Гэмт хэргийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэхээр боллоо

2014-05-21
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.ЦЭЦЭГ

УИХ дахь Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өчигдөр хуваарийн дагуу боллоо. Гэмт хэргийн тухай, Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдсэн юм. Хүмүүнлэг ялын төрлийг тусгахыг зорьсон Гэмт хэргийн тухай хуулийн төсөл нь олон хүний шүүмжлэлийг дагуулсан. Хуулийн төслийн боловсруулалт “түүхий” байна гэж УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нэлээд ширүүн шүүмжлэв. Хуулийн төсөл дээр хэрхэн ажилласан, хуулийн автор нь хэн бэ, мэргэжлийн дадлага, чадвар тааруу хүмүүсээр ажлын хэсгээ бүрдүүлсэн зэрэг шүүмж хэлж бас хариулт авахыг хүссэн юм. Хууль зүйн сайд Х.Тэмүүжинийг хангалттай, тодорхой хариулт хэлсэнгүй хэмээн  Ц.Нямдорж бухимдаж, тэдний хооронд нэлээд зөрчил үүсэв.

Х.Тэмүүжин сайдын тайлбарласнаар  Монгол Улсын ялын бодлого нь ихэвчлэн хорих ял дээр түшиглэсэн байдаг гэнэ. Харин баривчлах ялын тухай жишээ татахдаа “Энгийнээр бол нэг ир­гэн баасан гаригт сог­тууруулах ундаа хэрэглэж, үүнийхээ дараа хөршдөө таагүй хандаж цонхыг нь хагалсан гэж бодъё. Түүний гэмт сэдэл нь зөв­хөн баасан гаригт үүссэн гэсэн үг. Ийм тохиолдолд тухайн хүнийг зургаан сар хорих шаардлагагүй. Даваагаас пүрэв гаригт ажлыг нь хэвийн хийлгээд зөвхөн баасан гаригийн орой баривчилж 24 цагийн дараа сулладаг байх ёстойг, хугацааг нь буруу зааснаас бүтэн зургаан сар хорьдог” гэв. Баривчлах ялыг 2002 онд Эрүүгийн хуульд оруулсан байдаг. Гэхдээ хорих ялтай адил дэглэмээр хүний эрх, эрх чөлөөг хязгаарладаг ял бий болгосон хэмээн Хууль зүйн сайд хэлэв. Өөрөөр хэлбэл, хуулиа хэрэглэхдээ алдаа гаргаж байгаа гэнэ. Үүнтэй холбоотой зорчих эрхийг хязгаарлах ял нь ажил гэр хоорондын маршрут заагаад эсвэл тодорхой газар очих, тодорхой хүнтэй уулзахыг нь хоригловол энэ ял үр дүнтэй байна гэдэг шийдлээр Гэмт хэргийн тухай хуульд оруулж байгаагаараа давуу аж. Энэ хууль хэрэгжих боломжгүй гээд бүх хүнийг шорон руу явуулаад байвал шоронжсон бодлогыг өөрчилж чадахгүй гэдгийг ч онцоллоо. Тэрээр “Хуучин нийгмийн үед шоронд ял эдэлж байгаа хүмүүсийг ажилд дайчлан бүтээн байгуулалт хийлгэж байсныг үгүйсгэх аргагүй. Харин одоо бид үүнийг ухамсаргүйгээр дагах шаардлагагүй” гэв. Тиймээс хүмүүсийг шоронд суулгах биш харин тэднийг амьдрал дээр засарч, зөв нийгэмшлээр төлөвшиж, гэмт хэргийнхээ хохирлыг барагдуулдаг соёлт хүн төрөлхтний арга зам руу явуулахын тул шоронд явуулж болохгүйг төсөл санаачлагчид нь онцлов. Эцэст нь Гэмт хэргийн тухай, Зөрчлийн тухай хуулийг парламентаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв. Байнгын хорооны хурлын хэлэлцүүлгээс тоймлов.

Д.Ганбат:

-Үндэстэн дамнан хүн, хар тамхи худалдаалах, биеэ үнэлэх хэрэг гарах боллоо. Энэ төрлийн гэмт хэрэг 10, 20 жилийн өмнө байгаагүй. Удахгүй 5,10 жилийн дараа энэ хэргийн тоо олшрох болно. Үүнийг урьдчилан харсан хуулийн заалтыг хуулиндаа тусгаж оруулсан уу. Мөн хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг ашиглан төрөл бүрийн өмчтэй болох явдал бий. Энэ асуудалд мөн хязгаар тавьсан зүйл байна уу. Эрүүдэн байцаан шийтгэх хууль Гэмт хэр­гийн тухай хуультай хэр­хэн уялдаа холбоотой байх вэ?

Х.Тэмүүжин:

-Өмч хураах асуудал энэ хуулиар байхгүй болж байгаа. Хууль бусаар олсон орлого эсвэл гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан эд зүйлийг хураахаар заасан. Нөгөө талаас хэн нэгэнд хохирол учруулсан бол хураасан хөрөнгөөр нь нөхөн төлдөг байхыг хүлээн зөвшөөрнө. Гэмт хэрэг хийж олсноос өөр бусад орлогыг хураана гэдэг нь хувийн өмчид халдаж байгаа хэрэг. Тиймээс Монгол Улсын Үндсэн хуулиар хориотой учир бид үүнийг Эрүүгийн хуулинд хэрэглэхгүй гэж үзсэн. Харин Хууль сахиулах байгууллага гэмт хэргийн улмаас олсон орлогыг нь тогтоох чадавхийг сайжруулах ёстой. Харин хар тамхи, мөнгө угаах, цахим гэмт хэрэг зэрэг шинэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, зүйлчлэх, хариулага тооцох чадавхийг энэ хуулиар сайжруулсан.

