
Ч.ЗОТОЛ
УИХ, Ерөнхийлөгчийн Тамгын газар хамтран Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн барьсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлтэй Ерөнхийлөгчийн өргөн барьсан санал, төсөл болон улс төрийн намуудын байр суурийг нэгтгэх хэлэлцүүлгийг Төрийн ордонд хийлээ. Нийт таван удаагийн хэлэлцүүлэг явуулах бөгөөд өнөөдөр “Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах” сэдвээр талууд байр сууриа илэрхийлж, асуулт хариулт өрнүүллээ.
Уг хуулийн төсөлтэй холбогдуулж МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын тавьсан асуултууд анхаарлын төвд байсан юм Тэрээр:
"УИХ, ЕТГ хамтран Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар хэлэлцүүлэг хийж байгаа нь сайн хэрэг. Бид Үндсэн хуулийн өөрчлөлтийг УИХ, Засгийн газрын гишүүд хоорондоо хэлэлцээд батлах гээд байгаа нь учир дутагдалтай гэж үзэж энэхүү хэлэлцүүлгийг шаардаж байсан” хэмээн байр сууриа тодотгож байсан. Тэрээр асуулт тавьсан ч ажлын хэсгийнхэн, хэлэлцүүлгийг зохион байгуулагчид бүрэн дүүрэн хариулт өгч чадаагүй юм. Асуулт, хариултыг дэлгэрэнгүй хүргэж байна.
Н.Энхбаяр:

- Нэгдүгээрт, Үндсэн хуулийн нэмэлт,өөрчлөлтийн төсөлд ард түмэн гэдэг үг хэд байгаа вэ. Ард түмний эрх ашгийн төлөө гэсэн үг хэд байгаа вэ.
- УИХ-ын дарга Г.Занданшатар телевизээр ярихдаа долоон дордуулсан өөрчлөлтийг өөрчилж байгаа гэсэн. Долууланг нь хүчингүй болгож болохгүй юм уу. Тэгвэл хэрүүл, маргаан дуусах юм биш үү?
- Олон санаа бодол уралдаж байгаа учраас ард түмнээр хэлэлцүүлье. Зүйл,заалт болгон дээр хууль санаачлагч, улс төрийн намуудтай хамтран маргаашаас эхлэн МҮОНРТ дээр мэтгэлцээнд ормоор байна. Үүнийг яагаад зохион байгуулж болохгүй вэ?
- УИХ-ын гишүүн, хэлэлцүүлгийг даргалагч С.Бямбацогт сая хэлэхдээ 35 хувийн өөрчлөлт байвал нэмэлт,өөрчлөлт болно гэлээ. Одоо 41 хувь болчихоод байгаа юм байна. Тэгвэл нэмэлт,өөрчлөлт хийх төслөө таслан зогсоож Ерөнхийлөгчийн болоод өөрсдийнхөө саналыг нэгтгэн шинэчилсэн найруулгын асуудлыг ярьж эхлэхгүй юм уу?
- Намуудын саналыг яаж авах гэж байна вэ. Биднээр яриулаад авсан болох гээд байгаа юм уу.
- Анх УИХ-ын 62 гишүүн гарын үсэг зурсан хуулийн төсөл УИХ дээр яг тэр хэвээр хэлэлцэгдсэн үү, эсвэл цэг таслал өөрчлөгдсөн үү. Хэрэв өөрчлөгдсөн бол энэ нь өргөн баригдаагүй асуудлыг хэлэлцэж байгаа болж хувирах уу.
- Ерөнхийлөгч өөрийнхөө саналыг өргөн барихдаа нэгдүгээр хэлэлцүүлгийн үед яагаад өргөн барьж болоогүй юм бэ. Яагаад гэвэл Журмын тухай хуульд нэгдүгээр хэлэлцүүлэгт төслийг авч хэлэлцэнэ гэсэн байна. Тэгэхээр одоо хоёр төсөлтэй болчихсон байна. Нэгэнт хоёр төсөл бий болсон, Журмын тухай хууль зөрчигдсөн учраас нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж байгаа асуудлаа таслан зогсоож, Ерөнхийлөгчийн санал дээр өөрсдийн саналыг нэгтгэн шинэчилсэн найруулгаар хэлэлцэх ажлыг хийж болохгүй юм уу?
- Яагаад ард түмэн наадам хийгээд налайчихсан байгаа цагт яаран энэ асуудлыг хэлэлцээд байгаа юм бэ. 9-10 дугаар сард ард түмэн амралтаасаа ирсний дараа мэтгэлцээн дээр төлөөллийг нь оруулж байгаад энэ асуудлыг хэлэлцэж болохгүй юм уу?
- Нэгдүгээр хэлэлцүүлэг дууссан уу. Хоёрдугаар хэлэлцүүлэг эхэлсэн үү. Хоёрдугаар хэлэлцүүлэг эхэлчихээд завсарласан бол Журмын тухай хуулийн тасалдахгүй байдлаар хэлэлцэнэ гэдэг асуудал яагаад зөрчигдөв. Яагаад наймдугаар сарын 9 хүртэл тасарчихав. Эдгээр асуултад хариулт авмаар байна?
- Сая Д.Оюунхорол гишүүн хэллээ, УИХ нь Их хурал шиг, Засгийн газар нь Засгийн газар шиг байя гэж. Тэр зөв. Хоорондоо холилдож, нэг нэгийнхээ үйл ажиллагаанд оролцохгүй байх ёстой. Биеэ биеэ хянадаг тогтолцоо байж хариуцлага үүснэ. Тэгвэл Ерөнхийлөгчийн засаглал буюу Төрийн тэргүүн нь Засгийн газраа тэргүүлж ажиллах тогтолцоог яагаад одоог хүртэл ярихгүй бодохгүй, хуучин байдлыг хэвээр хадгалан “давхар дээл” өмсөх хүний тоог арван хэдээс дөрөв болгож өөрчлөлт ч биш засах гэж байгаа ч биш, харин тэр дордуулсан гээд байгаа долоон өөрчлөлтийг улам гүнзгийрүүлсэн юм хийх гээд байна вэ?