Т.САЙХАН
Азийн төлөөх Боао форум өчигдөр эхэллээ. Манай улсад анх удаа болж буй форумыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн даргалж байна. Мөн НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Салсиа Алисжахбана, Үндэстэн дамнасан корпорациудын Хятадын зөвлөлийн дэд дарга Мөн Сяосу болон бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцож байгаа юм.
У.Хүрэлсүх: Бүс нутгийн байдал өөрчлөгдөж, эмзэг болж байна
Өчигдөр болсон форумд манай талаас Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан нарын төлөөлөл оролцов. Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “ Монгол Улс харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, бүс нутгийн хэмжээний асуудлыг хамтран шийдвэрлэх хүсэл эрмэлзэлтэй байна. Бүс нутгийн байдал түргэн өөрчлөгдөж, эмзэг болж байна. Байгаль орчны доройтол, уур амьсгалын өөрчлөлтийг сөрөн зогсохоор НҮБ-аас Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030-г боловсруулсан. Гэвч зарим улс хамтын ажиллагаанаас зайгаа барьж байна. Хөгжлийн зам хөтөлбөрийг БНХАУ-ын “Нэг зам, нэг бүс” хөтөлбөртэй уялдуулан хэрэгжүүлэх хүсэлтэй юм. Дэд бүтэц, эрчим хүчний томоохон төслүүд ОХУ-Монгол-БНХАУ-ын хамтын ажиллагааны үр дүнд хэрэгжиж байна. Өнөөдөр та бүхнээс олон бүтээлч санал гарна гэж итгэж байна. Засгийн газар хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах ажлаа үргэлжлүүлнэ. Манай эдийн засгийн гол тулгуур нь уул уурхайн салбар. Инноваци, байгальд ээлтэй технологийг нутагшуулна” гэлээ.
Бан Ги Мүн: Үгээр биш үйлсээр ирээдүйгээ бүтээх нь зөв
Форум энэ жил “Шинэ эрин үе дэх хамтын хөгжил дэвшлийн төлөөх уялдаатай үйл ажиллагаа” сэдвийн дор явагдаж байгаа юм. “Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, бизнесийн боломжууд”, “Хөгжлийн зам” хөтөлбөрийг “Бүс ба Зам” санаачилгатай уялдуулан хэрэгжүүлэх нь”, “Дэд бүтцийн харилцан холбогдох байдал”, “Ногоон хөгжлийг хамтын зорилт болгох” гэсэн сэдвээр илтгэл хэлэлцүүлэв. Энэ үеэр Боао форумын дарга Бан Ги Мүнийн илтгэл олон анхаарлыг татаж байв. Түүний илтгэлээс эшлэн хүргэж байна.
-Өнөө үед бүх улсын эрх ашиг харилцан уялдаатай. Дэлхий цорын ганц. Хамтын ирээдүйн төлөө нэгдсэн үйл ажиллагаа явуулах нь өнөөдрийн гол сэдэв. Бид олон газраас ирцгээсэн. Гэвч бидний ирээдүйн төлөө ялгаатай байдлын араас хөөцөлдөх ёсгүй.
-Дэлхий шинэ чиглэл рүү алхах цаг ирсэн. Үгээр биш үйлсээр ирээдүйгээ бүтээх нь зөв.
-Дэлхийн санхүүгийн хямрал 10 жилийн өмнө болсон. АНУ, Европын холбоо, Зүүн Өмнөд Ази зэрэг бүс нутгийн улсууд даяарчлалаас ухарч, популизмд автаж, нэг талыг баримталсан бодлого хэрэгжүүлж байгаа нь дэлхийн засаглал, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж байна.
-Та нар мэдэж байгаа тул аль орон бэ гэж би нэр дурдахгүй. Цөмийн аюулгүй байдал, дүрвэгсдийн шилжилт хөдөлгөөн, биологийн олон янз байдал буурсан, экологийн даац хэтэрсэн зэргийг бид шийдэж чадаагүй л байна.
-Хөгжингүй болон хөгжиж буй орнуудын хооронд тэнцвэргүй байдал үүссэн. Азийн эдийн засгийн өсөлт 6.5-аас 6.3 хувь болж буурлаа. Ази тив цаг уурын өөрчлөлт, хүн амын насжилт гэх мэт бэрхшээлтэй нүүр тулсан тул олон талт байдлыг хадгалан, даяаршлыг хөхиүлэн дэмжих, үүний тулд чармайх ёстой.
-Агаарын бохирдол хүн төрөлхтөнд шууд аюул учруулж байна. Ойролцоогоор дөрвөн тэрбум хүн энэ аюулд өртөж байна. Гэтэл дэлхийн нийт хүн долоон тэрбум шүү дээ. Агаарын бохирдол амьсгалын замын өвчний эх үүсвэр болдог. Иймд Монгол, БНХАУ, Хойд болон Өмнөд Солонгос улсууд нийтлэг шийдэл хайж, хатуу түлшнээс татгалзахаар зэхэж байна гэсэн юм.
Хөрөнгө оруулалтын 68 хувийг геологи, хайгуулын салбарт татжээ
Энэ форумыг анхлан санаачилсан 26 улсын нэг нь Монгол юм. Мөн Монгол Улс, БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн хүрээнд Азийн төлөөх Боао форум болж буйгаараа онцлог юм. Монгол Улсад 2018 оны эцсээр нийт 23.6 тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалтыг хийжээ. Энэ дүн өнгөрсөн оныхтой харьцуулахад 30 хувиар өссөн үзүүлэлт юм. 2018 онд 500 гадаад компани шинээр бүртгүүлсэн нь мөн л өссөн тоо юм. Тэдний дийлэнхийг БНХАУ, Голланд, Канад, Сингапурын компаниуд эзэлсэн. Нийт хөрөнгө оруулалтын 68 хувийг геологи, хайгуулын салбар татжээ. Энэ үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Популизм улс орны хөгжлөөс хойш нь татдаг гэдгийг тодотгоод
500 тэрбум төгрөг болон үүнээс дээш хэмжээний хөрөнгө оруулсан бол татварыг нь тогтворжуулах гэрээг Засгийн газартай байгуулах гэх мэт давуу тал олгодог гэдгийг онцолжээ. Мөн Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан “Бид дотоод гадаад гэж хөрөнгө оруулагчдыг ялгахгүй, ЖДҮ-д хөрөнгө оруулбал тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлнө, эдийн засгийн чөлөөт бүсэд хөрөнгө оруулбал эхний жилүүдэд мөн татвараас чөлөөлөх хуулийн заалтуудтай” гэдгийг онцоллоо. Азийн төлөөх Боао форум өнөөдөр өндөрлөнө.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2019.8.21 ЛХАГВА №166 (6133)