Б.БАЯР
Газрын ховор элементийг дэлхий нийтэд үйлдвэрлэлийн витамин хэмээдэг. Учир нь аль ч улс орны эрчим хүч, батлан хамгаалах, эрүүл мэнд, тээвэр гэх зэрэг салбаруудын тогтвортой хөгжилд чухал үүргийг гүйцэтгэдэг. Энэ нь цахилгаан автомашины хөдөлгүүр, сэргээгдэх эрчим хүчний салхин турбины соронзон генератор, ухаалаг гар утас, зөөврийн компьютер, хатуу диск, дэлгэц, микрочипүүд, лазерын чиглүүлэгчтэй пуужин, радарын систем, шөнийн харааны төхөөрөмж, цэргийн нисэх онгоцны эд анги, газрын тос боловсруулах катализатор, тусгай шил, керамикийн үйлдвэрлэл гээд орчин үеийн өндөр технологийн бараг бүх салбарын хамгийн үнэтэй, хамгийн чухал ашигт малтмал юм. Тиймээс дэлхийн их гүрнүүд стратегийн чухал ач холбогдолтой газрын ховор элементийг бусад улс орнуудаас нийлүүлэх, авах бодлого барьж, үүнийг дагаад эрэлт нь ихсэж, өрсөлдөөн бий болсон.
Монгол Улсын хувьд газрын ховор элементийн нөөцөөрөө дэлхийд эхний 15-д ордог. Нийт 3.1 сая тоннын нөөцтэй. Илрүүлсэн зургаан ордтой. Тэдгээрийн дөрөв нь том, хоёр нь жижиг орд юм. Том дөрвөн ордын нэг нь Халзанбүрэгтэй бөгөөд 1,511.6 мянган тн-ын нөөцтэй. Мөн 1,213.7 мянган тн-ын нөөцтэй Хотгор орд, 314,3 мянган тн-ын нөөцтэй Мушгиахудаг орд, 14.5 мянган тн-ын нөөцтэй Лугийн гол орд бий. Хэрвээ манай улс газрын ховор элементийн ордуудаа эргэлтэд оруулаад эхэлбэл экспортоос их хэмжээний орлого олохоос эхлээд эдийн засгаа өсгөх боломжтой. Экспортын нүүрс, зэсээс хэт хамааралтай байдлыг бууруулах боломжтой. Цаашлаад гадаадын хөрөнгө оруулалт муудсан энэ цаг үед хөрөнгө оруулагчдын анхаарлыг нааш нь хандуулах чухал ач холбогдолтой. Гэвч газрын ховор элементийн эхний орд болох Халзанбүрэгтэй дээр хэрэгжиж буй төсөл гацаанд ороод байгаа юм. Ховд аймгийн Мянгад сумын нутагт орших Халзанбүрэгтэй орд газрыг ашиглах төсөл нь байгаль орчин сүйтгэх, малчдын эрх ашгийг зөрчих эрсдэлтэй хэмээх нутгийн иргэд болон байгаль орчны төлөөллийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан. Эсэргүүцэгчид “Олборлолтын явцад олон төрлийн хорт бодис, цацраг идэвхт бодис ялгарах өндөр эрсдэлтэй. Мөн орон нутгийн экосистемд ноцтой хохирол учруулж, усны нөөцийг хомсдуулах магадлалтай” гэж үздэг. Ингээд тус төслийг эсэргүүцэж, үйл ажиллагааг нь зогсоочхоод байгаа юм.
Харин төр засгийн зүгээс нутгийн иргэд, байгаль орчны чиглэлийн иргэний нийгмийн байгууллагынхны байр суурьт хүндэтгэлтэй хандсаар ирсэн. УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Халзанбүрэгтэй ордын ашиглалт болон нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй холбоотой ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулж, холбогдох талуудын байр суурийг сонссон. Сонсголын дараа, 2025 оны есдүгээр сарын 24-нд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ “Халзанбүргэтэйн орд газрыг хэрхэн ашиглах асуудлаар нийтийн сонсгол явууллаа. Уг нь эдийн засгийн хүрээнд ямар байдлаар ашиглах, яаж улс орны эдийн засгийг өргөжүүлэх, тэлэх вэ гэдэгт ач холбогдол бүхий хэлэлцүүлэг болсон. Манай гишүүд ач холбогдол өгч сонсголд оролцсон. Одоо хэдүүлээ нэг дүгнэлт хийгээд харчихмаар байна. Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд бас ёс зүйтэй мэдээлж баймаар байна. Ер нь эдийн засагтай холбоотой асуудалд орд газруудаа ашиглах асуудлаар хэдүүлээ дорвитой арга хэмжээ авахгүй бол болохгүй байна. Залуучуудынхаа орон байрны асуудлыг шийдэж чадахгүй байж, дараа дараагийн ирээдүйн асуудлуудыг шийдэж болохгүй шүү дээ. Тэр орд газруудыг өнөөдөр ашиглаад Ховд аймгийн Мянгад сумыг жишиг сум болгоё л доо.
