Л.Эрдэнэтуул: Европын төвд “Шинэ Афганистан” бий болгохыг тэд хүсэхгүй

2014-03-17
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ч.ҮЛ.ОЛДОХ

Ярилцах цаг” булангийн энэ удаагийн зочноор Улс төр, стратеги судлалын төвийн тэргүүн, улс төр судлаач Л.Эрдэнэтуулыг урилаа.

-Дэлхийн халуун цэг болоод буй Украин, тус улсад үүссэн улс төрийн нөхцөл байдал, олон улсын харилцааг  та хэрхэн үзэж байна?

-Юуны өмнө бодит мэдээллийн тухайд  ганц нэг зүйл хэлмээр байна. Цахим ертөнц хөгжсөн өнөө  үед аль нэг  гадаад хэлийг чөлөөтэй эзэмшсэн хүн мэдээллийг чөлөөтэй авах боломж байна.

Дутагдалтай  тал нь үнэн, худлыг ялгаж, салгах  боломжгүй. Өөрөөр хэлбэл, тэнд  ямар нэгэн шүүлтүүргүй мэдээлэл цацагддаг. Тухайн хүн өөрийн мэдлэг боловсролын  хэмжээгээр юм уу, харьцуулж үзэж байж  тухайн мэдээллийг шүүж дүгнэж цэгнэх, улмаар  хэдэн хувийн үнэн, хэдэн хувь нь худал  байгааг тогтоох хэрэгтэй.  Нөхцөл байдал ийм л байна. Өнөөдөр  Оросын болоод барууны, тэр тусмаа Украины цахим хуудсуудад зуун хувь үнэн мэдээлэл байхгүй. Олон улсын хамтын нийгэмлэгээс  шүүмжлэлд  илүүтэй өртөж байгаа гэдэг утгаараа гэх юм уу, зүгээр л логикоор бодоход харин ч оросууд  үнэн  зөв мэдээллийг  өгөх хандлага нь илүү  байгаа. Энэ нь дүн шинжилгээ хийхэд ч  илүүтэй ажиглагдаж байгаа юм. Тиймээс, би  шууд  барууны талд орох юм уу, Украин дайны хөлд нэрвэгдэж, оросууд дээрэлхээд байгаа  гэх мэт мэдээллүүдийн алийг нь ч таашаахгүй байна. Ер нь тэнд үүсээд байгаа асуудлыг Монголоос хол гэж авч үзэх хэрэггүй. Яагаад гэвэл дэлхий нийтийн нийтлэг үзэгдэл. Тэр байтугай аюултай үзэгдэл. Тэгэхээр бид дор бүрдээ дүгнэлт хийх хэрэгтэй. Тэр тусмаа  Монгол, Украины хувьд нийгэм, улс төрийн ижил төвшинд, социалист хамтын нөхөрлөлийн нийгэмлэгт  орж байсан улсын хувьд бодох, жишээ авах зүйл бий. Шилжилтийн үеийг адилхан   туулж яваа гэдэг утгаараа асуудлыг маш  нарийн, магадгүй төрийн төвшиндөө авч үзэж судалж, зөв дүгнэлтүүд хийх хэрэгтэй.

-Аюултай хандлагууд гэдэгт та юуг нь онцолж үзэж байна  вэ?

-Оюун ухааны хувьд, үзэл бодлын хувьд төлөвшөөгүй залуучуудад  түрүүнд миний  хэлсэн шүүлтүүргүй  мэдээлэл ямар их аюул дагалдаж ирдэг нь харагдаж  Украины үйл явдлаас харагдаж байна. Виртуал буюу интернэт орчноос гудамж талбай руу эмх замбараагүй байдал асар богино хугацаанд шилжиж байгааг бид тэндээс олж харж байна шүү дээ. Нөгөөтэйгүүр, XXI зууны фашизм, үндсэрхэг үзэл ямар хурдтай сэргэж, толгойгоо өндийлгөж  байна вэ гэдэг нь харагдаж байна.  Өөр нэг асуудал нь, нийтлэг утгаараа дэлхийн  геополитикт  дахин томоохон өөрчлөлт орж байна. Дэлхий ертөнц  өөрчлөгдөж байна. Энэ өөрчлөгдөж байгаа дэлхий ертөнцөд Монгол Улс  ямар байр суурь  эзлэх вэ гэдгийг өнөөдрөөс бодох хэрэгтэй. Миний удирдаж байгаа Улс төр, стратеги судлалын төв  өнгөрсөн хоёр сар гаруйн хугацаанд Украины нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж, судалж ирлээ. Тэр байтугай  Украины жирийн иргэдтэй интернэтээр харилцаж, халуун цэгээс  жирийн иргэд болон мэргэжлийн хүмүүсийн мэдээллийг авч байгаа. Үүн дээр суурилж Украины асуудлаар томоохон нэгдсэн дүгнэлтийг гаргах гэж байгаа. Тэр дагуу Монголын төрийн байгууллагуудад хандана. 

