Б.Хонгорзул: Үүдэл эсийн судалгаа хөгжвөл анагаахын шинжлэх ухаанд олон өөрчлөлт авчирна

2021-04-12
Нийтэлсэн: Админ
 14 мин унших

Б.ЭНХТУУЛ

 

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа  хүргэдэг билээ. Энэ удаа дэлхийн шинжлэх ухааны салбарт хамгийн ирээдүйтэй судалгаа, эмчилгээний дэвшилтэт арга болоод буй үүдэл эсийн эмчилгээний талаар АШУҮИС-ийн багш, “HFS” Үүдэл эсийн клиникийн хамтран үүсгэн байгуулагч, анагаах ухааны доктор Б.Хонгорзултай ярилцлаа.

 

ҮҮДЭЛ ЭС БОЛ БИЕИЙН НӨХӨН ТӨЛЖИХ ЯВЦЫН ГОЛ “НЭГЖ”

 

-Юуны өмнө “Үүдэл эс гэж юу вэ” гэдэгт тодорхой ойлголт өгье.

Хүний биеийн эрхтэн тус бүрт өөрийн гэсэн үүрэг, бүтцэд тохирсон үүдэл эс байдаг. Бидний өдөр тутам эрүүл аж төрөхөд ач холбогдолтой, бидний биеийн олон төрлийн эсийг бий болгодог эсүүд бие махбодид агуулагдаж байдаг. Эдгээр эсүүд нь бидний биед байнга явагдаж байдаг олон шаттай үйл ажиллагааны явцад гэмтсэн, хөгширсөн эсүүдийн оронд шинэ залуу, эрүүл эсүүдийг үүсгэх байдлаар биологийн байнгын процесст оролцож байдаг. Жишээ нь: Арьс гуужиж дахин шинэ арьс нөхөн төлжих. Хэрэв энэ үйл ажиллагаа алдагдвал биед төрөл бүрийн өвчин эмгэг үүсдэг. Үүдэл эс бол бидний биед орших бичил эмч нар гэсэн үг.   

Үүдэл эсийг нэгэн биеийн хөгжлийн аль үед байгаагаас нь хамаарч үр хөврөлийн үе, нас бие гүйцсэн үе гэж хоёр ангилдаг. Эр эм бэлгийн эс нийлж үр тогтсон өндгөн эс бий болж, хүн бүрэлдэх цагаас эхлэн үхэн үхтэл хүнд үүдэл эс гэж байдаг ба эдгээр нь бие махбодын бүх эд эрхтэнг бүрэлдүүлдэг. Үр тогтсоноос хойш эхний 3-4 хоног дахь хугацаандаа бидний биед байгаа бүх эд эрхтэнг үүсгэх чадвартайн дээр бидний биеийн түр эрхтэн гэж нэрлэгддэг эхэс, хүйн судсыг үүсгэдэг. Тэхээр нэг л эсээс бүх эс, эд, эрхтэн бий болж байна гэсэн үг. Тийм болохоор үүдэл эсийг нэг ёсондоо "Эсийн эх уурхай” гэж хэлж болно. 

Орчин үеийн шинжлэх ухаанд үүдэл эсийг эмчилгээнд хэрэглэх зорилгоор хүйн судас-эхэс, өөх, ясны чөмөг болон захын цуснаас гаргаж авч байна.

Захын цус болон ясны чөмөгнөөс гарган авсан үүдэл эс нь цусны өвчнүүдэд хэрэглэгддэг. Сүүлийн үед олон улсад өргөн хэрэглэж буй эрэлттэй арга нь өөхнөөс үүдэл эс гарган авах арга. Энэ нь өвчтөнд зовуурь  багатай. Хоёрт, олдоц ихтэй. Хүссэн үедээ өөхнөөсөө үүдэл эс ялган авах боломжтой. Дээрээс нь эсийн гарц сайн байдаг. Хангалттай тоогоор авахын тулд эдээ ахиу авч болно. Хамгийн гол нь хавдар болох магадлал бага. Эдгээр давуу талуудыг нь харгалзаад өөхний эдээс ялган авсан үүдэл эсийг эмчилгээнд хэрэглэх аргыг Монголдоо нэвтрүүлэхээр бид ч гэсэн хичээн ажиллаж байна.

