

Зохиолч яруу найрагч Нямжавын Сүхдоржийг polit.mn сайтын бямба гаригийн уран зохиолын буландаа урилаа.
-Хөдөө орон нутагт ажиллаж амьдарч, уран бүтээлээ туурвиж яваа цөөн уран бүтээлчийн нэг нь та. Таныг уран бүтээлээр тань, ялангуяа дуунуудаар чинь сайн мэддэг дээ. Өнөөдөр зөвхөн дууны уран бүтээлийн тань талаар ярилцах гэсэн юм. Аливаа уран бүтээл тэр тусмаа дуу бүхэн зохиогдсон түүхтэй байдаг. Монгол түмний сайн мэдэх “Айлын хөөрхөн Жинжиймаа” гэдэг дуу таны бүтээл. Олны сайн мэдэх энэ дууны түүхээс ярилцлагаа эхэлье?
-Хөөрхөн түүхтэй. Гэхдээ энэ тухай ярихаар бас арай холоос эхлэх хэрэгтэй болно. Жинжиймаа дууны бичсэн түүх нь Гангаамаатай холбоотой. 1995 оны хавар юм даа. Би ажилгүй. Манайх Сэлэнгийнхний Малчны хороолол гэж нэрлэдэг Сүхбаатар хотын “Бор гүвээ” багт амьдарч байлаа. Нэг хуйсганасан шуургатай, тэнгэр муухай өдөр ганц тугалаа зүлгэн дээр аваачиж аргамжчихаад Сүхбаатар хотын төв орох санаатай засмал зам даган алхалж явтал цоо шинэ шар УАЗ-469 давхиж ирээд хажууд ханхийтэл тормоозлон, дайрчих шахан зогсдог юм байна. Өвчтэй юм уу хаашаа юм гэж ундууцан бодоод хартал манай “Дэрэнгийн дэлт” хар Цэндийн Чимиддорж маань дэл зогдороо сэгсэлзүүлэн гарч ирээд инээд алдан золгохгүй юу. Хаврын тариалалтын ажлаар ирж байгаа нь тэр юм байж. Ингээд хэдүүлээ Гурилын буудал гэдэгт орж, хол ойр, хот хөдөөгийн сонин энэ ярьж сайхан суулаа даа. Сүүлдээ ам халж шүлэг уншиж дуу дууллаа. Чимиддорж маань “За Сүхээ ах минь таныг шүлэг бичдэг гэдгийг бид л мэднэ. Харин над шиг найр наадам дээр дуулдаг хэдэн сайхан дуутай болчих. Олонтой газар дуутай хууртай явах сайхан байдаг юм” энэ тэр гэж ирээд миний хор шарыг маажаад өөрийнхөө “Малчин заяа” гээд лут дуунуудаас дуулж байна аа. Нээрээ сайхан юм аа. Сайхан хүмүүс ч бас сайхан шүү. Чимээ маань мөлийж яваа хөдөөх намайг хурцалж байгаа нь тэр л дээ. Би шүлэг найраг, жүжиг, кино энэ тэр бичсэнээс дуу бараг байхгүй шахам. “Мөнгөн давалгаа”, “Буянтын хөвөө” энэ тэр гээд ганц нэг дууны шүлэг л бичсэн. Чимэддоржтой ингэж уулзсанаас хойш дуу биччих санаатай хорхойсч эхэллээ. Бас нэг эвээ олохгүй...
