Н.Батцэрэг: Зарим үед АН, эвслийн бүлэг хамтарч хуралдах боломжтой гэж ярьсан

2013-12-19
Нийтэлсэн: Админ
 1 мин

М.ГАНЦЭЦЭГ

УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэгийг “Ярилцах цаг” буландаа зочноор урилаа.  Засгийн газрын хоёр сайдад хариуцлага тооцох эсэх асуудлаар түүнтэй ярилцав.

-МАН-ын бүлгээс тавь­сан хоёр сайдыг огц­руу­лах асуудлыг танай эвс­лийн бүлэг өчигдөр /ур­жигдар/ хэлэлцээд хүлээж авах боломжгүй гэж үзсэн. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Манай бүлэг ээлжит бусаар хуралдаж энэ асуудлыг хэлэлцсэн. Бид асуудлыг нухацтай авч үзсэн. Огцруулахаар тавьсан үндэслэлүүдээр санал бодлоо солилцсон.

Төсөв, санхүүгийн байдал хүндрэлтэй, төсвийн орлого, төлөвлөсөн хөрөнгө оруулалт тасалдаж байгаа нь үнэн. Мөн бондын зарцуулалттай холбоотой асуудлаар парламент хараа хяналт тавих ёстой гэж гишүүд санал хэлдэг. Энэ ч үнэн. Ер нь Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа эдийн засгийн салбарын арга хэмжээнүүд хэр үр дүнтэй байна вэ гэдэгт Засгийн газрыг томилон ажиллуулж буй парламент дахь нэг субъектын хувьд манай бүлэг байнга анхаарал хандуулж байх ёстой. Энэ үүднээс хоёр сайдыг огцруулах асуудлыг нухацтай хэлэлцсэн. Огцруулах үндэслэлүүд болон тавьж байгаа асуудлыг анхааралдаа авах ёстой. Гэсэн хэдий ч хоёр сайдыг огцруулах хэмжээний үндэслэл биш байна гэж манай бүлэг үзсэн. Манай бүлгийн гишүүд сайд нарт хатуу шүүмжлэл хэлсэн. Сангийн яам болон салбарын сайдын эрхлэх асуудлын хүрээнд гааль, татварын байгууллагын талаар нэлээд шүүмжлэл хэлсэн. Мөн Эдийн засгийн хөгжлийн яамны хүрээнд эдийн засгийн төлөв, хөрөнгө оруулалтын бодлого, үнэ тогтворжуулах хөтөлбөр, түүний үр дүн, бондын захиран зарцуулалтын сэдвээр нэлээд ярьсан.

-Танай бүлгийн хуралдаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцсон. Түүнээс ямар мэдээлэл авсан бэ?

-Ерөнхий сайдаас хоёр сайдыг огцруулахаар тавьсан үндэслэлүүдийн талаарх байр суурийг нь асууж лавласан. “Шударга ёс” эвслийн бүлэг олонхийн нэг хэсэг. Бид Засгийн газарт дөрвөн сайдаа томилон ажиллуулж байна. Засгийн газрын гол бодлого, зонхилох олонхийг Ардчилсан нам бүрдүүлж, намын дарга, Ерөнхий сайд нь гол бодлогыг зангидаж байгаа. Бидний хувьд танхимд тодорхой төлөөлөлтэй байгаагийн хувьд олонхийн хариуцлагыг хүлээж байгаа. Тиймээс олонхийн ажлын үр дүн бидний үр дүн. Бас олонхийн ажилд алдаа байвал бид хуваалцах ёстой. Энэ үүднээс  олонхийн явуулж буй ажлыг шүүмжлэх үедээ шүүмжилнэ. Шахах үедээ шахаж, парламентаас хяналт тавьж ажиллах нь бидний үүрэг юм. Энэ хүрээнд бид Ерөнхий сайдтай санал солилцсон. Цаашид нийгэм, эдийн засгийн чиглэлээр Засгийн газрын явуулж буй үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ойр ойрхон мэдээлэл сонсдог байх ёстой гэж үзсэн. Зарим томоохон хууль, шинэчлэлийн хөтөлбөрүүдийн хүрээнд хийх ажлын талаар УИХ дахь Ардчилсан нам, “Шударга ёс” эвслийн бүлэг зарим үед нийлж хуралдаж болох юм гэж ярьсан. Харин шийдвэрээ тус бүртээ гаргана. Зарим асуудлаар асуулт хариулт, санал бодлоо хэлэх үед хоёр тал илүү ойлголцохын тулд олонхийг бүрдүүлж буй хоёр бүлэг хамтарч хуралдаж болох юм.

