жүжигчин болохгүй байлаа. Аав надаас асуухад үгүй гэж хариулдаг байсан. Аавыг нас барахад би их өөрчлөгдсөн. Би 16 настай байсан юм. Өөрөөсөө их асуулт асуудаг байлаа. 

-Та түүнтэй их адилхан болов уу?

-Бид хэрэлдэхээс өмнө Марина Влади надад бас хэлдэг байсан. Чи жүжигчин болъё гэж бодож байгаа бол овгоо соль. Тэгэхгүй бол насан туршдаа аавыхаа сүүдэр байх болно гэж. Би ааваасаа өөр. Аав зөнтэй хүн байсан. Би илүү бодит. Аав их гоё инээмсэглэдэг, нэг тал руугаа. Би хүүхэд байхдаа тэгж инээмсэглэх гэж оролдоод чадаагүй. Би жишээ нь түүн шиг хоолойгоор “Орших уу, эс орших уу” гэж хэлж чаддаггүй. 

-Маринатай яагаад маргалдсан бэ? Өв залгамжлал уу?

-Үгүй, энэ тал дээр бид түүний хүссэнээр бүгдийг шийдсэн. Хэлсэнийг нь хийсэн. 

-Тэр юу гэж хэлсэн бэ?

-Марина өөрийхөө байр суурийг их тодорхой хэлсэн. Гэрээслэл байхгүй учраас бүгдийг хуулийн хүрээнд шийднэ, гэхдээ шүүх хурал хийхгүй гэж шийдсэн. Амьд байхдаа аав ах бид хоёрыг Маринагийн хүүхдүүтэй дотно байлгахын хүссэн. Ээж, Марина хоёр өөрсдөө ч татгалзаагүй. Гэвч болоогүй. Бид дэндүү өөр. Мэдээж аавыг нас барахад үл ойлголцол үүссэн. Эхлээд бид зовлонгоороо нэгдэж байсан ч, дараа нь зөрчилдөөн үүссэн. Марина хэнээс ч асуухгүй аавын хөгжмийн аппаратыг зарсан байсан. Дараа нь хөшөөтэй холбоотой... Маринагийн гаргасан “Владимир, тасалдсан нислэг” номын дараа бүрмөсөн холбоогоо тасалсан. Энэ номондоо сайн сайхан зүйлтэй зэрэгцээд миний өвөө, ээж хоёрыг доромжилсон утгатай бичсэн байсан. Хоёр жилийн өмнө Ирина Мирошниченко надад зөвлөсөн. “Билет аваад Франц руу нис, Маринатай очиж уулз. Зүгээр ярилц, өнгөрсөнийг биш, ажил хэрэг биш, зүгээр уулз. Эвлэр” гэсэн. Гэхдээ очиж завдахгүй л байна. 

-Хэцүү байна уу?

-Бидний хооронд одоо тогтвортой харьцаа үүссэн байгаа. Үүнийгээ зөрчмөөргүй байна. Высоцкийн уран бүтээлийн өвийн асуудал өнөөдөр Марина, ах бид гурвын дунд эрх зүйн хүрээнд шийдэгддэг. Нэгэн санаатай бүгдийг шийддэг гэж хэлж чадахгүй. Гэхдээ ихэнх асуудал дээр хэл амаа ололцож л байна. Аав яагаад ийм удаан хугацаанд Маринатай хамт байсан талаар би их бодсон. Тийм ээ, тэр барууны эмэгтэй, тэр үед бүгд баруун руу татагддаг байлаа. Гэхдээ энэ хангалттай шалтгаан биш. Ганц ийм шалтгаантай байсан бол 10 жил хамт амьдрахгүй байсан. Тэд яг гэр бүл шиг бас байгаагүй. Аав түүний юунд татагддаг байсан юм бол? Аавтай хамт амьдарч байсан бүсгүйчүүд бүгд түүнээс сул дорой байсан. Тэр хүчтэй эмэгтэйд дуртай. Хэн нэгний төлөө тэр уран бүтээлээ туурвиж, өөрийгөө даван туулах шаардлагатай байсан. Марина ер бусын хүчтэй эмэгтэй. Тэр 13 настайгаасаа гэр бүлээ тэжээж байсан, амьдралдаа их зүйлийг үзсэн хүн. Түүнийг хараад хэзээ ч тэгж бодогдохооргүй. Ямар ч маргаантай зүйлийг өөртөө ашигтай байдлаар эргүүлж чаддагийг нь би нэг бус удаа харж байсан. Аав бас эрх чөлөөнд дуртай, тэр дундаа санхүүгийн тал дээр. Аав Парист очиж Маринатай уулзах бүртээ мөнгө авч явдаг байсан. Янз бүрийн арга хэрэглэнэ. Нэгжиж үзэхгүй байх гэж найдан зарим нэг зүйлийг хилээр нууж гарна. Валютаар юм хумаа зарна...

