• Зууны мэдээ сонин онлайн захиалга

Ц.Төрбат: Археологийн олдворыг алт, мөнгөөр хэмждэг цаг үе өнгөрсөн

2021-03-23 07:00

Г.ХУЛАН

 

Монголын археологчдын холбооны УЗ-ийн дарга, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн Хүрэл төмрийн үеийн судалгааны салбарын эрхлэгч, доктор, профессор Ц.Төрбаттай ярилцлаа.

 

-Дэлхий нийтээр цар тахалтай нүүр тулж байна.  Археологийн салбар нэлээд үр бүтээлтэй байлаа.  Ховор олдворуудын талаар сонирхуулахгүй юу?

-Археологчдын хувьд нэлээд өвөрмөц нөхцөл байдалтай болж өнгөрлөө. Учир нь цар тахлын улмаас олон улсын төслүүдтэй хамтран ажиллаж чадсангүй. Дотоодын санхүүжилт дээр тулгуурласан жил болсон гэж үзэж болно.  Тиймээс 2020 онд зөвхөн хоёр судалгааг шилдгээр шалгаруулсан байгаа.  Хүннүгийн Луут ордныг Улаанбаатарын их сургуулийн багш доктор Т.Идэрхангайн удирдсан баг нээсэн.

Луут ордон нь Архангай аймгийн Өлзий суманд байдаг. Хүннүгийн хааны зуны ордон байжээ.  Тус ордны дээврийн нүүр ваарнууд дээрх бичээс дурсгалынхан шинж чанар нь маш сайн тодорхойлж өгсөн нь гайхамшигтай тул манай улсын хэмжээнд хийгдсэн археологийн томоохон нээлт юм. Хоёр шилдэг судалгаа нь мөн л Архангай аймагт хийгдсэн байгаа. Археологийн хүрээлэнгийн доктор А.Энхтөр ахлагчтай судалгааны багийнхан төмөр зэвсгийн түрүү үеийн маш сонирхолтой дурсгалыг Тамирын голын хөндийд нээсэн. Төмөр зэвсгийн түрүү үеийн судалгаа гэхээр ихэвчлэн Баруун Монголд байдаг Чандмань-Сагилын соёл, Пазырыкийн соёл, Төв ба Зүүн Монголд тархсан дөрвөлжин булшны соёлыг л сайн мэддэг байсан. Гэтэл аль ч соёлд багтахгүй цоо шинэ төрлийн дурсгал, сонирхолтой баялаг эд өлгийн зүйлс илэрсэн нь чухал нээлт болсон. Энэ нь төмөр зэвсгийн түрүү үеийн археологийн судалгаанд цоо шинэ үзэгдэл болсон учир өнгөрсөн оны археологийн шилдэг нээлтийн хоёрдугаар байрт орсон. Мөн өөр олон чиглэлээр судалгаа явагдсан байна. Төрөөс шинжлэх ухаан технологийн сангаар хэрэгжүүлж байгаа санхүүжилтээр хэрэгждэг төслүүдийн хүрээнд хэрэгжсэн олон ажлын дотор хадны зургийн судалгаануудыг онцлоё. Нэг судалгааг дурдвал Говийн бүс нутагт хийж байгаа чулуун зэвсгийн үеийн хадны зургын маш сонирхолтой судалгаа байна. Яагаад гэвэл, Монголын хадны зургийн 90 гаруй хувь нь хүрэл зэвсгийн үед холбогддог. Он цагийн хувьд одоогоос 5 мянган жилийн өмнөөс эхэлсэн. Гэтэл 5000 жилийн өмнөх чулуун зэвсгийн үеийн хадны зургууд дэлхийд маш ховор байдаг юм. 

-Археологийн шинжлэх ухааны ач холбогдлыг яаж тодорхойлох вэ?

