АТГ: Хотын төслүүдтэй холбоотойгоор найман хүнийг эрүүгийн хэрэгт татаж, гурван хүнийг цагдан хорьсон 

1 цаг 9 мин
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Ч.БЯМБАХАЖИД, Т.БАТЦЭЦЭГ

 

"Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал" ерөнхий хяналтын сонсгол өчигдөр төрийн ордонд эхэллээ. Энэ удаагийн сонсголоор Х.Нямбаатарыг нийслэлийн Засаг даргаар томилогдсоноос хойших хугацааны төсвийн зарцуулалтын мэдээллийг сонсож байгаа юм. Хоёр өдрийн турш үргэлжлэх ерөнхий хяналтын сонсголыг УИХ-ын гишүүн Ж.Золжаргал даргалж байгаа юм.

Өчигдрийн сонсголд оролцохоор 100 гаруй хүн бүртгүүлсэн байна.

Энэ үеэр Сангийн сайд З.Мэндсайхан "Монгол Улсын төсвийн бодлого ба нийслэлийн төсвийн уялдаа, санхүүжилтийн эх үүсвэр, хууль тогтоомжид нийцсэн эсэх болон анхаарах асуудал 2024-2026 он" сэдвээр илтгэл танилцууллаа.

З.Мэндсайхан: Хотын төсвийн алдагдал нэмэгдэж байгаа нь улсын төсвийн тогтвортой байдлыг алдагдуулж байна 

 

-Улсын төсөв нь санхүүгийн дэмжлэг төвлөрүүлэх орлого, ААНОАТ,орон нутгийн хөгжлийн сан, дамжуулан зээл, хөрөнгө оруулалт гэсэн үндсэн таван чиглэлээр улсын төсөв нийслэлийн төсөвтэй харьцаж байна. Гэхдээ улсын төсөв орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх чиг үүргийг тодорхой заагаагүй байдаг.  Нийслэл Улаанбаатар хот улсын төсөвт төвлөрүүлэх орлого гэвэл 2021 оноос Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсантай холбоотойгоор өөрчлөлт орсон. Өмнө нь төвлөрүүлэх орлогын суурь орлогын харьцаа улсын төсөв 43.2 хувь байсан бол 7.5 болсон байна. ААНОАТ-ыг улсын төсөвт төвлөрүүлээд 40 хувийг нь нийслэлд буцаан олгож байгаа. Суурь орлого болон ААН-ийн орлогын өсөлт, нийслэл дэх тэлэлтийг авч үзвэл, 2026 онд нийт орлого төвлөрүүлэлт 2.4 их наяд буюу суурь орлого өссөн байгаа. Үүн дээр нэмэх нь 1.1 их наяд буюу нийтдээ 3.4 их наядын орлого нийслэл дээр төвлөрч байна. Үнэт цаас болон зарлагын хэмжээ 2.6 их наяд байна. Орон нутгийн хөгжлийн сангаас нийслэлийн хүн амын тооноос хамааран 42.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг улсын төсвөөс нийслэлд олгож байна. Нийслэлийн төсвийн орлого 2025 оны гүйцэтгэлээр 3.8 их наяд төгрөгт хүрч өмнөх оноос 24 хувиар өссөн. Нийслэлийн орлогын бүтцийн хувьд ХХОАТ, ААНОАТ нь нийслэлийн

Орлогын 70 Орчим хувийг бүрдүүлж байгаа нь нэгдсэн төсвийн 40 орчим хувиас өндөр үзүүлэлт бөгөөд нийслэлийн орлого хөдөлмөр эрхлэлт, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд суурилсан татварын баазад илүү төвлөрснийг харуулж байна.

Харин нийслэлийн төсвийн зарлага 2025 оны гүйцэтгэлээр 4.5 их наяд төгрөгт хүрч өмнөх оноос 32 хувиар өссөн байна. Нийслэлийн төсвийн алдагдал 2026 оны төлөвлөгөөгөөр -2.4 их наяд төгрөгт хүрч, нэгдсэн төсвийн алдагдлын 232.8 хувьтай тэнцэхээр байна.