-Эвслийн бүлгийн 11 гишүүн хоёр сайдыг огцруулах эсэх асуудлаар 100 хувь санал нэгдээгүй юм байна гэдгийг О.Баасанхүү гишүүн илчиллээ. Тэрээр өөрийн намын хоёр сайдад хариуцлага тооцох ёстой гэж ярьсан. Энэ тухайд бүлгийн даргын хувьд та юу хэлэх вэ?

-Манай бүлгийн хоёр гишүүн гадаадад томилолттой, бусад нь хуралд оролцсон. Д.Тэрбишдагва гишүүн Германаас холбогдож бүлгийн байр суурийг дэмжиж санал нэг буйгаа илэрхийлсэн. О.Баасанхүү гишүүн бүлгийн саналтай нэгдэхгүй байгаагаа хэлээд гарсан. Энэ бол хувь гишүүний байр суурь. Тэрээр бүлгийн хурал дээр Ардын намын бүлгээс гаргасан саналыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн.

-Ер нь намынхаа сайд нарыг ингэж хамгаалж үлдэх зайлшгүй шаардлага байв уу.  Хоёр байнгын хороогоор сайд нарыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцээд дэмжсэнгүй. Сөрөг хүчин болох МАН-ынхан та бүхнийг хариуцлага тооцохоос зайлсхийж хүнээ хамгааллаа гэсэн шүүмжлэл хэллээ?

-Хамгаалах үедээ хамгаалж үлдэх ёстой. Парламент дотор улс төрийн өрсөлдөөн, тэмцэл явагддаг. Шүүмжлэлийг ажил хэрэгч талаас нь  бол сонсоно. Гэхдээ тэр болгоныг дагаж хийх ёстой биш. Сөрөг хүчин улс төрийн өрсөлдөөнд оролцож, бололцоо гарвал дараагийн сонгуулиар Засгийн эрхийг барих бодолтой байгаа нь мэдээж. Өмнө нь олон жил эрх барьсан хүчин. Сөрөг хүчин үүргээ гүйцэтгэж, олонхиос улс төрийн оноо авах бодлого явуулдаг нь нууц биш. Энэ болгоныг ажил хэргийн үүднээс сонсох нь зүйтэй. Тэдний тавьж буй асуудал  болгоныг дагаж бид дур зоргоор хөдлөх албагүй.

-Сайд нарыг огцруулах санал сөрөг хүчний хийх ёстой ажил, байр суурь гэж олон гишүүн үзэж байна. Гэхдээ эдийн засгийн нөхцөл байдал хүндэрчихсэн гэдэг бодитой шүү дээ?

-Эдийн засаг, санхүү, төсвийн байдал амаргүй байгаа. Төсвийн орлого тасарсан, хөрөнгө оруулалтын зарим ажил хэрэгжих бололцоогүй гэсэн хүндрэл байна.  Сайд нарыг манай намын, манай бүлгийнх гэж авч үлдэж байгаа юм биш.  Харин ч сайд нараар илүү ихийг хийлгэж, дутууг нь гүйцээж хийлгэхийн тулд үлдээх нь зөв гэж үзэж байгаа. Хувь хүний тухайд Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нар туршлагатай. Н.Батбаяр сайд галыг өөр дээрээ авч юмны урд явдаг хүн тул аргагүй сөрөг хүчний хараанд илүү өртсөн байх.  Өнөөдөр эдийн засгийн өсөлтөө хангаж ажиллахын тулд тооцоо судалгаатай, бас зоримог алхам хийх шаардлага байгаа. Түүний хурдтай сэтгэдэг, зоримог байдал нь цаашид эдийн засгийн хөгжлийн олон хувилбар гаргахад хэрэг  болно.

