
Т.БАТСАЙХАН
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог жавхлант эзэн хаан Нарүхито, эрхэм дээд хатан Масако нар манай улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. Тэд энэ жилийн баяр наадмын хүндтэй зочид яах аргагүй мөн билээ. Айлчлалын хүрээнд зарим мэдээллийг тоймлон хүргэж байна.
Эзэн Хаан Нарүхито гэж хэн бэ?
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито 1960 оны хоёрдугаар сарын 23-нд Токио хотод төрсөн. 65 настай. Японы Гакүшүин их сургуулийг 1982 онд түүхийн ухааны бакалавр зэрэгтэй төгссөн. Оксфордын их сургуульд 1983 онд элсэн орж, гидрологи (гол мөрөн, усны нөөцийг судлах, голын тээвэр) мэргэжлээр суралцаж төгссөн. Оксфордын их сургуульд жил суралцсаны дараа тэрээр Европ, Хойд Америкаар аялж, 1985 онд Японд эргэн ирж, 1988 онд Гакүшүин их сургуулийн магистрантурыг дүүргэсэн.
Түүний эцэг Япон Улсын 125 дахь Цог Жавхлант Эзэн Хаан Акихито 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өөрийн хүсэлтээр сэнтийгээсээ бууж, 05 дугаар сарын 1-ний өдөр Япон Улсын 126 дахь Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Хаан ширээндээ заларсан. Мөн өдрөөс Япон Улсад “Рэйва” (үзэсгэлэнт зохицол) он тоолол эхэлсэн. Япон Улсын Эрхэм дээд Хатан Масако-той 1993 онд гэрлэсэн. Тэдний охин Гүнж Аико нь 2001 онд төрсөн, 24 настай, Японы Улаан загалмай нийгэмлэгийн ажилтан.
Угсаа залгамжлагч Хунтайжийн хувиар 2007 оны долоодугаар сард Монгол Улсад айлчилсан. Англи, франц хэлийг өндөр түвшинд эзэмшсэн.
Төгсөлтийн судалгааны ажлаа 18-19 дүгээр зууны Темза мөрний тээврийн сэдэв (“A Study of Navigation and Traffic on the Upper Thames in the 18th Century”)-ээр бичиж, хожим “Темза мөрөнтэй хамтдаа” “The Thames and I: A Memoir of Two Years at Oxford” номоо гаргасан. “Дэлхийн усны форум” зэрэг олон улсын хурал, чуулганд оролцдог. Мексик Улсад 2006 онд зохион байгуулагдсан “Дэлхийн усны дөрөв дэх удаагийн форум”-д оролцож, “Усны нөөцийн менежмент ба тогтвортой хөгжил” сэдвээр лекц тавьсан. НҮБ-ын “Ус ба эрүүл ахуйн асуудлын зөвлөл”-ийн Хүндэт Ерөнхийлөгчөөр 2007-2015 онд ажилласан байна.
Угсаа залгамжлагч Хунтайж байхдаа манай улсад хүрэлцэн ирж байв
Тэрээр Ерөнхийлөгч Н.Энхбаярын урилгаар Япон Улсын Угсаа залгамжлагч Хунтайж байхдаа хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд 2007 онд манай улсад хүрэлцэн ирж байв. Айлчлалын хүрээнд Угсаа залгамжлагч Хунтайж Нарүхито Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярт бараалхсан. Мөн Үндэсний Их баяр наадмын нээлтийн ажиллагаа, Үндэсний сурын харваа, Соёолон морьдын уралдааныг үзэж сонирхон Төрийн хүндэтгэлийн дайллагад оролцсон. Түүнчлэн Байгалийн түүхийн музей, Палеонтологийн хүрээлэн, “Говь” үйлдвэр, Дамбадаржаа дахь япон иргэдийн дурсгалын цогцолбор, Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв болон Өвөрхангай, Архангай аймгуудад зочилсон байдаг. Айлчлалын үеэр Дуурь бүжгийн эрдмийн театрт зохион байгуулагдсан Хүндэтгэлийн концертод Угсаа залгамжлагч Хунтайж Нарүхито эрдүү хийл (viola) хөгжмөөр Монгол Улсын Филармонийн оркестр, Морин хуурын чуулгын уран бүтээлчдийн хамт К.Сен-Сансын “Хун” аялгууг тоглосон.