Тэр намар есдүгээр сард уран бүтээлийн ажлаар гэх үү дээ. “Бор чоно” киногоо гаргахаар Хэнтий, Дорнодоор ороод тэндээсээ Сүхбаатар аймаг руу явдаг юм байна. Би өөрөө Алтайд төрсөн хойдын хотогойд мянгад хүн л даа. Харин одоо хангайд амьдардаг. Дорнодын тэр цэлгэр талаар явж үзээгүй. Дорнын цагаан тал гэдэг үнэхээр гайхамшигтай юм аа. Ёстой зах хөвөө нь харагдахгүй ширээ цагаан тал. Өвс ногоо нь өндөр ургасан гэж жигтэйхэн. Намрын хонгор салхинд халиуран найгах нь, Дарьгангын жаахан шаргал морины гөхөл дэл нь намираад ч байгаа юм шиг. Дөрөө зурам тэр их өвсөн дундаас хааяа нэг зээрийн хондлой цайвалзан харагдаад далд орох нь, манай Хар ус их нуурын давалгаан дунд хөвөн одох хотон шувууны даль мэт сонин харагдах ажээ. Тэртээ алсад тэнгэр газрын хаяанд ботгон цагаан үүл гарчээ. Тэр үүл яг хадаг дэлгэн намайг тосон айсах бүсгүй шиг харагдана. Би дотроо Дарьгангын жаахан Гангаамаа намайг ерөөлийн цагаан хадагтай тосч байна даа гэж бодож явлаа. Юунд ч юм сэтгэл хөглөгдөөд ёстой л нөгөө “Ганган хулыг аялмаар ч юм шиг ... гараа хаялан алхмаар юм шиг” нэг л сонин мэдрэмж төрнө. Ингээд оройхон Баруун-Урт хот орж театрт нь буугаад, уран бүтээлийн ажлаар Сэлэнгэд ирэхэд нь хальт танилцсан, Гомбосүрэн найруулагчаа сураглан уулзвал, надад кино шийгээ гаргах аятайхан цаг, боломж гаргаж тусаллаа. Орой уран бүтээл ярьж жаахан суулаа. Нэлээд орой болсон хойно газар мэдэхгүй намайг, нэг жаахан залуу буудалд хүргэж өгөх юм боллоо. Замдаа нөгөө залуу “Сүхээ багшаа. Танд аятайхан дууны шүлэг байна уу? Би тантай дуу хиймээр байна” гэж байна. Би нэлээд зориг орчихсон байсан юм хойно “Тэгье хө. Би маргааш бичээд өгье” гэчихлээ.
Ингээд маргааш нь эртхэн босоод, урд өдөр нь сэтгэлд дуншиж явсан юм болохоор, “Дарьгангын жаахан Гангаамаа” гэдэг шүлгээ нэг л амьсгаагаар бараг засваргүй шахуу биччихлээ. Тэр нь ийм шүлэг дээ,
Ардынхаа дуунд мөнхөрсөн, Дарьгангын жаахан шаргаар нь хө
Алтайнхаа дэлгэр талаар нь хө, алхуулан гишгүүлж болохгүй юу даа
Амрагийнхаа сэтгэлд нялхарсан, Дарьгангын жаахан Гангаамааг нь хө
Асгаруулан мэлмэрүүлэн орхисноосоо, аваад харьж болохгүй юу даа
Аяндаа нэг л ирэхэд, хоргодмоор нутаг байх юм аа
Амьддаа ганцхан уулзахад, салшгүй амраг нь байх юм аа
Дууныхаа тэнгэрт мөнхөрсөн, Дарьгангын жаахан шаргаар нь хө
Дуулим дэлгэр талаар нь хө, халгиулан гишгүүлж л болохүй юу даа
Дурлалынхаа сэтгэлд нялхарсан, Дарьганын жаахан Гангаамааг нь хө
Дуулуулан уйлуулан орхисноосоо, дагуулаад харьж ч болохгүй юу даа
Аяндаа нэг л ирэхэд, хоргодмоор нутаг байх юм аа
Амьддаа ганцхан уулзахад, салшгүй амраг нь байх юм аа ... Нэг ийм үгтэй.
