SOS: Ерөнхий сайд аа! “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд “Чайна энержи”-г шантаажилж л байг уу?

2025-07-07
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Оргилмаа   

   -Хоёр улсын Засгийн газрын гэрээг Монголын талаас зөрчих нөхцөл зохиож залхаан цээрлүүлэх бодлого хэрэгжүүлж буй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдагуудыг ҮАБЗ, Тагнуулын ерөнхий газар шалгах цаг болжээ-

Нүүрсний үнийн уналтаас болж төсөвт хүндрэл үүсэж, шинэ төсвөөс хэдхэн сарын өмнө тодотгоход хүрч, эдийн засаг донсолчихоод байна. Азаар, сүүлийн өдрүүдэд Монголын коксжих нүүрсний худалдан авалт идэвхжиж, 5# болон 3# ангиллын нүүрсний үнэ тонн тутамд 750 юань болон 790 юаньд хүрч өмнөх долоо хоногийнхоос өчүүхэн ч атугай өссөн таатай мэдээ дуулдаж байна.

Ажиглагчид хэлэхдээ наадмын өдрүүдэд нүүрсний хил дамнасан тээвэрлэлт арваад хоног зогсох тул боомтуудад нүүрсний нөөц багасаж, Монголын нүүрсний үнийг дэмжих хандлагатай байна гэж мэдээлж буй. Гэхдээ энэ сар, ирэх сард Хятадын гангийн эрэлт сулардагаас шалтгаалан 20-30-хан юаниар өсөж буй нь түр зуурынх байх болов уу гэж таамаглаж байна. Өөрөөр хэлбэл, богино настай бяцхан өсөлт.
Үүлэн чөлөөний нар шиг энэ бяцхан өсөлт дээр манай нүүрс их хэмжээгээр тээвэрлэгдвэл эдийн засагт жаахан ч гэсэн ашигтай. Харин хамгийн сонирхолтой нь нүүрсээ борлуулах гэж буй “Эрдэнэс Тавантолгой” компанид энэ тийм ч чухал биш бололтой. Учир нь өнгөрсөн баасан гаригт тус компани цочир шийдвэр гаргаж төмөр замын ачих буулгах үйл ажиллагаагаа зогсоочихлоо!

Яагаад? Дэндүү атгаг шалтгаанаар. Та бүхэн санаж байгаа байх. УИХ-ын чуулганы танхимаас эрхэм гишүүн Б.Пүрэвдорж “Тавантолгойгоос хийж байгаа тээврийн гэрээ авто тээврээр тээвэрлэхэд 1 тонн нь 15.74 доллар. Тавантолгой төмөр замаар Ганц модны нүүрсний талбай хүртэл 1 тонн нүүрсийг тээвэрлэхэд 17.97 доллар байна. Тээврийн хөлс авто замын тээврээс үнэтэй байх юм бол 5 их наядаар яах гэж төмөр зам барьсан юм бэ. Тавантолгойн амнаас 14 километр замд нэг сая 78 мянган төгрөгөөр ачиж байна. Дахиад хил хүртэл 4 километр зайд нэг сая 800 мянган төгрөгөөр зөөж байна. Ингэхээр Тавантолгой төмөр зам яаж ашигтай ажиллах юм бэ” хэмээн Засгийн газрыг буруушаан хашхирч байсан.

Үүний дараа Засгийн газрын 2025 оны 03 дугаар сарын 19-ний 135 дугаар тогтоолоор Тавантолгойн уурхайгаас нүүрс ачих логистикийн төв болон төмөр замын ачилтын бусад талбай хүртэлх,  Гашуунсухайт өртөөний шилжүүлэн ачих терминалаас экспортод гарах хүртэлх авто тээврийн өртгийг бууруулах ажлыг зохион байгуулахыг Зам тээврийн сайдад үүрэг болгосон. Гэтэл яагаад Засгийн газрын шийдвэрийг зөрчиж, дээрх шийдвэрээс хойш нэг сар хүрэхгүй хугацааны дотор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Х.Мөнхжаргал “Авто тээврийн өртгийг бууруулахгүйгээр” ачих хуучин тендрээ дур мэдэн үргэлжлүүлээд зогсохгүй, Зам тээврийн сайдад өгсөн үүргийг нүүрс олборлогч компани мөртлөө тээвэрлэгчдийг сонгож, өөрсдийн зохиосон хуваарьт ороогүй бол хэрхэн шийтгэхээ мэдэгдэж хясан боогдуулсан шийдвэр гаргасаар байсан.

Засгийн газрын дээрх тогтоол хэрэгжиж, уурхайгаас 13 км зайд нэг сая төгрөгөөр тээвэрлэдэг байсныг 480 төгрөг,  урагшаа хил гардаг талдаа 12-хон километрийн зайд 1 сая 900 мянган төгрөгөөр тээвэрлэдэг байсныг 960 төгрөг болгосон шийдвэрлэсэн. Ингээд сул зогссоноос дээр гэж үзээд, Зам, тээврийн яамнаас зарласан тендрийн шалгаруулалтад тавьсан үнийг зөвшөөрч 16 компани тээвэрлэлт хийхээр болов.

Гэтэл тэд “Чайна энержи”-гийн нүүрсийг тээвэрлэх гэж байгаа гэсэн утгаар “шантааж”-нд оржээ. Угтаа УИХ-аар соёрхон баталсан, хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээний дагуу тээвэрлэлт хийж байгаа хэрэг л дээ. Яг нүүрсээ тээвэрлэх гэтэл  “Эрдэнэс Тавантолгой” компанийнхан эхлээд уртын тээврийн нүүрсийг ачиж дууссаны дараа ачна гэж гацаадаг болжээ. Тэдний ачих хуваарьтай нүүрсний овоолгыг бусад компаниудад аччихдаг юм байна.  Эгээ л “Хүргэн хүү” кинон дээр эхлээд нэгдлийн малыг усална гээд зодолддог шиг юм болоод байна. Мөн уурхай дотуур ачааны машин дээрх нүүрсүүдийг заавал бүтээлэгтэй явуулах урьд хожид байгаагүй шинэ шаардлага тавьдаг болсон. Ингээд ачих нүүрсээ лабораторид шинжлүүлэхэд заавал хоёр хоног саатуулна. Арайхийн адлуулж ачаад төмөр зам дээр буулгаж ачих гэсээр “Чайна энержи”-тэй хийсэн гэрээгээр амласан хугацаандаа амжихгүй лав дөрвөн өдөр саатаж хоцроож байна.

Ингэж хааж боох эрх “Эрдэнэс Тавантолгой”-д байгаа юм уу, Г.Дамдинням сайд аа? Эсвэл улстөржилт, ашиг сонирхлын зөрчил үүсэв үү?

Яагаад гэвэл хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг УИХ соёрхон батлаад, гэрээний дагуу хэрэгжиж эхэлсэн ажил. Энэ нүүрсийг ачихад “Эрдэнэс Тавантолгой” компани хааж боолоо гэхэд Хятад улс эсвэл “Чайна энержи” таван сая тонн нүүрсээр дутаж хохирох уу? Эсвэл Засгийн газар нь солигдохоор дараагийн Засгийн газар нь үргэлжлүүлэх хүсэлгүй, гэрээнд  хариуцлагагүй, гоомой хандаж цуцлахад хүргэдэг гээд гаднын хөрөнгө оруулагчид дайжих уу?  

Тэд “Монголын төмөр зам” ТӨХК-тай 16 жилийн тээврийн гэрээ хийчихсэн. Энэ 16 жилийн хугацаанд нийт 247 сая тонн нүүрсийг зөвхөн “Монголын төмөр зам” компани л төмөр замаар тээвэрлэнэ. Төмөр замын тээвэр дээр асуудал үүсгэж, зардал өсгөөд байсныг хямдруулснаас болж автотээвэр дээр ийм чагт тавиад байгаа нь улсаа хорлож байгаа хэрэг биш гэж үү?

Үүнээс болоод “Чайна энержи” компанийнхан “Он дуустал тавхан сар үлдлээ. Таван сарын дотор таван сая тонн нүүрс тээвэрлэнэ. Өдөрт найман цуваа тээвэрлэх байтал өнгөрсөн баасан гаригаас эхлээд ачих байгууламжийнхаа үйл ажиллагааг зогсоочихлоо. Энэ ямар учиртай юм бэ” гэж асуулга тавьж эхэллээ. Ингэж хоёр улсын Засгийн газрын хэлэлцээртэй, эдийн засгийн ямар ч хүндрэлийн үед тогтвортойгоор, зах зээлийн үнээр худалдан авахаар тохирсон, хамгийн ирээдүйтэй, төрийн нэрийн өмнөөс худалдаа хийж буй худалдан авагчаа хохироох, гэрээг Монголын талаас зөрчих арга сүвэгчилж буй нь хэний эрх ашигт үйлчилсэн хорлол вэ?

“Эрдэнэс Тавантолгой”-н нүүрсний хулгайн үр хөврөл ямар нэг байдлаар үргэлжилсээр байгааг тэднийхээс зарладаг нүүрсний тээврийн тендер харуулсаар байсныг Засгийн газрын тогтоолоор завхарлыг зогсоож тээвэрлэлтийн зардлыг бууруулах, үр ашигтай болгох ажлыг Зам, тээврийн яаманд хариуцуулсан. Төмөр замын тээвэр дээр, автомашинаар тээвэрлэх дээр хэчнээн “нүүрсний хулгайн” хэрэг илэрч, хэд нь хоригдож байгаа билээ? Хэсэг бүлэг хүн ашиг олоод байж болзошгүй, хувийн хэвшлийнхэнд нээлттэй бус үйл ажиллагаа яваад байгааг УИХ, Засгийн газрын түвшинд олж хараад улс орны нийтлэг эрх ашигт үйлчлээд эхлэхээр үүнд өширхөж төмөр замаар тээвэрлэхэд нь саад зохиож шантаажилж, хоёр улсын гэрээг хэрэгжихгүй байх шалтгааныг Монголын талаас болгож зохион байгуулаад байгаа нь ноцтой гэмт үйлдэл биш үү, Ерөнхий сайд аа?

БНХАУ-ын Засгийн газартай ерөнхий хэлэлцээр болон холбогдох гэрээг байгуулсныг мэдсээр байж, шинэ Ерөнхий сайд Г.Занданшатар, түүний танхимын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, өмнөх Засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллаж, уг гэрээг байгуулалцаад, эдүгээ хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нар энэ байдлыг дуугүй хараад суух уу? Үүнийгээ тэгээд төрийн өмчийн залгамж чанар гэх үү? Ялангуяа Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Та “Эрдэнэс Тавантолгой”-д юу болоод байгаа талаар хэр мэдээлэлтэй байгааг зориуд асууя.

Энэ Засгийн газар ч, ер нь цаашид ч бүх салбарт Засгийн газар огцорсны дараа, дараагийн Засгийн газар байгуулагдахаар гаднынхантай байгуулсан хэлэлцээрээ хэрэгжилтэд анхаарал тавихгүй байсаар цуцлахад хүрэх үү гэдэг асуултыг дагуулж байна. Тиймээс үүсээд буй нөхцөл байдал дотоод улстөржилт үү, хоёр улсын харилцаанд сөрөг асуудал үүсгэх, эсвэл гадаадын хөрөнгө оруулагчдад таагүй сэтгэгдэл төрүүлэх зориудаар зохион байгуулсан акц уу гэдгийг ҮАБЗ, Тагнуулын ерөнхий газар шалгаж өгнө үү гэдэгт хүсэлт тавья. Яагаад гэвэл яг энэ цаг мөчид төмөр замын тээвэр дээр ямар нэг ачаалал алга, өнөөх урт дараалал үүсээгүй байна. Тэгэхээр гацаах шалтгаан нь ойлгомжтой байгаа биз дээ?

Мөн “Эрдэнэс Тавантолгой” компанид үндсээр нь өөрчлөлт хийж, ашиг сонирхлын агуулгаар, төрийн бодлогын эсрэг ажиллаад байгаа хүмүүстэй хариуцлага тооцох ёстой юм болов уу. Шийдлээ ойлгомжтой, хурдтай гаргахгүй бол эдийн засгийн гадаад, дотоод нөхцөл байдал Ерөнхий сайдад тулгарсан элдэв асуудал, намын нөхдийнх нь улс төрийн болон ашиг сонирхлын зөрчлийг хэрхэн зохицуулахыг нь хүлээхгүй.

                                                                                                                                        /2025.07.07/                

Редакцын бус нийтлэл                                               

 

Нирмал Пуржагийн GPS-ийн сүүлийн мэдээлэл: 5,878 метрийн өндөрт тогтвортой байршил зааж, төхөөрөмжийн цэнэг дуусах дөхжээ

Нирмал Пуржагийн GPS-ийн сүүлийн мэдээлэл: 5,878 метрийн өндөрт тогтвортой байршил зааж, төхөөрөмжийн цэнэг дуусах дөхжээ

9 цаг 59 мин
Доктор Энтони Фаучи Сенатын сонсголд мэдүүлэг өгөхөөс татгалзав

Доктор Энтони Фаучи Сенатын сонсголд мэдүүлэг өгөхөөс татгалзав

22 цаг 25 мин
АН Баян-Өлгий аймгийн Засаг даргыг албан тушаалаас нь чөлөөлсөн шийдвэрийг эсэргүүцэв

АН Баян-Өлгий аймгийн Засаг даргыг албан тушаалаас нь чөлөөлсөн шийдвэрийг эсэргүүцэв

22 цаг 45 мин
Үүсмэл ордыг стратегийн ордын “жагсаалт”-аас хасвал Үндэсний баялгийн сан зөв болно

Үүсмэл ордыг стратегийн ордын “жагсаалт”-аас хасвал Үндэсний баялгийн сан зөв болно

22 цаг 55 мин
АТГ: Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татаж, мэдүүлэг авахаар дуудсан

АТГ: Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татаж, мэдүүлэг авахаар дуудсан

Уржигдар 13 цаг 02 мин
"Хонхор ус"-т өрөмдлөг хийх нь зөв үү

"Хонхор ус"-т өрөмдлөг хийх нь зөв үү

Уржигдар 06 цаг 10 мин
Төв Азийн хамгийн анхны төр улсын Хүннү цогцолборыг цогцоор нь Дэлхийн өвд бүртгэжээ

Төв Азийн хамгийн анхны төр улсын Хүннү цогцолборыг цогцоор нь Дэлхийн өвд бүртгэжээ

Уржигдар 06 цаг 05 мин
“280 мянган тонн хагас кокс, 180 мянган тонн сайжруулсан түлшээр өвлийг давна”

“280 мянган тонн хагас кокс, 180 мянган тонн сайжруулсан түлшээр өвлийг давна”

Уржигдар 06 цаг 00 мин
Нэг өдөр төрсөн хоёр Шерлок: Бенедикт Камбербэтч, Василий Ливанов

Нэг өдөр төрсөн хоёр Шерлок: Бенедикт Камбербэтч, Василий Ливанов

2026-07-29
Дүнжингаравын дэлбэрэлтийн хэргийн шүүх хурал хойшлогджээ

Дүнжингаравын дэлбэрэлтийн хэргийн шүүх хурал хойшлогдлоо

2026-07-29