Олимпийн медальтнуудын анхдагч Чимэдбазарын Дамдиншарав

2021-07-05
Нийтэлсэн: Админ
 18 мин унших

Д.ЦЭРЭННАДМИД

 

Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч

Урсан өнгөрөх цаг хугацаанд хүмүүний орчлон ямар ихээр өөрчлөгдөнө вэ. Түүнийг дагаад хэн нэгний амьдрал өнгө гэрлийн солигдол мэт байх нь бий. Үе үеэрээ, үйл үйлээрээ гэдэг дээ. Тэгвэл бурхнаас оноогдсон хувь тавилан нь шув шулуухнаараа өнгөтэй өөдтэй яваа хүн бас цөөнгүй ээ. Тийм хүмүүсийн тухай өгүүлэх, намтар юуг нь сонирхон бичихэд тархины хөвч хөглөгдөн урамшиж, гарт буй үзэг хүртэл хурдалдаг лугаа санаа төрдөг нь юуны учирсан билээ.

Энэ удаа бичигч бивээр Монголд их спортын өргөөний голч багана болж яваа нэгэн эрхмийн ажил амьдралын хөрөглөн толилуулахыг хичээлээ. Үе үеэрээ элэх зуун зуунд манлайлагчид заавал байдаг гэдэг. Тэгвэл тэдний нэг бол Чимэдбазарын Дамдиншарав мөн л дөө гэдгийг батлах гэж л...

Хэт нутгийг нь сонирхвол Өвөрхангай аймгийн уул тал хосолсон Гучин-Ус сум. Үүх түүхээс нь дурс гэх юм бол Сайн Ноёнхан аймгийн Эрдэнэ Үйзен вангийн хошууныхан гэгдэж байж. Одоогоос 100 гаруй жилийн өмнө Монголын тулгар төрийг эмхлэлцэж явсан түүхт хүн (Тухайн үед Ерөнхий сайд байсан) Сайн ноён Т.Намнансүрэнгийн удмынхан гэхэд ч тэрхэн нутагт хамааралтай түүх нэг их хазайхгүй л болов уу.

Тийм ээ. Энэ л нутгийнхан Монголын мандал бадралын үед эгэл нэгэн дүрээр амьдарч байсан гэж ч болно биз. Хүнийг удам юугаар нь тань гэсэн үг бий. Тэгвэл Ч.Дамдиншаравын эцэг өвгөд цөс ихтэй, ухаан уужим хүмүүс байсан аж. Өвөө нь Эрдэнэмэргэн Содномцэрэн гэж Монголын тамгатай хутагт 13-ын нэгэн байв. Түүний ухаанаас аав Чимэдбазар нь багагүйг өвлөн авсан болоод ч тэр үү буддын ухаанд сүрхий нэвтэрсэн хувилгаан талын хүн байсан юм билээ. Тиймийн учир ороо бусгаа цагийн догшин салхинд өртөж баригдаж тавигдаж явсан байдаг. Энэ тухайд нь Дамдиншарав багагүйг мэднэ. Эцгийгээ нутгийн олонд тус болж заяа төөргийг нь үзэж элдэв зовлонгоос нь нимгэлэх үйлийн талаар мэдэхийн дээдээр мэднэ. Бас ярьдаг юм.

Ямартай ч удмынхан нь цагтаа манлайлагчид явжээ гэдэг нь намтар юунд нь тийнхүү тод бичигджээ. Тэр бүхэн үр хүүхдийнх нь амьдарсан түүхийн өмнөх тодотгол болж явдаг байх юм.

Ч.Дамдиншарав шинэ үеийн Монголын спортын түүхэнд анхдагчийн нэг нь. Юугаараа гэж... Хүн төрөлхтний спортын дээд баяр-Олимпийн наадмын медалийг улсынхаа олон зуун тамирчдын дундаас анх авчирсан гавьяатан юм л даа. Арванесхөн настайдаа олимпод очиж дэлхийн шилдгүүдтэй хүч үзэж явсан гээд бод доо. Яах ч аргагүй анхдагч байгаа биз. Бас манлайлагч. Хүн бүрт амьдралын зорилго гэж бий. Тийм бол “Чулуун зэвсгийн үеэс ганцхан дүү малчин” гэж Цэндийн Чимэддоржийн шүлэглэсэнтэй жишиж үзвэл энэ хүн чөлөөт бөх гэдэг спортын төрөл дэлхийд бий болсноос бас цөөхөн дүү үйлийн эзэн байж таарах нь. Монгол гэдэг нэрийг дэлхийд анх цуурайтуулсан хүн. Түүний эрхэмлэн дээдэлж явдаг юм нь эх орон, Монголын төлөө гэсэн бодол, хүсэл мөрөөдөл аж. Тэрбээр:

