
С.УРТНАСАН
2026 оны улсын төсвийг иргэдээрээ хэлэлцүүлэх ажлын хүрээнд УИХ-ын гишүүн О.Саранчулуун, Ж.Баясгалан нарын санаачилсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хэрэгжилт ба улсын төсөв: Санхүүгийн бодлогыг хүний эрхэд нийцүүлэх нь” үндэсний хэлэлцүүлгийг өчигдөр Төрийн ордонд зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө үйл ажиллагаагаа явуулдаг холбоо болон ТББ-ын төлөөлөл, иргэд, холбогдох яамдын албан тушаалтнууд зэрэг 100 орчим хүн оролцов. Тус хэлэлцүүлгээр хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх ба нийгмийн хамгаалал, халамж үйлчилгээний хүртээмж, дэд бүтэц, боловсрол, эрүүл мэндийн салбарын үнэлгээ хяналт зэрэг сэдвүүд яригдаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд дуу хоолойгоо хүргэлээ.
Хэлэлцүүлэгт Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож үг хэлсэн юм. Тэрээр “Улсын төсөв хүн төвтэй, хүний эрхийг дээдэлсэн төсөв байх ёстой. Төсвийн зардлыг аль болох хэмнэж, илүү оновчтой болгохыг зорьж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийг дэмжиж, хүртээмж, орон сууц, эрүүл мэнд, боловсролын салбарыг түлхүү хөгжүүлж, нүдэнд мэдэгдэхүйц, хэмжигдэхүйц, хамтын хариуцлагатай төсвийг бий болгоно. Энэ чиглэлээр олон улсын туршлагыг судалж, бодит үр дүнд чиглэсэн, хариуцлагатай төсвийг хамтран бүтээхэд иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо чухал. Мөн тусгай хэрэгцээт иргэнийг ажиллуулдаг, дасан зохицсон ажлын байр бий болгосон байгууллагуудыг бодитоор урамшуулдаг болохоор зорьж байна. Энэ хүрээнд ажил олгогчийн сургалт, ажлын байрны тохируулга болон чиглүүлэгч үйлчилгээг багц болгон санхүүжүүлнэ. Ингэхдээ амьдрах орчин, хөдөлмөр эрхлэлт, хүртээмж ба нийгмийн оролцоог хангах гэсэн бодлогыг баримтална. Хүн төвтэй, төрийн оролцоо багатай, хүнийг эрхийг дээдэлсэн зарчмыг төсвийн бодлогод тусгана” гэдгийг онцоллоо.
Төсвөө ил тод болгож зардлыг харах ойлголтоо шинэчлэх хэрэгтэй.
Тус төслийг санаачлагч УИХ-ын гишүүн О.Саранчулуун:
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зардал өөр зардлуудтай нийлээд байгаа учраас салбар салбарын шийдвэр гаргагчид, төсөв боловсруулагчид, иргэд өөрсдөө зардлаа задалж харахаар өнөөдрийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хүүхдүүдийг сургуульд хамруулахын тулд өөрсдөд нь халамжийн мөнгө, эмийн зардал өгнө гэж яриад байгаа. Гэвч бидний гаргаж байгаа энэ зардал сургууль дотор байх хэрэгтэй. Жишээ нь багшийн заах арга зүй, сурах бичиг, анги танхимд зардлыг зарцуулах ч юм уу. Бид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зарцуулж байгаа төсвийг боловсролын яамны багцаас харах хэрэгтэй болж байгаа юм. Боловсролын яам хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хэдийг сургаж байна, сургахын тулд багшид, сурах бичигт, анги танхим шинээр баригдсан сургуульд хэдэн хүүхэд сурах боломжтой зэргийг харахгүй бол зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгож байгаа асаргаа тэтгэмжийн мөнгийг улс өгсөн гэж ярих нь зохисгүй. Үүнд зориулалтаар нь задаргаа хийх хэрэгтэй.
