
З.БАТЦЭЦЭГ
Лев Толстойн төрж, амьдралынхаа ихэнх хугацааг өнгөрүүлсэн Тульск дахь “Ясная Поляна” эдлэн-музейн 100 жилийн ой зургадугаар сарын 10-нд тохиосон. Үүнтэй холбогдуулан эдлэн-музейн захирал Екатерина Толстая РИА Новости-д өгсөн ярилцлагадаа дэлхийн хоёрдугаар дайны үеэр ч үйл ажиллагаа нь зогсож байгаагүй музей, цар тахлын үеэр хаагдсан тухай, яагаад “Ясная Поляна”-ийн хөтөчийг шалгаруулж авдаг, зохиолчийн үр удам ямар улс оронд амьдардаг, яагаад тэд эдлэнт газартаа буцаж ирдэг талаар ярьсан байна.
-“Ясная Поляна” эдлэн-музей зургадугаар сарын 10-нд 100 жилийн ойгоо хийж байна. Баяр ямар болов? Ямар зочид ирэв?
-Энэ өдрийн гол арга хэмжээ “Музейн эриний анхны зуун” нэртэй гудамжны үзэсгэлэнд зуун жилийн түүхийг үйл явдал, баримттай нь харууллаа. Үндсэн сэдэв нь- музейн түүх, бүтэц, шагнал амжилт, алдартай зочид, янз бүрийн он жилүүдэд үйлчлүүлэгчдийн үлдээсэн сэтгэгдэл зэрэг юм.
Волконскийн ордонд Оросын зураачдын академи, Оросын зураачдын эвлэл, “Марка” ХК нарын хамтын төсөл “Маркийн урлаг” үзэсгэлэн нээгдсэн. Энд голчлон Ясная Поляна болон Тулагийн үзэсгэлэнт газруудад зориулсан “Марка” хэвлэлийн гэзрын тэргүүлэх мастеруудын бүтээлүүд тавигдсан. Мөн энэ өдөр Оросын шуудангаас музейн 100 жилийн ойд зориулж тусгайлан марк гаргасан.
Баярын зочдоор ОХУ-ын Соёлын яамны сайд Ольга Любимова, олон улсын соёлын хамтын ажиллагааны ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Михаил Швыдкой, Тулагийн амбан сайд Алексей Дюмин, Төрийн Дум ба Тула мужийн Думын гишүүд уригдан оролцлоо. Мэдээж найз нөхөд музейнууд болох А.С.Пушкины нэрэмжит Улсын Төв музейн захирал Евгений Богатырёв, А.С.Пушкины нэрэмжит Улсын Дүрслэх Урлагийн музейн захирал Марина Лошак, Улсын Түүхэн музейн захирал Алексей Левыкин болон бусад нь хүрэлцэн ирлээ.
-Музейн ойн жил тохиож байгаатай холбоотойгоор үйлчлүүлэгчдийн тоо нэмэгдэж байна уу?
-Сүүлийн жилүүдэд жуулчдын урсгал нэмэгдэж байгаа. Энэ нь хамгийн түрүүнд дотоод аялал жуулчлал хөгжиж байгаатай холбоотой. Аялал жуулчлалын дэд бүтцийн хөгжил, шинэ үзмэрүүд бий болсоноор Тула мужад ирэх хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа. Тулад ирсэн ихэнх жуулчин Ясная Полянад заавал ирдэг. Одоо ч гэсэн оруулах хүний тоонд хязгаар тогтоосон байхад манайд ирэх хүсэлтэй хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа нь анзаарагдаж байна.
-Гадаадын жуулчид их ирдэг үү?
-Гадаадын жуулчдын хувьд өнгөрсөн жилүүдэд тэдний тоо нийт урсгалын нэлээн хэдэн хувийг эзэлдэг байсан. Одоо бол хил хаалттайн улмаас тоо нь их буурсан.
-Ясная Поляна эдлэн газар гэр бүлээрээ ирж, амарч, салхилж, цэвэр агаар амьсгалахад сайхан байдаг. Музей хүүхдүүдийн сонирхлыг яаж татаж байна?
-Манайх янз бүрийн насныханд зориулсан аялал, боловсролын хөтөлбөр боловсруулсан. Хүүхдүүдэд зориулж бид Ясная Полянагийн түүх, Лев Толстойн амьдрал, язгууртнуудын уламжлал, ардын амьдралыг танилцуулсан бүтэн цикл хичээл боловсруулсан. Музейд та зул сар болон улаан өндөгний баярыг яаж тэмдэглэдэг байсныг таньж мэдэн, ээрэх хүүхэлдэй хийн, морин тэргээр зугаалж, цай ууж, бялуу идэж болно. бүх хүүхдүүд Кучерын дүнзэн байшинд орох дуртай. Тэнд бүх зүйлд гараараа хүрч, жинхэнэ орос пийшин дээр гарч болно.