-Ямар асуудлаар...?

-Өнөөдөр  харилцан бие биеэ үгүйсгэсэн мэдээлэл ирж байгаа нөхцөлд Украин руу очиж газар дээр нь байдлыг судлах шаардлагатай байна. Энэ талаар хүсэлт тавина гэж бодож байгаа.

-Нэг талаас Европын холбоо, түүний цаана АНУ,   нөгөө талаас ОХУ байр сууриа хүчтэй илэрхийлж байгаа. Цэрэг, зэр зэвсгийн  асуудал ч ярьж байна. Цаашид улс төрийн ямар  шийдэл  гарах бол?

-Үнэнийг хэлэхэд, Оросын цэрэг Украинд  байгаа гэдэг мэдээлэл асар хэтрүүлэгтэй. Крымд байгаа цэргийн оролцоо гэдэг бол  угаасаа тэнд байрлаж байсан Оросын Хар далайн тэнгисийн флоттой холбоотой асуудал гэж үзэж байна. Түүнээс биш, Оросын нутаг дэвсгэрээс  үй  олон цэргийн хүч Украин руу орчихсон юм одоогоор байхгүй. Тиймээс хүмүүс асуудлыг сайтар ойлгож, бодитоор дүгнэлт хийх хэрэгтэй. Мэдээж  В.Путины хувьд ч гэсэн  их хэмжээний цэрэг, зэвсгийн үйл ажиллагаа эхлүүлэх сонирхол байхгүй гэдгийг хатуу ойлгох хэрэгтэй. Аль болох энхийн аргаар, тайван замаар, зөвшилцөлд хүрч болох байдлаар асуудлыг шийдэхэд бүх талын сонирхол нийлж байгаа гэдэгт эргэлзэх хэрэггүй. Европын төвд том хэмжээний дайн, эсвэл олон жилийн ужиг асуудалтай шинэ Афганистан бий болгохыг хүсэхгүй шүү дээ. Оросууд ч гэсэн үүнийг хүсэхгүй.

-Тэгвэл яагаад ойлголцлын зөрүү  гараад байна вэ?

-Тэр бол цэвэр ашиг сонирхлын зөрчил. Америк юм уу, Европын холбоонд өөрийнх нь ашиг сонирхол байхгүй, цэвэр хүмүүнлэг үзлээсээ болоод Украинд анхаарал хандуулж,  өмгөөлж, хамгаалаад байгаа юм  байхгүй. Үнэндээ Оросын бөөрөн дор өөрсдийн цэргийн баазыг өргөтгөж, цөмийн зэвсэг байрлуулах, Украиныг НАТО-гийн нэгэн түшиц, тулгуур газар болгох  сонирхол давамгайлж байгаа гэдэгт судлаачийн хувьд  эргэлзэх юм алга. Тэгэхээр нэг талаас НАТО гэсэн нэгдмэл цэргийн хүч, нөгөө талаас ОХУ, хэдэн өдрийн өмнөөс БНХАУ-ын байр суурь нэлээд тодорхой болж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, ОХУ-ын байр суурьтай нэлээд дөхөж, ойртож байна. Хүчирхэг эдийн засагтай, дэлхийн үсрэнгүй хөгжиж байгаа  хоёр том гүрний байр суурь үндсэндээ  ойлголцолд хүрч байна  гэдэг нь  НАТО болон  нөгөө  талаас ОХУ ,БНХАУ гэсэн нэгтгэлийн хооронд  зөрчил үүсч байна гэж  болно. Энэ нь дэлхийн нийтийн, тэр дотроо Монгол Улсын олон улсад эзэлж буй байр суурьт нөлөөлөх нь ойлгомжтой.