 

ҮҮДЭЛ ЭСИЙН СУДАЛГАА, ТУРШИЛТ ХӨГЖВӨЛ ОЛОН ӨВЧНИЙГ ЭМЧЛЭХ БОЛОМЖТОЙ

БЛИЦ


 Батчулууны ХОНГОРЗУЛ

БОЛОВСРОЛ: 
•ЕБС: Балтик ахлах сургууль, Өмнөд Дакота муж, АНУ-д Хими-Биологийн гүнзгийрүүлсэн VI дунд сургууль

•2005-2010 он. Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль (одоо АШУҮИС), Био-Анагаахын сургууль. 

•2015 он. Япон улс, Анагаах ухааны илтгэл, мэтгэлцээний сургалт, Жичигийн Анагаах ухааны их  сургууль.  

•2019 он. БНСУ, Үүдэл эсийн эмчилгээ, түүний хэрэглээ мэргэжил дээшлүүлэх сургалт

•2019 он. Монголын Хүний нөөцийн цогц чадамж академи, Хүний нөөцийн сургалт

АЖИЛЛАСАН БАЙДАЛ: 

•2011-2013 он. ЭМШУИС-ийн Эрүүл мэндийн технологийн сургууль, Багш, судлаач. 

•2014-2017 он. Япон, Жичигийн анагаах ухааны их сургууль, Биологи, Гистологийн Тэнхим. Судлаач.

•2017-2020 он. АШУҮИС, Шинжлэх ухаан технологийн газар. Судлаач, мэргэжилтэн

•2019 оноос хойш одоог хүртэл “HFS” Stem Cell Clinic эмнэлгийн эрхлэгч, үүсгэн байгуулагч. 

•2020 оноос хойш одоог хүртэл  АШУҮИС-ийн Био-Анагаахын Сургууль, Гистологийн тэнхимд багшаар ажиллаж байна. 

-Үүдэл эсийн судалгаа, шинжилгээ, эмнэлзүйн туршилтаар дэлхийд тэргүүлэгч орноор АНУ, Япон урд хойноо ороод явдаг. Дээр дурдагдаагүй бас өөр хоёр төрлийн үүдэл эсийг эмчилгээнд хэрэглэх зорилготойгоор туршин судалж байгаа нь үр хөврөлийн хөгжлийн эхний гурав хоногт байдаг эсүүд, мөн таны биеийн аль нэг эд эрхтэнд байгаа эсийг аваад, түүнийг аль нэг чиглэлд нь лабораторын орчинд өсгөвөрлөөд, хувиргаад эмчилгээнд хэрэглэх гэсэн хэлбэрүүд байгаа. Хэдий тийм ч энэ хоёр арга нь ёс зүйн маш олон асуудлыг хөндөж байгаа учир клиникт нэвтрүүлэх арга замд нь олон хаалт үүссэн хэвээр байна.

Дэлхийн олон эрдэмтэд очоод судалгаа шинжилгээ хийхэд хууль, эрхзүйн тааламжтай нөхцөлтэй улсын нэг нь Израйл улс байдаг. Тиймдээ ч олон олон нобелийн шагналтнууд Израйлд өөрийн гэсэн судалгааны баг, лабораторитой байдаг.