-Цаашид гэхээр эдийн засгийн байдал хэзээ сайжрах вэ. Та эдийн засагч хүний хувьд төлөв байдлыг ажигласан л байх?

-Миний харж буйгаар 2014 оны эхний төлөв байдал юу юугүй дээрдэхгүй байх. Бид бодлогоо тогтвортой хадгалж, тууштай байх ёстой. Эдийн засгийн хүндрэл өөрөө зүй тогтлын шинжтэй,  тодорхой циклтэй байдаг. Эдийн засаг унах үе байхад босох үе заавал байдаг. Хүндрэхэд заавал сэргэдэг. Дандаа хүндэрдэг, эсвэл өсдөг үе гэж байдаггүй. Энэ байдлаас харвал өвөл, хавартаа таагүй байх боловч ирэх зунаас сэргэнэ гэж харж байна. Бид мегапроектууд хэрэгжүүлэхээр зарлачихсан явж байгаа. Эрчим хүч, хурдны зам, төмөр зам гээд дэд бүтцийн байгууламжуудаа яаравчлах ёстой. Олон жил ярьж буй боловч тааруу байгаа эдийн засгаа солонгоруулах, олон тулгууртай болгох, бүтцийн өөрчлөлт хийх чиглэлээр илүү том алхам хийх шаардлага бий. Мал аж ахуй, газар тариалан, аялал жуулчлал гээд өргөн хүрээтэй хөгжүүлэх салбар бий. Барилгын салбараа орхиж болохгүй гэх мэт эдийн засгийн орлого олдог бусад салбараа дэмжих хэрэгтэй. Манай улс уул уурхайд түшиглэсэн ганцхан хөлтэй эдийн засагтай. Уул уурхай дотроо нүүрс, зэсийн баяжмалын экспортын зах зээлийн үнээс шууд хамаардаг эдийн засагтай. Тиймээс аль болох олон  төрлийн экспортын бүтээгдэхүүн гаргахыг чармайх ёстой. Тэгж байж олон урсгалаар валют орж ирнэ. Одоогоор Монголын эдийн засаг  бага оврын эдийн засаг ч гэлээ бүс нутаг, дэлхийн эдийн засгийн нэг хэсэг.  Энэ нь ялангуяа Оюутолгойгоор дамжин сүүлийн үед хурц мэдрэгдэж байна. Үүнийг дэлхийн уул уурхайн салбарынхан бүгд мэддэг.

Мегапроектууд гэж дээр дурдсан. Их хэмжээний хөрөнгө оруулалт гэдэг бол өөрийн гэсэн соёл шаарддаг юм байна. Үүнийг ойлгох хэрэгтэй. Том поректууд дээр компаниудыг шалгаруулах, мөнгө босгох, түүнийг дагасан эрх зүйн орчны бий болгох, авч явах хүн хүч, багийг тогтвортой ажиллуулах хэрэгтэй юм байна. Гэвч манайд мегапроект гэдэг шинэ соёлыг ойлгодог, мегапроект авч явдаг хүн хуруу дарам байна.

Ер нь Монгол Улс хөгжлийн нэг шат, эрэмбэ ахих гээд сорилт дунд явна. Аливаа зүйл заавал нэг сорилт давж байж дараагийн эрэмбэ рүү ордог. Тэр том сорилтын өмнө бид явна. Ийм үед улс төрийн хүчнүүд зөвшилцөж, ойлголцлоо сайжруулах шаардлагатай. Гадаадын хөрөнгө оруулагчид манайхыг анхаарч хөрөнгө оруулахад бэлэн байгаа, том проектууд хэрэгжих гэж байгаа энэ үед дотоод ойлголцлоо сайжруулж, эрхэмлэх шаардлага байна. Иймд сөрөг хүчин гээд сөрж зогсохоос илүү  шахах үедээ шахаж, анхаарч, хамтарч, сөрөг хүчний хяналтын үүргээ илүү оновчтой хэрэгжүүлэх улс төрийн соёл их хэрэгтэй байна.

