
Э.СОЛОНГО
“Гоёл” наадмыг санаачлан зохион байгуулж явсан залуу бүсгүй өдгөө “Монгол костюмс” хэмээх айлыг удирдаж сууна. Монгол үндэсний хувцасны онцлогоор эрдмийн зэрэг хамгаалсан тэрээр бизнестээ судалгаа, оюуны үйлдвэрлэлийг зэрэгцүүлэн авч яваа юм. Монголын үйлдвэрлэлийн алтан үед удирдах алба хашиж, дараа нь зах зээлийн шуурганд хувийн бизнесээ эхлүүлсэн нь “Монгол костюмс”-ын суурийг тавих үндэс болжээ. Тус компанийн захирал, доктор профессор Б.Сувдыг лхагва гариг бүрт уншигчдадаа хүргэдэг “Бизнес, хөгжил” ярилцлаганд урилаа.
-Та мөрөөдөл, зорилгынхоо нэг хэсэг болох “Монгол костюмс” компаниа байгуулснаас хойш 11 дэх жилээ угтах гэж байна. “Монгол костюмс”-ыг байгуулж байсан тэр үеийн дурсамжаар ярилцлагаа хэлэх үү?
-Жижиг дунд үйлдвэрлэл, компаниуд ажил, бизнесийн гараагаа эхлүүлдэг шиг “Монгол костюмс” подвальд хоёр ажилчинтай ажлаа эхлүүлж байлаа.
1990-ээд он үндэсний хувцасны эрэлт унасан, зах зээл нь хумигдсан үе байсан. Би өөрөө хувцасны загвар зохион бүтээгч инженер. Гадны оронд 10 гаруй жил амьдрахдаа үндэснийхээ хувцасны онцлогийг судалж, энэ чиглэлээр докторын зэрэг хамгаалсан минь “Монгол костюмс”-ын суурийг тавих шалтгаануудын нэг байсан гэж боддог. Гадны улсад 10-аад жил амьдрахдаа Монгол үндэсний хувцас хэмээх тэр өвөрмөц өв соёлын гайхамшиг, баялаг түүхийг гадныханд таниулж сурталчлах хүсэл тэмүүлэл намайг судалгаа, эрэл хайгуул, харьцуулж анализ хийх ажилд уруу татаж эхэлсэн. Гадны оронд төгссөн сургуульдаа “Монгол үндэсний хувцасны элемент бүхий орчин үеийн хувцасны загварыг боловсронгуй болгох нь” сэдвээр докторын зэрэг хамгаалсан юм. Нөгөө талаар 1980-аад онд сургуулиа төгсч ирээд тухайн үеийн Үнэ, стандартын улсын хороо, дараа нь Урлал, гоо зүйн улсын комиссын Нарийн бичгийн даргаар ажиллаж байсан минь подвалиос гараагаа эхэлсэн “Монгол костюмс”-оо өдий зэрэгт хүргэхэд гол тулгуур нь болсон гэж боддог. Үнэ, стандартын улсын хороонд ажиллаж байхдаа орон нутагт малчдын хувцасны судалгаа хийдэг байсан. Тэр үед бидний одоо өргөн хэрэглэж байгаа үндэсний хувцас малчдынх гэсэн тодотголтой байлаа шүү дээ. Аймаг, сумдаар явж малчдын ахуй амьдрал, биеийн онцолгийг судалж, түүнд тохирсон дээл, хувцасны стандартыг боловсронгуй болгож байлаа. Тэр үед одоо хийж байгаа ажлынхаа эхлэлийг тавьж байж. Дараа нь Урлал, гоо зүйн улсын комиссын Нарийн бичгийн даргаар ажиллаж байсан үе 1980-1990 он. Энэ хугацааг Монголын үйлдвэрлэлийн алтан үе гэдэг. Тэр үед ноолууран, савхи, нэхмэл, оёмол, сүлмэл гээд бүхий л хувцас, хөнжил, даавуугаа өөрсдөө үйлдвэрлэж илүү гарсныгаа экспортолдог байсан. Тэгэхэд би тэдгээр үйлдвэрийн шинээр гаргаж байгаа бүтээгдэхүүн, түүний загварт үнэлгээ өгч үйлдвэрлэх зөвшөөрлийг нь олгодог комиссын Нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа үйлдвэрлэгчид, загвар зохион бүтээгчидтэй ойрхон ажилласан хэрэг. Тэдний бүтээгдэхүүний чанар, зохион бүтээх ур чадвар, үнэ, стандарт гээд олон зүйлд хамтарч ажиллаж байсан минь “Монгол костюмс”-т том туршлага болсон болов уу.
-Таныг, тань шиг ажил эрхэлж яваа хүмүүсийг үндсэний баялаг бүтээгч, соёлын үнэт өвийг хадгалж, шинэ үеийнхэндээ хүргэдэг том үүрэгтэй гэж тодотгодог юм билээ. Тэгвэл таны ажлыг, үндэсний баялаг бүтээгчдийг төр хэр дэмждэг юм бэ?
