
Мета-онол, аргазүй судлаач, доктор Насанжаргалын ЭНХТӨР
Олон салбарт тэгш ажилласан профессор, нэрт эрдэмтэн, зохиолч Лувсандамын Дашням абугай эл 2020 оны аравдугаар сарын 13-нд э-мэйл илгээснийг үзвээс, “Үгүүллийн тань тухай. Сайн уу, Энхтөр өө? Чиний “Мета онол-аксиом-илэрхий үнэн-дээд үнэний мэдлэгийн бүрдлүүд” (Улс төрийн шинжлэх ухаан ба Шинэ шинжлэхүйн холбооны асуудалд) бүтээлийг тань Шинжлэх ухаан, амьдрал сэтгүүлийн 2020 оны I-т нийтэлсэн шүү. Би чиний “Монгол гэрийн аналоги төсөө бүтээх арга”, Бира гуайн “Монголын тэнгэрийн үзэл” бүтээлийн тухай ажлуудтай танилцмаар байна. Заваараа манай “Монгол уламжлал” Академи дээр нэг ирэхийг бодоорой. Сэтгүүлийн дугаар хадгалж байгаа. Ёсолсон Дашням” гэсэн байлаа.
Улсын Их Дэлгүүрийн ойролцоо орших “Монгол уламжлал” Академи дээр нь бид төд удалгүй уулзсан ба тэрээр “365 хоногт өдөр бүр 5-6 хуудас бичээд байхад, жилд ингээд доод тал нь нэг номтой болчихдог юм даа...” гэж өөрийн зохиолчийн хийгээд зохиогчийн сүүлийн үеийн хөдөлмөрөөсөө сонин болгон: “Саарал дэвтэр” УБ., 2011 он, “Ноолгай” УБ., 2013 он, “Мянган захидлын цуугиан” УБ., 2017 он, “Задлаагүй захидлууд” УБ., 2018 он, “Их төөрөг” УБ., 2019 он болон “Язгуураа танихуйд өчүүхэн дусал” УБ 2020 нэг сэдэвт судалгааны бүтээл зэрэг өнгө,дизайн, хавтасны зураг нэн өвөрмөц, барин үзэнгээ дахин дахин эргүүлж тойруулж үзмээр номуудыг судлаач надад “Н.Энхтөрдөө барив. Бодсон бүхэн тань сэтгэлчлэн бүтэх болтугай. Л.Дашням. 2020.10.14” (Сүүлд хэвлүүлсэн судалгааны бүтээл дээрээ) хэмээн үзэглэнгээ ихэд итгэл үзүүлж буй нь илт өргөн барьж, бид хамтдаа фото хүртэл татуулж таарсан.
Бид бүхэн энэ удаа эл хүндэтгэлт эрхмийн “Язгуураа танихуйд өчүүхэн дусал” (Хоёр дахь хэвлэл - УБ 2020, хэв.хуудас 25, 400 нүүр) хэмээх зургаан бүлэг (бөлөг- Л.Д) нэг сэдэвт судалгааны бүтээлийн тухай санал бодлоо уншигч тантай багахан ч атугай хуваалцъя гэж бодов.