-Украины  жишээнээс манай улс юу ойлгож  авах ёстой вэ?

-Ерөөсөө өөрсдийгөө мундаг болчихсон,  тусгаар тогтносон, бусдаас үл хамаарсан гэж  биеэ тоож болохгүй юм байна. Украины Майданд барууны мөнгө, нөлөө асар их байсан нь нотлогдож байгаа.  АНУ болон Европын холбооныхон Украины ардчилагчид, хэт барууны үзэлтэн, үндэсний үзэлтнүүдийг турхирсан. Үндсэндээ энэ бүх заваан юмыг  Орос эхлүүлээгүй. Барууныхны турхилтын эсрэг Орос хориг арга хэмжээ авсан. Яг логикоор нь ярих юм бол ийм л асуудал өрнөж  байгаа. Гэтэл ямар нэгэн байдлаар Монголын нутаг дэвсгэр, геополитик стратегийн ач холбогдол нь  өндөрсөөд ирвэл манайд ийм зүйл болохгүй, аль нэг талаас түрэмгийлэл орж ирэхгүй гэсэн баталгаа байхгүй гэдэг нь өрнөж буй үйл явдлаас харагдаж байна.  Тийм ч учраас  энд зориуд хэлэхэд,  бид асуудлыг  хол байна гэж үзэх хэрэггүй. Маш нухацтай хандаж, үндэсний аюулгүй байдлын  төвшинд авч үзэж, үндэсний аюулгүй байдалтай холбоотой бүхий л байгуллагууд нарийн судлах хэрэгтэй. Энд  манай байгууллага аль нэг нам, эвсэлийг  харгалзахгүйгээр Монголын төр, төрийн байгууллагуудтай хамтран ажиллахад  бэлэн байна. Онолын хувьд авч үзэхэд, жишээ нь Монголд байгаа хятад иргэд, дан ганц Хятадын  иргэд ч биш аав, ээжийн  аль нэг нь  хятад иргэдийн тоо нэмэгдлээ гэж үзэхэд, нэг өдөр тэдний эрх зөрчигдлөө гэх  шалтгаанаар Монголын нутагт цэргээ оруулахыг үгүйсгэхгүй. Өнөөгийн дэлхий ертөнцөд аливаа зүйлийг таамаглахад хэцүү, хүнд байна.

-Тэгэхээр та ОХУ-ын байр суурийг хүлээн зөвшөөрөх ёстой гэж хэлж байгаа юм уу?

-Ер нь ОХУ-ын байр суурийг тодорхой хэмжээгээр хүлээн зөвшөөрөх ёстой. Монголын олон иргэн Украинд сурч, төгссөн. Украин бидний хувьд танил дотно орон. Зүүн Украин болон Крымын хойгт хүн амын дийлэнх нь оросууд, өөрөөр хэлбэл орос хэлтэн, орос соёлтнууд байгаа. Тэдний эрхэд ямар нэгэн байдлаар аюул занал учрах юм бол өмгөөлж, хамгаалах нь зүйн хэрэг. Үүнийг сөргөөр хүлээж авч, оросууд дайраад байгаа   юм шигээр төсөөлж болохгүй. Крымд ч гэсэн цэрэг дайны зөрчилтэй үйл явдал болоогүй. Тэнд буу дуугараагүй  шүү дээ. Украин болон бусад нутаг дэвсгэрт байгаа надтай харилцаж, мэдээлэл солилцож байгаа хүмүүсийн олонх нь “Золиг, цагийн сайханд Крым рүү шилжин нүүдэг байж” гэж  Крымын иргэдэд атаархаад сууж байна.  Өнөөдөр Украины Засгийн газар бүхэлдээ  нутаг дэвсгэрээ хянаж чадахгүй байна. Засаг захиргаа нь хямралтай, эмх замбараагүй байдал ноёрхож байна. Зэвсэглэсэн албан бус бүлэглэлүүд  хотын гудамжуудыг хянаж байна. Гэмт хэрэг  ч өсч байна.