 

БНХАУ ҮҮДЭЛ ЭСИЙГ COVID-19 ЭМЧИЛГЭЭНД ХИЙГЭЭД ҮР ДҮНД ХҮРСЭН

 

-Одоогоор дэлхий нийтэд үүдэл эсийн судалгаа шинжилгээний ажлыг дээр дурдсан эмчилгээнд хэрэглэх зорилтот дөрвөн бүлгийнхээ дагуу өргөжүүлэх ажлыг түлхүү хийж байна. Сүүлийн үеийн мэдээллээс сонирхуулахад, COVID-19 цар тахлын үед мезенхимийн үүдэл эс буюу бидний өөх, яс, цус, булчин шөрмөс зэргийг үүсгэж байдаг үүдэл эсээр коронавирусын халдвараар өвдсөн хүмүүсийг эмчилсэн судалгааны ажил 2020 онд хэвлэгдэж гарсан. Энэ судалгаа, эмнэлзүйн шинэ туршилтыг БНХАУ-д хийсэн байдаг. Судлаачид шинэ төрлийн коронавирусээр өвдсөн хүмүүст дархлааны тогтолцоо алдагдах буюу олон хүнд үрэвсэл үүсч, уушгины цулцанд үрэвслийн шингэн хуримтлагдаж, өндөр халуурч, цитокины шуурга буюу цитокин медиаторууд маш ихээр биед ялгарч байгааг олж тогтоосон. Коронавирусээр өвчлөөд стандарт эмчилгээнд ямар нэг сайжрал авахгүй, биеийн байдал улам бүр муудаж байсан хүмүүст мезенхимийн үүдэл эсээр эмчилгээ хийхэд 14 хоногийн дотор MRI, цусны шинжилгээ, бусад бүх дагалдах нарийвчилсан шинжилгээг хянаж үзэхэд, уушгины хүнд хэлбэрийн бүх шинж тэмдэг эдгэрсэн, хэвийн байдалдаа орсон байна. Тийм болохоор эмийн эмчилгээ аваагүй хүмүүст давхар бас үүдэл эсийн эмчилгээг санал болгож болох юм байна гэсэн саналыг гаргасан. Гэхдээ цаашид практикт нэвтрүүлэхэд олон судалгаа хэрэг болно. Ямартай ч энэ эмчилгээг хийсэн хүмүүст одоогоор ямар нэгэн сөрөг шинж тэмдэг ажиглагдаагүй, хэвийн байна гэсэн дүгнэлтийг гаргаад, нийтэд мэдээллээ өгсөн. Мөн түрүүнд яриандаа дурдсанчлан  үүдэл эсийн үндсэн үүрэг бол бидний эд эрхтэн дэх өвдөж гэмтсэн, хуучирч муудсан эсийг шинэ эсүүдээр нөхөн төлжүүлэх юм. Тэр утгаараа  үүдэл  эс бол  нөхөн сэргээх анагаах ухааны гол “түүхий эд” гэж ойлгож болно. Үүдэл эс нь дархлаа тогтолцоо алдагдсан үед дархлааг тогтворжуулж, биеийг эрүүл хэвийн байдалд нь ороход тусалдаг. Тиймээс  олон оронд дархлааг дэмжих  чиглэлээр эмчилгээнд бас өргөн хэрэглэж байна.

 

ҮҮДЭЛ ЭСИЙН ЭМЧИЛГЭЭГ МАШ ТОМ ИРЭЭДҮЙ ХҮЛЭЭЖ БАЙНА

 

-Дэлхийн олон оронд энэ салбар маш эрчимтэй хөгжиж байна. Харин манай улсад орой боловч үүдэл эсийн судалгаа шинжилгээ, эмчилгээний арга барил тодорхой түвшинд хөгжиж байна. Тухайлбал, Монгол Улсад хамгийн анх Улсын нэгдүгээр төв эмнэлэгт  Ардын эмч Н.Оюундэлгэрээр ахлуулсан, түүчээ баг хамт олон ясны чөмөг болон захын цуснаас үүдэл эсийг ялгаж аваад цусны хавдартай хүмүүсийг эмчлэх эмчилгээг нэвтрүүлээд ажиллаж байна. Энэ төрлийн эмчилгээг цусны хав­дар­тай  25-26 орчим хүнд үр дүнтэй, ам­жилт­тай хийсэн гэж бүртгэгдсэн байдаг. Харин сүүлийн үед цар тахал, цаг үеийн байдлаас эмчилгээг хийж бай­гаа эсэхийг сайн хэлж мэдэхгүй байна.