-Хүнийг өөрийгөө мартаад чин зорилготой, үзэл санаатайгаар амьдарч яваа бол зогсоож болдоггүй юм гэж хэлсэн гүн ухаантан Ф.Оссендовскийн үгийг чанд бодож явдаг. Тиймдээ. Ч.Дамдиншаравын хүсэл тэмүүллийг ямар ч саад тээг зогсоож чадаагүй өдийг хүрчээ. Энэ эрхэм бараг тавь гаруй жил Монголын чөлөөт бөхийн хөгжлийн төлөө зүтгэсээр яваа юм. Тиймдээ үе үеийн мянга гаруй шавьтай болж. Одоо Монгол Улсын Ардын багш, гавьяат тамирчин, дасгалжуулагч гэдэг алдар хүндийн эзэн болсийм билээ.

 

*             *             *

 

Хүн болох багаасаа гэдэг. Холын газраас бараатай Аргалант хайрхнаа түшин байх талын хүрмийн Их Гангын өвөлжөөний хөлд тэр их дайнтай тахиа жил Чимэдбазар гэдэг айлд нэг чанга дуутай хүү төрсөн нь Дамдиншарав байлаа. Эцэг эхээс зулай зулайгаа гишгэж төрсөн наймуулаа юм. Ёстой бужигнаантай өссөн гэх. Тэд Агуйт голынхоо цэнгэг уснаа шумбаж торго шиг зүлэг дээр нь ханатлаа тоглож бас барилдаж байсан гэдэг. Хөдөөний хүүхэд ямархан байдаг билээ. Тийм л нийтлэг орчинд бага насаа үдэж. Чимэдбазарын дэрсхэн хэдэн хүүд хонь хурга эргүүлж, даага сарваа сургаж л явж. Жаахан дэггүй талдаа. Дэггүй ч гэж дээ. Цагаан сахилгагүйхэн байж. Айлын тугал бяруу, үхэр сүүлдэж хэл ам хийх. Хөвгүүд сав л хийвэл барилдаж дээлийн товч, шилбэ тэсгээхгүй ижийдээ зэмлүүлнэ. Ер нь ч хүүхдийн зан тийм хойно доо. Дамдиншарав сумандаа долдугаар анги төгсгөөд нэг л мэдэхнээ дуудлагатай юм шиг Улаанбаатарт иржээ. Худалдааны техникумд элсээдхэв. Гэтэл нэг юм дутаад байсан нь нөгөө барилдах сонирхол нь дийлж анхлан байгуулагдаж байсан чөлөөт бөхийн секцэнд орж О.Цэрэндагва багшийн шавь болсон нь амьдрал замналынхаа эх суурийг тавьсан хэрэг байлаа.

Түүнд бөх хүн болохсон гэдэг чин хүсэл яагаад бий болсон бэ гэвэл төрсөн ах Ч.Батдорж нь барилддаг, чөлөөт бөхөөр аймаг, улсын чанартай тэмцээнд байнга оролцдог медаль зүүгээд ч ирдэг байж. Тиймээс ах шигээ бөх болох хүсэл нь дэвэрсэн гэж болно. Бас аав ижийнх нь талаас бөхийн удамтай гэдэг ч нөлөөлсөн биз. Аавынх нь дүү Цагаанхоовон гэж 1940-өөд онд чамгүй сайн бөх байсан бол ижийнх нь талд Даваажал гэдэг аймгийн заан хүн нутаг нугадаа хүчтэй, бяртай гэж яригддаг нэгэн байв. Ах нь бөх. Дүү Ч.Насантогтох нь бас барилдах ноцолдохын донтой хүүхэд байж. Суманд нь улсын арслан Гялдангийн Цоодол гэж сайхан бөх байдаг. Ийм орчинд Дамдиншарав бага насаа өнгөрүүлсэн учир юун техникум, бөхийн дугуйлангаа л эрхэмд бодно. Тэгсээр тун удалгүй “Хөдөлмөр” нийгэмлэгээс чөлөөтийн нэг сайн хүүхэд гарч ирсэн нь Дамдиншарав байлаа.