-Өнөөдөр манайд хувь хүмүүсийн байр суурь, судлаачдын үзэл бодол, тэр дотор орос школтой хүмүүсийн ОХУ-ыг дэмжсэн өнгө аяс түлхүү  харагдаж байна. Харин төрийн болоод, төрийн байгууллагуудын зүгээс  албан ёсны байр суурь илэрхийлэхгүй байгаа. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Хувь хүний үзэл бодол  байж болно.  Мөн Монгол Улс  албан ёсны байр суурь илэрхийлэхийг  ч би хувьдаа  дэмжинэ. Гэхдээ  бид өнөөдөр асуудлыг  анхааралтай судлах хэрэгтэй.  Мэдээж,  манай улс Орос, Хятадын дунд оршиж байгаа. Аль аль нь манай  худалдаа, эдийн засгийн түншүүд учраас  Монгол Улс гэнэт аль нэг талыг нь дэмжин байр суурь илэрхийлээд байвал тэр нь алсын хараагүй, харалган бодлого болно. Тиймээс Гадаад харилцааны яам болон төр, засгийн зүгээс албан ёсны байр суурь илэрхийлэхгүй байгааг  би хувьдаа дэмжиж байна. Украин юм уу, ОХУ-д сурч байсан,  тэр улс орнуудад хайртай, сэтгэл зүрх нь түгшиж байгаа хувь иргэд байр сууриа чөлөөтэй илэрхийлж болно шүү дээ.  Надад ч гэсэн  эмоци нөлөөлж байгаа, би орос школтой. Гэхдээ би өөрийн сэтгэл хөдлөлийг дарж, аль болох судлаачийн байр сууриас хандахыг хичээж байна. Би украин хэлийг   ч бас  гадарладаг. Тиймээс Украины эх сурвалжуудыг судалгаандаа ашиглаж байгаа,  мөн тал талын байр суурийг авч байна. Гэхдээ хөдөлшгүй үнэн бол  оросууд Украины бужигнааныг эхлүүлээгүй. Оролцох болсон учир шалтгаан нь  гарцаагүй өөрсдийнх нь эрх ашиг хөндөгдсөн  учраас  түүнд үзүүлж байгаа  хариу үйлдэл гэж ойлгож болно.

-Крымын автономит улсыг ОХУ-тай  нэгтгэх санал асуулгын дүнгийн тухайд та ямар бодолтой байна?

-Эргэлзэх юм алга. Тэндхийн хүн амын дийлэнх нь ОХУ-тай нэгдэх талдаа  байгаа. Мөн ямар нэгэн булхай луйврыг хардах хэрэггүй. Өнгөрсөн 20 гаруй  жилд Крымыг хөгжүүлэх нэгдсэн бодлого явагдаагүй. Тэнд хүн амын амьдрал, эдийн засгийн нөхцөл байдал асар доройтсон. Гэтэл зэргэлдээх Сочи  хот ямар байна вэ,  сая болж өнгөрсөн  олимпоор дэлхий  нийт харсан шүү дээ. Оросууд ямар гайхамшигтай бүтээн байгуулалт хийж вэ. Одоо Сочи дэлхийн хэмжээний аялал, жуулчлалын том бүс болсон. Гэтэл яг адилхан зэрэгцэн оршиж буй  Крым түүний 30 хувьд ч хүртэл хөгжсөнгүй. Энэ нь хүн амын бухимдлыг гарцаагүй төрүүлж байгаа.  Түүнээс гадна, Украинд фашист үндсэрхэг үзэлтнүүд байхгүй гэж албан ёсны эх сурвалжууд хэлж байгаа юм. Тэр бол худал талдаа. Яагаад гэвэл, Украины цахим хуудсууд руу  ороод харахад тэнд нотлох талын бүх баримтууд бий. Баруун хэсгийн толгойлогч нар юу хэлж байсан бэ гэдэг нь ч маш сонин. Жишээ нь, украинууд жагсаал, цуглаан дээр бөөнөөрөө орилдог  “Москалей анажи” гэдэг үгийг  орчуулах  юм бол  “Оросуудыг хайр найргүй хутгал” гэсэн утгатай. Товчхондоо оросуудын цусыг урсгая гэсэн үг. Ийм лоозонтой хүмүүсийг үндсэрхэг үзэлтэн биш гэх үү. Тэгэхээр түгшүүртэй энэ байдалд Киевт байгаа төв Засгийн газар нь  нэг мөр хариулт өгч,  улс орон даяараа эмх цэгцтэй болгож чадахгүй байгаа нь Крымын хүн амд айдас хүйдэс төрүүлж, илүү тогтвортой бас найдвартайгаар нь Оросыг бараадъя гэсэн сэтгэхүйг бий болгож байгаа юм. Тэгэхээр санал асуулга илүү шударга болж, дүн  нь ч шударга гарна гэдэгт эргэлзэх юм алга.  Ийм байхад Орос нэмж луйвар хийх шаардлагагүй. Тэртэй тэргүй барууны талд үзүүлэх  үнэн байдал, шударга хариулт,  хангалттай баримт нотолгоо  тэдэнд шаардлагатай байгаа.