Мөн хүүхдүүдийг Ясная Полянагийн үзэсгэлэнт ойтой танилцуулахын тулд “Ногоон савхны нууц” хэмээх эрэл хайгуулын тоглоомыг санал болгодог. Энэ тоглоомыг тоглохдоо хүүхэд гол нь төсөөллөө сайн ажиллуулах ёстой. Манай музейтэй танилцах бас нэгэн сайн арга бол янз бүрийн насныханд зориулсан гарын авлага юм.
-Өнөөдрийн музейн ажилчдын талаар яриач. Хууччуул их бий юу? Залуучууд хэр их байна?
-Өнөөдөр манай музейд 400 гаруй хүн ажилладаг, манай хамт олон янз бүрийн үеийн төлөөллийг оновчтой хосолсон баг. Гавьяат ажилтнууд залуучуудын зөвлөгчийн үүрэг гүйцэтгэдэг. Манайд олон залуучууд ажилладаг. Ялангуяа хөтөч нар. Олон эрдэмтэн судлаачид хөтөчийн сургуулийг төгсөж, Толстойн намтар бүтээлийг сайтар судалж, үйлчлүүлэгчидтэй ажиллаж сурдаг.
-Хөтөч болох хүн заавал Толстойн бүтээлд хайртай байх ёстой юу?
-Манайд ажилд орход заавал Толстойн бүтээлд хайртай байх албагүй. Түүнийг, тэр цаг үеийг хувь хүний хувьд сонирходог байхад хангалттай. Цаг хугацаа өнгөрөхөд энэ сонирхол нь жинхэнэ хобби болж хөгжих боломжтой. Бид хөтөчөө сайн бэлддэг: шалгаруулж авдаг ганц орон тоо. Их мэддэг, сайн ярьдаг нь чухал биш, хувь хүн байх нь чухал. Үйлчлүүлэгчдийн сонирхлыг татаж, Толстойн зохиолыг уншиж, дахиж бидэн дээр ирэх хүслийг төрүүлэх нь чухал.
-Музейд ойролцоогоор 50 мянган зүйлс хадгалагддаг. Лев Николаевичийн өөрийн болон гэр бүлийх нь 43 мянган дурсгалт зүйлс бий. Энэ эдлэн-музейн хувьд их тоо. Ийм олон дурсгалт зүйлийг яаж цуглуулж, хадгалдаг вэ?
-Ясная Поляна 1911 оноос музей болсон. Толстойг нас барсны дараа түүний эхнэр Софья Андреевна гэрийн бүх эд зүйлсийг тэмдэглэн бичиж, номын санг цэгцэлсэн. Тэрээр Толстойн ажлын өрөө, унтлагын өрөөг үзүүлж анхны үйлчлүүлэгчээ хүлээж авч байсан. Софья Андреевна л бүх өрөөг Толстойн амьдарч байснаар нь хэвээр үлдээе гэж санаачилсан.
1921 онд Толстойн гэрийн эд зүйлсийг улсын өмч болгон музейн дурсамжит цуглуулга бий болсон. Ясная Полянагийн анхны захирлаар Толстойн бага охин Александра болж музейн хөгжилд маш их хувь нэмэр оруулсан. Түүний ажлыг үеэл нь, зохиолчийн ач охин Софья Анпреевна Толстай-Есенина үргэлжлүүлсэн. 1941 оны намар Германы эзлэн түрэмгийлэх аюул тулгарахад тэрээр музейн бүх үзмэрийг аюулгүй газар руу арагш нь нүүлгэсэн. Үүний ачаар манай музейн үзмэр хадгалагдаж үлджээ.
Толстойн гэрийг үнэхээр ер бусын гэж хэлж болно. Энд хэдэн мянган үзмэр ил хадгалагдаж байдаг. Дэлхийд иймэрхүү музей маш цөөн.
-Ямар үзмэр таны хувьд хамгийн үнэ цэнтэй вэ?
-Лев Николаевичийн аав, ээжийх нь зүйлс хамгийн үнэ цэнтэй, хуучны тавилга, гэр бүлийн хөрөг зураг. Гэр бүлийн хөрөг зураг бол гэр бүлийн түүхийн хувьд хамгийн үнэ цэнтэй, цаг хугацаа, үе удмын холбоог харуулж байгаа юм. Мөн Лев Толстойн номын санг онцолж хэлмээр байна. Энэ номын сан 2011 онд ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж”-д бүртгэгдсэн. 22 мянга гаруй номын ихэнх нь зохиолчийн уншиж, тэмдэглэж байсан ул мөрийг хадгалсан байдаг.