-Танаас аавын чинь тухай их асуудаг. Танд өөрөө ааваасаа асуух зүйл байдаг уу?

-Бэлэн асуулт байхгүй ээ. Гэхдээ дотроо бол үргэлж түүнтэй ярилцдаг. 41 жил болж байна. Улс төрөөс бусад бүх сэдвээр ярилцана. Гэхдээ би ааваас та яах байсан бэ гэж асуудаггүй. Би яах вэ? гэж зөвлөлддөг. Ер нь миний аавтайгаа ярьж байгаа яриа их хувийн, хүн бүрт тайлбарлаад байхааргүй. 

-Түүний бүтээлийг сургуулийн программд оруулах үе ирэх болов уу?

-Тэгнэ гэж бодож байна. 2018 онд Владимир Путин манай музейд ирэхэд намайг энэ тухайгаа ярьсан бол хурдан шийдэгдэх байсан гэж хэлдэг. Гэхдээ ямар нэгэн хүч хэрэглэхгүйгээр, өөрөө болдгоороо болох ёстой гэж би боддог. 

-Жишээ нь, Высоцкийн 100 жилийн ойгоор.

-Мэдэхгүй юм даа. Зүун жилийн ойгоороо хүн классик болдог гэж ярьдаг. Би тэр үед 73 настай байна, амьд байж магадгүй л юм. 

Эх сурвалж: www.polit.mn

Д.Амарбаясгалан: "Ачит Ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т буцаан авна

Д.Амарбаясгалан: "Ачит Ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т буцаан авна

8 цаг 47 мин
“Х.Баттулгыг намын үндсэн дүрэмд заасны дагуу намаас яаралтай хасахыг шаардаж байна”

АН-ын "Эрх чөлөө төв"-өөс Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг гишүүнээ

9 цаг 47 мин
"АН-ын дарга нарын ялыг наймаалцаж байхаар 1072 хувьцааны асуудлыг цэгцэл"

Сөрөг хүчин хийдэггүй АН-аас анхан шатны гишүүд нь гарах болсон талаар иргэн Ч.Хажидмаа мэдээлэл өглөө. 

9 цаг 49 мин
П.Цагаан Монгол Улсын Ерөнхийлөгчид ил захидал бичжээ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ ТАНАА

9 цаг 53 мин
Эрүүл мэндийн яамны гэх тодотголтой мэргэжилтнүүд монголчуудын эрүүл мэндэд заналхийлж байна

Эрүүл мэндийн яамны гэх тодотголтой мэргэжилтнүүд монголчуудын эрүүл мэндэд заналхийлж байна

10 цаг 24 мин
Ногоон автобусны хэргийн шүүх хурал хойшилжээ

Ногоон автобусны хэргийн шүүх хурал хойшилжээ

11 цаг 28 мин
Девид Камерон 11 жилийн дараа Монголд айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монголд айлчилна

14 цаг 38 мин
Хоёр гавьяатын хоршил “Дурлалын ундаа”

“Зууны мэдээ” сонин “Сонгодог урлаг” буландаа УДБЭТ-ын ээлжит бүтээл болох “Ду

17 цаг 26 мин
Дөрвөн улсын хамтарсан эрдэм шинжилгээний хурал боллоо

СУИС-ийн Радио, телевиз, медиа урлагийн сургууль, ОХУ-ын С.А.Гера

17 цаг 31 мин
Фүкүшима цахилгаан станцын далайд цутгаж буй усыг шинжилж эхэллээ

Олон улсын атомын энергийн агентлаг мягмар гарагаас эхлэн Фүкүшима

17 цаг 36 мин