Япон Улсын Эзэн Хаант ёсны тухай
Японы домогт улсын анхны Эзэн Хаан Жинмү нь “Аматэрасү” нарны бурхны үр удам бөгөөд МЭӨ 660 онд Хааны сэнтийд заларч, Японы Эзэн Хааны угсаа 2600 гаруй жилийн хугацаанд тасралтгүй үргэлжилсэн хэмээгддэг. Эзэн Хаан Жинмү анх сэнтийд заларсан буюу Япон Улс үүсгэн байгуулагдсаны 2685 жилийн ой энэ оны хоёрдугаар сарын 11-ний өдөр тохиосон. Түүхийн ихэнх мөчлөгт Японы Эзэн Хааны эрх мэдэл болон нөлөө хязгаарлагдмал, бэлгэ тэмдгийн шинж чанартай байсаар ирсэн хэдий ч Японы үе үеийн цэргийн засаглалын удирдагч (шогүн) нар Эзэн Хаанаа төрийн тэргүүнд тооцон дээдэлсээр иржээ. Япончууд 1868 оны Мэйжигийн шинэчлэлээр тухайн үеийн цэргийн засаглалын эрх мэдлийг унагаан Эзэн Хаан төвтэй улс байгуулж, улмаар 1889 онд Үндсэн хуульт Хаант засаглалыг байгуулсан. Япон Улсын 125 дахь Цог Жавхлант Эзэн Хаан Акихито 2019 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр сайн дураараа сэнтийгээсээ бууж, 2019 оны тавдугаар сарын 1-ний өдөр Угсаа залгамжлагч Хунтайж Нарүхито Эзэн Хааны сэнтийд заларснаар Японд “Рэйва” буюу “Үзэсгэлэнт зохицол” он тоолол эхэлсэн.
Японы Эзэн Хаан аливаа асуудлаар байр сууриа илэрхийлдэггүй, бэлгэдэл, ёслолын шинж чанартай үйл ажиллагаа явуулж буй. Дэлхийн II дайны дараа 1946 онд шинээр батлагдсан Японы Үндсэн хуулийн “Эзэн Хаан” хэмээх нэгдүгээр бүлгийн нэгдүгээр зүйлд “Эзэн Хаан нь Япон Улсын бэлгэ тэмдэг бөгөөд Японы ард түмний эв нэгдлийн бэлгэдэл юм” гэж заасан байдаг.
Эзэн Хаан “бэлгэдлийн дипломат харилцаа” -г хөгжүүлдэг
Эзэн Хааны гадаад харилцааны гол үүрэг нь Япон Улсын бэлгэдлийн хувиар гадаад улс орнуудтай найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх юм. Эзэн Хааны айлчлалыг “бэлгэдлийн дипломат харилцаа” хэмээдэг бөгөөд айлчлалын үеэр хөтөлбөрт дараах арга хэмжээ багтдаг. Үүнд, тухайн орны төрийн тэргүүн нартай уулзах, албан ёсны ёслол, хүлээн авалтад оролцох, зочилж буй улсынхаа түүх, соёлтой танилцах, Японы соёлыг сурталчлан таниулах, түүгээр дамжуулан хоёр орны ард түмэн хоорондын харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх, Японы соёл, уламжлалтай холбоотой арга хэмжээнд оролцох, тухайн улсад суугаа Япон Улсын иргэдтэй уулзах, Япон Улсын түүх, байгаль орчны асуудлаар лекц унших, Олон улсын хурал, эрдэм шинжилгээний симпозиумд оролцох зэрэг багтдаг байна.