-Таны нөхөр Толстойн ачинцар Владимир Толстой. Түүний хувьд музей юу вэ? Музейтэй холбоотой гэр бүлийн уламжлал та нарт бий юү?
-Владимир Ильич музейн захирлаар 18 жил, 1994-2012 онд ажилласан. Энэ хугацаанд тэрээр одоогийн орчин үеийн музейн ул суурийг тавьсан. Ясная Полянад тэрээр хүүхэд байхдаа аав, ээжтэйгээ ирж өөрийн өвөг эцэг болох зохиолчийн хоёр дахь хүү Илья Толстойн дурсамжийг уншиж, энэ газрыг төрөлх нутаг шигээ үзэж байсан. Музей одоо ч түүний хувьд амьдралын чухал хэсэг, энд болж байгаа бүх зүйлийг мэдэж байгаа. Би түүнтэй үргэлж зөвлөж, бид шийдвэрийг хамт гаргадаг. Сүүлийн 10 жил Владимир Ильич ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж Москвад амьдарч байгаа ч, Ясная Поляна дахь гэртээ байнга ирдэг. Бусад гэр бүлийн гишүүд ч мөн амралтын өдрүүдээр боломжтой бол энд цуглахыг хичээдаг. Энэ манай гэр бүлийн нэг уламжлал юм даа. Мөн хамтдаа мөөгөнд явдаг.
-Түрүү жил цар тахлын үед ямар байв?
-2020 онын гуравдугаар сарын сүүлээс эхлээд зургадугаар сарын дунд хүртэл бараг гурван сар ажиллаагүй. Энэ бол урьд өмнө байгаагүй үзэгдэл, манайх дэлхийн II дайны үеэр ч ажиллаж байсан. Мэдээж манай бүх ажлыг онлайн болгох боломжгүй. Эдлэн бол амьд бүтэцтэй, морьд, ургамал, цэцгээ өдөр бүр арчилах ёстой. Тиймээс морины жүчээ, дурсамжит хүлэмж, ой, цэцэрлэгт хүрээлэн тодорхой цагаар ажилласан. Манай дурсамжит байшингуудад тодорхой нэгэн чийгшил, дулааныг барих ёстой. Тиймээс ажилчид тогтмол ирж агаар оруулж байсан. Хөл хорио бидэнд шинэ боломжийг бас олгосон. Үйлчлүүлэгчдийг онлайнаар авах болсон. Бид олон нийтийн сүлжээгээр харьцан, шууд нэвтрүүлэг хийн, подкаст, флэшмоб хийсэн. Ясная Полянагийн төрсөн өдрийн 99 дэх өдрийг хүртэл онлайнаар #бараг100 гэсэн хэштегтэй тэмдэглэсэн.
-Цар тахлаас болж Толстойн ургийн баяр болж чадаагүй гэж үнэн үү? Хэзээ болох уу?
-Цар тахал эхэлмэгц Толстойчуудын олон улсын чуулга уулзалтыг 2021 он болгож хойшлуулан, ойтойгоо хамт тэмдэглэхээр шийдсэн. Гэвч цар тахлаас болоод байдал тогтворгүй байгаа тул ахан дүүс биднээс дахин нэг жил хойшлуулаач гэж гуйсан тул дараа жил Ясная Полянад цуглана. Урьдын адил бид Толстойн шууд үр удмыхныг гэр бүлтэй нь урина. Ихэнх нь ирж чадах байх гэж найдаж байна.
-Толстойн үр удмын талаар яриач. Хэдүүлээ вэ? Хаана амьдардаг вэ? Та нарын уулзалт ямархуу болдог вэ?
-Одоогоор зохиолчийн үр удам 300 гаруй хүн байгаа гэсэн тоо бий. Тэд дэлхий даяар тархан суурьшсан. Франц, Итали, Швед, Герман, Чех, АНУ, Канад, Уругвай, Бразилид гээд. Бүгд гэр бүлийн овгоо авч үлдэж чадаагүй, Оросоор чөлөөтэй ярьж бас чадахгүй ч бүгд өөрсдийхөө удам судрыг ихээхэн сонирхож, Ясная Полянаг гал голомтоо гэж үздэг. Уулзалтын үеэр бид их ярилцаж, сонин сайхнаа хуваалцан, гэр бүлийн шинэ гишүүдтэйгээ танилцдаг. Манай хүүхдүүд энэ харилцааг үргэлжлүүлэн, хоорондоо бичилцэн, хоорондоо уулзан, холбоотой байдагт их баярладаг. Гадаад Толстойчууд гэр бүлийн зураг, бичиг баримтаасаа авчран, манай фондод өгөх нь их.