-Археологи бол Монголд харьцангуй залуу шинжлэх ухаан. Монголд анхны археологийн судалгаа 1870-аад онд хийгдсэн байдаг.  Үүнээс хойш 150 жил өнгөрч байна. Харин үндэсний боловсон хүчин бүрдээд 70 орчим жил болж байна. Бидний зорилго хүний бичигдмэл түүхгүй цаг үеийг судлах юм. Бичигдмэл түүхийн хамрах хүрээ хязгаарлагдмал, хамгийн эртний бичигдмэл сурвалж 5000 жилийн тэртээд бий болсон гэж үздэг. Үүнээс манай улсад холбоотой хамгийн эртний бичигдмэл эх сурвалж одоогоос 2500 жилийн өмнө холбогдож байгаа. Түүнчлэн хэдийгээр бичигдмэл эх сурвалжуудтай боловч аж ахуй, урлаг соёл гэх олон асуудлуудыг бичигдмэл сурвалжаар бүрэн тодорхойлж чадахгүй. Тийм учраас эртний ба дундад үеийг судлахад заавал археологийн сурвалж голлох байр суурийг эзэлдэг. Археологи нь нэг талаасаа эд өлгийн зүйл дээр тулгуурлаад түүхийг бичихэд гол хэрэгсэл болдог тул түүхтэй зэрэгцэн оршдог.

-Монголын археологийн  шинжлэх ухаан олон улсынхаас юугаараа  онцлог ялгаатай вэ?

-Заримдаа хамгийн жижиг, энгийн булшнаас хүртэл урд өмнө огт илэрч байгаагүй олдвор олддог. Жишээлбэл, 2015 онд манай судалгааны багийнхан Дорнод аймгийн Хөх нуурын эрэгт малтлага хийж илрүүлсэн нэг булш бий.  Дөрвөн метр орчим голчтой хавтгай чулуунд дараастай булш байсан. Тэрхүү булшнаас нэлээд муудаж эвдэрсэн оршуулга илэрсэн нь хажуудаа жижигхэн хэмжээний дөрөөтэй, мөн л болхи хийцийн шавар ваартай, төмөр хутганы хэлтэрхийтэй маш энгийн булш байсан. Уг дурсгалын он цагийг  радиокарбоны гэж нэрлэдэг цацраг идэвхтэй нүүрстөрөгчийн аргаар тогтооход Жужаны үеийнх болж байгаа юм. Жужаны үеийн дурсгал Монголд гарын таван хуруунд багтахаар маш ховор байдаг. 150 жилийн турш Монгол нутагт улсаа байгуулж, монголчуудын өвөг дээдэс болсон жужанчуудыг яг хэн юм гэдгийг мэдэхгүй. Генетикийн судалгаа хийе гэхээр жужанчуудын булш, яс нь байхгүй учраас манай археологид цагаан толбоор тэмдэглэгдсэн байсан юм. Мөн уг дурсгалаас гарсан 15 сантиметр өндөртэй дөрөө нь манай улсад олдсон хамгийн эртний дөрөө. Дөрөө гэдэг адуу мал эдлэх соёлтой холбоотой нүүдэлчдийн бүтээсэн маш чухал хувь нэмэр юм. Хүннүчүүд агуу их нүүдэлчин ард түмэн байсан боловч дөрөөгүй байсан. Хүннүчүүдтэй нэг цаг үед байсан ромчууд ч бас дөрөө хэрэглэдэггүй байсан. Хамгийн анх дөрөөг сяньбичууд үүсгэсэн гэж үздэг. Нууц товчоо  III зууны эхээр анхны дөрөөнүүд гарч ирсэн. Монголоос олдсон хамгийн эртний дөрөө бол Хөх нуурын булшнаас гарсан дөрөө юм. Энэ нь дөрөө гэх адууны том соёлын эхлэл Монгол нутагт хамаатай гэдгийг харуулж байгаа юм. Монголчуудын өвөг дээдэс хүн төрөлхтөний соёл иргэншилд оруулсан хувь нэмэр дотор адууны соёлыг их ярьдаг. Адууг унаж, эдлэх соёлд монголчуудын өвөг дээдэс чухал үүрэг гүйцэтгэсэн. Дөрөөг тал нутгаас гаралтай гэж батлахад Хөх нуурын олдвор их чухал баримт болж байгаа юм. Ийм учраас нэг булшнаас жижиг, том алт мөнгө гарсан, гараагүй гэж ялгадаггүй, олдвороос гарсан хүний болон малын ясны дээж болгон бидэнд үнэ цэнэтэй. Хуучин бол том булш малтаад ихээхэн алт гаргаж ирэхэд мундаг том нээлт гэж боддог байсан бол одоо бол нээлтүүдийг харах өнцөг өөр болж байна.