Өнөөгийн Япон улс
Нутаг дэвсгэр 377.926 хавтгай дөрвөлжин км газар нутагтай. Хоккайдо, Хоншү, Шикокү, Кюүшү гэсэн дөрвөн том арал, 6848 жижиг арлаас бүрддэг. 123 сая 334 мянган хүн амтай. Жил ирэх тусам хүн ам нь буурч буй. Япон үндэстэн хүн амын 98.5 хувийг, айнү, рюүкюү гаралтай иргэд цөөнхийг эзэлж байна. Япон Улсын Засгийн газар нийт хүн амын тоог 100 саяас дээш хэмжээнд байлгах зорилго дэвшүүлэн ажиллаж буй. Нийт хүн амын 51.3 хувийг эмэгтэйчүүд, 48.7 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна. Үндэсний хэл нь япон хэл бөгөөд нийт хүн амын 99 хувь нь япон хэлээр ярьж байна. Эзэн Хааны мэндэлсэн өдөр нь хоёрдугаар сарын 23-ны өдөр тохиодог бөгөөд Үндэсний баяр нь юм. Үндсэн хуульт хаант засаглалтай
Төрийн тэргүүн нь Эзэн Хаан. Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн Танхимын дарга М.Сэкигүчи 2024 оны арваннэгдүгээр сараас томилон ажиллаж байна.
Ерөнхий сайдаар Ш.Ишиба ажилладаг. Парламент хоёр танхимтай бөгөөд дээд танхим нь 245 суудалтай, зургаан жилээр сонгогдоно. Нийт гишүүдийнх нь 50 хувь нь гурван жил тутам солигддог. Доод танхим 465 суудалтай, дөрвөн жилээр сонгогдоно. Японд гуван төрлийн сонгууль явагддаг. Төлөөлөгчдийн танхимын сонгууль дөрвөн жил тутамд, зөвлөхүүдийн танхимын сонгууль гурван жил тутам болж, нийт гишүүдийн тал нь солигддог. Орон нутгийн засаг захиргааны сонгууль дөрвөн жил тутамд болно. Сонгуульд 18-аас дээш насны иргэд саналаа өгөх эрхтэй.
Япон Улсын хувьд уул уурхайн баялаггүй, дотоодын эрэлт хэрэгцээгээ импортоор хангадаг. Иенийн ханшийг монгол төгрөгтэй харьцах ханш 24.87 байна.
Япон Монголын харилцааны лавлах
Монгол Улс, Япон Улс хооронд 1972 оны хоёрдугаар сарын 24-нд дипломат харилцаа тогтоожээ. Улмаар Монгол Улс 1972 онд Токио хотод, Япон Улс 1973 онд Улаанбаатар хотод Элчин сайдын яамаа нээсэн. Одоо Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдаар Б.Баярсайхан ажиллаж байна. Харин Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдаар М.Игавахара томилогдон ирээд байгаа юм.
Монгол Улс, Япон Улсын хооронд 1997 оноос Иж бүрэн түншлэлийн, 2010 оноос Стратегийн түншлэлийн, 2022 оноос “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн харилцааг хөгжүүлж байна. Хоёр улсын Стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай Дунд хугацааны хөтөлбөр (2013-2017 он)-ийг талууд бүрэн хэрэгжүүлж, Дунд хугацааны хөтөлбөр (2017-2021 он)-ийн хэрэгжилтийг дүгнэж, Япон Улсын Гадаад хэргийн сайд Ё.Хаяшигийн 2022 оны тавдугаар сард Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр олон нийтэд танилцуулсан.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 оны арваннэгдүгээр сарын 29-нөөс арванхоёрдугаар сарын 2-ны өдөр Япон Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр талууд “Монгол Улс, Япон Улсын Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг хөгжүүлэхэд чиглэсэн Хамтарсан мэдэгдэл гаргаж, уг хамтарсан мэдэгдлийн хавсралтаар Монгол Улс, Япон Улсын Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэлийн Үйл ажиллагааны 10 жилийн хөтөлбөрийг байгуулсан. УИХ-ын 2024-2028 оны бүрэн эрхийн хугацаанд Монгол-Японы парламентын бүлэг 29 гишүүнтэйгээр бүрэлдэж, бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Ж.Галбадрах ажилладаг. Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн даргаар А.Нагашима, Зөвлөхүүдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн даргаар Ш.Ямазаки нар ажиллаж байна. Монгол Улс, Япон Улсын хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг 2015 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр байгуулж, уг хэлэлцээр 2016 оны зургаадугаар сарын 7-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж байна. Монгол Улсын хувьд анхных, Япон Улсын хувьд 15 дахь хэлэлцээр юм. Хэлэлцээрээр монголын тал 5700 орчим, японы тал 9300 орчим төрлийн бараа, бүтээгдэхүүнийг импортын гаалийн тарифаас шууд болон үе шаттайгаар чөлөөлж байна. Үүнд, манай улс Японоос импортлож буй 3423 төрлийн бараа, Япон Улс манай экспортын 8004 төрлийн бараа, бүтээгдэхүүнийг хэлэлцээр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гаалийн татвараас шууд чөлөөлсөн. 2024 оны арванхоёрдугаар сарын байдлаар хоёр улсын худалдааны эргэлт 1.1 тэрбум ам.долларт хүрээд байна.