Өглөө нь театрт яваад очвол нөгөө залуу ирчихсэн “Шүлэг бэлэн үү” гэж байна. Би ч “Бэлэн бэлэн. Хоёр бадаг биччихлээ. Гуравдугаар бадгийг нь одоохон бичээд өгье” гээд шүлгээ өгвөл аваад явлаа. Гомбосүрэнгийн өрөөнд орж жаахан ярьж суутал нэг их удалгүй нөгөө хүү чинь орж ирээд “За би ая хийчихлээ. Хоёр багш сонсоод орхи” гэж байна. Өрөөнд нь орвол өөрөө хөгжимдөөд дуулж үзүүллээ. Их хөөрхөн ая хийчихсэн байна шүү. Театрын дарга найруулагч Гомбосүрэн, тэр дор нь театрынхаа урын санд авлаа гээд бид хоёрт бас шагнал урамшил гаргаж өглөө дөө. Ингээд огт санаандгүй тохиолдлоор наран мандах хязгаараас Гангаамаатай болох нь тэр ээ. Тэр залуу маань Батсайхан гэдэг мундаг аьяастай хөгжмийн зохиолч нэгэн байж. Би их азтай шүү.
-Сүхбаатар нутгаас төрсөн “Гангаамаа” гэдэг дууны яахаараа “Жинжиймаа” гэдэг дууны түүхтэй холбогдох вэ?
-Мөн тэндээсээ би Увс аймаг орж арав гаруй хонолоо. Увсын театрын дарга хөгжмийн зохиолч Санжаасүрэн гуай нэг өдөр хэдэн уран бүтээлчтэйгээ хүлээн авч хэсэг суулаа. Мөн л уран бүтээлийн яриа болж Цагаан дэглий уулын тухай нэг шүлэг бичээд өг гэж байна. Би тэгье л гэлээ. Би наран ургах хязгаарт Гангаамаа гэдэг дуу хийсэн. Энд наран шингэх хязгаарт Жинжиймаа гэдэг дуу хийнэ гэж томорлоо доо. Ингээд нэг талаар дууны захиалга авсан, нөгөө талаар уран бүтээлийн ам гарсан хүн чинь дуншиж эхэлнэ биз дээ. Санжаасүрэн надад театр дотроо байр гаргаж өгсөн байсан. Маргааш нь өглөө эрт босоод эхлээд, Цагаан дэглий уулынх нь тухай шүлгийг нь бичье гэж бодоод суусан нэг л болж өгдөггүй. Тэгэхээр нь Дэглий уул гээд бичээд орхисон чинь эвтэйхэн санагдаад, шүлэг эвлээд ирлээ шүү. Ингээд
Дэглий цагаан уул нь хө
Дэлхийд ганцхан байдаг уул минь
Дэргэд суугаа та минь ээ
Наддаа ганцхан заяаны хань минь дээ гэдэг эхний бадаг ороод ирэх нь тэр. Дууны эхний бадаг төрөөд орхивол дараачийнх нь бараг өөрөө урсаад ирнэ шүү дээ.
Харин Жинжиймаа гэдэг дуу бичнэ гэж би зүгээр нэг хэлчихээгүй юм аа. Манай Зүүнгарынхан гэгддэг баруун монголд чинь Ану хатнаас эхлээд түүхтэй, домогтой, дуутай цуутай сайхан хүүхнүүд зөндөө бий. Тэдний нэг нь “Хөх торгон дээл”-ийн жижиг Бадмаа. Жижиг Бадмаа их сайхан бүсгүй байсан гэдэг юм билээ. Улаангомын гудамжаар жижиг Бадмаа гэдэг чинь нэг иймэрхүү бүсгүй байсан болов уу гэмээр, олон сайхан охид бүсгүйчүүдийг гунхаж явахыг харлаа. Тэднийг хараад угтаа бол эд нар чинь домогт Ану хатны л үр хойч гэсэн нэг сайхан бодол сэрхийтэл орж ирсэн хэрэг. Тэгээд л,
Домогт Ану хатны жич нь байлгүй Жинжиймаа,
Догсом хурцын Бадмаа Ижий нь байлгүй Жинжиймаа гэсэн дахилтын мөр буугаад ирсэн л дээ. Ингээд цааш нь
Асарлан басарлан харагдана аа
Алтайн цэнхэр уулс уу даа
Амрагийн жаахан Жинжиймаа
Тэр л нутагт суудаг даа
Домогт Ану хатны
Жич нь байлгүй Жинжиймаа
Догсом хурцын Бадмаа
Ижий нь байлгүй Жинжиймаа
Дөрвөлжлөн униартан харагдана аа
Дөрвөн ойрдын нутаг уу даа
Дөрвөдийн хөөрхөн Жинжиймаа
Тэр л нутагт суудаг даа гээд л явж өгсөн дөө.