-Манай улс хосгүй үнэтэйд тооцогдох олдвороо хэрхэн хамгаалдаг вэ?

-Соёлын яамнаас баталсан хосгүй үнэт олдворын жагсаалт бий. Жагсаалтаа нэмэгдүүлэх шаардлага байгаа. Учир нь жагсаалт гарснаас хойш сүүлийн үед олон олдвор, хэрэглэгдэхүүн гарч ирж байгаа тул олдворуудоо нэмэгдүүлээд, баяжуулаад явах ёстой. Газрын хэвлийгээс гарсан бүх баялаг төрийн хамгаалалтад байгаа.

-2019 онд Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутаг “Хориг” хэмээх газар мөнх цэвдэгт тэс хөлдүү гурван ваар өрөм, ваар шар тос олж археологийн түүхэнд нэн ховор олдвор олдсон. Гэвч эдгээр булшийг тонуулчдад тоногдсон байсан гэсэн. Ер нь ганц энэ тохиолдол ч биш өөр зөндөө тоногдсон олдворууд байдаг байх?

-Тонуулын цар хүрээ ямар хэм хэмээнд хүрээд байгаа түвшнийг хүмүүс төсөөлж чадахгүй байгаа. Хүмүүсийн төсөөлж байгаагаас хэдэн зуу дахин их. Хаа очно нэг булш тончихсон, хаана  ч очсон нэг дурсгалыг сүйтгээд хаячихсан байдаг. Үүний ард  асар их сүлжээнүүд байгаа. Энэ асуудлын шийдлийг сайн мэдэж байгаа хүн байхгүй гэж бодож байна. Гэхдээ шийдлийг зайлшгүй, цаг алдалгүй олох шаардлагатай. Ганц жишээ хэлэхэд эрүүгийн цагдаагийн газарт соёлын өвийн эсрэг гэмт хэргийн талаар ажилдаг ганцхан хүн байдаг. Юу гэсэн үг вэ гэхээр энэ асуудалд бид дээд зэргээр бага анхаарч байгааг харуулж байна.

-Бид даяаршлын нийгэмд амьдарч байна.  Улсын маань өв соёл, уламжлалын дархлаа суларч байгаа талаар зарим эрдэмтэд байр сууриа илэрхийлдэг. Та энэ тал дээр байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Даяаршлын хажуугаар соёлын ондоошил гэж бий. Нэг хэсэг даяаршил дэлхий даяар чухалчлагдсан бол сүүлийн хэдэн жилд яг эсрэгээрээ үндэсэрхэг үзэл, ондоошлын хандлага давалгааллаа. Энэ нь даяаршлын сөрөг нөлөөлөлд үзүүлж байгаа зүй ёсны хариу үйлдэл байх. Хүмүүс даяаршлын системд байгаа хамгийн хүчтэй соёлд уусах үзэгдэл бий болчихоод байна. Үүнээс үүдэж үндэстнүүд, угсаатны бүлгүүд өөрийнхөө онцлогийг алдаж эхэлж байна. Энэ асуудал нь цаашлаад аливаа улсын соёл, тусгаар тогтнол хэврэгших эрсдлийг үүсгэж байгаа юм. Ийм нөхцөлд үндэстэн бүр, тэр дундаа монголчууд өөрийнхөө өвөрмөц онцлогийг хөгжүүлэх нь маш чухал ч үндэсэрхэг үзлээс ангид байх нь мөн л чухал. Нэг талд бид нар онцгойрч байна гээд дэлхийн бусад үндэстнээс илүү дээгүүр, бусад үндэстэн доод гаралтай гэдэг үзэл тавигдах л юм бол нацизм болчихно. Тймээс үндэснийхээ онцлогийг гаргаж үндэснийхээ соёлыг хөгжүүлэх ба бусдаас илүү дээд үндэстэн гэж үзэх хоёрыг маш сайн зааглаж өгөх хэрэгтэй.  Соёлын бүтээн байгуулалт бидний зүрх сэтгэлд байх ёстой. Соёл бол зөвхөн хүнд байгаа нийгмийн үзэгдэл. Хүн бол тухайн бүлэгт, угсаатан, үндэстэнд харьяалагдах харьяалалд цусаараа биш соёлоороо байдаг. Тухайлбал африк монгол гаралтай холимог гэр бүлээс гарсан хүн байлаа гэж бодоход тэр хүн цусны хувьд холимог хэдий ч өөрийгөө монгол гэж бодож байвал тэр хүн монгол болно. Учир нь тухайн хүн соёлын хувьд өөрийгөө монгол хүн гэж тодорхойлж байгаа учир монгол хүн юм. Соёл бол бидний дотор байдаг зүйл. Иймээс соёлын бүтээн байгуулалт мөн бидний зүрхэнд босох ёстой болохоос биш сум болгонд соёлын шинэ ордон барих нь  соёлын бүтээн байгуулалт биш зөвхөн гадаад үзэгдэх байдлын нэгхэн хэсэг төдий юм.

