А.Халиунаа: Мэргэжлийн боловсрол сургалтын шинэчлэл багшийн хөгжлөөс эхэлнэ

2019-10-03
Нийтэлсэн: Админ
 1 мин
Л.ДААРИЙМАА Монголын мэргэжлийн боловсрол сургалтын салбарын багш нарын анхдугаар зөвлөгөөн өнөөдөр Төрийн ордонд болно. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн санаачилгаар 98 жилийн түүхэнд анх удаа болж буй энэ зөвлөгөөний талаар ХНХЯ-ны Мэргэжлийн боловсрол сургалтын салбарын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга А.Халиунаатай ярилцлаа. -Улсын хэмжээнд анх удаа зохион байгуулж буй багш нарын зөвлөгөөний зорилгыг та бүхэн яаж тодорхойлж байгаа вэ? -Энэ зөвлөгөөнийг зохион байгуулах санаачилгыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх гаргасан. Эдийн засгийн өсөлтийг хангах, үйлдвэрлэл, үйлчилгээний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэн, ажилгүйдэл ядуурлыг бууруулахад онцгой үүрэг гүйцэтгэх салбар бол Мэргэжлийн боловсрол сургалт учраас энэ салбарын хөгжлийн чиг хандлага, одоогийн нөхцөл байдлыг хэлэлцэн цаашдын зорилт, үйл ажиллагааг тодорхойлох нь манай зөвлөгөөний зорилго юм. Дэлхийн “Тогтвортой хөгжил-2030” хөтөлбөрийн гол үндсэн цөм нь боловсрол, ур чадвар гэсэн зорилтод чиглэж байгаа бөгөөд “хувьсан өөрчлөгдөж байгаа ур чадварын эрэлтэд хариу үйлдэл үзүүлэх, хүртээмжтэй, тэгш, чанартай, насан туршид суралцах боломжийг хангасан, инноваци, ногоон хөгжлийг дэмжсэн байх” хэмээн Мэргэжлийн боловсрол, сургалтын цаашдын дүр зургийг тодорхойлсон. Тиймээс НҮБ, ЮНЕСКО-гоос гишүүн орнууддаа Мэргэжлийн боловсрол сургалтын тогтолцоогоо өөрчлөн шинэчлэхийг уриалж байгаатай бидний зөвлөгөөний зорилго нийцэж буй бөгөөд салбарын шинэчлэлийг багшийн хөгжлөөс эхлүүлэх нь зөв гэдэгт бүгд санал нийлж байгаа юм. -Зөвлөгөөнд багш нарын төлөөллийг хэр сайн хангасан бол. Аливаа хурал зөвлөгөөнд голдуу захирал удирдлагууд л оролцдог шүү дээ? -Манай мэргэжлийн боловсрол сургалтын салбарт төрийн болон төрийн бус өмчийн нийт 84 МСҮТ, Политехник коллеж үйл ажиллагаа явуулж, 2469 багш ажиллаж байна. Улсын зөвлөгөөний 800 төлөөлөгчийн 600 нь багш гэхээр дөрвөн багшийн нэг нь оролцож байна гэсэн үг. Бусад нь манай салбартай хамтран ажилладаг төрийн болон хувийн хэвшил, иргэний нийгэм, олон улсын байгууллагын төлөөлөл байгаа. -Багшийн хөгжлийг дэмжих чиглэлээр танай яамнаас ямар бодлого барьж байгаа вэ? -ХНХЯ өнгөрсөн хичээлийн жилийг “Багшийн хөгжлийг дэмжих жил” болгож багшийг үр дүнтэй, тогтвортой ажиллуулах, мэдлэг, ур чадвараа тасралтгүй дээшлүүлэх, багш мэргэжлийн үнэ цэнийг өндөржүүлэхэд чиглэсэн арга хэмжээнүүд хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгсөн. “Багшийн хөгжлийн хөтөлбөр” батлан хэрэгжүүлж байгаагийн дээр, олон улсын төсөл, хөтөлбөрийн хүрээнд аж ахуйн нэгжийн 300 шахам ажилтныг “дадлагажуулагч багш”-аар бэлтгэж, мэргэшил дээшлүүлэх болон шинэ, технологи, инноваци, сургах зүйн сургалтад нийтдээ 2600 гаруй багшийг хамруулж чадавхижуулсан. Мэдээллийн технологийг сургалтад нэвтрүүлэх, багшийн дижитал ур чадварыг дээшлүүлэх, сургалт явуулах орчин нөхцөлийг хангах зорилгоор “Нэг багш нэг компьютер” хөтөлбөрийг эхлүүлж МСҮТ, Политехник коллежийн 900 гаруй багшийг компьютерээр хангаад байна. Эл арга хэмжээ цаашид ч үргэлжилж бүх багшийг хангах зорилготой байгаа. -Техник тоног төхөөрөмж өндөр түвшинд хөгжиж, үйлдвэрлэлд технологийн хувьсгал хийж буй өнөө үед мэргэжилтэй ажилтан бэлтгэх үүрэг хүлээж буй багшаас илүү их мэдлэг, ур чадвар шаардаж таарна? -Бүх салбарт багшид тавьж буй мэдлэг, ур чадвар, заах арга зүйн шаардлага шинэчлэгдэж байна. Манай мэргэжлийн боловсрол сургалтын багш л гэхэд аж ахуйн нэгж дэх инженер техникийн ажилтантай дүйхүйц, түүнээс илүү түвшний мэдлэг, мэргэшлийн ур чадвартай, бизнес сэтгэлгээтэй, сургах зүйн идэвхитэй, бүтээлч аргуудыг эзэмшсэн, өндөр ёс зүйтэй байх шаардлагад нийцэх хэрэгтэй байна. Үйлдвэрлэл, үйлчилгээний хурдацтай шинэчлэл, 2025 он гэхэд мэргэжлийн боловсролын агуулгад 70 гаруй хувийг эзлэх инженерингийн боловсрол, өндөр технологи, шинэ материалууд, нано, биотехнологи, анагаах ухааны цахим эмчилгээ амьдралд нэвтэрч, эдгээрт ажиллагсдыг бэлтгэдэг багш нараас шинэ, нэмэлт ур чадваруудыг шаардах боллоо. Ухаалаг гар утас, таблет, интернэт залуусын өдөр тутмын хэрэглээ болж, тэд өөрийн орон төдийгүй дэлхийн