-Жинжиймаа гэдэг бодит хүн байсан юм уу?
-Ер нь тийм нэртэй хүн байсан эсэхийг би мэдэхгүй. Жижиг Бадмаа миний амраг аа гэдгээс л ургуулаад, Жинжиймаа болгосон хэрэг. Тэгээд тэндээсээ Ховдын Мянгад орж аав ээж дээрээ хэдэн хоног амраад, буцахдаа нутгийнхаа хөгжмийн нэрт зохиолч хүү Нацагийн Цолмонд өгсөн юм. Цолмон “Дэглий цагаан уул” шүлгэнд ая хийснийг нь Энхзул анх дуулж олонд хүргэсэн. Энхзул миний тайлан тоглолтон ирж дуулахдаа “Сүхээ ахаа би энэ дууг анх дуулж гарч ирсэн шүү” гэж байсан. Харин “Айлын хөөрхөн Жинжиймаа” шүлгэнд нь Базарсадын Хүрэлбаатар гэдэг хөгжмийн зохиолч ая хийж, Ц.Баттөр дуулж Жинжиймаа Баттөр гэсэн алдартай сайхан дуучин явж байна даа
-Сонин л түүхтэй юм. Ингэхэд та чинь баахан “Маанууд” бичээд мандсан гэдэг бил үү? Тэр талаар хоёулаа жаахан яриа дэлгэх үү?
-Хэвлэлээр “мандсан” шүү. 1974 онд билүү 1975 онд ч бил үү П.Бадарч ах Ж.Лхага өөр хэн хэн ч билээ, манай Багшийн дээдийн утга зохиолын дугуйлан дээр хүрч ирлээ. Манай дугуйлангийнхан гэдэг чинь одоо энэ Шагдайн Цэнд-Аюуш, Ренчингийн Батаахүү, Гомбожавын Мэнд-Ооёо, Шагдарсүрэнгийн Гүрбазар, Сономын Чулуун, Лхамын Самбуу, Дарьхүүгийн Баатаржав, Раднаадаргиа, Мижиддорж дээр нь анагаахаас Дагвадоржийн Цогт, шар Мийгаа, хуулийн сургуулиас Бат-Очирын Сундуй энэ тэр гээд л нөхөд байлаа. Би бас дугуйлангийн эрхлэгч нь ухаантай. Уран зохиолын тухай халуун яриа боллоо. П.Бадарч ах Хөвсгөл яваад ирсэн сониноо ярьж:
Дархадын цэнхэр хотгор нь хө
Далай шиг болоод уужим даа
Үзэсгэлэнт дархад бүсгүй нь хө
Үлгэрийнх шиг болоод ариухандаа
Хүүжий дүүжий хүүхэнжий
Хүрээд иртэл баяртай
Аажий ээжий хоёртоо би
Аминчилж захичхаад ирье дэ хө гээд их сайхан шүлэг уншиж байсан юм.
Үүнээс хойш хориод жилийн дараа би Хөвсгөлийн тайгад очиж “Бор чоно” гэдэг уран сайхны кино хийсэн хүн. Хожим Гангаамаа, Жинжиймаа гэдэг дуу биччихээд “даварч”, Бадарч ахын бичсэн Дүүжиймаа руу сээтэн хаяж:
Хөнхөр тайга нутагт нь хөөе
Хүрээд л яваад л очлоов л хөөе
Хүүхэн жаахан Дүүжиймаад
Сэтгэл алдаад л горьгүй дээ хөөе
Өнжөөд л хоноод л баймаараа
Өлийн халзан даваа даа хөөе
Өөрийн болгоод суумаараа
Дүүжий чамайгаа яая даа хөөе гээд “Цаатны хөөрхөн Дүүжиймаа”, “Ангиртын голын Ангирмаа”, “Батымаа”, “Балжиймаа” гэсэн шиг баахан “Маа”-нууд биччихгүй юу. Тэгтэл тэр шар хэвлэлд яруу найрагч Сүхдорж арван найман аймагт, арван найман “Маа”-тай. Арван найман “Маа”-даа арван найман дуутай гээд биччихсэн байгаа юм. Бас болоогүй. Зохиолч Сүхдорж өөрийнхөө уран бүтээлийг архиар үнэлж борлуулжээ гэж хүртэл бичүүлээд авсан.