-Сайд нарын “давхар дээл”-ийг тайлъя гэж сүүлийн үед нэлээд ярих боллоо. Энэ тухай хуулийн төслийг ч хэлэлцэж байна. Ерөнхий сайдаас бусад сайд нь парламентын гаднаас сонгодог байх хуулийн төслийн тухайд эвслийн бүлгийн байр суурийг тодотгож өгөөч?

-Ерөнхийлөгчийн санаачилж өргөн барьсан төсөл. Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцээд төслийг дэмжсэн. УИХ, Засгийн газрын гишүүний давхардлыг арилгах нь зүйтэй гэж үзсэн. Би ч дэмжиж байгаа. Давхар дээл гэдгийн ард УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнээр давхар ажиллахаар бол зөвхөн Ерөнхий сайд болно. УИХ-ын гишүүн Ерөнхий сайдаар томилогдвол түүний гишүүний бүрэн эрх хадгалагдана. Бусад гишүүн Засгийн газарт орж ажиллавал байраа тавьж өгөх хэрэг гарч байгаа. Энэ нь цаанаа манай Үндсэн хуульд байгаа төрийн институцийн эрх мэдлийн хуваарилалт үйл ажиллагааны хил хязгаар, чиг үүрэг дотор авч үзэх нарийн асуудал. УИХ бол хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлдэг, олон түмний сонгуулиар байгуулагддаг. Засгийн газар бол УИХ-аас баталсан хуулийн хэрэгжилтийг хангах, улсын төсвийг захиран зарцуулдаг гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг байгууллага. Тэгэхээр энэ хоёр байгууллагын гишүүд давхцах ёстой юу гэдэг Үндсэн хуулийн асуудал. Би хувьдаа парламентын засаглалыг хэрэгжүүлье гэвэл Ерөнхий сайдад илүү эрх мэдэл өгөх хэрэгтэй гэж үздэг.

-Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэх гэж үү?

-Тийм, одоогийн бай­гаагаас нь илүү. Яа­гаад гэвэл гүйцэтгэх засаглал парламентын гаднаас байгуулагддаг болбол Ерөнхий сайд парламентыг тарааж ээлжит бус сонгууль зарлах эрхтэй байх ёстой. Тэгж байж парламент, гүйцэтгэх засаглалын тэнцвэр хангагдана. Манайхан Засгийн газар УИХ-ын дээр гарчихлаа гэж ярьдаг, эсвэл парламент нь хянаж буй нэрийн дор Засгийн газрын өдөр тутмын ажил руу хэт хутгалддаг зохисгүй зүйл бий. Тэгэхээр аль аль нь өөрийнхөө чиг үүргийг л хэрэгжүүлэх ёстой. Засгийн газрын гүйцэтгэх эрх мэдэл илүү байх учиртай.  Үүн дотор Ерөнхий сайдын эрх мэдлийг хэлж байгаа юм. Тэрээр танхимаа өөрөө байгуулдаг, итгэл үнэмшлээрээ багаа бүрдүүлдэг эрх зүйн орчинтой ажиллаж байж Ерөнхий сайд хүчтэй байна. Ерөнхий сайд хүчтэй байснаар парламентын олонх илүү нягтарч ажиллана. Үе, үеийн Ерөнхий сайд нар хагас алхамаар ажиллаж ирсэн гэж хардаг. Зарим нь намаараа дамжуулж танхимаа, УИХ дахь олонхио дагуулж чаддаг байсан бол зарим нь олон фракц бүлэглэлийн дунд зовдог. Олон Засгийн газрын огцорч байсан түүхийг аваад үзэхэд Үндсэн хуулийн эрх мэдлийн хуваарилалтын согогоос болсон.