Улсын аварга шалгаруулах тэмцээнээс хоёр жил дараалан мөнгөн медаль авчихдаг юм. Гараад өгөв дөө. Улсын шигшээ баг анх байгуулагдахад тамирчин нь болов. Энэ үеийн тухай Ч.Насантогтох нэг сонин дурсамж ярьдаг юм.

-Аав маань нэг өдөр Шараваа ахын чинь тухай радиогоор ярьж байна гэнэ ээ. Тиймээс хэдүүлээ юм сонсож байя гээд “Эх орон-52” гэдэг хүлээн авагч 30 төгрөгөөр худалдаж аваад ирлээ. Тэхнээ ярьж байна аа. Монголоос Японд болох олимпийн наадамд оролцохоор 21 тамирчин эх орноосоо мордлоо. Тэдний дунд чөлөөт бөхийн 52 кг-ын жинд барилдах 19 настай Ч.Дамдиншарав багтжээ гэж. Түүнийг сонсоод бид бөөн баяр болсон доо. Хүүгээ ирэхээр Япон орны тухай бас олимпийн наадмын тухай яриулна гэцгээсэн дээ. Энэ нь Ч.Дамдиншаравын спортын том гараа байлаа. Тэгээд ч удалгүй нэг мэдэхнээ дараагийн олимпод явах тухай дурсамж хөвөрсөн дөө. Түүний хувьд хоёр дахь олимп нь алс тэртээ Мексик улсын Мехикод болов. Монголын тамирчид тухайн үед бэлтгэлээ арай өөрөөр хийсэн.

Мексикийн цаг агаартай төстэй нутаг гэж Отгонтэнгэрийг бараадсан байдаг. Олимп болох Мехико хот далайн түвшнээс 1900 метрийн өндөрт оршдог бол Отгоны амралтын газар түүнээс 300 метрээр илүү өндөрт байрладаг юм байж. Энэ л цаг агаарт дасах нь тамирчдын бэлтгэлжилтийн гол хэсэг байв. Их уулсын тунгалаг сэрүүхэн агаар, аагим зуны өдөр ч цас бороо холилдон орохтой зэрэгцэн бөх эрсийн тэсвэр, бяр чадлыг сэлбэж, сэтгэл санааны их эрчим нэмсэн гэдэг. Үүнийгээ шинжлэх ухааны үндэслэлтэй бэлтгэл гэж нэрлэж байсан юм билээ. Тэгээд л олимпийн зүг нэг сайхан нартай өдөр эх орноосоо мордож Мехикод очсон байдаг. Энд сонирхуулж хэлэхэд тухайн үед чөлөөт бөхийн барилдааны дүрэм гэж тун хатуухан. Гурав гурван минутаар нийт есөн минут хүч үзнэ дээ. Оноо авах гэдэг хэцүү. Өнөөгийн дүрэм бол урлаг тал нь давамгай. Өрсөлдөгчөө тэвэрч биедээ наагаад эргэчихэд л хоёр оноо байдаг бол тэр үед дээш нь харуулаад унагасан өрсөлдөгч нуман тулгуурт зоочихсон юм шиг болоод тэр чигээрээ дал чээж нь дэвжээнд хүрээгүй бол оноо байхгүй ийм л дүрэм үйлчилж байлаа.

