
Ч.ҮЛ-ОЛДОХ
Өнөөдөр Ардын хувьсгалын удирдагч, Монгол төрийн нэрт жанжин Дамдины Сүхбаатарын мэндэлсэн өдөр. Бид их жанжны бүл дүү нарын нэг Н.Жавзмааг урьж ярилцлаа. Түүнийг Монголын эмэгтэй анчин, “Батаарын музейн” анхны захирал, Байгалийн түүхийн музейн ан амьтдын чихмэлүүдийн ихэнхийг хийсэн уран бүтээлч гэдгээр нь уншигчид андахгүй. Харин Д.Сүхбаатар жанжны ээж Хандын удмын хүн гэдгийг тэр бүр мэдэхгүй биз ээ.
-Өнөөдөр таны өндөр өвөг Д.Сүхбаатар жанжны мэндэлсэн өдөр.Та өөрийн болон удмынхаа түүхээс ярьж өгөөч?
-Баярлалаа. Миний аав Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын уугуул Намсрай гэж хүн байлаа. Бид аав, ээжээс 16-уулаа. Эрэгтэй найм, эмэгтэй найм байгаад зарим нь нялх байхдаа өнгөрсөн. Арвуулаа өссөнөөс одоо есүүлээ байна. Нэг дүү минь дөнгөж 40 гаруйхан насандаа бурхан болсон. Радиогийн ахмад редактор Н.Лхагвасүрэн бидний том ах. Н.Дулмаа, Н.Ичинхоролоо гээд эгч нар маань нутагтаа бий. Дүү Н.Цамбанүрдэв Сүхбаатар аймгийн Эрдэнэмандал хийдийн хамба, дүү Н.Лхагвабаатар Тавантолгой компанийн хүний нөөцийн дарга, дүү Н.Лхагвасайхан Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны даргаар ажилладаг. Нэг эмэгтэй дүү маань нутагтаа амьдардаг.
Манайх Сүхбаатар сумын нутаг Гүнбулаг гэдэг газар намаржиж байхад ээж минь нярайлж бүтэн 12 сар хэвлийдээ тээсэн үрээ төрүүлсэн нь 4. 950 гр, 63 см-тэй охин байсан нь би юм гэнэ лээ. Өглөө төрийн сүлд дуулал эгшиглэж байхад ээж минь амаржиж, намайг эх барьж авсан хүйн ээж “Танайд нэг сайхан дуучин охин төрлөө” гэсэн гэдэг. Аав маань сумынхаа Намын хорооны даргаар ажиллаж байсан. 1961 оноос манайх аймгийн төвд шилжин ирж, бид Баруун-Уртын төвд өсч сургууль соёлын мөр хөөсөн.Одоо нийгмийн олон салбарт ажиллаж амьдарч, бүгдээрээ сайн явж байна. Бид бол жанжин Д.Сүхбаатарын бүл дүү нар. Жанжны ээж Хандын хамгийн том эгч Содномпил нь бидний элэнц эмээ, миний аавын төрсөн эцэг Буджавын төрсөн ээж нь гэж аав минь биднийг багаас хэлж захиж ирсэн.
-Таны өвөө Буджав ямар ажил алба эрхэлдэг байсан бэ?
-Буджав өвөө маань өөрийн үеэл, жанжин Д.Сүхбаатартай нуруугаар ойролцоо, сэлэм гарамгай эзэмшсэн, ихээхэн зориг зүрхтэй эр байсан гэж аавын минь ээж хүүхдүүддээ хэлж байсан гэдэг. Тухайн үедээ Ховдыг чөлөөлөх дайн болон Хөх хотыг чөлөөлөх дайнд оролцож “Эрдэнийн очир одон”-гоор шагнуулсан баатар хүн байж. 40 гаруй насандаа худгийн ус хортой байсныг мэдэлгүй уугаад нас барсан гэдэг.
Зүүн гар талаас Д.Сүхбаатар жанжны үеэл Б.Намсрай хүүхдүүдийн хамт
-Аавын чинь төрөл садан олон уу?