хэмжээний мэдээлэл харах, авах, харилцах болсон учраас мэргэжлийн гадаад хэлний болон техникийн хэлний мэдлэг, цахим орчинд ажиллах, харилцах, мэдээлэл ашиглах, мэргэжлийн хүрээний шинэчлэл өөрчлөлтийг олон улсын цараатай харж суралцах, шинэ ур чадваруудыг эзэмшихгүйгээр багшлах боломжгүй болно гэсэн үг. Тиймээс багшаа хөгжүүлэх бодлого, үйл ажиллагааг алсын хараатай, өргөн хүрээнд тавьж шийдвэрлэх, багш нар ч өөрийгөө хөгжүүлэхэд идэвхитэй ажиллаж, эрс өөрчлөлт хийх цаг болсныг бид энэ зөвлөгөөнөөр ярьж байна. -Мэргэжлийн боловсрол сургалтын салбарт иргэдийн хандлага өөрчлөгдөж байна уу? -Мэргэжлийн боловсролын сургалтыг сонгох иргэдийн сонголтод нааштай өөрчлөлт гарч байгаа. МСҮТ, Политехник коллежид нийт 38.5 мянган хүн сурч байгаагийн 71.4 хувь нь аж үйлдвэр, барилга, зам тээвэр, эрчим хүч, уул уурхай, хөдөө аж ахуйн чиглэлийн мэргэжлүүдийг сонгосон нь бодитой эерэг өөрчлөлт юм. Залуус нийгэм, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг мэдэрч, ажил мэргэжлийн зөв сонголт хийх болсныг дээрх тоо баримт харуулна. Дээд мэргэжлийн диплом өвөртөлчихөөд ажилгүй явах, эцэг эхээрээ угжуулж амьдрах нь явуургүйг ойлгосон залуусын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа нь мэргэжлийн боловсрол сургалтын нийгмийн үнэлэмж өсч байна. -Үнэлэмж өсч буй энэ боломжийг ашиглахад танай салбар бэлэн үү? -Манай улсад хүн амын цонхны таатай үе 2040 он хүртэл тохиож байгаа энэ боломжийг бид яаж бүрэн ашиглах вэ. Өнөөдөр манай 16-25 насны залуучуудын ажиллах хүчний эрэлт 60 орчим хувь байхад техник мэргэжлийн боловсролтой ажиллах хүчин 11 орчим хувь байгаа. Дэлхийн эдийн засгийн форумын үеэр ажил, хөдөлмөрийн ертөнц хурдацтай өөрчлөгдөж, хиймэл оюун ухаан, цахим, виртуал орчин нь ажиллах хүчний нөхцөл байдлыг өөрчилж, аж үйлдвэрийн хувьсгалын нөлөөгөөр нийт ажлын байрны 47 хувь нь технологийн шинэчлэлд өртөж, ажлын байрны 33 хувь нь устаж, ур чадвар жилд 10 хувиар хуучирч байна гэсэн сонирхолтой танилцуулга хийж байсан. Тиймээс энэ бүхэнд бэлэн байхын тулд эхний ээлжинд мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын багшийг тусгайлан бэлтгэх, тасралтгүй чадавхижуулах тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэй байна. Яг өнөөгийн нөхцөлд манай багш нарын мэдлэг, ур чадвар, туршлага өнөөгийн шаардлагаас хоцронгуй, үйлдвэр аж ахуйн газарт мэргэшил дээшлүүлэх боломж хязгаарлагдмал байгаа нь багшийн чадвар, сургалтын чанарт сөргөөр нөлөөлж байгааг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. -Салбарын шинэчлэлийг амжилттай хийхийн тулд багшийн хөгжлөөс гадна өөр ямар чиглэлд анхаарах ёстой вэ? -Мэргэжлийн боловсролын салбарын шинэчлэл төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг харилцан ашигтай, амьд, бүтээлч болгож чадсан эсэхээс шууд шалтгаална. Төрийн байгууллагуудын бодлого төлөвлөлт, ажлын уялдаа, хамтын ажиллагаа нь хариуцсан салбарын эрэлттэй ажилтны тоо болон чанарын хэрэгцээг тодорхойлох, бэлтгэх, сургах, ажлын байраар хангах чиглэлд шинэ түвшинд гарах болсныг анхаарах нь чухал. Манай аж ахуйн нэгжүүд, ажил олгогчид МБС-ын салбар, мэргэжлийн боловсрол, сургалтын байгуулагуудтай хамтран ажиллах нь үйлдвэрлэлийн бүтээмж, ашиг орлогыг нэмэгдүүлэх, хөгжиж дэвжихийн үндэс төдийгүй хүүхэд, залуучуудад мэргэжлийн чиг баримжаа олгох, мэргэжлээ зөв сонгоход нь туслах, стандарт, хөтөлбөр боловсруулах, үйлдвэрлэлийн дадлагын сургалтыг чанаржуулах, ур чадварыг дээшлүүлэхэд тустай юм. Түүнээс гадна салбарын санхүүжилтэд шийдэх асуудал нэлээд байгаа. Санхүүжилтийг олон эх үүсвэртэй, хувийн хэвшлийн дэмжлэг оролцоо бүхий болгох, сургалтын байгууллагын санхүүгийн эрх хэмжээг өргөтгөх талаар ч анхаарах ёстой. МБС-ын нэг суралцагчид ногдох хувьсах зардал нэг хичээлийн жилд 580 мянган төгрөг үүний 70 хувь нь багшийн цалин, 30 хувь нь үйлдвэрлэл, сургалтын зардалд зарцуулагдаж байгаа нь чанартай мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд хангалтгүй байна. Энэ мэтээр мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт шийдвэрлэвэл зохих олон асуудал бийг зөвлөгөөний үеэр хөндөж дорвитой шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байгаа. Эх сурвалж: Зууны мэдээ сонин    №196 (6163)
Мэргэжлийн 10 редакц хамтран “Эв эе” сар шинийн баярын хөтөлбөрөө хүргэлээ