Бөх бүр хармаандаа шагналын зургаан оноотой гарах. Энэ нь оноогоор ялахад 3:1, тэнцэхэд 2:2 цэвэр ялбал 4:0 гэхчлэн хуваагдана. Тэгвэл Дамдиншарав эхлээд Египетийн бөхийг цэвэр орхиж хоёрдугаар тойрогтоо Туркийн бөх Европын хошой аварга, ДАШТ-ий шагналт байрын эзэн М.Эссенжелийг мөн цэвэр ялаад дараа нь Италийн бөх В.Грасситэй таарч гурван онооны илүүтэй болоод байтал шүүгч браилдааныг зогсоож өрсөлдөгчид нь ялалт өгчихдөг байгаа. Хоёр хуруунаас нь атгаж барьцыг нь тавиулсныг дүрмийн бус гэж шалтаглаад. Ингээд зургаан онооноосоо тавыг нь алдаж дараагийн тойрогт нэг л ялагдахад “ажил дуусах” байлаа. Ажил дуусах гэдэг нь үзэгчдийн суудалд шилжинэ гэсэн үг л дээ. Гэвч Дамдиншаравын эр зориг мохсонгүй. Тархи, зүрхэнд нь Монгол эх орон, итгэл өвөрлүүлсэн ард олон минь бий гэсэн нандин бодол хадгалагдаж байсан болохоор нутгийнхаа уул, усанд залбирч дэвжээнд гараад Европын аваргын мөнгөн медальт Унгарын бөх Мартин Эрдош, Европын аваргын хүрэл медальт М.Нефф нарыг дараалуулан цэвэр ялж хүрэл медалийн болзол хангасан юм. Хамгийн сүүлийн буюу долдугаар тойрогт Японы нэрт бөх, олимп, дэлхийн аварга О.Накататай олигтой барилдаж чадаагүй. Урьд нь медалийн төлөө хүндхэн барилдаанууд амралтгүй хийсэн. Тэгээд ч 52 кг-д орох гэж даруй 10 кг жин хассан нь нөлөөлсөн байх. Харин хүрэл медалийн эзэн болсон гэдэг том амжилт юм. Басхүү түүний хүртсэн медаль булган сүүлтэй байсанд өмнө нь баярлаагүйгээрээ баярласан юмсанж:

-Би хүрэл медаль авах боллоо гээд Дамдиншаравыг орж ирэхэд яана даа гэсэн маягтай толгой гудгар суусан нөхөд нь сая сэргэсэн байдаг. Мөөеө гэхэд хана шаан босч ирээд:

-За Даамийдаа баярлалаа. Одоо бид гараад алаад өгнө өө гэж омогшиж байж. Тэгсэндээ ч хүрч. Мөөеө мөнгө, Д.Сэрээтэр, Т.Артаг нар хүрэл медалийн эзэн болсон нь аргагүй л том амжилт болов. Өнөө үед ч энэ амжилт олон давтагдаагүй байгаа. Дамдиншаравын анхны медаль бусдад тийм их эрч хүч, урам зориг өгсөн байдаг. Хамгийн ойлгомжтойгоор хэлэхэд монголчууд ямар ч медаль хүртэх үүд хаалгыг нээж өгсөн гэж болно. Нөгөө талаар тэр уг олимпод очихдоо урьд нь нэгд оролцоод үзчихсэн. Германд болсон олон улсын тэмцээнд түрүүлчихсэн, эх орондоо зохиогдсон ах дүү орнуудын аварга шалгаруулах тэмцээнээс нэг биш алтан медаль авчихсан, дэлхийн шилдгүүдтэй ач тач үздэг нэг талын туршлагатай тамирчин гэгдэж байв. Болгарын алдарт бөх О.Николаев, Ираны Живади, ЗХУ-ын Р.Дамитрив нарыг миний зиндааны бөхчүүд гэж дотроо бодох.

1972 онд Мюнхений олимпод мөн жиндээ зодоглосон байдаг. Гэхдээ гавиагүй ээ. Хөнгөн жингийн тамирчин олон жил жингээ барина гэдэг хэцүү. Бас гэмтэл бэртэл ч тойрсонгүй. Тэгээд л удалгүй зодог тайлна гээч болж. Гэвч чөлөөт бөхөөс холдсонгүй. Дасгалжуулагчийн ажилд шилжиж өөрийн хүрээгүй амжилтаа шавь нартаа даатгаж олон хүчтнийг төрүүлж тамирчин байхаасаа илүү хүсэл тэмүүлэлтэй ажилласан байдаг юм. Монголын чөлөөт бөхийн ахлах дасгалжуулагчаар хамгийн олон буюу 16 жил ажиллажээ тэр. Хэрэв дунд нь зальтай, зайтай хүмүүсийн гар хөл орж хэсэг хугацаанд зайлуулагдаагүй бол бүр удаан жил шигшээ багт тулах багана нь байх байсан биз. Дамдиншарав шиг тамирчин, дасгалжуулагчаар зургаан удаа олимпод оролцсон хүн тийм олонгүй дээ.