-Миний аав эхээс 12-уулаа, дүү нар нь Дашдаваа начин, Доосүрэн арслан гэж том биетэй, бяр чадалтай эрчүүд явсан. Одоо үр хүүхдүүд нь бий.
-Жанжны цусан төрлийн хүн, бүл дүү нар нь гэхээр бахархал төрнө биз?
-Аав минь шударга зарчимч хүн болохоор аливаа зөв байхыг захиж ирсэн. Удмынхаа нэр төрийг өндөрт өргөж яв гэж сургадаг байлаа. Жанжны удам гэдгээрээ бахархалгүй яах билээ. Харин тэр бахархал цээжинд чимээгүй лугшиж байхаас ил гаргаж, би ийм тийм гэж зарлаж тунхаглаж явсангүй. Манайхан бүгдээрээ удмынхаа нэрийг өндөрт өргөж, аливаад зөв шударгыг эрхэмлэн эрхэлж буй ажилдаа эзэн байхыг хичээж, эх орондоо хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн. Сургууль, соёлын мөр хөөж Улаанбаатар хотод ирснээс хойш жанжны мэндэлсэн ойгоор зохион байгуулсан уулзалт, цуглаанд уригдан оролцож, үзэсгэлэн үзэж, дурсгалын зураг татуулж, удмынхаа хүмүүстэй уулзаж ярилцаж байлаа.
-“Дуучин охин төрлөө” гэж хүйн ээж чинь хэлсэн гэлээ. Та дуулах авьяастай байх нь ээ. Яагаад дуучин болоогүй юм бэ?
-Би аймгийнхаа арван жилийн сургуулийг 1978 онд төгсч, хоёр жил аавынхаа дүүгийн өнчин хүүхдүүдийг харсан юм. 1980 онд Болгарын хөгжмийн дээд сургуулийн дуулаачийн ангид хуваарь аваад явж байлаа Дуучин болох их хүсэл мөрөөдөлтэй очсон. Гэвч урлагийнхан атаа жөтөө ихтэй айхтар хүмүүс юм билээ, нэг эгчээс айгаад өөрийн сурах гэсэн зорилгыг биелүүлж чадаагүй. Ингээд Софийн их сургуултийн аялал жуулчлалын ангийг төгссөн дөө. Тэр үед манайд аялал жуулчлал хөгжөөгүй байсан учраас ажлын байр байхгүй. Хааяа жуулчин ирэхээр анчид дагуулж явж ан гөрөө хийлгэхээс хэтрэхгүй. Тиймээс нөхөртөө агнуур зүйгээр сурмаар байна гэхэд зөвшөөрснөөр МУИС-ийн агнуур зүйн ангид орж 1992 онд төгсөөд Монголын анчдын нийгэмлэгийн төв зөвлөлд, агнуурын музейд тайлбарлагчаар ажилд орсон. Заримдаа анчдын тогоочоор хөдөө явна. Тэр үеэс хүн олон сургууль төгссөнөөр биш амьдралд хатуужиж, туршлага сууж байж ажил хийж, амьдралаа авч явдаг юм байна гэдгийг ойлгосон. Гэхдээ багаасаа хөдөө өссөн болохоор хөдөөгийн амьдрал ахуйг сайн мэддэг, аавыгаа дагаж ан гөрөө хийж явсан бас ч туршлагатай байсан. Аав минь “Сурсан эрдмээс төрсөн араншин гэж хүний хүмүүжил их чухал шүү” гэдэг байлаа. Ингэж явсаар би 2001 онд Байгалийн түүхийн музейд чихмэлийн лабораторийн эрхлэгчээр томилогдсон. Сүүлд нь эрдэм шинжилгээ, судалгааны бүртгэл мэдээллийн албаны дарга болсон. Тэнд байхад Монголд үлэг гүрвэлийн төв музей байгуулагдах сураг дуулдаж, 2013 онд сонгон шалгаруулалт зарлах үеэр нь бүртгүүлж шалгалт өгөөд тэнцсэнээр анхны захирал нь болж музей байгуулахад гар бие оролцож зүтгэсэн.