-Тэр нь юу гэсэн үг вэ?
-Миний найз Бүрэнжаргал Сэлэнгэд архины үйлдвэр байгуулах юм боллоо. Нэг өдөр тааралдаад “Сэлэнгэ мөрөн” гэдэг архи үйлдвэрлэх гэж байна. Шошго дээр нь чиний “Сэлэнгэ мөрөн” шүлгээс чинь нэг мөрийг бичье. Чи шанд нь юу авах юм гээд байсан юм. Би нэг их юм бодсонгүй. Сар бүр нэг шил архи өгч бай гэж тоглоом хийгээд өнгөрсөн юм.
Тэгтэл нээрээ архиныхаа үйлдвэрийн эхний дээж нь гарсан өдөр намайг дуудаж, дээжээ амсуулаад, нэг шил архи өгч, сар бүр ирж нэг шил архи авч бай гэдэг юм байна. Ингээд сар бүр нэг шил архи авдаг болчихлоо доо. Заримдаа хэрэгцээ гарвал бас урьдчилж зээл маягаар авчихна. Үүнийг хэлж байгаа хэрэг л дээ. Намайг бичсэн нөгөө шар сонин сайгүй таржээ. Дарханд амьдардаг эмэгтэй дүү Өлзийбаяр маань гэнэт нэг өдөр нөгөө сонинг барьчихсан давхиж ирлээ. “Та ямар өөдгүй юм бэ? Хайран сайхан эцэг эхийн нэр” гээд гартай буулаа даа. Хэлэх үг олддоггүй шүү.
Ах нь зохиолоо архиар зарсан юм биш ээ. Тэд нар чинь нэг ёсондоо намайг өөрийнхөө бүтээгдхүүнийхээ дээжээр шагнаж байгаа юм энэ тэр гэж арайхийж тайвшруулж авч байлаа.
-Таныг үнэхээр их баярлуулсан дуу байдаг уу?
-“Монгол наадам” гэж нэг дуу бий.
-Яагаад энэ дуу таныг их баярлуулсан гэж?
-Ардын хувьсгалын 80 жилийн ойн өмнөхөн юмдаг. Сэлэнгэд надтай хамт олон сайхан уран бүтээл хийсэн Ц.Буян-Орших маань Улаанбаатараас утасдаад, монгол наадмын тухай дууны үг яаралтай хэрэгтэй байна гэж байна.