 

 *             *             *

 

Дасгалжуулагч хүн асар өндөр үүрэг хариуцлага хүлээдэг. Сэтгэлзүйн хувьд тамирчнаасаа тэс өөр, байнгын өндөр ачаалал дунд явна. Анхны шигшээгийнхэн гэж янз бүрийн ааш араншинтай, адил биш түвшний боловсролтой, бие бялдрын хувьд эрс ялгаа бүхий тийм хүмүүстэй ажиллах амаргүй л байж. Хүн бүртэй зохицож ажиллана. Үлгэрлэвэл хамелион шиг хувирч ажиллана гэсэн үг. Гэхдээ бусдын эрхшээлд автаад байна гэсэн хэрэг огт биш. Аяыг нь тааруулж, ааш аалинд нь зохицсон хандлага, үгээр захирахыг, урам өгөхийг эрхэмлэж иржээ. Цаашлаад ярьвал тамирчин, дасгалжуулагч хоёр нэгэн цул болж эх орон, ард түмнийхээ өмнө хамтын хариуцлага хүлээдэг. Энд нэг сонин журам байсныг хэлье.

Тамирчин нь алдаа гаргавал, амжилт үзүүлээгүй бол дасгалжуулагч донгодуулдаг байв. Энэ журам 1990-ээд он хүртэл үйлчилж байсан юм билээ. Захиргаадалтын үеийн нэг хаялга байсан юмсан уу. Дамдиншарав ч дасгалжуулагч байхдаа энэ журмын дайрлагад өртсөн л... Москвагийн олимпоос чөлөөт бөхийнхөн мөнгө, хүрэлтэй ирэв. Гэтэл алтан медаль авахуулж чадсангүй гэсэн зэм хүлээлгэж хатуу сануулга авч байсан юм гэдэг.

Олон зуун шавь нар нь Дамийл багш гэж хүндэлнэ. Одоо ч тийм. Наяад онд түүнийг улсын шигшээг толгойлж байхад Д.Оюунболд дэлхийн аваргаас хүрэл, Б.Болд хошой мөнгө, Н.Бүргэдаа мөн хүрэл, 1983 онд З.Дүвчин мөнгө, А.Энхээ 1986, 1986 онд мөнгө, хүрэл, Лу.Энхбаяр 1985 онд хүрэл медаль хүртэж байв. Ж.Даваажав, Д.Оюунболд нар Москвагийн олимпоос медаль авчирч байв. Энэ бол Дамийл багшийн үеийн амжилтын зөвхөн эхлэл нь. За тэгээд олимптой дүйхүйц “Найрамдал” болон Дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн, Азийн наадам, “Универсиад”-аас тэр бөх тийм медальтай ирсэн гээд тоочвол эх адаггүй юм болно. Тамирчны ялалт, амжилт бүхнийг дасгалжуулагчийн ур чадвар, туршлага, авьяаслаг хөдөлмөр зүтгэлээс ангид бодох аргагүй юм. Гэвч үүнийг анзаардаггүй, хайхардаггүй үе байж. Тэр гашуун түүхээс Дамийл амссан хүний л нэг.