Эхнэр нөхөр, хүүхдийн хамт зурагт Н. Жавзмаа гэр бүлийн хамт 1986 он
-Үлэг гүрвэлийн музейг шинээр байгуулах гэтэл байргүй. Тавих үзмэр ч бараг байхгүй, хилийн чинадад алдагдсан палентологийн олдворуудаа олж авах гэж бөөн ажил болж байсан санагдана?
-Шинэ музей байгуулах ажил амар байгаагүй. Гэрчилгээ авах, бичиг баримт бүрдүүлэх гээд хөөцөлдөх ажил ихтэй. Заримыг нь танилын нүүрээр бүтээж, арай гэж музейгээ байгуултал Т.Батаараас өөр үзмэр байхгүй. АНУ-д хууль бусаар гарсан батаарыг Ц.Оюунгэрэл сайд оруулж ирсэн нь тэр. Нөгөөхөө байрлуулах гэтэл байр байхүй учраас төв талбайд сэндвичин байшин барьж хүмүүст үзүүлтэл ганц сарын дотор 120 сая төгрөг олсон. Нэг сар нь үнэгүй үзүүлсэн. Хэрэв хоёр сар үнэтэй үзүүлсэн бол 240 сая төгрөг олох боломжтой. Гэтэл бид 150 сая төгрөгөөр сэндвичин байшин бариулсан учраас тэр мөнгөө төлбөрт нь өгчихсөн. Дараа нь Дарханы музейд батаараа байрлуулж хүмүүст үзүүлсэн. Тэр хооронд шүүхийн шатанд байр савны асуудал яригдаж,хуучин Лениний музейн байшинд орулах шийдвэр гарсан. Дархан-Уулын музейд байх хугацаандаа тэдний бараг хоёр жилийн төлөвлөгөөг нь биелүүлж өгсөн. Эргэж ирээд байрандаа ортол доторх нь ундуй сундуй, тоос шороондоо дарагдчихсан. Доторхыг нь эвдэж, гадаа нь бараг 500 тн хог гаргаад овоолчихсон байсан. 2014 онд төсвөөс мөнгө хуваарилж, бид музейгээ дэглэж янзлах гэж байтал намайг гэнэт ажлаас халсан. Улс төр гээч зүйл барьцгүй, эвгүй зүйл болохыг тэндээс мэдэрсэн. Би тэнд буруу зүйл хийгээгүй шударгаар зүтгэж ирсэн учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Жил тойрон хөөцөдсөний эцэст 2015 оны ялалтын баяраар шүүхийн шийдвэр гарч ажилдаа эргэж томилогдож байлаа.
-Таныг хамт олон чинь эмэгтэй хүн гэхэд дайчин, шударга зантай гэдэг юм билээ. Энэ зан чанар танайханд бүгдэд нь байдаг уу?
-Энэ ганц миний ч биш манайхны цусанд байдаг араншин юм билээ. Манайхан удмаараа дайчин, тэмцэгч зан чанартай. Шударга бус зүйлийн эсрэг хатуу зогсдог. Зөв шударга явах зарчим бидний төрөлхийнх, эхээс төрөхөд цусанд ирсэн үнэт зүйл юм. Хөдөө өссөн болохоор бид галаа эрхэмлэж өссөн. Нөгөөтэйгүүр, олуулаа өснө гэдэг нийгэмшихийн том давуу тал. Ах, эгч нар нь дүү нараа өсгөчихдөг байлаа. Хүүхэд хүүхдээ өсгөнө гэдэг гэгээн цайлган орчин шүү дээ. Дээр нь бид монгол гэрт бужигнаж өссөн. Монгол гэр бол бурхан бумбын орон. Хойморт нь аав суух ёстой, зүүн тал бол ижийн орон зай гээд бүгд дэг жаягтай. Ээж минь дуулаад үйл мэтгэж, тэр хувцсыг нь бид өмсдөг. Аав хоол унд олж ирэх, айл гэр мөнгө төгрөг, эд хөрөнгөтэй байх бүх асуудлыг шийддэг. Гэрт өссөнөөр бид тийм агуу зүйлийг оюун ухаандаа шингээж өссөн, тэр бүхэн хэзээ ч эвдэгддэггүй юм байна. Хоёрдугаарт, бид өөрсдийн үр хүүхдийг тэр л дэг жаягаар өсгөж хүмүүжүүлж ирлээ. Өнөөдөр даяаршил хэмэх “мангас” бүхнийг уусгаж, бидний соёлыг “идэж” байна. Монгол хүүхдүүдээ монгол ахуй, өв уламжлалаараа хуяглахгүй бол цөөхөн монголчууд нандин бүхнээ тавьж туухаар байна шүү дээ. Одоо хотынхон хүүхдүүдээ хөдөө аав ээж, ах дүү садан руугаа явуулдаг байсан хуучны сайхан үе өнгөрчээ. Зундаа гадаадын улс орнууд руу хүүхдүүдээ аваад нүүчихдэг болж. Хүүхдүүд монгол ахуй, өв уламжлалаа мэдэхгүй, танихгүйгээр харийн соёлд уусч байна.Үүнийг хаа хаанаа бодууштай.