“Эв эе” сар шинийн баярын хөтөлбөрийг мэргэжлийн 10 редакц хамтран баярын өдрүүдэд хүргэлээ. Энэ нь монголын мэдээллийн мэргэжлийн 10 сайт хамтран бэлтгэдэг үндэсний хэмжээний томоохон нэгдсэн хөтөлбөр юм.  

8 цаг 57 мин
“Өргөдөл, гомдол ирээгүй тохиолдолд М.Нарантуяа-Нара гишүүнд хариуцлага ярих боломжгүй“

“Өргөдөл, гомдол ирээгүй тохиолдолд М.Нарантуяа-Нара гишүүнд хариуцлага ярих боломжгүй“

9 цаг 57 мин
Ө.Шижир: Ерөнхий сайд аа, хуулийн хугацаандаа албан бичгийнхээ хариуг авья

Ө.Шижир: Ерөнхий сайдаа хуулийн хугацаандаа албан бичгийнхээ хариуг авья

10 цаг 8 мин
Өнгөрөгч өдрүүдэд 153 иргэн  угаарын хийд хорджээ

Өнгөрөгч өдрүүдэд 153 иргэн  угаарын хийд хорджээ

10 цаг 15 мин
АТГ-т шалгагдаж байхдаа хил давсан Ж.Мөнхбат эх орондоо иржээ

АТГ-т шалгагдаж байхдаа хил давсан Ж.Мөнхбат эх орондоо иржээ

11 цаг 33 мин
МАН-ын бага хурал ирэх баасан гарагт болно

МАН-ын бага хурал ирэх баасан гарагт болно

14 цаг 26 мин
Засгийн газар бонд гаргахаар болжээ

Засгийн газар бонд гаргахаар болжээ

14 цаг 30 мин
Орон сууцжуулалтын тусгайлсан банк байгуулах ажил юу болов?

Ерөнхий сайд Г.Занданшатар томилогдсоныхоо дараа нэг бодлогыг маш тодорхой зарласан. Энэ бол иргэдийн

17 цаг 41 мин
Б.Чойжилсүрэн сайдад өгсөн хугацаа дууслаа, эрчим хүчний салбар цэгцэрсэн үү

Засгийн газар эрчим хүчний салбарын доройтолд “онцгой анхаарна” хэмээн мэдэгдэж, Эрчим хүчний

17 цаг 41 мин
С.Баярцогт Ерөнхийлөгчид нэр дэвших үү, Ерөнхий нарийн бичгийн дарга болох уу?

Монголын улс төрд эргэж ирдэг улстөрчид бий. Тэд нам гүм болдог ч бүр мөсөн алга болдоггүй. Харин

17 цаг 41 мин