“Хүн болох эрдэмд суралцахуйд өчүүхэн тус” Нэгдүгээр бөлөгтөө: Хүнээр хүн хийх үүдэн, Монгол хүнээ танихуйд өчүүхэн тус, Монгол ухаан, Монгол мэдлэг гэж бий юу?, Удам судраа мэдүүлдэг монгол уламжлал, “Тоглоомгүй”-гээр тоглуулдаг монгол сурганы арга., “Нийгэм ахуйгаа ойлгохуйд өчүүхэн тус” Хоёрдугаар бөлөгтөө: Нүүдлийн соёл иргэншил – аж төрөхүйн хүмүүнлиг хэвшил, Соёлын уламжлал, шинэчлэлийг ойлгох нь, Монголчуудын улстөрийн сэтгэлгээнд хамаатах зарим санаа, Эдийн засгийн тухай монгол ухаарлын уламжлал, Ноён хутагтын сургаалын аврахуй ачлал., “Уламжлал, хэвшлийг ухаарахуйд өчүүхэн тус” Гуравдугаар бөлөгтөө: Монгол уламжлал, эрхэмлэлийн тухай, Монгол язгууртны хувцасны онцлог, Монгол бөхийн түүх, соёлын тухайд, Монгол билгүүн үгсийн ангилалын асуудалд, Хорио цээрийн тухай хоёр нэг санаа., “Түүх, соёлдоо ойртохуйд өчүүхэн тус” Дөрөвдүгээр бөлөгтөө: “Бодоншар Мэрхэхэйн намтарт нэмэрлэх цөөн үг, Тэнгэрийн элч – төрийн үйлд, Монголын яруу найргийн түүхэн хөгжлийн тойм, XX зуун – -Нууц товчооны зуун”, Ил хаан Аргуны захидлын нэгэн үгийн тухайд”., “Тэнгэр газрыг унхиадахуйд өчүүхэн тус” Тавдугаар бөлөгтөө: Монголчуудын зарим үзэл номлолын тухай гүймэгхэн үгүүлбээс, Тайлга, тахилгын үүсэл, хөгжилд холбогдуулан үгүүлэх нь, Тэнгри –Чингис хааны ойлголтод, Нэйж тойн үзэл номлолыг өөрчилсөн нь, Дорнын мэдлэг ухаан шинжлэх ухааны ирээдүйд., “Утгалахуйн урлагийг тоймлохуйд өчүүхэн тус” Зургадугаар бөлөгтөө: Урлагийн философийн тухай өчүүхэн удиртгал, Монголчуудын сэтгэлгээний онцлогийг танин барихуйд, “Ертөнцийн гурав”-ын утга агуулга хийгээд уран сайхны онцлог, Чингис хааны шүлэг, туурвилтай холбогдуулан өгүүлэх нь, Тойрон бүжгийн мөн учир” тэрчлэн Номзүй (133 номзүйн жагсаалт бий) гэсэн томоохон бүтэцтэй.
Дээрх бүтцээс уг номын агуулгыг бусад ном, бүтээлтэй харьцуулан дэлгэрүүлэн судлах боломжтой бөгөөд энэхүү бүтээлтэй танилцах явцдаа энэчлэн бидэнд хамааралтай Шинэ шинжлэх ухааны эн тэргүүнд хийх асуудал болбоос судлаачдын бүтээлийн “Список – Жагсаалт” гаргаад, дараа нь “Род - Төрөл, Вид - Төрөл зүйл, Жанр - Зүйл анги, Тема – Өгүүлэмжийн багцууд”-ийг “Бүхэл, хэсэг- Ерөнхий, тусгайн Бүрэн сэтгэхүйн хуулиар хэрэгжүүлсэн бидний “Орчин үеийн Монголын дууны яруу найргийн төрөл зүйлийн онцлог зарим асуудалд” (1921-1980 он, Зохиогч Н.Энхтөр, Монгол ардын болон Орчин үеийн зохиолын дууны шүлгийн жишээн дээр, Гол дөрвөн бүлэг бүхий эл бүтээлийн хавсралтад хураангуйг орос хэлээр хэвлэсэн. Түүнчлэн Эрдмийн зөвлөлийн гишүүдийн дүгнэлт-тодорхойлолт (Монгол Улсын Их Сургуулийн Нүүдлийн Соёл Иргэншил Судлалын Төв-Уран зохиолын тэнхим болон Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын Хүрээлэн), Шүүмжлэгч байгууллага болох Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Утга зохиолын тэнхимийн тодорхойлолт, тэрчлэн Санкт-Петербургийн Их сургуульд судалгааны эргэлтэд орж, өндөр үнэлэгдсэн материалууд багтсан) нэг сэдэвт бүтээл дэх “Төгсгөлөг ба төгсгөлөг бус хязгааргүйг багтаасан гигант олонлогийн онол”-д суралцах нь “Зайлшгүйн зайлшгүй” /Бид “Зайлшгүй – Essential” гэсэн энэ нэр томьёог Томас С.Куны “Шинжлэх ухааны хувьсгалын бүтэц” номын гол гаргалгааг “Нийгмийн гэгээрэл ба утга зохиол шинжлэл” нэг сэдэвт Мета – онол, аргазүйн бүтээлтэйгээ (Шилдэг бүтээл -Монголын Зохиолчдын Эвлэл: 2005, 2009, 2010 болон Шилдэг бүтээл – Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны Яам - Соёл Урлагийн Хороо: 2009) харьцуулан орчуулж, “Ерөнхий гаргалгаа-ДҮГНЭЛТ” гаргахдаа анх хэрэглэснийг тодруулан дурдсу – Н.Э/ санагдлаа. Түүнчлэн судлаач бидний санаачлагаар анхлан байгуулсан “Утга зохиолын Боловсролын шинэчлэл” Академиас энэ асуудлаар, Монгол улсын Засгийн газар – Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны Яаманд хүлээлгэн өгсөн: “Чанарын позитив өөрчлөлт буюу Шинэ шинжлэх ухааны хөгжлийн газрын зураг” Хүмүүнлэгийн хөтөлбөрт дээр яригдсан Мета-судалгааны асуудлыг Дэлхийн Шинэ шинжлэх ухааны төвшинд, ЮНЕСКО-той хамтран хэрэгжүүлэх тухай туссаныг эргэн санацгаая!?