Тусгай хэрэгцээт хүүхдүүдэд зориулсан амралтын газартай болоход төр анхаарах хэрэгтэй
Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй болон тусгай хэрэгцээт хүүхдүүдийн онцлогт тохирсон амрах, чөлөөт цагаа өнгөрөөх, сурч боловсрох боломжтой байгууллага, орчин маш хомс байдаг. Энэ төрлийн амралтын газар, сургалтын төв, тусгай сургууль цөөн тоотой төдийгүй ихэнх нь төвлөрсөн газарт байрладаг тул орон нутгийн хүүхдүүдэд хүрч үйлчлэх боломж хязгаарлагдмал. Энэ нь тэдний нийгэмшил, боловсрол, сэтгэл зүй, бие бялдрын хөгжилд сөргөөр нөлөөлж, эцэг эхчүүдийн ачааллыг нэмэгдүүлдэг.
Энэ талаар "Хүслэн" хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих холбооны тэргүүн Г.Дэмбэрэл:
- Манай салбарт хүүхдийн эрх зөрчигдөж байгаа хоёр том асуудал байдаг. Үүний нэг нь боловсролын салбарт нөгөө нь хүүхдийн амралт сувилал нэг ч байгуулагдаж байгаагүй гэх асуудал юм. Өнөөдрийн хэлэлцүүлэгт эдгээр сэдвүүдийг хөндөж ярихаар ирсэн. Манайд тусгай хэрэгцээт хүүхдүүдийн зургаан сургууль байна. Улсын төсвийг харахад 63 дугаар сургуульд өргөтгөл хийнэ гэсэн ганц санал тусгагдсан байсан. Гэтэл 5600 хүүхдийн боловсролын асуудал яригдаж байгаа шүү дээ. Үүнээс 3847 хүүхэд нь боловсролд хамрагдалгүй орхигдчихсон. Дээрх зургаан сургууль нийслэл хотод байгаа нь хөдөө орон нутгийн хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг мөн хязгаарлаж байна гэж харж байна. Би өөрийнхөө Солонгос улсын хөгжлийн бэршээлтэй иргэдийн холбоодуудтай 12 жил хамтарч ажилласан туршлагаа Монгол улсынхаа нутаг дэвсгэр дээр хэрэгжүүлж ажиллая гэж боддог. Түүний нэг нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн амрах зуслангийн асуудал юм. Манайд 16000 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байхад улсын хэмжээнд 56 зуслан байдаг. Үүнээс үйл ажиллагаа нь жигдэрсэн 48, хөнгөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг авах боломжтой 11 амралт байна гэсэн үзүүлэлт гарсан. Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд асран хамгаалагчтайгаа очих зуслан байхгүйд төр анхаарах хэрэгтэй. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асран хамгаалагчид 400 мянгаас нэг сая 600 мянган төгрөгийн үнэтэй зусланд өөрсдийн мөнгөөр хүүхдүүдээ амраагаад байж тэр бүр чадахгүй шүү дээ” гэж байлаа.
Мөн Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Батжаргал оролцож, Нийгмийн даатгалын байгууллагаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлж байгаа тусламж үйлчилгээ, тэдэнд зарцуулж буй төсөв, санхүүжилтийн талаар мэдээлэл өглөө. Хийж гүйцэтгэсэн ажлуудаас нь дурдвал, 2025 оны эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд хөдөлмөрийн чадвар алдсан 101.038 иргэн байна гэсэн статистик тоо гарчээ. Тэгвэл тухайн байгууллага иргэдэд үзүүлэх сэргээн засах тусламж, үйлчилгээний хүртээмжийг 2025 онд нэмэгдүүлэхээр Сэргээн засах тусламж хүртэмжийг нэмэгдүүлж 11 сувилалтай гэрээ байгуулан хамтран ажиллаж хөдөлмөрийн чадвар алдсан иргэдэд сэргээн засах тусламж үйлчилгээг хүргэжээ.