Бидний хувьд, манай судалгаа шин­жил­гээний баг “HFS” үүдэл эсийн клиник эмнэлгээ нээгээд удаагүй байна. Гэсэн ч энэ хугацаанд чамлахааргүй олон хүн эмчилж, үр дүнгээ хянаад явж байна. Манай эмнэлэг дэлхийн анагаахын шинжлэх ухааны хамгийн дэвшилтэт, үр дүнтэй эмчилгээгээр тодроод буй өөхний эдээс үүдэл эс хэрхэн ялгаж авах тухай олон улсад дагаж мөрдөж буй стантартын дагуу үйл ажиллагаа явуулдаг. Энэ чиглэлээр судалгаа шинжилгээ хийж буй чадварлаг баг хамт олныг бүрдүүлсэн. Эс ялгаж авахаас эхлээд эмчилгээний үйл явц дуусах хүртэлх бүх үйлчилгээ, хэрэглэгдэж буй тоног төхөөрөмж гээд бүх зүйл олон улсын холбооны гишүүн эмнэлэг гэдгээрээ дэлхийн түвшинтэй яг ижил буюу Япон, АНУ, Солонгос улстай адилхан. Мөн бид энэ чиглэлээр УНТЭ, “Гурван гал” зэрэг  улсын болон хувийн хэвшлийн эмнэлгийн олон эмч нартай хамтран ажиллаж, судалгаа шинжилгээгээ өргөжүүлээд явж байна. Мөн энэ чиглэлд хамтраад ажиллах мэргэжлийн баг хамт олон, залуу боловсон хүчин, судалгааны төв байвал бидний зүгээс хамтран ажил­лахдаа үргэлж нээлттэй байх болно.

Үүдэл эсийн эмчилгээний үр дүнг харахад, багаар бодоход 1-3 сарын хугацаа шаардагддаг. Манай үйлчлүүлэгчдийн хувьд,  тодорхой үр дүнгүүд  гарсан. Тухайлбал, үе мөчний өвчин, чихрийн шижингийн гаралтай хөлний шарх, архаг шарх, тархины хатингаршил, бэлгийн сулрал, үс халзралт, дотоод шүүрлийн өвчлөл гэх мэт өвчнийг эмчилж байна. Мэдээж, Хятад, Солонгос, Япон, АНУ гэх мэт улс орнуудтай харьцуулахад  үнийн хувьд, 2-5 дахин хямд. Гэхдээ бид аль ч төрлийн өвчний үед хамгийн хүнд буюу өвчин нь сүүлийн шатандаа орж, хүндэрсэн тохиолдолд энэ эмчилгээг хийлгэхийг зөвлөдөггүй. Эмчилгээний тухайд энгийн хүмүүст ойлгомжтойгоор тайлбарлахад, хүний үүдэл эсийг нь ялгаж аваад буцаагаад биед нь суулгана гэсэн үг.

 

МОНГОЛД ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАРТ ЗАРЦУУЛЖ БУЙ ХӨРӨНГӨ ДЭНДҮҮ БАГА БАЙНА

 

-Олон улсад паркинсон, альцгеймер, аутизм зэрэг олон өвчнийг үүдэл эс, генийн эмчилгээний аргаар эмчлэх боломжийг судалсаар байгаа ба одоогоор хамгийн эерэг хариу авч байгаа эмчилгээний аргын нэг байна. Мөн бөөрний эмгэг, элэгний церрозтой хүмүүст энэ эмчилгээг хийхэд өндөр үр дүнтэй гэдэг нь клиник судалгааны үр дүнгээр баталгаажсаар байна. Энэ мэтчилэн орчин үед анагаахын шинжлэх ухаанд хэд хэдэн төрлийн үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээ нь аюулгүй, үр дүнтэй болох нь тогтоогдоод байна. Тухайлбал, Япон улсад элэгний церрозтой хүмүүст, АНУ-д бөөрний дутагдалтай өвчтөнд энэ эмчилгээг түлхүү хийж байна. Цаг хугацааны хөгжлийн явцад манай улсад энэ бүх эмчилгээг хийдэг болно гэж харж байгаа.