-Одоогоор сайд нарын хоёр нь парламентын гаднаас бусад нь УИХ-д сууж байгаа. Тэгэхээр гишүүн, сайдын суудлыг салгах хууль энэ парламентын хугацаанд хэрэгжих боломжтой юу?

-Хуулийн төсөлд хэрэгжих хугацааг дараагийн сонгуулиас гэж заасан. Хэрэв 2016 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжинэ гэж үзвэл энэ хуулийн төслийг одоо батлах гэж яарах нь төдийлөн оновчтой биш. Яагаад гэвэл энэ хуулийн үзэл санааны үүднээс Үндсэн хуулийг ямар хэмжээнд өөрчлөх үү, УИХ-ын сонгуулийн тухай хууль ямар байх вэ, Засгийн газрын тухай хуульд ямар өөрчлөлт оруулах ёстой вэ зэрэг энэ хуулийн өөрчлөлттэй холбоотой олон асуудал гарч байгаа. Иймд асуудлыг цогцоор нь авч үзэж, парламент дахь нам, эвслийн бүлэг зөвшилцөл хийх хэрэгтэй болно.  

Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг 11 компани байна.

12 цаг 26 мин
АН-ын бүлгийн “ажил хаялт” Баялгийн сангийн бойкот болж таарав уу?!

Өнөөг хүртэл, “…АН-аас ийм өчүүхэн улс төр гарна” гэж төсөөлсөн байтугай зүүдэлсэн хүн байхгүй биз.

12 цаг 26 мин
Хүүхдийн байгууллагын 100 жилээр 7 гавьяат төрлөө

Хүүхдийн байгууллагын 100 жилээр 7 гавьяат төрлөө

Өчигдөр 15 цаг 31 мин
“Ард түмний хяналтын хороо”-г байгуулна

Иргэдийн шударга шүүх НҮТББ-аас “Ард түмний хяналтын хороо”-г үүсгэн байгуулах талаараа мэдээлэл хийлээ.

Өчигдөр 15 цаг 04 мин
АН: Бүлгийн 30 гаруй гишүүн ээлжит бусаар хуралдсан ч тодорхой шийдэлд хүрч чадаагүй

АН: Бүлгийн 30 гаруй гишүүн ээлжит бусаар хуралдсан ч тодорхой шийдэлд хүрч чадаагүй

Өчигдөр 13 цаг 53 мин
Гавьяат багш Ч.Цэрэндуламд Ардын багш цол хүртээлээ

Хүүхдийн байгууллага үүсэж, хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Өчигдөр 13 цаг 29 мин
Д.Амарбаясгалан: Мэтгэлцэх, маргалдах зүйл цаашдаа ч гарна, асуудалд субьектив байдлаар хандахгүй байхыг хүсье

Д.Амарбаясгалан: Мэтгэлцэх, маргалдах зүйл цаашдаа ч гарна, асуудалд субьектив байдлаар хандахгүй байхыг хүсье

Өчигдөр 10 цаг 43 мин
Чуулган: АН-ын бүлэгт нэг хоногийн завсарлага өглөө

Чуулган: АН-ын бүлэгт нэг хоногийн завсарлага өглөө

Өчигдөр 10 цаг 29 мин
Ерөнхий сайдын уучлал гуйх хугацаа өнөөдөр дуусч байна

Ерөнхий сайдын уучлал гуйх хугацаа өнөөдөр дуусч байна

Өчигдөр 09 цаг 56 мин
ЭСЯ: Иргэд хулгайн гэмт хэрэг үйлдэхгүй, хулгайд өртөхгүй байхад анхаарна уу

ЭСЯ: Иргэд хулгайн гэмт хэрэг үйлдэхгүй, хулгайд өртөхгүй байхад анхаарна уу

Өчигдөр 09 цаг 52 мин