туслах үйлчилгээ, асаргаа хоёрыг зөв зохицуулж чадвал хэвтрийн хүн ч ажил эрхлэх боломжтой
Асрахуйн эдийн засгийг эргэлтэд оруулснаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөдөлмөр эрхлэх боломжтой болно. Тиймээс цаашид энэ асуудлыг хэрхэн шийдэх боломж байгаа талаар УИХ-ын гишүүн О.Саранчулуун хэлэхдээ "Манай улс нийтээрээ нэг зүйлийг маш сайн ойлгох ёстой. Бид асаргаа болон хувийн туслахыг салгаж ойлгох хэрэгтэй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд өдөр тутмын суурь хэрэгцээгээ хангахад нь туслах ахуйн үйлдлүүдийг асаргаа гэж байгаа юм. Хувийн туслах гэдэг нь асаргаагаа авч байгаа тухайн хөгжлийн бэрхшээлтэй хүнийг нийгэмд оролцоход нь туслах үйлчилгээ. Зардал нь энэ хоёрыг салгаж зарцуулахад үзэл баримтлалын хувьд зөв харьцаатайгаар дахин томьёологдож чадвал хөгжлийн бэршээлтэй хүмүүс хөдөлмөр эрхлэх боломжтой. Хувийн туслах үйлчилгээ, асаргаа хоёрыг зөв зохицуулж чадвал хэвтрийн хүн ч ажил эрхлэх боломжтой. Энэ дээр ямар зардал гарч байгааг бид харах хэрэгтэй болж байгаа юм. Гэтэл харж чадахгүй байгаа учраас эрүүл мэндийн салбарын зардал руу орохоос өөр аргагүй болдог. Асаргаа авч байгаа хүнд хувийн туслахын үйлчилгээ зайлшгүй шаардлагатай. Хувийн туслахын зардлын мөнгө нь зөвхөн нөгөө хүндээ биш дагалдаад өөр нэг хүнд цагийн ажлын цалин болж очдог. Тэгэхээр энэ циклийг зөв голдирол руу нь оруулах хэрэгтэй болж байгаа. Эрүүл мэндийн зардлыг бизнес эрхлэх талаасаа харвал цагийн хөдөлмөр эрхлэлтийн зардал гээд зардал нь өөрөө хөгжлийн бэрхшээлтэй хүний ахуйн асуудлаас давсан асуудал юм аа гэдгийг өнөөдөр бид нийтээрээ ойлгож ялгахад хэлэлцүүлгийн ач холбогдол оршино" гэв.
Хэлэлцүүлгээр ирэх оны төсөвт оруулах шинэ санаанаас илүү зардлын задаргааг нарийвчлан ярилцлаа.
Өнгөрсөн жил Ж.Баясгалан гишүүн бид нар нутгийн удирдлага хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэсэн ажилд ямар оролцоо байх вэ гэдэг талаар Төрийн ордонд хэлэлцүүлэг хийсэн. Ингэхдээ ирэх гурван жилд нутгийн удирдлагын заавал хийх ёстой 13 ажил, тэрний 32 шалгуурыг боловсруулж өгсөн. Тэдгээрээс хоёр нь хөдөлмөр эрхлэлттэй холбоотой ажлууд байгаа. Засаг дарга нар 2026 оны төсөв дээрээ энэ 13 бүлэг ажлыг 32 шалгуураар нь орон нутгийнхаа хүн амын тоон дээр тулгуурлаад бодож тооцоолоод төслөө авч ирэх ёстой байгаа. Энэ бодлогоо бариад явбал гурван жилийн дараа гэхэд магадгүй 5-10 жилийн дараа Төрийн албанд ажиллаж байгаа хүний тоо өснө. Ажилд авах сонирхолтой хүмүүсийн тоо ч нэмэгдэнэ гэсэн үг. Орон даяараа энэ зорилгоо бариад ажиллавал Монгол улсын хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн үзүүлэлтийн индекс дээшлэх боломжтой. Ирэх оны төсөвт цоо шинээр оруулж ирэх саналаас илүү одоо байгаа зардлын дахин хуваарилалт, зардлын ангилал, зардлаар хийж гүйцэтгэж байгаа ажлын хэмжих хэмжүүрүүдийн тухай илүү задалж ярилцаж байгаа. Улсын төсвийн том дүнг задлахаас илүү доторх жижиг зардлуудыг нарийвчилж ярина. Мөнгөгүйдээ асуудал байгаа гэж хүмүүс хардаг. Гэвч менежмент байхгүйд асуудал байдаг. Салбар дундын хамтын ажиллагаа байхгүйгээс болж маш их зардал хий үрэгдэж байна. Энэ хэлэлцүүлгээр салбаруудын хамтын ажиллагааг бий болгоно" гэсэн юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 15. БААСАН ГАРАГ. № 150 (7647)
Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.