Ц.Нямдорж:

-Гэмт хэргийн ту­хай хуулийг түүхий боловсруулжээ. Хэрэг ч уншиж үзээгүй хүмүүс бичсэн байна. Хуулийн этгээдийг эрүүгийн хэргийн субьект болгоно гэж огт байж болохгүй асуудал. Үүнийг хуулийн сургуульд нийтлэг ашигладаг. Түүнийг л энэ хуулиндаа оруулсан байна. Мэргэжлийнхний саналыг сонссоны дараа хэлэлцэж шийдэх хэрэгтэй.

Х.Тэмүүжин:

-Энэ хуулийг боловс­руулах ажлын хэсгээс гурван удаа санал авсан. Нийт 500 гаруй хуулийн мэргэжлийн байгууллагыг хамруулсан. Эхний удаад таны шүүм­жилж байгаа шиг ерөнхий шүүмж хэлсэн санал зонхилж байсан. Харин дараагийн удаагийн саналууд нь ажил хэрэгч, яг юу нь болохгүй байгаа, хуулийг хэрэгжүүлж ажилладаг ажилтан албан хаагчдад ямар бэрхшээл байгаа талаар тодорхой саналууд ирсэн. Мэргэжлийн судлаачид, эрдэмтдээс, сургуулиудаас дэлгэрэн­гүй саналууд ирснийг хуулиндаа тусгаж чадсан.

Б.Чойжилсүрэн:

-Захиргааны хариуц­лагын тухай хуулийг Зөрч­­лийн тухай хууль, Эрүүгийн хуулийг Гэмт хэргийн тухай хууль болгож өөрчилж байна. Захиргааны хариуцлагын тухай хуулийг Зөрчлийн тухай хууль болгосноос болоод 300-400 гаруй хуульд өөрчлөлт орох юм байна. Эрүүгийн хуулийг Гэмт хэргийн тухай хууль болгосноор мөн тооны хуульд өөрчлөлт орно. Энэ шинэтгэлд эдийн засгийн зардал нь ямар байх талаар урьдчилсан тооцоо хийсэн үү?

Х.Тэмүүжин:

-Энэ хоёр хуулийн зөвхөн нэр солигдож байгаа гэж ойлгож байгаа нь өрөөсгөл юм. Агуулга, зарчим, дотоод бүтэц зэрэг маш олон зүйл өөрчлөгдөж байгаа. Энэ шинэтгэлийг хийхэд тодорхой зардлууд га­рах байх. Үүнийг хэр­хэн шийдэх тухай хэ­лэл­­цүүлгийн ард тайл­барласан. Энэхүү шинэтгэл бидний ярьж байгаа зардлаас хавьгүй илүүгээр хүний эрх, эрх чөлөөний зөрчлийг арилгаж байгаагаараа чухал. Шинэтгэлтэй хол­­боотой нэг ч орон тоо нэмэхгүй. Байгаа тө­сөвтөө багтааж энэ шинэтгэлийг хийхээр ажиллаж байна. Албадан арга хэмжээтэй холбоотойгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөн­хий газарт нэг ч орон тоо нэмээгүй. Төсөвт хүндрэл учруулахгүйгээр, шинэ орон тоо нэмэхгүйгээр чиг үүргүүдээ өөрчлөх байдлаар шинэтгэлийг хийж байна.

128 бөхийн сорьцыг Германд шинжлүүлнэ

128 бөхийн сорьцыг Германд шинжлүүлнэ

Өчигдөр 14 цаг 12 мин
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын төрийн айлчлал өндөрлөлөө

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын төрийн айлчлал өндөрлөлөө

Өчигдөр 14 цаг 04 мин
Япон Улсын Эзэн Хаант ёсны тухай

Япон Улсын Эзэн Хаант

2025-07-11
Ж.Урангуа: Япон Монголын эрдэмтдийн хамтын ажиллагаа зөвхөн шинжлэх ухааны ололтоор зогсохгүй хоёр орны ойлголцол найрсаг харилцааны бат үндэс юм

Ж.Урангуа: Япон Монголын эрдэмтдийн хамтын ажиллагаа зөвхөн шинжлэх ухааны ололтоор зогсохгүй хоёр орны ойлголцол найрсаг харилцааны бат үндэс юм

2025-07-11
Баяр наадмын хүндэт зочин

Баяр наадмын хүндэт зочин

2025-07-11
Баяр наадмын хүндэт зочин Япон Улсын Цог жавхлант эзэн хаан Нарүхитог угтан авлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог жавхлант эзэн хаан Нарүхито, эрхэм дээд хатан Масако нар м

2025-07-09
Р.Сэддорж: Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулж малчдад хатуурхсан заалтаа хасах хэрэгтэй

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддоржтой ярилцлаа.

2025-07-09
Н.Учрал: Зэсийн олборлолтоос эдийн засгийн өсөлт хүлээж байна

Н.Учрал: Зэсийн олборлолтоос эдийн засгийн өсөлт хүлээж байна

2025-07-08
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа

2025-07-08