-Цар тахлаас болж театрын “Толстой” фестиваль 2020 онд цуцлагдсан. Энэ жил зохиогдох уу?
-Энэ жил фестиваль амьдаар зохиогдоно. Гэхдээ гадаадын багууд оролцохгүй. Гэсэн хэдий ч олон улсын гэсэн статусаа хадгалж үлдэнэ. Энэ жилээс эхлэн ОХУ-ын ЮНЕСКО-гийн комиссын ивээл дор зохион байгуулагдах болно. Фестивальд бүсийн театрын жүжгүүдийг өргөн толилуулна. Пермь, Ижевск, Зеленоград, Тверь, Кироваас жүжигүүд ирсэн байгаа. Мөн тусгай хөтөлбөрүүд бий. Үүнд Я.Пулинович, С.Баженова нарын манай театр, ажилчдын талаар зохиосон баримтат жүжиг, Д.Волкостреловын “Дайн ба энх өөрийн алхмаар”, В.Рыжаковын “Толстойн бал” жүжгүүд бий. Тулагийн “Октава” үйлдвэрт Елена Ненашевын “Үгийн хүч” гэж сонсгол муутай хүмүүст зориулсан жүжиг тоглогдоно.
-Та 1995 оноос эхлэн музейд эрдэм судалгааны ажилтнаар ажилласан. Таныхаар бол тэрнээс хойш музей хэр өөрчлөгдсөн бэ?
-Миний нүдэн дээр олон чухал үйл явдлууд болсон. Музей өөрийн гэсэн дэд бүтэцтэй болсон- кафе, ресторан, зочид буудал. Музейн бүтцэд Никольско-Вяземск, бага Пирогово, Покровскийн эдлэнт газрууд орсон. Эртний хот Крапивнагийн түүхэн төвийг бид сэргээж байгаа. Козлова Засек, Ясенкийн түүхэн төмөр замын станцыг нээсэн. Энэ хугацаанд ардын урлагийн мастеруудын “Пестрая Поляна” фестиваль, Крапивын фестиваль зохион байгуулагддаг болсон. Долоон жилийн турш “Суутнуудын цэцэрлэг” хэмээх олон улсын арт фестиваль зохион байгуулагдаж байгаад “Толстой” театрын фестиваль болж томорсон. Надад хамгийн их таалагддаг үйл явдал бол Ясная Поляна тосгонд “Шоргоолжны ахан дүүс” хүүхдийн цэцэрлэг байгуулагдан Толстойн багшлах зарчмыг үндэслэн ажилладаг болсон. Тосгонд 10 жилийн өмнө соёлын ордон байгуулагдсан. Тэнд олон сонирхолтой үйл ажиллагаа зохиогддог- лекц, концерт, кино үзүүлбэр, уран бүтээлчидтэй уулзах уулзалт болдог. Өнгөрсөн 25 жилд музей өргөжин тэлж, томоохон музей-цогцолбор болсон. Цаашдаа ч өргөжин тэлж байна. Музейн 100 жилийн ойгоор хоёр салбар нээгдэнэ. Тулагийн музейн хороололд соёл-үзэсгэлэнгийн төв “Л.Н.Т”, Крапивнад өөрөө удирдах музей нээгдэх юм.
-Ойн арга хэмжээний үеэр 2121 онд хойч үеийн музейн ажилчдад хандан уриалга гаргаж, цаг хугацааны капсул тавих төлөвлөгөөтэй байгаа. Зурваст юу байх бол? Та 100 жилийн дараа “Ясная Полянаг” яаж төсөөлж байна?
-Зурвасыг Владимир Толстой бэлдэж, зургадугаар сарын 10-нд хэлсэн. Мэдээж бид 100 жилийн дараа ч гэсэн эдлэн газар Лев Толстойн төсөөлж байснаар, одоо бидний харж байгаа энэ чигээрээ өөрчлөгдөхгүй байгаасай гэж хүсэж байна. Харин музей бол хөгжиж, орчин үеийн болж, үйлчлүүлэгчид сонирхолтой байгаасай гэж хүснэ.
-Музейн ойн дараа, Лев Толстойн 200 жилийн ой болно...
-Тийм ээ, 2028 онд. Бид музейн ойн дараагаас шууд энэ баярыг тэмдэглэх арга хэмжээгээ бэлдэж эхэлсэн. Долоон жил бэлдэнэ, энэ бол их билэг тэмдэгтэй тоо. Лев Николаевич амьдралаа долоон жилээр үелэж, хэмждэг байсан.
Эх сурвалж: www.polit.mn