Тэр суманд олигтойхон эмнэлэг, сургууль, цэцэрлэг барья. Манай улсад хавдраар өдөрт 10 хүн нас барж байгааг бид бодох ёстой. Бүсчилсэн байдлаар хавдрын эмнэлгүүдээ барих хэрэгтэй. АН, МАН гэлтгүй нам эвслүүд ч тэр жоохон юм бодож ажиллахгүй бол ирээдүйд бид нар юу үлдээх юм бэ” гэж байсан юм. Түүнчлэн нутгийн ард иргэд баялгийнхаа үр шимийг хүртэх ёстой гэдэг үүднээс Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулж, олборлолтоос олох АМНАТ-ийн тодорхой хувийг нутаг оронд нь үлдээх эрх зүйн орчныг бүрдүүлэх төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барьсан. Энэ талаар АҮЭБ-ын сайд Г.Дамдинням “Халзанбүрэгтэй орд дээрх иргэдийн эсэргүүцлийг ойлгож байна. Нутаг оронд нь баялгийн тодорхой хувийг нь үлдээх буюу АМНАТ-ын хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж байна” гэж мэдэгдээд байгаа юм.
Үүнээс гадна Халзанбүрэгтэй төслийн багийнхан нутгийн иргэдийн эсэргүүцэл, түүнийг дагаж гаргасан төр засгийн шийдвэрт хүндэтгэлтэй бөгөөд хүлээцтэй хандсаар ирсэн. Өнөөдөр ч тийм байна. Уг нь анхнаасаа бүх зөвшөөрөл, дүгнэлт, тодорхойлолтыг Монгол Улсын төрийн захиргааны байгууллагаас ном журмаар нь авчихсан. Халзанбүрэгтэй төслийн хайгуулын ажил 2011-2013 онд эхэлсэн.
Өнөөдрийг хүртэл 20 шахам жилд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалтыг хийсэн. Гэвч, дээр хэлсэнчлэн төсөл гацсаар өнөөдрийг хүртэл ашиглалт, олборлолт нь эхлээгүй байгаа юм.
Яг үнэндээ 10 гаруй жил тууштай эсэргүүцэж байгаа хүмүүсийн ярьж хэлж байгаа болон эсэргүүцлийн үйл ажиллагаагаас харахад, дан ганц Мянгад сумынхны байр суурь гэхэд хэцүү. Учир нь, уул уурхайг эсэргүүцэн шантаажилж, ийм үйл ажиллагаагаар дагнан мэргэшиж, мөнгө олдог бүлэг хүмүүс оролцоод байгаа нь хачирхалтай. Дээрээс нь, УИХ-ын зарим гишүүн хүртэл үүнд татагдан оролцож нийгэмд худлаа мэдээлэл түгээж байгаа нь ч байна. “Халзанбүрэгтэй ордтой ордгүй iPhone гар утас, Prius машин үйлдвэрлэгдээд л явна” гэхийг сонсож суух эмгэнэлтэй л юм. Тиймээс, эрдэмтэн судлаачид хүртэл тэсгэл алдаж “Талбай дээр жагсаад намрын тарган тарвага шиг таргалж, тэрбумтан болдог явдлыг таслан зогсоох цаг болсон”, “Эх орончийн арьс нөмөрсөн шантаажууд газрын ховрын төслийг зогсоохоор улайрч байна. Шантаажуудад улс нь төртэй, хуультай түүнийг хэрэгжүүлдэг тагнуул, цагдаатай гэдгийг ойлгуулах цаг нэгэнт болжээ” гэх байр суурийг илэрхийлэх болов. Тэгэхээр “Төр аргадах тусам төсөл гацаагчид гэдийдэг” гэж харагдаж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 16. МЯГМАР ГАРАГ. № 113 (7855)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn