
Д.ЦЭРЭННАДМИД
Х.Цэвлээ гэдэг эрхмийг миний хувьд мэдэхийн дээдээр мэдэх юм шиг. Гэхдээ сэтгүүлчийн уран бүтээл талаас нь илүү мэднэ ээ. Одоогоос 40 гаруй жилийн өмнө юм даа. Монгол Улсын Их Сургуулийн сэтгүүлзүйн ангид оюутан байхдаа би дадлагын ажлаа “Үнэн” сонинд л хийдэг байлаа. Тэр үед Х.Цэвлээ гуай тус сонины нэгдүгээр орлогч эрхлэгч байсан юм. Нэг л дөлгөөхөн зантай ч хүнийг нэвт шувт харсан тун ажиглангуй нэгэн санагддаг байж билээ.
Яриаг нь сонсож байхад нөхөд минь асуудал гэсэн үгийг олонтаа хэлдгийг нь бас мэдэрсэн. Нэг удаа “Үнэн” сониныхон дөрвөн буудал хавьд байдаг аж ахуйн хашаандаа субботник хийхэд би дадлагынх гэлгүйгээр очсон.
Х.Цэвлээ эрхлэгч:
-Чи тэр Р.Чулууныг дуудаадах гэлээ. Мань хүн барьж байсан хүрзээ орхиод бараг гүйх шахам аяглан ирдэг юм.
-За хө Чулуун чиний нөгөө төмсний асуудал юу болж байнаа гэхэд Чулуун “Бүтээхээр болсоон эрхлэгч ээ” гэх
-Болж дээ. Тэр асуудлаа хурдан бүтээгээрэй дээ нөхөр минь гэв. Ийм ярианаас нь л миний ажигласан нь тэр. Хааяа шуурхай ч юм уу хурал болоход ярьж байгаагаас нь их зарчимч бас хүнд их санаа чиглэл өгдөг нь бас анзаарагддаг байв. Түүнээс хойш Х.Цэвлээ гуайн бичиж нийтлүүлсэн бүхнийг алгасалгүй уншихыг хичээх болсон. Уншихуйд амьдралын өчүүхэн жижиг сэжүүрээс жинхэнэ үнэнийг олж тэндээсээ ургуулан бодсон цэцэн цэлмэг, уран гаргалгаа хийдэг нь бүтээл бүрээс нь ажиглагддаг л даа. Мөн үлгэр болохуйц дүрслэл, адилтгал зүйрлэл хийгээд ончтой нь аргагүй хэр таарсан егөөдөл олон байдаг юм. Тэр өөрөө би судлаач шинжээч биш зүгээр л сонжооч хүндээ гэж хэлсэн нь өөртөө өгсөн тодорхойлолт. Бүтээлээс тэр санаа үнэхээр ханхалж байдаг ч гэж болно. Ер нь олж авсан суурь мэдлэг дээрээ уугуул монгол ухаанаа нэмээд ясны сэтгүүлч хүний авьяас чадвараар “зодож” бүтээлээ хийдэг гэхэд ч онох биз ээ. Өвгөн бичээчийн тухай энэхүү хөргийг тэрлэх явцад магтаал л урсгамаар санагдаад болохгүй янзтай. Өөлье гэх юм ховор ч юм шиг. Нэг бүтээлээ олон удаагийн номондоо давтан оруулжээ л гэхгүй бол.
Сэтгүүлчийн хувьд үнэхээр том хүн. Цэргээр бол генерал нь гэж бодогдох. Уулзах болгонд л юм сануулахаар үг хэлнэ. Заримдаа жаахан айлгасан санаа чулуудах нь хүртэл ухаарал нэмэх шиг болдог. Нэг удаа гэрт нь очиход:
-За хө муу үеэ өнгөрөөж яваа өвгөн ийм номорхуу юм гаргасан даа гээд аргалын цог шиг час улаан хоёр жижгэвтэр номоо гарын үсгээ худам монголоор бичиж надад өгөхдөө:
-Та нар ч миний энэнийг тоож уншихгүй биз дээ гэсэн шорвог үг дайж билээ.
Тэр нь “Ээж бидэн хоёр”, “Аашны туламнууд” гэсэн номнууд л даа. Түүнээс хойш “Сониндумаа” нэртэй томоохон түүврээ өлгийдөж авсан байдаг юм. Уг түүвэрт нь эссэ хөргүүд бодрол тэмдэглэл болоод судалгааны өгүүллүүд нь багтсан. Тэр дотор “Монголын нууц товчоо”-нд ажиглалт хийж энэ бол сэтгүүлзүйн бүтээл гэсэн нотолгоо гаргаснаа тайлбарласан нь бий.
Энэ тухай нь Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч, эрдэмтэн судлаач Т.Баасансүрэн бичихдээ:
-Хорлоогийн Цэвлээ бол Монголын хэвлэлийн түүхэнд бүтээл туурвилаараа мөнхөрч үлдэх том зүтгэлтэн. Түүний “Монголын нууц товчоо” бүтээлд хийсэн ажиглалт нь онцгой сонирхолтой. Тэр нь юу вэ гэвэл МНТ бол сэтгүүлзүйн бүтээл юм шүү гэсэн үндсэн санааг тэр дэвшүүлээд түүнийгээ жишээ баримтаар нотлон гаргажээ. Уг зохиол дахь мэдээ, хөрөг, сурвалжилсан тэмдэглэл зэрэг хэлбэрүүдийг нь олж тогтоосон. Өмнө нь МНТ-г судлаачдын хэн нь ч ингэж хэлээгүй билээ. Иймээс энэ бол нээлт юм гэсэн байдаг.
Энэ бол судлаачийн судлаачдаа өгсөн үнэлэлт юм.
Х.Цэвлээ эрхлэгчийг би их сүрлэг хүн гэж хүндэтгэж явдаг юм. Энэ тухай харин өөрт нь хэлэх юм бол:
-Муу хөгшин өвгөн юуны нь сүрлэг байхав дээ гэх биз. Бичигч миний хувьд 1993 оны хавар түүнийг “Засгийн газрын мэдээ” сонины ерөнхий эрхлэгч байхад нь Төрийн ордноо өрөөнд нь очиж сонинд нь ажиллах санаатайгаа хэлж билээ. Би тэр үед Төрийн ордонд олон ороогүй амьтан явж. Томоо гэгчийн өрөөндөө урт ширээний цаад талд хүрэн торгон дээлтэй нэгэн сууж байсан нь Цэвлээ гуай. Түүнийг харахад үнэхээр л алсаас харагдах уул мэт сүрлэг санагдсан. Намайг ч гайгүй угтаж “Тэр Улаанбаатарын мэдээ чинь зөвшөөрдөг юм бол ирээд үз дээ” гэсэн юм. Тэгээд ЗГМ сонинг байгуулагдаад тун удаагүй байхад нь би сурвалжлагчаар нь очиж билээ. Түүнээс хойш энэ сонинд 28 дахь жилээ болж байна. Энэ сонин гэж хэлж байгаа маань өнөөгийн “Зууны мэдээ” бол ЗГМ сонины залгамж халаа нь юм л даа. Х.Цэвлээ эрхлэгчийн бичиж туурвисан бүхнийг тоочъё гэвэл сонины арван хуудас ч багадах байхаа.
“Хэнзхэн сарнайн өчил”, “Дээлтэй судар”, “Миний сэтгүүлзүй”, “Өвөөгийн жор” зэрэг 20 гаруй номыг нь мэднэ. Мөн “Гээгдсэн түлхүүр”, “Хүргэн”, “Сониндумаа” нэртэй жүжгүүд, “Ээж бидэн хоёр” баримтат кино гээд сорчилж нэрлэх байна.
“Өвөөгийн жор” бүтээлд нь хачин хүн, бас харамч хүн сэтгүүлч болдог. Чих, нүд, ухаанаа цааснаа буулгахдаа үг өгүүлбэр харамладаггүй цаг ямагт нэгийг бодож хоёрыг санаж ургуулан сэтгэдэг хүн сэтгүүлч болдог гэсэн бий. Би боддог юм. Х.Цэвлээ гуайг нэгэн үе сэтгүүлчдэд багшилсан гэдгийг сонсоод ямар азтай оюутнууд энэ хүнээр хичээл заалгасан бол гэж.
Энэ бүхнийг хэлэхээр хэн нэгэн намайг Цэвлээ гуайд их долигнож гэж магадгүй л юм. Тэгвэл одоо тэр өвгөнд тал засахыг оролдох шаардлага надад байхгүй л дээ. Сэтгүүлч хүн сэтгүүлчийнхээ тухай л бичиж байгаа нь энэ.
* * *
Хүний нэгэн насны заяа тавилан гэж бий. Тийм бол Х.Цэвлээ гэдэг хүнд заяасан нь сэтгүүлч байхын тавилан ажээ. Төрж өссөн нутаг нь гэвэл Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумынхны нэг шүтээн Ямбат хайрханы энгэр. Удам угсааг нь ярьвал уултай, хадтай, буттай, дэрстэй, дэмбүүлтэй нутгийн ааргийн улаан гуталтнуудын нэгэн.
Ингэж ч өөрөө ярьдаг. Гэхдээ зүгээр нэр хүнд олохын төлөө биш унасан газар шороо минь, уугуул хүн ард минь гэсэн хүний үг юм. Хэдэн жилийн өмнө Бөмбөгөрийнхөн сумынхаа дунд сургуулийг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Хорлоогийн Цэвлээгийн нэрэмжит болгосон. Энэ бол харь холын юмыг авчирч наасан явдал огт биш. Одоогоос 70 гаруй жилийн өмнө буюу 16-хан настайдаа уг сургуульд багшилж байсных нь хүндэтгэл билээ. Түүний тухай нэг эрхэм хэлэхдээ:
-Х.Цэвлээ бол ажил, амьдралын олон гишгүүртэй шатыг алгасалгүй туулж ирсэн хүн гэж хэлсэн бий. Үнэн л дээ. Дөнгөж долдугаар ангиа төгсгөөд сумынхаа бага сургуульвд багшилсан. Дараа нь сумынхаа ХЗЭ-ийн үүрийн дарга болсон. Галуут суманд эвлэлийн ажил сайжруулахаар томилогдож байсан гэдэг. Удаахь нь аймгийн намын хорооны зааварлагч, лектор, бас “Ленины зам” сонинд хянагч редактор, (одоогоор бол хариуцлагатай нарийн бичгийн дарга) сүүлд Намын дээд сургууль дүүргээд аймгийнхаа Намын хороонд хэлтсийн эрхлэгч болсон. Урьд нь аймгийн соёлын хэлтсийн дарга байсан үе ч бий. Энэ дотроос “Лениний зам” сонинд ажиллаж байснаа сэтгүүлч болох замынхаа анхны зурхайд хөл тавьсан цаг мөч гэж хэлдэг юм билээ.
Бас болоогүй ээ. Тийм олон албатай байхын хажуугаар Ардын зураач О.Цэвэгжавын шавь болж дүрслэх урлагийн курст суралцаад зураач болохоо бараг шахсан гэдэг. Урлагт бас их сонирхолтой нэгэн байж. Үүнийгээ хэрэв би сэтгүүлч болоогүйсэн бол урлагийн хүн гэгдэж явах байсан гэж хөөрнөлээ. Нот сурч мандолин, хуучир хөгжим тоглодог болж аймгийн клубын хамгийн идэвхтэй урансахйанч байсан үе бий. Тэр ч байтугай 1956 онд залуучууд, оюутны урлагийн их наадамд аймгаа төлөөлөн оролцож явснаа түүх болжээ гэж ярьдаг юм билээ. Ер нь юуг ч сурна, хийнэ гэдэг л нэгэн байв. Тийн Баянхонгортоо 38 нас хүртлээ ажиллаж хөдөлмөрийн амт шимтийг мэдэрч явсан байгаа юм. Тэгээд ЗХУ-д коммунист намын дээд сургуульд явж суралцаад өөр нэг өвөрмөц шат руу дэвшсэн нь МАХН-ын Төв хорооны үзэл суртлын хэлтэст лектор болж тэр албандаа найман жилийг үдсэн байна.
Харин 1979 онд “Үнэн” сонины нэгдүгээр орлогч эрхлэгчээр томилогдсон нь нөгөө багаасаа хүсч хүлээсэн мэргэжлээрээ дагнан ажиллах зам нь шулуудсан аж. Эхлээд Ц.Намсрай Ерөнхий эрхлэгч байсан бол дараа нь Монголын оюун ухааны нэг гол төлөөлөгч Лодонгийн Түдэвтэй гар, санаа ниййлж ажилласан байдаг юм. Эндээс л бичих, туурвихаас эхлээд Монголын сэтгүүлзүйд оруулах хувь нэмэр нь арвижсан гэх. Тэндээс олж авсан мэдлэг туршлага, урлан бичих ухаанаа хөгжүүлснээр одоо ч нас өндөр боллоо гэлгүйгээр бичиж туурвисаар л явна.
Байсхийгээд л Соёлын гавьяат зүтгэлтэн Х.Цэвлээ гэсэн автортай томоохон нийтлэлүүд өдөр тутмын сонинуудад гардаг юм. Тэр бүхнийг уншихад улс орноо хөгжүүлье, ард түмнээ сайн сайхан амьдруулъя гэсэн санаа хийгээд ингэхэд юу саад болж байна гэдгийг тод гаргаж өнөөгийн нам, хүчнүүд, улстөрчдийн байгаа нүүр царайг жинхэнэ нүцгэн үнэнээр нь илчилснийг харж болдог л доо. Цаашлуулаад бодоход энэ хүн хэрэв сэтгүүлч биш улстөрч байсан бол өнөөгийн 10 битгий хэл 100 улстөрчтэй тэнцэхүйц сэтгэх ухаарах байжээ гэж бодогддог л...
Өвгөн сэтгүүлч хэлэхдээ хэвлэлд юм бичих нь миний лобби биш хобби. Бичиж нийтлүүлэхгүй байна гэдэг бол ядаргаа гэж хэлдэг юм. Бичсэн бүхнийг нь уншихад түүх шасдир сөхсөн, алив юмыг сонин жишээ баримтад тулгуурлан егөөдөж оносон адилтгалыг хэрэглэсэн байдаг. Жишээ гэвэл өнөөгийн улстөрчдийн байдлыг хэлэхдээ “Дээрээ суудлаа олохгүй бол дороо гүйдлээ олохгүй” гэсэн хэвшмэл хэллэгийг эвдэж “толгой шийр чацуурсан тухайд” гэж бичсэн бий. Энд улс төр эх захаа алдан бужигналдахыг зурагласан байгаа юм. Нэмж хэлэх нэг содон зүйл бол “Үнэн” сонины нэгдүгээр орлогч эрхлэгч байх үед 1980-аад оны сүүлчээр бий болсон ардчиллын дуу хоолой болж байсан хүний нэг гэж болно. Учир нь Монголын нийгэм нэг л биш болоод байна гэдгийг ухаарсан тухайгаа зарим нийтлэлдээ тодорхой гаргажээ. Бүр ил тод бичсэн нь бий.
1989 он юм даа “Хувьсгалын тохироо бүрдлээ” гэсэн гарчиг тавьж байгаад энэ засгийн үед манай улс цааш явахгүй боллоо гэсэн агуулгатай нийтлэл бичиж. Түүнийг нь Л.Түдэв ерөнхий эрхлэгчийн хувьд уншаад “Ухрах цаг хугацаа алга” гэсэн гарчигтай гаргачихаж л дээ. Энэ тухай Төв хороо хавиар “Юу болж байнав. Төр, засгийг унагах гэсэн санаа байна” гэсэн яриа зөндөө гарсан гэдэг. Гэхдээ урьд нь Намын төв хорооны бүгд хурлын өмнөхөн “Хорин захидал” нэртэй нэг нийтлэл “Үнэн” сонинд гаргаж улс төрийн товчооны гурван гишүүн, тэднээс доохнуур долоон албан тушаалтныг шүүмжилчихсэн байв. Тэр бол Монголын хэвлэлийн түүхэнд анх удаа дээд удирдлагыг шүүмжилсэн хэрэг байлаа. Энэ нь халхавч болсон байж болох. Мөн Х.Цэвлээгийн бичсэн “Галбын говийн дөрвөн тэмээчин”, “Тэжээгчээ алдвал тэтгэврийг хэн хариуцах вэ” гэх нийтлэлд тухайн үеийн нам, төрийн бодлогыг бодитойгоор шүүмжилж чадсан нь уншигчид болоод өөрчлөлт хийхийг санаархаж байсан нөхдөд санаа сэдэл болсон гэх. Цоо шинэ эрэл хайгуул хийсэн “Галбын говийн дөрвөн тэмээчин” нийтлэлийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд шалгалтын хэсэг Ханбогд руу явуулж шалгасан ч бүгд нэртэй устайгаа, хөдөлшгүй баримттай байсан учир Х.Цэвлээ гуайд зэм ирээгүй өнгөрсөн юм билээ.
Үеэ өнгөрөөсөн нийгмийг халах цаг үе ирээд байгааг “Үнэн” сонин анх сэдсэн гэдэг ч үүнтэй холбоотой байж дээ. Ер нь залуу сэтгүүлчид Х.Цэвлээ гуайн бүтээл, нийтлэлүүдийг сайн уншиж байгаасай гэж захим санагдана. Үг, өгүүлбэр бүхнээс нь амьдралын олон даваа нугачаа, жаргал зовлон, саад бэрхшээл түүнийг давж гарах арга зам тун ойлгомжтой байдаг юм шүү. Бас олзуурхмаар санаа үг, өгүүлбэр зөндөө. Сэтгүүлч байя гэсэн хүнд энэ л тустай. “Сониндумаа” түүвэр гэхэд тэр чигээрээ туульс мэт бодогддог төдийгүй түүхэн болоод улс төрийн шинжтэй нийтлэл, нутаг орныхоо тухай, хүмүүсийн тухай дурсамжууд нь уранзохиолын тааруухан тууж, өгүүллэгээс ч илүү байж болох шиг санагддагийм. Даангүй “Ээж бидэн хоёр”-ыг нь уншсан хүн орчлонд эх хүний хайраас өөр эгнэшгүй юм үгүй юм. Тэр хайрыг хэмжих хэмжүүр гэж шинжлэх ухаан, техник яаж ч өндөр хөгжлийг оллоо гэхэд гарахгүй л байх. Ээж гэдэг хүний сүү шиг үг нь дандаа зөв байсныг хэлсэн, бичсэн дурсамж нь нэг сайхан туульсын кино шиг л санагдам.
Энд нэг том сануулга нь ижийгээ хайрлах ачлахад маргааш байдаггүй гэсэн санаа төрнө.
Өвгөн сэтгүүлчийн бүтээлд хүний тухай зүйрлэлтэй хэлсэн нэг том тодорхойлолт бий.
...Хүмүүс бид ихээхэн гарамгай амьтан мөн боловч эрийн сайндаа биш эх дэлхийн хүчинд ургадаг нэгэн төрлийн ургамал юм шүү гээд хүн бол энэ замбуулинд ургадаг, ярьдаг, бүтээдэг, сэтгэдэг нэгэн үгээр хэлэхэд явдаг ургамал гэсэн байгаа юм. Хэн нэгэн социологич, хүн судлаач ч яг ингэж хэлсэн болов уу, үгүй ч байж мэднэ. Ер нь сэтгүүлч хүн ухаанаасаа ур, тархинаасаа тархи тасалж байж бичдэг байх ёстой гэсэн зарчмыг баримталдаг нь Х.Цэвлээ гуайн жанжин шугам гэж болом.