Нийслэлийн төсвийн алдагдал сүүлийн жилүүдэд нэмэгдэж, нэгдсэн төсвийн тогтвортой байдлыг алдагдуулж байна. Нийслэлийн төсвийн алдагдал 2024 оноос огцом өсөж, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдалд эзлэх хувь 2024 онд 29.5 хувь, 2025 онд 68.1 хувь болсон бол 2026 оны төлөвлөгөөгөөр алдагдал 2.4 их наяд төгрөгт хүрч, нэгдсэн төсвийн алдагдлын 232.8 хувьтай тэнцэж байна.

Хотын төсвийн алдагдал нэмэгдэж байгаа нь улсын төсвийн тогтвортой байдлыг алдагдуулж байна. Нийслэлийн гаргасан бонд, дотоодын үнэт цаасны төлөлтөд эрсдэл үүсвэл нийслэл биш Засгийн газар төлнө. Энэ нь улсын төсөвт маш том ачаалал болж орж ирэхээр байгаа. Одоогийн байдлаар нийслэл 2.5 их наядын гадаад болон дотоодын үнэт цаас гаргаад байна.

АТГ-аас нийслэлийн хөрөнгө оруулалтын төслүүдийн асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явагдаж буй талаар АТГ-ын Дэд дарга Г.Азжаргал дараах мэдээллийг өглөө.

 

Г.Азжаргал: Тодорхой  санхүүжилт олгоод буй төслүүд дээр шалгалтын ажил явагдаж байна

 

-Улсын Ерөнхий прокурорын тушаалаар 2026 оны тавдугаар сарын 19-ний өдөр гурван байгууллагын хамтарсан ажлын хэсэг гарч шалгалтын ажил явуулж байгаа.

Үүнээс 2.3 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий Туулын хурдны зам төсөл, арга хэмжээний тендер сонгон шалгаруулалт, түүнийг санхүүжилт олгохдоо нийтийн албан тушаалтнууд Эрүүгийн хуулийн тусгай хуулийн 22 дугаар бүлэгт заасан гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй.

Нийт 24 төсөл байгаагаас  11 төсөлд нь санхүүжилт олгогдоогүй, 13 төсөлд нь тодорхой хэмжээний санхүүжилт олгоод буй төслүүд дээр шалгалтын ажил явагдаж байна. Нийт шалгалтын явцад төсөл хөтөлбөртэй холбоотойгоор 30 дансны нийт 2.6 их наяд төгрөгийн дансны зарлагын гүйлгээг прокурорын зөвшөөрлөөр хязгаарласан. Одоогийн байдлаар найман хүнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан, гурван хүнийг цагдан хориод байна.

Прокурорын байгууллагаас хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтад зарим мэдээллийг өгөх зөвшөөрөл олгогдоогүй байна.

 

УИХ-ын гишүүн Б.Цогтбаатар:  Эмээлт эко аж үйлдвэрийн парктай холбоотой асуудалд хариулт авъя 

 

-Эмээлт эко аж үйлдвэрийн парк дээр олон ажил хийгдэж байна. Үүнтэй холбоотойгоор Хөгжлийн банканд MBO гэдэг компанийн зээл МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатартай холбогддог. Нийслэлтэй бас холбогддог. Нийслэл хотын махны хэрэгцээг нийлүүлэлтийн тасалдалтай хамааралгүйгээр зохицуулахаар энэ компанийн асуудал явсан. Гэтэл зээлийг нь олгоно гэж байсан албан тушаалтнууд нь албан тушаал ахиад явчихдаг. Хэрэгжүүлнэ гэж байсан компани нь хууль шүүхийн хаалга татаад явж байгаа. Энэ дээр тодорхой хариулт өгнө үү?