-Таны ээж ямар ажил эрхэлдэг хүн байв?
-Ээж минь Буниагийн Моонон гэж сийрэг ухаантай, малд нүдтэй ажигч хүн байсан. Тийм учраас аав, ээж нь бусад хүүхдээ сургууль явуулаад ээжийг мал дээр авч үлдсэн гадэг юм. Сумын төвөөс танай охиныг сургуульд явуулна гээд хүн ирэхэд “Манай охин хэлгүй, дүлий” гэж. Гэтэл ээж гэрийнхээ хойно гараад би хэлтэй, бас дүлий биш, сургуульд сурмаар байна” гэж бахирч уйлтал ээж нь гэртээ оруулаад зодсон гэдэг. Ээж минь сургуульд сураагүй ч тоо, монгол хэл бичгийг бие даан сурч, насаараа аймгийн захиргаанд тоо бүртгэгч, нягтлан бодогчоор ажилласан. Арван хүүхдээ өвчин зовлонгүй, эрүүл чийрэг өсгөж, эх орондоо арван боловсон хүчнийг бэлдэж өгсөн ачтай, буянтай ийм л хүн.
-Та Монголын цөөхөн эмэгтэй анчдын нэг. Аав чинь танд багшилсан гэв үү?
- Манайх цөөхөн охинтой, тэр дотроо би аавын охин байлаа. Аавыгаа ан хийхэд дагаж гүйдэг, өөрөө ч их сонирхолтой байсан. Аав бол намайг анчин болгох дургүй. Гэтэл би өөрөө анд ихээхэн хорхойтой. Ингээд анчин болсон юм. Манай нутаг тал хээрийн бүс болохоор анхны ан маань чавхаар агнасан үлийн цагаан оготно байлаа. Харин буу шагайж агнасан анхны том ан талын тарвага, зээр байсан. Болгарт оюутан байхдаа зуны амралтаар ирэхэд аав маань тайрч богиносгосон калбир өгч, түүгээр нь тарвага буудаж явлаа. Сүүлд агнуур зүйчээр суралцаж, багштайгаа хамт Хустайн байгалийн цогцолбор газарт очиж, зөвшөөрөгдсөн буга агнаж байсан. Тухайн үед тэнд анчны отогтой, зохион байгуулалттай ан хийлгэдэг байсан юм. Ер нь 1960-аад оны үеэс манай улс спорт агнуурыг нэлээд хөгжүүлсэн. Тэр нь аялал жуулчлалын нэг том төрөл юм. Ан амьтан ч баялаг байсан болохоор өргөн дэлгэр байсан байх. Сүүлд ан амьтан ховордсон, нөгөөтэйгүүр аялал жуулчлалын төрөл олон болсноор байгалийн сайханд аялах, сонирхох, нүүдэлчний соёл иргэншлийг үзүүлэх чиглэлд анхаарах болсон юм.
-Таныг ан авд явахад нөхөр чинь дургүйцдэггүй байв уу. Та гэр бүлээ танилцуулаач?