Л.Дашням абугайг: “... Олон улсын эдийн засагч, Шинжлэх ухаан судлаач, Монголын түүх, соёл, нийгэм, улстөрийн амьдрал, монгол хүний оюуны ертөнцийг судалдаг философич, зохиолч, яруу найрагч, Монголын нийгэм, улс төрийн зүтгэлтний нэг юм...” /Л.Дашням ”Их төөрөг” 2019 он, Арын хавтсанд/ хэмээн тодорхойлсныг болгоохтой ташилдан, бидний энд авч үзэж буй нэг сэдэвт судалгааны бүтээлд нь басхүү нэгэн тодотгол нэмэх хэрэгтэй бус уу? Энд, “Толилго” (Lecture), Толилгын товч (Summary of Lecture), Тоймлол (Contour), Хөтлөл (Introduction), Хэлэлцүүлэг (Discussion), Судалгаа (Research), Сэдэл (Intention) гэсэн бидний дээр дурдсантай уялдах талдаа гэвэл, Төрөл /Poд/, Зүйл /Вид/, Зүйл анги /Жанр/, Сэдэв-Өгүүлэмжийн багцууд /Тема/-ын ангилал хийх хэмээн “Шинэлэг хандлага” нэвтрүүлэхийг оролдсон хийгээд энэ хэрээрээ Шинэ шинжлэх ухааны энэ цаг үед бид зөвхөн “Ишлэлд зүүгдэн” тэрүүхэндээ бус, харин “Тэнүүн сэтгэх”, тэрч бүү хэл, Дээд оюун санааны трактат – шаштир, Философийн илэрхийлэл – парадокс, Тайлал –интерпретаци, Мета – онолын эссе, өгүүлэл, нийтлэл, тоймлол төвшинд сэтгэхэд суралцахуйн “Зайлшгүйн зайлшгүй томьёолол” харагдмуй.
Эхэнд таниулан өгүүлснээр болон дээр нэгэнтээ зохиогчийн тухай оносон тодотгол зэрэгтэй уялдан гарах дүгнэлт болбоос профессор Л.Дашням абугай эл нэг сэдэвт судалгааны томоохон бүтээлдээ эл амьдралын туршид эрэн сурвалжилсан хийгээд ялган жигнэсэн үнэт санаа, дүгнэлтүүдээ шигтгэсэн, тайлсан энэ хэрээрээ “өөрийгөө сулласан” байх ба хэн нэгэн абугайн өмнө ухаарсны хэрээр шууд зоригтой бичээгүй энгийн үг, өгүүлбэр, тайлал, дүгнэлтүүд олонтаа буйг цохон тэмдэглэж, “энэ номд бичигдсэнийг хүн бүхэн уншиж ухаараасай” гэсэн дорд судлаачийн гэгээн хүсэлт, гэрэлт өнгөө дайн дайсу!
Уг бүтээлийн “Өмнөх үг”-ийг Зохиогч өөрөө “Багаахан учирлал” нэр - гарчгаар бичсэн болон Философийн хүрээлэнд олон жил хамт ажилласан “Зохиогчийн буюу олон Дашийн номын анд” (Г.Ч) академич Г.Чулуунбаатар нар бичсэнийг Эрхэм уншигч абугай шимтэн унших нь лавтай буй за.
Улаанбаатар хот. 2020.10.14 – 16-ны өдөр бичвэрлэв.
Эх сурвалж: polit.mn