-Украины эрх баригчдын цаашдын байр суурь ихээхэн анхаарал татаж байна. Удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгууль, нэр дэвшихээ албан ёсоор илэрхийлсэн Тимошенкогийн  ялах  магадлал ямар байна гээд олон асуулт хариу нэхэж байх шиг?

-Тимошенко Украины нөлөө бүхий улстөрчийн хувьд ирэх тавдугаар сард болох  Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох байх. Ер нь Украины асуудлыг энхийн аргаар зохицуулах боломж, улс төрийн бодит  хөрс бол  тэрхүү Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа л бүрдэнэ. түүнээс биш өнөөдөр Украинаа бүрэн захирч чадахгүй байгаа Засгийн газартай мянга дахин ширээний ард суугаад ч үр дүн багатай. Украины ард түмэн, бүх нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн  засаг захиргаатай болсон нөхцөлд ямар нэгэн зүйлийг тохирч, тохиролцоонд хүрч болно.

Ази-Номхон Далайн бүс нутаг: Авторитар хүчинүүдхэвлэл мэдээллийн хяналтыг тогтоохын тулд эдийнзасгийн дарамт шахалт үзүүлж байна

Ази-Номхон Далайн бүс нутаг: Авторитар хүчинүүдхэвлэл мэдээллийн хяналтыг тогтоохын тулд эдийнзасгийн дарамт шахалт үзүүлж байна

10 цаг 52 мин
МИК АНХ УДАА ХҮЛЭМЖИЙН ХИЙН ЯЛГАРУУЛАЛТЫН ТАЙЛАН ГАРГАЛАА

МИК АНХ УДАА ХҮЛЭМЖИЙН ХИЙН ЯЛГАРУУЛАЛТЫН ТАЙЛАН ГАРГАЛАА

11 цаг 1 мин
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг 11 компани байна.

23 цаг 30 мин
АН-ын бүлгийн “ажил хаялт” Баялгийн сангийн бойкот болж таарав уу?!

Өнөөг хүртэл, “…АН-аас ийм өчүүхэн улс төр гарна” гэж төсөөлсөн байтугай зүүдэлсэн хүн байхгүй биз.

23 цаг 30 мин
Хүүхдийн байгууллагын 100 жилээр 7 гавьяат төрлөө

Хүүхдийн байгууллагын 100 жилээр 7 гавьяат төрлөө

Уржигдар 15 цаг 31 мин
“Ард түмний хяналтын хороо”-г байгуулна

Иргэдийн шударга шүүх НҮТББ-аас “Ард түмний хяналтын хороо”-г үүсгэн байгуулах талаараа мэдээлэл хийлээ.

Уржигдар 15 цаг 04 мин
АН: Бүлгийн 30 гаруй гишүүн ээлжит бусаар хуралдсан ч тодорхой шийдэлд хүрч чадаагүй

АН: Бүлгийн 30 гаруй гишүүн ээлжит бусаар хуралдсан ч тодорхой шийдэлд хүрч чадаагүй

Уржигдар 13 цаг 53 мин
Гавьяат багш Ч.Цэрэндуламд Ардын багш цол хүртээлээ

Хүүхдийн байгууллага үүсэж, хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Уржигдар 13 цаг 29 мин
Д.Амарбаясгалан: Мэтгэлцэх, маргалдах зүйл цаашдаа ч гарна, асуудалд субьектив байдлаар хандахгүй байхыг хүсье

Д.Амарбаясгалан: Мэтгэлцэх, маргалдах зүйл цаашдаа ч гарна, асуудалд субьектив байдлаар хандахгүй байхыг хүсье

Уржигдар 10 цаг 43 мин
Чуулган: АН-ын бүлэгт нэг хоногийн завсарлага өглөө

Чуулган: АН-ын бүлэгт нэг хоногийн завсарлага өглөө

Уржигдар 10 цаг 29 мин