-Миний хань 40 мянгатын унаган хүүхэд байлаа. Наймдугаар ангиа төгсөөд Ардын зураач Д.Амгалангийн шавь болж дүрслэх урлагийн сургуульд суралцсан. Дөнгөж төгсөөд Кино үйлдвэрт туслах зураачаар ажиллаж байгаад 1981 онд ЗХУ-ын Ленинград хотод И.Е.Репиний академид суралцаж төгссөн. Ирээд телевизэд нэг хэсэг ажилласан. Сүүлд Богд хааны музейн захирлаар ажиллаж байгаад бурхан болсон. Бид хоёр 1981 онд танилцаж гэр бүл болоод 1985 онд охин, 1995 онд хүүтэй болж сайхан амьдарч байлаа. Охин минь эрхзүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Хүү маань СУИС-ийг төгссөн зураач мэргэжилтэй. Манайх гурван ачтай, тэднийгээ би “Шадар гурван цэрэг” гэж өхөөрддөг юм.
-Ингэхэд байгалийн түүхийн музейд амьтны чихмэл олныг хийсэн гэсэн. Танд хэн багшлав?
-Анхны багш бол миний ээж. Манай ээж үлийн цагаан огтоныг хавхаар агнаж дэрсээр өвчиж тавьчихаад арьсыг нь биднээр дэлгүүлдэг байлаа. Заримдаа туламлаж өвчөөд дотор нь өвс чихчихнэ. Тэрнээс анх ингэж болдог юм байна гэсэн төсөөлөл авч байлаа. Сүүлд чихмэлийн мастер Л.Цэвэлийн шавь Д.Дагиймаа багшаасаа техологийг нь сурсан. Анхны чихмэл зад буудагдсан, эргүүлээд оёх ямар ч боломжгүй болчихсон ууль шувуу байсан. Эхлээд өвч гэсэн, өвчих боломж муу байдаг. Уйлах шахан оролдсоор хийгээд тавихад минь сайн болж гэсэнгүй. Гэхдээ тэр маш сайн чихмэл болсон, одоо ч Байгалийн түүхийн музейд хадгалагдаж байдаг юм. Сайн багш шавьдаа юм болохгүй зүйлийг өгч хийлгэж сургадаг юм болов уу гэж боддог. Сүүлд АНУ-аас Пол Раймер гэж багш ирж надад жижиг амьтад, усны шувуудын чихмэлийг яаж хийх талаар заасан. Д.Дагиймаа багшийн арга барил Орос технологи бол Полынх Америз, Германы технологи байсан. Энэ дундаас би өөрийн гэсэн арга барилыг бий болгож нутагшуулан чихмэл хийж байгаа. Би монгол хүн учраас уламжлалт аргаа бас ашигладаг. Тухайлбал, таргийн шар уснаас гаргаж авсан хүчлээр арьсаа хэрхэн элдэх вэ гэдгийг би одоо хүртэл судалж байна. Музейн салбарт ажиллахдаа том, жижиг олон чихмэл хийсэн, өнөөдөр гэхэд хоёр настай баавгайн чихмэл хийчихээд сууж байна. Аливаа амьтныг агнаад, дараа нь чихмэл болгож амьдруулахад ихээхэн ур ухаан шаарддаг. Яагаад гэвэл, хүмүүст амьтан судлалыг шинжлэх ухааны үндэслэлтэй хүргэхээс гадна түүнийгээ тайлбарлаж, амьд мэт харагдуулна гэдэг төвөгтэй.
-Бэлэг дурсгалын зорилгоор чихмэл хийдэг үү?
-Д.Дагиймаа багштайгаа хамт том баавгайн чихмэл хийж байсан. Хоёрдахь Ерөнхийлөгч Н.Багабанди гуайд хадгалагдаж байгаа байх. Аварга том баавгайн арьсыг Хөвсгөлийн ард түмэн Н.Багабанди гуайд бэлэглэсэн юм билээ. Түүгээр нь чихмэл хийж өгөөд багш маань дээлийн торгоор шагнуулж байлаа. Надад дурсгалын зүйл өгч байсан.
-Байгалийн музейд байдаг аргалийн аварга чихмэлийг хэн хийсэн юм бэ?
-Миний бүтээл юм. Түүнээс гадна тас шувуу, янгир гээд олон бүтээл бий. Ер нь тэнд 600 гаруй хөхтөн амьтны чихмэл байгаагийн талыг багштайгаа хамтарч хийсэн. Бие дааж жижиг мэрэгч амьтад, шувууны чихмэл бишгүй хийж байсан.
-Үлэг гүрвэлийн музей татан буугдаж Байгалийн түүхийн музейтэй нийлээд жил тойрч байна. Музейн цаашдын ирээдүй, хөгжлийг та хэрхэн харж байна?
-Хоёр музей нийлснээр маш том зөрчлүүд гарсан. Ер нь албан байгууллагууд хоорондоо нийлэхэд 2-3 жил болдог юм байна. Цаг хугацаа, дүрэм журам гэж бий. Тэрийг хүн хэрэгжүүлнэ. Тэдний хоорондын харилцаанаас маш их зүйл шалтгаалдаг юм байна. Асуудал үнэн зөв явсан би энэ музейн захирал байх ёстой. Мэргэжил, чадварыг гол үзүүлэлт болгодог бол. Гэхдээ би аливаа асуудлыг логикийн хувьд бодож шийдвэрээ гаргаж явдгийн хувьд өрх толгойлсон эмэгтэй хүн гэж байснаас эр хүн байсан дээр гээд өмнө нь ажиллаж байсан музейн захирал Зоригтбаатарт “Та музейн захирлаа хий. Би дараагийн ажлыг нь хийе. Та бид хоёр эвтэй байхад музей маань өөдөө байж дэвжинэ. Таны мэргэжил боловсрол надад хамаагүй, би дэмжиж ажиллана гэсэн юм. Ингэж тохироод ажилдаа орлоо. Энд би өөрийгөө бодоогүй, музейгээ хөл дээр нь босгохыг зорьсон. Ингээд жил гаруй болоход хооронд нь яс хаясан, талцуулах гэсэн олон юм боллоо. Буу барьж бие биеэ буудаагүй боловч энд асар аймшигтай хэл амны “цунами” нүүрлэсэн. Нэг өдөр ороод “За захирал минь, хүмүүс юу гэх нь хамаагүй, та бид хоёр л эвтэй байх юм шүү. Тэгж байж музей маань хөл дээрээ босох болно” гэж хэллээ. Гэтэл захирал маань ч хүмүүсийн хатгаасаар намайг буруугаар ойлгочихсон “Чи л намайг матаж байна, намайг авч хаях гээд байна” гээд АТГ-аар шалгуулж, шүүх, цагдаад өгч бөөн юм боллоо. Эцэст нь арай гэж зөв буруу нь ялгарч, зөв хандлагатай хүмүүс нь нэг талдаа гарч н.Зоригтбаатар захирал маань намайг музейн үзүүлэн, үзэсгэлэн дэглэлтийн хэлтсийн даргаар ажилла гэсэн. Музейн гол хийх ажил парлентологийн цэгэн судалгааны лаборатори, чихмэлийн боловсруулалтын лаборатори байдаг. Энэ хоёр лаборатори миний удирдлагад байдаг юм. Эндээс гарсан зүйл нь музейн гол ажил болж явдаг. Музейн салбарт ажилласан туршлага, уншиж судалсан маань надад түшиг тулгуур болж байна. Одоо хоёр музей нийлж баттай оршин тогтносон. Өнөөдөр музейн хөгжлийн концепцийг бичиж эхэлсэн. Байгууллага доторх бүх хүн хоорондоо эвтэй, хандлага нь зөв явбал хөгжил аяндаа урагшилна шүү дээ. Хоёр музей нийлж нэг дор байхад болохгүй юм үгүй. Нэг нь эртний амьтан ургамал, нөгөө нь байгаль, ан амьтнаа судалдаг, харуулдаг. Нэг цогц эко систем болгож хөгжүүлэхийн тулд бидэнд үзэл баримтлал хэрэгтэй, тэр нь концепц юм. Бид концепцоо бичээд эхэлсэн, музейгээ 2030 он хүртэл хөгжүүлэх бодлого удахгүй бэлэн болно.
Эх сурвалж: Polit.mn