-Томоохон судалгааны ажлууд ямар хөрөнгө оруулалттай явагддаг вэ. Төрөөс дэмждэг үү?

-Томоохон хэмжээний малтлага хийхэд хоёр том зардал байдаг. Нэг дэх зардал нь хээрийн зардал. Малтлага хийх үед олон туслах ажилтан, техник хэрэгслийн зардал гэх мэтээр маш их зардал гарна. Томоохон малтлагын зардал зуун саяас буухгүй. Гэтэл Монголоос яг зуун сая төгрөг гаргаад санхүүжүүлсэн тохиолдол ховор. Ихэвчлэн гадаадын мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж, санхүүжилтыг гадаадынхнаар шийдүүлдэг. Ойрын жилүүдэд ч энэ хандлага өөрчлөгдөхгүй байх. Манай төрөөс сүүлийн үед эртний соёлоо судлан шинжлэхэд илүүтэй анхаарч байгаа боловч томоохон хэмжээний санхүүжилт шийдсэн тохиолдол маш ховор хэвээр байна. Товчхондоо амлалт их байгаа боловч үйлдэл ховор байна. Гэхдээ миний бодлоор одоогийн цар тахлын үеийн эдийн засгийн хүндрэлтэй үед заавал бүх юмыг өөрсдөө санхүүжүүлэх гэж оролдох нь тийм ч оновчтой биш байх. Нүүдлийн соёл иргэншлийн түүх нь өөрөө дэлхийн хэмжээний соёлын судалгааны түлхүүр асуудлын нэг юм. Энэ глобал асуудлыг судлах хүрээнд дэлхийн шилдэг эрдэмтэдтэй бид хамтраад судалгаа хийгээд явах нь зүй ёсны үзэгдэл. Харин бид нэг зүйлийг өөрсдийнхөө гар дээр авах ёстой. Энэ бол аналитик чадвараа нэмэгдүүлэх асуудал юм. Аналитик чадвараа нэмэгдүүлэхэд нэгдүгээрт мэргэжлийн боловсон хүчин, хоёрдугаарт, лабораторийн бааз дутмаг байна. Үүнийгээ бид хөгжүүлэхгүй бол гадаадын хамтран ажиллагсдынхаа эрхэнд яваад байгаа юм. Үүнтэй холбогдуулж хэлэхэд археологийн судалгааны хоёр дахь зардал нь лабораторийн анализын зардал юм. Жишээ нь 50 булш малтлаа, нэг том дурсгал дээр таван жил ажиллалаа гэхэд үр дүнд нь 40 дээж яс гарч ирлээ гэж төсөөлье. Энэ хэрэглэгдэхүүн дээр тулгуурлан маш олон төрлийн анализ хийж болно. Хээрийн болон лабораторийн судалгааг нь санхүүжүүлээд өөрсдөө гардаж хийж байгаа гадаадын хамтрагчид маань хэвлэгдэж гарч байгаа өгүүлэл дээр нэгдүгээр зохиогч байхаас яах билээ. Ямар ч аргагүй, бидний оролцооны мөн чанар үр дүн ийм л байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.3.23 МЯГМАР № 56 (6533)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.