Үүдэл эсийн судалгаа шинжилгээг олон талаас нь хөгжүүлж чадвал анагаахын шинжлэх ухаанд маш олон өөрчлөлтийг авчрах боломжтой. Ирээдүйд эдгээр эмчилгээ нь эмээр болон мэс заслын оролцоотойгоор эдгэрэх боломжгүй олон ноцтой, аюултай өвчнөөс салах цорын ганц арга зам болж магадгүй гэдгийг эрдэмтэн судлаачид онцолсоор байгаа юм. Гэхдээ бас бүх өвчнийг өргөс авсан мэт эмчилнэ гэж ойлгож болохгүй. Өвчлөл нь хожуу шатандаа орсон, эмчлэх боломжгүй ч өвчлөл бас бий. Нөгөөтэйгүүр, шинжлэх ухаандаа хөрөнгө мөнгө сайн хаяж байгаа орны эрүүл мэндийн салбар хурдацтай хөгжиж, иргэдийнх нь эрүүл мэндийн баталгаа бүрэн хангагддаг. Жишээ нь, Японы эрдэмтэн Шиняа Яманака 2006 онд нээсэн үүдэл эсийн нээлтээр 2012 онд Нобелийн шагнал хүртсэн. Түүнээс хойш Япон улс үүдэл эсийн эмчилгээ, судалгаа, шинжилгээн дээр маш их хөрөнгө мөнгө хаяж эрдэмтдээ дэмжсэнээр өнөөгийн өндөр түвшинд хүрсэн байдаг.

Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд шинжлэх ухааны салбарт ДНБ-ий гурав хүртэлх хувийг зарцуулдаг. Гэтэл манайд шинжлэх ухааны салбарт зарцуулж байгаа нийт хөрөнгө нь 0.5  хувьтай тэнцдэг, маш бага байдаг. Шинжлэх ухааны салбарт олгож буй санхүүжилт нь тэгш бус хуваарилалттай, нэг салбарт давхардсан санхүүжилтийг их өгдөг гээд шүүмжлэлтэй хандах зүйл их бий. Үүнээс болж юм хийх гэсэн залуу судлаачдад санхүүжилт олддоггүй. Дээрээс нь, энэ чиглэлээр ажиллах мэдлэгтэй, чадвартай эмч нар Монголд байгаа боловч улсын эмнэлэгт ажиллаж байгаа эмч нарын маань ажлын ачаалал их. Судалгаа шинжилгээний ажилд зарцуулах цаг зав хомс. Судалгаа шинжилгээ, клиникийн салбарын хоорондын  уялдаа холбоог сайжруулах гэх мэт  олон асуудалд тодорхой зохицуулалтыг хийгээсэй  гэж боддог. 

Ер нь бол ямар ч улс орон шинжлэх ухааны салбараа эн тэргүүнд тавьж, хөрөнгө оруулалтыг хийдэг. Жишээ нь, одоо COVID-19 цар тахлын үед вакцин гаргаж авахын тулд өндөр хөгжилтэй орнуудын эрдэмтэн судлаачид, шинжлэх ухааны салбарынхан өрсөлдөж байна. Вакцин хамгийн түрүүнд гаргасан улс орон санхүүгийн хамгийн том хөрөнгө оруулалтыг татах боломжтой болж байгааг бид харах хэрэгтэй.