Түрхэн зуур гомдолтой явсан ч бий. Монголдоо олимпийн анхны медаль авчирсан. Бас багаараа дөрвөн медаль аваад ирсэн 1968 онд юм. Чөлөөт бөхийг олон түмнээрээ ойлгож мэддэггүй, тамирчин ч өөрсдөөрөө бахархаж амжилтандаа баярлаж сураагүй байсан даа ч тэр үү. Төр, засаг ч тамирчны хөдөлмөрийг төдийлэн зөв үнэлдэггүй байсных уу. Тэднийг Мехикогоос бөөн баяртай ирэхэд нэг л жирийн явдал мэт хандлагатайгаар Ч.Дамдиншарав, Т.Артаг нарт сүрхий гар сунгаж байгаа байдал харуулан “Хөдөлмөрийн хүндэт медаль” хүртээж 4000 төгрөгийн шан харамж олгосон юм билээ. Гэтэл жиндээ тавдугаар байрт орсон хүнд гавьяат цол олгож түмний гайхаш төрүүлсэн байдаг юм. Тэр цагаас гурван жилийн дараа Ч.Дамдиншаравт гавьяат тамирчин цол олгожээ. Сайндаа ч биш “Алдар” нийгэмлэгт дасгалжуулагчаар очсоны буян, тэндхийн тодорхойлолт нөлөөлсөн гэдэг. Зайлуул муу Т.Артагт бүр мартсан хойно тэр цолыг өгсөн юм билээ. Хүлээцтэй хандлага, бидний хөдөлмөр үзүүлсэн амжилт зөвхөн өөрийнхөө төлөө биш Монгол Улсын нэр төрийн төлөө зориулагдаж байгаа юм гэсэн сэтгэлийн хат, нугаршгүй тэнхээ тэдэнд байснаас зорилгоосоо ухраагүй аж. Ч.Дамдиншаравын хувьд зарим хүмүүсийн хуйвалдаан, аминч үзлийн уршгаар шигшээ багаас зайлуулагдаж 10-аад жил болоод эргэн ирж “гал тогоо”-г нь барихдаа ч мөн л чин санаагаараа 2004 он хүртэл зүтгээд ном ёсоор халаагаа өгсөн байдаг юм.

Спорт сонирхогчдын үнэлгээгээр түүний эзгүй байсан 10 гаруй жилд Монголын чөлөөт бөхийн амжилт илэрхий буурч тив, дэлхийн олон тэмцээнд зүгээр л оролцогч юм шиг болсон гэсэн яриа бий. Харин Дамийл багш тийм шалтаг шалтгааныг хайхардаггүй байж л дээ. Монголын чөлөөт бөхийн түүхийг алт, мөнгөн үеийнхэн гэж зааглан хэлэлцдэг. Энэ утгаар асуухад:

-Та аль үеийнх нь хүн бэ гэвэл тэр угийн даруу зангаар буржгардуу буурал халимагаа сурмаг илээд

-Би алтан үеийн тамирчин, мөнгөн үеийн дасгалжуулагч юм болов уу даа. 1978 онд би улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагч болсон. Тэр цагаас хойш манай бөхчүүд олимп, дэлхийн аваргаас арав гаруй медаль хүртсэн. Медалийг өнгөөр ялгаж хэлбэл мөнгө голлосон байгаа. Тэгэхээр мөнгөн үеийн дасгалжуулагч юм уу даа гэв.

-Одоо тэгвэл чөлөөт бөхийн хүрлийн үе нь гэхүү гэвэл:

-За даа. Тийм гэж хэлж чадахгүй ээ. Хэцүү асуулт байна шүү гэж билээ.

 

*             *             *

 

Дамийл гэх хүндэтгэлтэй нэрийн эзэн түүний чөлөөт бөхтэй бүхий л амьдралаа холбож, хичээл зүтгэлээ зөвхөн тэр зүгт зориулж ирсэн тухай өгүүлэхдээ түүний төрсөн дүү Ч.Насантогтохынх нь тухай үг, өгүүлбэр оруулахгүй бол алдас болноо доо. Түүнийг жүдогийн шавь нар нь Насаа багш хэмээн нэрлэдэг. Төрөөс авсан шагнал нь бол Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат дасгалжуулагч цолтой. Мөн л ах Дамдиншаравынхаа адил жүдогийн улсын шигшээг олон жил сэтгэл, зүтгэлдээ тээж явсан эрхэм. Тэгэхээр ах дүү хоёрыг их спортын Монгол өргөөний ихэрхэн тулах багана гэж хэлэхэд онох болов уу. Ахын сургааль дүүд гэсэн үг тэдний амьдралд биеллээ олсон гэж хэлж болно. Хоёулаа л анх чөлөөт бөхөөр барилдаж эхэлсэн. Харин Дамийлын олж харснаар Насаа хор шар багатай, ухаан уужууг нь бодож дасгалжуулагч байх нь илүүтэй байж л дээ. Энэ тухай Дамдиншарав ярихдаа:

-Би дүүггийнхээ зам мөрийг заалцсан хүн л дээ. ЗХУ-д дасгалжуулагч мэргэжлээр суралцах үед дургүйхэн хандсан аав ижий хоёрыгоо ятган байж зөвшөөрүүлсэн. Дүү маань их бодь хүн. Сайн муу хэлж байсан ч царай нь жаахан улайчихаад л сууж байх. Энэ чанар дасгалжуулагч хүний зөв шинж. Би бол хэлэх гэсэн юмаа хэнд ч хэлж л байж санаа амардаг. Тэр зан маань зарим хүнд таалагддаггүй байж магадгүй гэж хэлнэ лээ. Тэдний тухай бүр лав мэдье гэвэл “Дэлхийд данстай ах дүү хоёр” номоос нь уншаарай. Монголд чөлөөт, жүдогийн хөгжлийн түүх ч тэнд тодорхой бий юм гэдэг шүү. Бас Ч.Дамдиншаравын ярианаас сонин сайхан юм зөндөөг сонсож болно. Заримаас энд тэмдэглэе. Монголын тамирчид 1964 онд Токиогийн олимпод оролцохдоо амжилт гаргана гэсэн төсөөлөл байгаагүй. Гагцхүү Монгол Улс гэж ийм улс орон байдаг юм шүү гэдгийг илэрхийлэх зорилго л байж. Тэгээд ч Монгол төрийн алтан соёмбот далбааг олимпийн тэнгэрт дэлхий харсан гэж хэлж болох юм. Токиогийн тухайн үеийн дүр зургийг хэлбэл олимпийн тосгонд тамирчид, дасгалжуулагчдын унаа олон зуун унадаг дугуй өрөөстэй. Манай хэдэн бөх л лав тэнд дугуй унаж сурсан гэдэг юм билээ. Бас тухайн үед Япон мэт орныг капиталист хэмээн нэрлэдэг байсан учир хазгай гишгэх, элдэв дэмий үг хэлэхээс болгоомжтой явах захиастай байжээ. Мехикод монгол эрчүүд олимпоос авсан медалиа гялалзуулаад гудамжаар явж байхад нь гадаадынхан:

-Та нар Хятадын Монгол уу, Оросын Монгол уу гэж асууж байж.

-Бид Чингисийн Монгол гэж хариулахад толгой дохицгоож байсан юм билээ. Мюнхений олимпийн үеэр буудалцаан болж бууны сум ойрхон өнгөрч байсан тухай яриа бас бий. 1980 онд болсон Москвагийн олимп онцлогтой. АНУ тэргүүтэй орнууд бойкот гээчийг хийж оролцоогүй ч хамгийн сүр жавхлантай нүсэр наадам байсныг хэлдэг. Энэ бүхэн олимпийн түүхийн тодотголтой хэсгийн зарим нь юм. Ер нь бол алдар цуутнуудын амьдрал, амжилт ололт сонин хэвлэлийн хуудаснаа үүрд хадгалагдан үлдэж түүхийн бодит гэрч болж байдгиймаа.

 

 *             *             *

 

Цаг хугацааг хамгийн хөдөлмөрч өмнөө тавьсан зорилготой хүн л эзэгнэдэг гэдэг. Тэгвэл хөрөг нийтлэлийн маань эзэн энэ зууны манлайлагчийн нэг Ч.Дамдиншарав он цагийг эзэгнэгч мөнөөс мөн. Түүнийг энгэр дүүрэн медальтай их спортод хүндтэй гавьяа байгуулсан хүн гэж хэлэхийн өмнө гол нь Монголын тамирчдаас олимпийн наадмын анхны медалийг эх орондоо авчирсан юм шүү гэдгийг онцлохыг хичээлээ. Урьд нь хүрээгүй оргилд тэр тухайн үед гарч чадсан юм чинь, өмнө нь аваагүй нэр алдрыг тэр анх хүртсэн юм чинь басхүү урьд нь хэнд ч төрөөгүй нандин мэдрэмжийг монголчуудад тэр мэдрүүлсэн юм чинь түүний эргэн тойронд ямар их хүндлэл, нэр төр оршном бэ.