20416 монгол иргэн Японд амьдарч байна
Япон Улсад 2024 оны зургаадугаар сарын 30-ны байдлаар Монгол Улсын 20416 иргэн оршин сууж байна. 1984 онд 16 хүн байсан бол өссөөр 2023 онд 19490-д хүрчээ. 2024 оны байдлаар Япон Улсад 47404 монгол иргэн, Монгол Улсад 26592 япон иргэн тус тус зорчсон байна. Японд монгол иргэдийн хоёр холбоо идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. 1996 онд байгуулагдсан “Япон дахь монгол оюутны холбоо”, 2016 онд байгуулагдсан “Япон дахь монгол иргэдийн нэгдсэн холбоо” юм. Япон Улсын Засгийн газрын тэтгэлгээр 286 оюутан, төсөл хөтөлбөрт хамрагдаж, байгууллагын тэтгэлгээр 98, богино хугацааны тэтгэлэгт сургалтад 20, Японы орон нутгийн зардлаар 72, хувиараа болон иргэд, компанийн зардлаар 30 гаруй оюутан суралцаж байна. Мөн Японд 300 гаруй судлаачдыг нэгтгэсэн “Монгол судлалын нийгэмлэг” үйл ажиллагаа явуулж байна. Тус нийгэмлэг Токио-гийн Гадаад хэлний дээд сургуульд байрладаг. Япон Улсын Засгийн газраас 1977-2024 оны гуравдугаар сарын байдлаар 123.4 тэрбум иенийн буцалтгүй тусламж, 182.9 тэрбум иенийн хөнгөлөлттэй зээл, 56.5 тэрбум иенийн техникийн хамтын ажиллагаа нийт 362.4 тэрбум иенийн (3.3 тэрбум ам.доллар) зээл, тусламжийг манай улсад үзүүлсэн.
Нарүхито Индонез, Их Британи улсад айлчилжээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Япон Улс, Бүгд Найрамдах Индонез Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой болон Япон Улс, АСЕАН-ы найрамдалт харилцааны 50 жилийн ойн хүрээнд 2023 онд тус улсад төрийн айлчлал хийсэн. Айлчлалын хүрээнд Япон Улсын Хөгжлийн албан ёсны тусламжийн санхүүжилтээр ашиглалтад орсон нийслэл Жакарта хотын Нийтийн хурдан галт тэрэгний “Lebak Bulus” өртөө дахь удирдлагын төв болон галт тэрэг засварын үйлчилгээний төв, хоёр тэрбум иений буцалтгүй тусламжийн хүрээнд тоног төхөөрөмжийн шинэчлэл хийсэн Жакарта хотыг үер уснаас хамгаалах байгууламж болох “Плиут ус зайлуулах төв станц”, 1960-аад онд Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар барьсан “Элс, хөрсний нүүлт хөдөлгөөнийг хянах төв”-ийн үйл ажиллагаатай тус тус танилцсан байна.
Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс (ИБУИНХУ)-ын Хаан III Чарьлзын урилгаар Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар 2024 оны зургаадугаар тус улсад төрийн айлчлал хийсэн. Энэ нь 1998 оноос хойш буюу 26 жилийн дараа хэрэгжсэн айлчлал гэдгээрээ онцлогтой байв. Түүнийг угтах ёслолын үеэр ИБУИНХУ-ын Ерөнхий сайд Риши Сунак болон Засгийн газрын бусад гишүүдийг Эрхэм дээдсүүдэд танилцуулж, ойролцоо орших “Грин Парк” цэцэрлэгт хүрээлэнд 41 удаа их буугаар ёслолын буудлага хийсэн. Эрхэм дээд Хатан Масако цагаан өнгийн даашинз, ижил хээтэй цагаан малгай өмсөж, “морины харшилтай” тул цагаан маск зүүсэн байв.
Хатан Масакогийн тухай баримтууд
Япон Улсын Эрхэм дээд Хатан Масако 1963 оны арванхоёрдугаар сарын 9-нд Токио хотод төрсөн. 62 настай. АНУ-ын Белмоны ахлах сургуулийг 1981 онд, Харвардын их сургуулийн Эдийн засгийн тэнхмийг 1986 онд, Оксфордын их сургуулийг 1990 онд тус тус төгссөн. Япон Улсын Гадаад хэргийн яаманд 1986-1993 онд ажилласан. Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Япон Улсын Эрхэм дээд Хатан Масако нар сүй тавьсан тухайгаа 1993 оны нэгдүгээр сарын 19-нд олон нийтэд зарласан. Угсаа залгамжлагч Хунтайж Нарүхито-той 1993 оны зургаадугаар сарын 09-нд гэрлэсэн. Хуримын ёслолд нь Европын Хааны угсааныхан болон олон улсын төрийн тэргүүн нар оролцож байсан. Эрхэм дээд Хатан Масако Японы Улаан загалмай нийгэмлэгийн Хүндэт ерөнхийлөгчөөр 2019 оноос хойш ажиллаж байна. Хатан Масако-гийн эцэг Овада Хисаши нь Олон улсын шүүхийн шүүгч, Япон Улсын Гадаад хэргийн дэд сайд, Япон Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн албыг тус тус хашиж байсан.
Тэрээр Эзэн Хааныг Угсаа залгамжлагч Хунтайж байх үеэс 30 гаруй улсад хамтдаа айлчилж, Япон Улсад айлчилж буй гадаадын дээд, өндөр түвшний албан тушаалтнуудтай уулзсан. Хатан Масако англи, герман, франц хэлийг өндөр түвшинд эзэмшсэн нэгэн.
Ханхүү Акишинономия, Гүнж Кико нар Өвөрхангай, Архангай, Булган аймагт зочилж байжээ
Ерөнхийлөгч Н.Багабандийн урилгаар Япон Улсын Эрхэм дээд Ханхүү Акишинономия, Гүнж Кико нар 2002 онд манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн. Айлчлалын хүрээнд Ханхүү Акишинономия, Гүнж Кико нар Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди, гэргий А.Оюунбилэг нарт бараалхаж, Ерөнхий сайд Н.Энхбаяр, Гадаад хэргийн сайд Л.Эрдэнэчулуунтай албан ёсны уулзалт хийсэн. Мөн тэд Үндэсний түүхийн музей, Байгалийн түүхийн музей, ШУА-ийн харьяа Палеонтологийн лаборатори, Гандантэгчэнлэн хийд, Богд хааны өвлийн Ордон музей, Чойжин ламын сүм музей, Соёл урлагийн их сургууль, 23 дугаар сургууль, Хүүхдийн урлан бүтээх төв, Хүүхэд асран хүмүүжүүлэх төв, Сүрьеэгийн тандалт, судалгааны төв, “Говь” үйлдвэр, Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв, Дамбадаржаа дахь Япон иргэдийн дурсгалын цогцолбор болон Төв, Өвөрхангай, Архангай, Булган, Дорноговь аймгуудад зочилсон байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 7. ДАВАА ГАРАГ. № 126, 127 (7623, 7624)