-Өнгөрсөн арван жилийн хугацаанд ямар нэг дэмжлэг, хөрөнгө оруулалт, эрх зүйн орчингүй нөхцөлд ажиллаж ирсэн. Тэгсэн ч амжилтад хүрдэг юм байна. Дээлтэй Монгол зэрэг урьд өмнө нь байгаагүй түүх соёлыг сурталчлах, гадны жуулчдыг татах өдөрлөгийг бид Монголд бий болгож чадсан. 2005 онд анх төв талбай дээр 150 хүний бүрэлдэхүүнтэй үндэсний хувцасны парадыг зохион байгуулж байлаа. Өнөөдөр тэр арга хэмжээ жуулчдыг татах томоохон брэнд болсон. Үндэсний өв соёлыг судалж, олон нийтэд таниулж сурталчилах төрийн ажлыг үүрч, хүмүүст хүргэж байгаа гэж боддог. Өнөөдөр манайд үндэсний хувцасны түүх соёл, онцлогийг судладаг төрийн байгууллага байдаггүй. Бид жил бүр энэ талаар оюутан, судлаач, эрдэмтэдийг хамруулсан эрдэм шинжилгээний хурал зохион байгуулдаг. Эрдэм шинжилгээний хуралд ирсэн бүтээлүүдийг ном, товхимол, гарын авлага болгон гаргаж байна. Манай улсад энэ чиглэлээр суралцаж байгаа оюутан залууст ашиглах сурах бичиг, ном бараг байдаггүй. Тэгэхээр бидний хэвлүүлсэн номууд нөгөө талаараа оюуны том бүтээл болж үлддэг. Өнгөрсөн намар компанийнхаа 10 жилийн ойн хүрээнд ЮНЕСКО-ын төв байранд “Монгол хувцасны нууц товчоо” театрчилсан тоглолтыг тавиад ирсэн. Бид үндэснийхээ хувцасны гайхамшгийг дэлхийд сурталчилах энэ саналыг ЮНЕСКО-д хэд хэдэн удаа тавьсны дүнд тэндээс урилга хүлээж авсан. Дэлхийн энэ том байгууллагаас урилга авна гэдэг том амжилт. Энэ үед ч гэсэн ямар нэг дэмжлэг байгаагүй. Бид энэ алтан боломжийг алдахгүйг хичээсэн. Харин ЮНЕСКО-ынхон бидний санаачлага, өөрсдийн хүч, хөрөнгөөр ирснийг хүндэтгэж нэлээд их хөнгөлөлт, дэмжлэгийг үзүүлсэн. Тэд биднийг “Өөрсдөө хөрөнгө мөнгө босгон, хувийн зардлаар ирсэн” гэхээр гайхаж байсан. Өмнө нь хэзээ ч, аль ч орноос хэн ч хувийн зардлаар ингэж ирж байгаагүй. Ийм ажил төр, улсын бодлогын хэмжээнд яригддаг том ажил байдаг. Та нарын ажлыг дэмжих үүднээс 50 хувийн хөнгөлөлт үзүүлнэ гэдгээ хэлсэн. Энэ мэтчилэн хамтарч ажилласан, ажилладаг гадна, дотны байгууллага, эрдэмтэн судлаачдын дэмжлэгээр ажил урагштай байна. Хийж байгаа зүйл минь хүмүүст хүрч байгаа нь хамгийн том дэмжлэг болдог. Түүнээс биш төрөөс дэмжиж тусалсангүй гэж өнөөдрийг хүртэл бодож явсангүй. Өнөөдөр манай улс орны хөгжил, эдийн засаг ямар байгаа билээ. Ийм нөхцөлд тэгж “гоморхож” суух нь хэр оновчтой вэ гэдэг бодох л зүйл. Харин “Монгол костюмс”ын дэргэд байсан үндэсний хувцас, ахуйн хэрэглээ, эд зүйлсийн музейг ажиллуулах хууль, эрх зүйн орчингүй гэдэг шалтгаанаар хаачихсан юм. Үнэхээр манайд ийм ажил эрхлэх эрх зүйн орчин байдаггүй юм билээ.
-Ямар нэг дэмжлэг, хөрөнгө оруулалтгүй бас дээр нь үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчингүй нөхцөлд энэ олон ажлыг амжуулж, амжилтад хүрэхэд юу нөлөөлсөн бол?
-Үүнд ямар нэг нууц жор энэ тэр байгаагүй. Зорилго, хийх ажлууд минь тодорхой, түүн рүү тэмүүлэх хамт олны хүсэл тэмүүлэл нэг зүгт, “Үүнийг л хийх ёстой” гэсэн нэг сэтгэлтэй хүмүүс энэ бүгдийг босгосон. Мөн биднийг урамшуулж байгаа нэг зүйл Монгол тулгатнуудын хүндэтгэл. Якут, Тува, Халимаг, Өвөрмонгол, Буриад гээд тал талаас боломжоороо дэмжиж хамтарч ажилладаг. Тэд үндэсний түүх соёлоо их хүндэтгэдэг юм билээ.