-Сэтгүүлзүй гэж нэг юмыг хэлдэг ч гурван гол хуультай. Тэр нь сэтгүүлзүй дагалдах, хадгалах бас үнэнийг мэдүүлэх гээд гурван хууль багтана гэдэг. Эхнийх нь гэхэд миний дээр хэлсэнчлэн Монголд хийсэн 1990 оны ардчислан хувьсгалыг хийхдээ хэвлэл мэдээллийн хойноос дагалдах маягтай явсаар хэрэгжүүлсэн шүү дээ гэж Х.Цэвлээ гуай тайлбарладаг.
Бас Сэлэнгээс өөр зүгт засмал замгүй байсан үед зам барихгүй бол Монгол Улс хөгжихгүй нь гэсэн санаа дэвшүүлж хэд хэдэн өгүүлэл бичснээр нь нийслэлийг аймгуудтай засмал замаар холбох ажил нутгийн баруун хэсэгт эхэлж замын анги байгуулагдан ажилдаа орсон байдаг. Замтай болъё гэж уйгагүй бичсэн хүн тэр үед Х.Цэвлээ байлаа. Сэтгүүлзүйн салбарт ээлжгүй зүтгэсэн хүн дээ...
* * *
Сэтгүүлч өвгөн одоо ч сэтгүүлчийн үүргээ биелүүлж үзгээ улам хурцалж яваа нь бахархалтай юм. Нутгийнхан нь ярьдгаар сумаасаа ардын төрийн сайдын зиндаанд хүрсэн анхны хүнээ Цэвлээ гуайг гэдэг юм билээ. Энэ нь Мэдээлэл радио, телевизийн улс хорооны дарга гэсэн өндөр албанд төр, засгийн байдал тийм ч амаргүй үед ажиллаж байсныг хэлсэн хэрэг л дээ. Харин төр давалгаалж засаг цалигсан үе байсан болохоор телевизээр Засгийн газрыг шүүмжиллээ гэсэн улстөржилтийн улмаас уг албанаас чөлөөлөгдсөн байдаг. Гэхдээ түүний дамжсан их бага алба, албан тушаал үүгээр дуусаагүй ээ. Ардчилсан засгийн эхэн үед төр, засаг хэвлэлтэй болоход “Засгийн газрын мэдээ” гэдэг сониныг Цэвлээ эрхлэгч “эх барьж” авсан. Энэ сониныхоо ерөнхий эрхлэгчээр таван жил хэрээтэй ажиллахдаа ёстой мэдлэг туршлага заан томоохон сонин ийм байдаг гэдгийг харуулж чадсан. Салбар салбарын чиглэлтэй “Хүмүүс”, “Соёл урлаг”, “Алтан зоос” зэрэг таван дагуул сонин бий болгосныг нь уншигчид тун таашаалтай хүлээж авсан. Ард олныг зах зээлийн системд дасахад сайн нөлөөлсөн гэж яригдаж байв даа.
Сайн сэтгүүлчийн эрдэм чадал тийм өгөөж өгсөн гэж болно. Бас сүүлийн хэдэн жил МУИС, Их Монгол дээд сургуульд сэтгүүлзүйн багшаар ажилласан. Олон зуун шавь төрүүлсэн байж таарна. Ингээд бодохоор Х.Цэвлээг сэтгүүлзүйгүйгээр, сэтгүүлзүйг Цэвлээгүйгээр төсөөлшгүй мэт санагдам. Энд хүрээд түүний тухай бяцхан хөргөө өндөрлөюү.
Буурал сэтгүүлчийг хүний хувьд хэн болох хийгээд бичсэн, туурвисан бүхнийх нь утга санаа, ур ухаанаас нь бага ч гэсэн хэлтлэхсэн гэснийг минь уншигч түмэн ойлгох биз дээ. Дутуу, дульмаг юм их байх нь мэдээж. Х.Цэвлээ гуай маань өнөөдөр жар гаруй жил барьсан үзэг юу нь огтхон ч мохоогүй, ухаан нь сийрэгхэн бичсээр туурвисаар сэтгүүлч хүн ямар байх ёстойг бие сэтгэлээрээ үлгэрлэн явна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.2.1 ДАВАА № 22 (6499)