 

НОБЕЛИЙН ШАГНАЛТНУУДТАЙ УУЛЗСАН ЗАЛУУ СУДЛААЧ

 

-Миний хувьд, судлаач, үүдэл эсийн мэргэжилтэн. Үндсэн мэргэжил Био-анагаахын судлаач , Монголдоо Био анагаахын сургуулийг Био анагаахын инженер технологч чиглэлээр төгссөн. Мөн анагаах ухааны магистр болон лабораторын резидент эмчээ Монголд төгссөн. Докторын зэргээ Япон улсын  Жичигийн анагаах ухааны их сургуульд өнчин тархины үүдэл эсийн судлалаар хамгаалсан. Намайг 2013 онд Японд доктор хамгаалах гээд сурч байхад манай танхим өнчин тархийг судалдаг байсан. Тухайн оюутны сонирхлоор судалгааны ажлаа цааш нь нарийн задлаад судлаад явах боломжтой байдаг. Тэгээд 2012 онд Японы эрдэмтэн Шиняа Яманака Нобелийн шагнал хүртсэн. Дээрээс нь  манай улсад  энэ чиглэлийн судалгаа сайн хөгжөөгүй байсан учраас үүдэл эсийг сонгож судлахаар шийдсэн. Клиникийн түвшинд, эмчилгээнд үүдэл эсийг хэрхэн яаж ашиглах вэ гэдэг нарийн сургалтаа Солонгост дүүргэсэн. Тэгээд 2018 онд эх орондоо ирээд Японд хийсэн судалгааныхаа ажлаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын нэрэмжит залуу эрдэмтэн, судлаачийн шагналыг хүртэж байсан. Мөн тэр жилдээ буюу 2018 ондоо Герман улсад болсон Нобелийн шагналтнуудтай уулзах арга хэмжээнд эх орноо төлөөлөн оролцсон хоёр судлаачийн нэгээр шалгарсан. Энэ арга хэмжээ жил бүр зохион байгуулагддаг. Миний оролцсон жил “Анагаах ухаан, Физиологи”-ийн чиглэлээр болсон. Тухайн салбарт судалгаа шинжилгээ хийдэг залуус анкет бөглөөд, тэр дундаас нь шалгаруулдаг. Дэлхий 200 гаруй орноос 20-30 мянган залуу эрдэмтэд бүртгүүлснээс 600 залуу судлаач оролцох эрхээ авсан байдаг. Энэ арга хэмжээний үеэр Нобелийн шагналтнуудтай уулзах, сургалтад суух, санал солилцох боломж олддог. Миний оролцсон жил түүхэндээ хамгийн олон буюу 40 гаруй Нобелийн шагналтнууд оролцсон уулзалт болсон. Залуу судлаачийн хувьд үүнийг маш том боломж байсан гэж бодож, талархаж явдаг. 

Одоо миний бие АШУҮИС-д эд судлалын хичээл заадаг. АШУҮИС-д багшлахаас гадна сурсан, мэдсэн зүйлээ Монголынхоо хөрсөнд буулгахаар “HFS” Үүдэл эсийн клиник эмнэлгийг үүсгэн байгуулаад, үүдэл эсийн клиник лабораторийн эрхлэгчээр давхар ажиллаж байна. Ямартай ч нэг үеэ бодвол залуу судлаач, эмч мэргэжилтнүүдэд энэ чиглэлээр судалгаа шинжилгээ хийх лабораторын орчин нөхцөл бүрдэж байна гэж харж байна. Нөгөөтэйгүүр, эрүүл мэндийн салбарт анагаах ухааны шинэ ололт амжилт олон байгаа ч гэсэн иргэдийн хувьд, эрүүл мэнддээ тавих анхаарал халамж тун тааруухан байна. Монголчуудын маань дийлэнх нь өвчин нь хүндрээд сүүлийн шатандаа орсон үед нь эмнэлгийн хаалга татдаг. Гаднын өндөр хөгжсөн орнуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ маш чухалд тооцогддог. Өвдөөд эдгэшгүй болтлоо явахаас өмнө ямар ч өвчнийг эрт үед эмчлүүлбэл эдгэрэх бүрэн боломжтой. Тиймээс иргэд жилд нэг удаа эрүүл мэндийн бүтэн үзлэгт хамрагдаж, эрүүл мэндийн байдал, өвчлөлийн явцаа хянадаг байгаасай гэж зөвлөмөөр байдаг. Учир нь, 2017 онд Монголдоо ирснээс хойш таньж мэдэх хүмүүсээр дамжуулан олон хүн надаас гадагшаа эмчилгээнд явах талаар  асууж, мэдээлэл өгөөч гэдэг байсан. Олон гэр бүл, эцэг эхчүүд үүдэл эсийн эмчилгээ хийлгэх гээд гадагшаа явдаг. Энэ утгаараа манайд хэрэгцээ, шаардлага их байна Тиймээс мэргэжлийн хүний хувьд,  эмчилгээнд явах иргэдээ мэдлэгтэй, мэдээлэлтэй байгаасай гэж хүсдэг.  Дутуу дулимаг мэдээлэлтэй очоод, буруу эмчилгээ хийлгээд эрүүл мэнд, эдийн засгаараа хохироод ирж байгаа хүн олон байна. Тиймээс гадаад, дотоодод энэ төрлийн эмчилгээ хийлгэх бол мэргэжлийн хүний хувьд, зөвлөгөө өгөх, шаардлагатай, найдвартай эмнэлгийг нь судалж, холбож өгөхөд бэлэн байдаг шүү гэж хэлмээр байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.4.12 ДАВАА № 73 (6550)