Дамийл багшийн бие сэтгэлийн эрч хүч, цаглашгүй их хөдөлмөрийг хэдэн арван хүний амжилттай ч адилтгах аргагүй ээ. Тэр олимпийн анхны медальтан гэдгээрээ хэзээ ч давтагдашгүй гавьяат үйлсийн эзэн. Үүнийг нь энэ удаа “Токио-2020” олимп болохын босгонд давтан санахад улам ч бахархалтай хэрэг. Дамдиншаравын гаргасан мөрөөр замнасан Монголын тамирчид олимпоос 26 медаль аваад байгааг өнөөдөр хэлэхэд ч таатай юм. Тиймээс Ч.Дамдиншарав гэдэг марташгүй гавьяатай хүний өнгөрсөн, одоо, ирээдүй цагийн хүрдийг би эргүүлж байна. Хүмүүний амьдралын их тойрог гэдэг хаан бугуйв шиг гинжин холбоостой гэдэг.

Тэгвэл энэхүү бяцхан хөргийн маань амин сүнс нь Ч.Дамдиншарав, Ч.Насантогтох бидэн гурвын агшин зуур хөөрөлдсөн нь тэрхүү холбоосонд багтахуйн нэгэн учир бий. Тэд маань төрж өссөн цэнхэрхэн нутаг Гучин-Усын энхрий зөөлөн өлгийнөөс сугарсан болохоор Аргалант хайрхан, Аргуйн голоо, төрүүлсэн аав ижийгээ ямагт бодож шүтэж явдгиймаа. Бидний ярьсан, бичсэн бүхэн спортод тэр тусмаа бөхөд элэгтэй зүрх бүхэнд хүрэх болтугай гэсэн санаагаа хэлье. Энэхүү ерөөл бат оршиг ээ!

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.7.5 ДАВАА № 133, 134 (6610, 6611)

 

УИХ-ын гишүүн Э.Батшугарын өргөн барьсан хуулийн төсөл батлагдав

УИХ-ын гишүүн Э.Батшугарын өргөн барьсан хуулийн төсөл батлагдав

12 цаг 21 мин
Ж.Энхбаяр: Парламент үндэсний эрх ашгаас урвасан шийдвэр гаргалаа

Ж.Энхбаяр: Парламент үндэсний эрх ашигаас урвасан шийдвэр гаргалаа

12 цаг 27 мин
Э.Гэрэлт-Од: Өнгөрсөн 30 жилийг мартъя. Намууд шинэ соёлоор төлөвшиж, амьд байх үе эхэллээ

Монгол Улсад 30 гаруй жилийн дараа улс төрийн намуудын хөрөнгө, орлого олон нийтэд бүр

20 цаг 20 мин
Т.Доржханд: Гашуунсухайттай холбоотой шийдвэр гарах болгонд эсэргүүцэл гардаг

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг хөрөнгө орлогоо нотлохыг зарим иргэд шаардаж, хоёр дахь өдрөө жагсаж байна.

20 цаг 25 мин
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Хөрөнгө хураах хуулийг Ерөнхий сайд өөрөө дэмжиж байгаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг хөрөнгө орлогоо нотлохыг зарим иргэд шаардаж, хоёр дахь өдрөө жагсаж байна. 

20 цаг 25 мин
Удаан хүлээлгэсэн “Гашуунсухайт”-ын нээлтийг урьдаас бэлдсэн акцаар дарав уу?!

Гашуунсухайт-Ганцмодны хилийн төмөр замын холболтын ажил эхлэв. Нээлт нь уржигда

20 цаг 25 мин
“Ухаахудаг”-ийн 2 боть эмхэтгэлийг тараасанд Ж.Оджаргал уурлажээ

“…Ерөнхий сайдын 2025 оны 32 дугаар захирамжаар байгуулагдсан стратегийн ач холбогд

20 цаг 25 мин
Фото: "Огцрох амархан" жагсаалаас

Фото: "Огцрох амархан" жагсаалаас

Уржигдар 19 цаг 58 мин
Фото: Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлын нээлтийн ёслолоос

Өмнийн шаргал говьд бас  нэгэн томоохон бүтээн байгуулалтын ажил эхэллээ.

Уржигдар 19 цаг 53 мин
Т.Доржханд: Том ажил руу анхаарах биш хов живээр амьсгалж байгаа нь харамсалтай байна

Т.Доржханд: Том ажил руу анхаарах биш өөр хов живээр амьсгалж байгаа нь харамсалтай байна

Уржигдар 14 цаг 09 мин