- Эмээлт аж үйлдвэрийн паркийн Гүйцэтгэх захирал Б.Мягмар:

-Улаанбаатар хотын суурьшлын бүс болох ХУД-ийн 20-р хорооны 30.25 га газарт арьс ширний үйлдвэрүүд төвлөрч, тус орчимд хөрсний бохирдол ихээр үүссэн тул зайлшгүй үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэх асуудал хөндөгдсөн.

Үүнтэй холбоотойгоор Эмээлт аж үйлдвэрийн парк дэд бүтцийн ажлаа эхлүүлэхээр арьс ширний үйлдвэрүүдийн нүүлгэн шилжүүлэлтийн ажлыг зэрэг явуулах зорилт тавьж байна. Одоогийн байдлаар 28 арьс ширний үйлдвэр ХУД-ийн 20-р хороонд байгаа. Үүнээс найман арьс ширний үйлдвэртэй нэгжийн гэрээ болон газар ашиглах гэрээ байгуулсан. Махны чиглэлээр хоёр ААН, дайвар бүтээгдэхүүний чиглэлээр хоёр ААН, ноос ноолуурын чиглэлээр нэг үйлдвэр гэрээ байгуулан ажиллаж байна.

Манайд Хөгжлийн Банктай холбоотой асуудал байхгүй. Нийслэлийн төсвөөр явж байгаа. Нийт 475 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатайгаас 225 тэрбум төгрөгийн нийслэлийн төсвөөр шийдвэрлээд үлдсэн 179 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг хаанаас шийдвэрлэх талаар нийслэлийн удирдлагууд болон салбарын яамтайгаа хамтарч ажиллаж байна.

 

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: ТУЗ болон гүйцэтгэх удирдлагад байдаг компанидаа төсөв баталж өгөөд байгаа нь зөв үү?

 

-Бид нийслэлийн мега төсөлтэй холбоотой бүтээн байгуулалтуудад хөрөнгө оруулалттай холбоотой сонсгол хийж байна. Энэ бүхэнд 45 төлөөлөгчийн чинь 43 нь оролцчихсон байна. Татгалзсан найман тохиолдол л байна. Цагаан дээр хараар бичсэн хуулийг НИТХ тэр чигт нь зөрччихсөн байна.

Нэгдүгээрт, барилгыг хувийн хэвшлийнхэн барьж чадахгүй гэх дүгнэлт гарсан юм уу. 80 компанийн чинь хийж байгаа ажлыг хувийн хэвшлийнхэн хийж чадахгүй гэх дүгнэлт гарсан уу. Ийм дүгнэлт гарч байж хууль хэрэгжих нөхцөл бүрдэх үү. Ер нь өмнө нь ийм дүгнэлт гарсан байна уу. Та юу гэж бодож байна вэ.

Хоёрдугаарт, Энгийнээр хэлэхэд 45 хүн сууж байгаад өөрийнхөө компанид төсөв баталж өгөөд суугаад байгаа юм. ТУЗ болон гүйцэтгэх удирдлагад байдаг компанидаа төсөв баталж өгөөд, ажил өгөөд байгаа юм.  Энэ нь зөв үү, буруу юу.  Уг нь хуульд болохгүй гээд заачихсан. Гэтэл нийслэл нь өөрөө өмчтэй байхыг зөвшөөрчихсөн гэж байгаа юм. төсөв баталж тодорхой шийдвэр гаргаж байгаа компаниуд дээр ашиг сонирхлын зөрчил үүснэ гэсэн дүгнэлт гаргасан уу гаргуулаагүй юу.

Яг энэ асуудал дээр АТГ юу гэж бодож байна. Зөв үү буруу юу?