 

Танилц: Төв цэнгэлдэхийн газраас шилжүүлж авсан компаниуд ХЭН бэ

Танилц: Төв цэнгэлдэхийн газраас шилжүүлж авсан компаниуд ХЭН бэ

57 мин
“...Монгол Улсын иргэн Т.Чимгээг эрүүдэн шүүж С.Зоригийг хөнөөсөн хэргийг үүрүүлсэн” гэх хэрэг олон улсад үүсэх үү?!

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч, Ерөнхий сайдад нэр дэвшээд байсан С.Зоригийг 1998 оны аравдугаар сарын 2-нд хэрцгийгээр хөнөөсөн хэрэг илрэлгүй 26 дахь жилдээ ороод байна. 

4 цаг 27 мин
Хийж бүтээснээрээ овоглогдоно гэдэг эрхэм сайхан

Хийж бүтээснээрээ овоглогдоно гэдэг эрхэм сайхан

21 цаг 3 мин
“Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардуулав

“Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардуулав

21 цаг 6 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв

21 цаг 11 мин
Д.Ганбат: Би Зүүнбаянд гурван жилийн цэргийн алба хааж, УИХ-д сонгогдсон хүн

Д.Ганбат: Би Зүүнбаянд гурван жилийн цэргийн алба хааж, УИХ-д сонгогдсон хүн

22 цаг 20 мин
“Цэрэг” нэртэй 14, “Цэргийнбаяр” нэртэй хоёр хүн байна

“Цэрэг” нэртэй 14, “Цэргийнбаяр” нэртэй хоёр хүн байна

23 цаг 59 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол цэргийн өдөр”-ийн мэндчилгээ дэвшүүлэв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол цэргийн өдөр”-ийн мэндчилгээ дэвшүүлэв

Өчигдөр 11 цаг 20 мин
ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд дөрвөн нэр дэвшигч өрсөлдөж байна

ОХУ-ын ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуульд энэ жил гурван өдөр буюу гуравдугаар сарын 15-17-ны хооронд үргэлжилж байна.

Өчигдөр 09 цаг 17 мин
Амьдралаас алдсан жилүүд буюу хэнэггүй монгол эрчүүд

Эрэгтэйчүүдтэй холбоотой цөөн тоо баримт сөхөхөд л хэнэггүй зан нь хэтэрхий дэндсэнийг ойлгоно. Эрчүүд эмэгтэйчүүдээс 10 шахам жилээр богино насалж, хоёр эрэгтэй тутмын нэг нь тамхи татаж, архи уудаг.

Өчигдөр 09 цаг 11 мин