-Эдийн засгийн хөгжилд уул уурхай, дэд бүтэц гээд томоохон салбаруудыг онцолдог. Энэ салбаруудаас таны ур чадвар, хүчээ сорьж байгаа салбар юугаараа давуу байж, ямар баялгийг бүтээж байна вэ?
-Газрын баялаг дуусдаг юм. Харин улс орны түүх, соёл дундрашгүй. Тиймээс өөрийгөө тэр түүх, соёлыг судалж, сурталчилан, гадныханд гайхуулж ,хойч үедээ үлдээх баялгийг бүтээж яваа хүмүүсийн нэг гэж ойлгодог. Монгол үндэсний хувцас маш баялаг түүхтэй. Бидэнд үүнийгээ мэддэггүй байсан үе бий. Одоо ч гэсэн хангалттай мэдэхгүй байгаа. Цаг хугацаа, хоёр том гүрний нөлөөгөөр бидний соёл дарагдчихсан. Гэхдээ сүүлийн жилүүдэд зөв гольдрол руугаа орж байна. Мөн бас нэг азаар дэлхийг байлдан дагуулж байсан тэр үед Монгол үндэсний хувцасыг хаа сайгүй тархаасан нь зарим судалгаагаар ажиглагддаг. Ер нь судалгаа, оюуны ажил, бизнесийг хослуулах ёстойг өнгөрсөн арван жилийн туршлагаас ойлгосон. Тиймээс Монголд энэ салбарт судалгаа, сурталчилгаа, сургалттай цогц бизнесийг анх удаа эхлүүлж амжилттай үргэлжлүүлж байна. Компанийнхаа үйл ажиллагааг харахад захиалга авч, хувцас хийгээд, хүмүүст борлуулж байгаа нь бизнес боловч нөгөө талд нь асар том судалгаа, оюуны ажил өрнөж байдаг. Судалж, харьцуулах зэргээр оюуны ажлын олон дамжлагын дараа түүн дээрээ үндэслэн эдийн засгийн эргэлтэд ордгоороо бас онцлог юм.
-Дотоодын компаниуд, үндэсний баялаг бүтээгчдэд бизнесийн таатай орчин хэр бүрдэж байгаа талаар таны байр суурийг сонсъё?
-Мэдэхгүй юм. Бизнесийн таатай орчин бүрдүүлнэ гэж яриадбайгаа болохоос хөрсөнд буусан нь хэр бол. Гэхдээ надад найдвар байдаг юм. Илүү сайхан үе ирнэ гэдэгт.
-Монгол яагаад zara, chanel зэрэг дэлхийд танигдаж, хүлээн зөвшөөрөгдсөн бүтээгдэхүүн шиг брэндтэй болж болдоггүй юм бол?
-Боломж бий. Манайд аль ч орныг ардаа орхих ур чадвар, арвин түүхтэй соёл байгаа. Магадгүй улс орны хөгжил, эдийн засгийн дэвшил брэндтэй болоход их үүрэг гүйцэтгэнэ. Гэхдээ дэлхийд танигдаж, хүлээн зөвшөөрөгдсөн брэндтэй болох цаг ойрхон санагддаг. Одоо энэ салбарын зах зээл үндэсний чөлөөт хэв маяг руу хошуурах болоод байна. Энэ бол бидэнд байгаа хамгийн том боломж. Монгол үндэсний хувцас хэчнээн баялаг түүх, онцлогтой билээ. Түүн дотор ястан, угсаатны хувцасны өөр өөрсдийн онцлог, баялаг түүх байна. Энэ л өнөөгийн зах зээлийн онцлогийг ашиглах боломж.
-Ажил, бизнесийн өрсөлдөөн амжилт, дэвшилийг авчирдаг гэдэг. Энэ салбарт өрсөлдөгчид хэр байна. Танайх хэр хүчтэй өрсөлдөгч вэ?
-Үнэндээ өнөөдөр манайх шиг энэ бизнесийг судалгаа, сурталчилгаа, сургалтыг цогцоор нь явуулдаг газар алга. 1990-ээд оны бодоход үндэсний хувцасны эрэлт нэмэгдсэн. Үүнийг дагаад ийм ажил, бизнес эрхэлдэг байгууллага олон болсон. Гэхдээ өнөөдөр манай компанийн төвшинд хүрсэн газар үгүй. Бардамнаж байгаа юм биш. Бодит байдал ийм байна. Харин манай компанийг хэр өрсөлдөгч гэдийг манайхтай өрсөлддөг байгууллагууд тодорхойлох байх.
-Тэгвэл өрсөлдөгчгүй зах зээлд бизнес хийх уйтгартай байдаг уу?
-Өрсөлдөгчид нэг нэгнээ хурцалж, ирлэж, илүү ихийг хийх сэжүүрийг өгдөг нь энэ зах зээлийн онцлог. Өрсөлдөгчийг би хүлээн зөвшөөрдөг. Олон нийтэд танигдсан том салонууд байна. Гэхдээ яг соёлын бүтээлч үйлдвэрлэл гэдэг талаас нь харвал энэ төвшинд ажиллаж байгаа газар алга.