 

Хотын дарга Б.Пүрэвдагва: Нийслэл өөрөө барилга бариад байгаа тохиолдол байхгүй

 

-Томилгоотой холбоотой асуултад томилгоо бүр дээр АТГ-аас дүгнэлт гарсны дараа шийдвэр гаргадаг. Тэгэхээр зөрчилтэй, зөрчилгүй гэдгийг бид тодорхойлохгүй. Дүгнэлт ирсний дараа томилгоо хийж байгаа учраас бид нар зөрчилгүй гэж үзэн томилгоо хийдэг. Одоогоор нийслэл өөрөө барилга бариад байгаа тохиолдол байхгүй. Энэ төсөл хөтөлбөрүүд тэр чигээрээ Төсвийн тухай, Тендерийн тухай хуулиар зохицуулагдаж явдаг. Сэлбэ дэд төв дээр аваад үзэхэд нээлттэй сонгон шалгаруулалтаар 113 блок, 8575 байрыг долоон гүйцэтгэгч компани хийж байгаа жишээтэй. Бусад Шар хад дэд төв, Баянхошуу дэд төв бүгдээрээ л хувийн компаниуд нээлттэй сонгон шалгаруулалтаар худалдан авах ажиллагаанд шалгараад ажиллаж байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 16. МЯГМАР ГАРАГ. № 113 (7855)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
АТГ: Хотын төслүүдтэй холбоотойгоор найман хүнийг эрүүгийн хэрэгт татаж, гурван хүнийг цагдан хорьсон 

"Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн б

1 цаг 9 мин
Төр аргадах тусам төсөл гацаагчид “гэдийдэг”-ийг Халзанбүрэгтэйгээс харж болно

Газрын ховор элементийг дэлхий нийтэд үйлдвэрлэлийн витамин хэмээдэг. Учир нь аль ч улс орны эрчим хүч, ба

1 цаг 9 мин
Бизнесийн эрх чөлөөний хууль, татвар, нийгмийн даатгалын тухай хуулиудыг хаврын чуулганы хугацаанд батална

Бизнесийн эрх чөлөөний хууль, татвар, нийгмийн даатгалын тухай хуулиудыг хаврын чуулганы хугацаанд батална

15 цаг 40 мин
Б.Пүрэвдагва: Энэ зун нийслэлд 73.2 км дугуйн зам барина

Хотын дарга Б.Пүрэвдагва Улаанбаатар хотод шинээр барихаар төлөвлөсөн дугуйн замын төслийг танилцууллаа. 2026 оны зуны улиралд багтаан нийслэлийн таван дүүрэгт 73.2 км унадаг дугуйн зам барихаар төлөвлөжээ.

19 цаг 57 мин
Хотын дарга Б.Пүрэвдагва нийслэлийн төсвийн сонсголд оролцохоор иржээ

Хотын дарга Б.Пүрэвдагва нийслэлийн төсвийн сонсголд оролцохоор иржээ

20 цаг 4 мин
Нийслэлийн мега төслүүдийн талаарх ерөнхий хяналтын сонсгол эхэллээ

Нийслэлийн мега төслүүдийн талаарх ерөнхий хяналтын сонсгол эхэллээ

20 цаг 12 мин
ЭТҮГЭН ИХ СУРГУУЛЬ

ЭТҮГЭН ИХ СУРГУУЛЬ

Өчигдөр 06 цаг 30 мин
ШИХИХУТУГ ИХ СУРГУУЛЬ

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛИЙГ МАНЛАЙЛАГЧ

Өчигдөр 06 цаг 30 мин
ХҮМҮҮНЛЭГИЙН УХААНЫ ИХ СУРГУУЛЬ

ХҮМҮҮНЛЭГИЙН УХААНЫ ИХ СУРГУУЛЬ

Өчигдөр 06 цаг 30 мин
ҮНДЭС БИЕИЙН ТАМИРЫН ИХ СУРГУУЛЬ

ҮНДЭС БИЕИЙН ТАМИРЫН ИХ СУРГУУЛЬ

Өчигдөр 06 цаг 30 мин