Морь, сур, бөхөө оруулаад бичээд өг. Бадгаа гурав дөрвөн үгнээс битгий илүү гаргаарай гэж байна аа. Би чинь олон жил аймаг сумын наадам, шинэ жил, баяр ёслол, намын илэрхийлэлт, АСК энэ тэрийн хөтөлбөр бичиж ирсэн болохоор, хэрэг болж магадгүй хадгалчихсан цаас их байх. Хар авдраа ухаж, ноорог ноохойгоо онгичлоо доо. Тэгэх нь ээ аль дээр үед бичиж байсан, наадмын хөтөлбөрийн үгэн дотор Монгол наадам эхэллээ. Морьтны наадам эхэллээ гэсэн нэг мөр харагдаж байна аа. Болмоор шиг санагдаад явчихлаа. Тэр дороо л
Монгол наадам Морьтны наадам
Төрийн наадам түмний наадам
Цэцдийн наадам цэнгэлийн наадам
Хүчтэний наадам хүндэт наадам гэсэн мөр ороод ирэх нь тэр. Тэгээд л
Барс арслангийн хүчтэнгүүд нь хө
Баруун зүүнээ манлайлан гараад
Наадмынхаа дэвжээг хотолзуулан дэвээд
Наран ч бахадмаар урамтайхан барилдаад гээд дээрх бадгаар
дахилтаа хийгээд морь, сур, бөхөө оруулж бичээд явуулчихлаа. Хэдэн хоногийн дараа наадам эхэллээ дээ. Ардын хувьсгалын 80 жилийн ойн их баяр наадмын нээлтээр төв цэнгэлдэх хүрээлэнгийн талбай дүүрэн хүмүүс, Монгол наадам, морьтны наадам, төрийн наадам, түмний наадам гээд л дуулж бүжиглэж байна аа. Тэр үед би “Миний дуугаар монгол төрийн наадам эхэллээ” гэж өөрийн эрхгүй сэтгэл огшоод, гуяа алгадан босон харайсан даа. Төрийн их баяр наадмын нээлтийг, өөрийн бүтээлээр эхлүүлчихээд, харжээ суух сайхан л юм билээ. Тэр жилийн наадмаар яруу найрагч Ш.Цогт маань манайд ирсэн юм. Бид хоёр нээлтээ харсан шиг айраг сархад шимсэн шиг сайхан наадсан даа.
-Шүлэг бичдэг хүн болгон бас дууны үг бичээд байдаггүй шүү дээ?
-Сайхан шүлгүүд дуу болчихсон явж л байдаг. Дуу болгох санаатай бичсэн шүлгүүд, юу ч болсон юмгүй нооргоороо хэвтэж л байдаг. Гэхдээ манай монгол яруу найраг их хөгжимлөг учир, үгэн дунд ая нь цохиж явдаг гэх юм билээ. П.Бадарч ах дууны шүлгийн үг яг ардынхаа дуу шиг байвал их зохимжтой гэх юм билээ. Сүрэнжав ах болохоор яруу найргийг онолоор биш онгодоор бичдэг гэнэ. Аль аль нь л үнэн. Би 1984 онд “Сэлэнгийн долгио” чуулгын хөгжмийн багш Г.Сүрэнчулуунтай “Хүслийн гал” дуулалт жүжиг хийх гэж ноцолдож байлаа. Сайхан шүлэглээд өгсөн юмыг, Сүрэнчулуун мөр нь таарахгүй байна. Үе нь таарахгүй байна, энийг ингэе, тэрийг тэгье, энэ тэр гээд улаан цоохор болгоод өгнө. Би нөгөөхийг аваад дахиад л нухаж гарна. Ингэж байтал, нэг өдөр Ш.Сүрэнжав ах МХЗЭ-ийн Төв Хорооноос атрын сэдэвтэй уран бүтээл хийх томилолт өвөртлөн цохиж ирээд, манайд бууж тухаллаа. Тэгээд миний хийж байгаа юмыг үзсэнээ “Сүхдоржоо би чамд муу арга зааж өгье. Чи амандаа дуу аялж байгаад, аянд нь тааруулаад шүлгээ бичээд бай” гэлээ.
Амандаа ардын дуу аялсхийн үгийг нь ая данд нь тааруулаад бичээд өгсөн чинь, нээрээ олон юм хэлсэнгүй. Уран бүтээл маань овоо болж Монголын хөгжмийн зохиолчдын Ү их хуралд зориулсан уралдаанд тэргүүн байр эзэлж байсан юм. Амьдрал дээр болсон, энэ жижигхэн дурсамжаас харахад, уянгын яруу найраг, дууны яруу найраг хоёр, яах аргагүй арга хэлбэрийн хувьд, жаахан ялгаа байгаад байх шигээ. Энэ нь ардын дууны яруу найрагт тод харагддаг даа.
-Уран бүтээлийн захиалга ирнэ биз?
-Ер нь ирнэ шүү. Зөндөө дууны үг бичсэн дээ. Байгууллага хамт олон, сум орон нутаг, сургууль цэцэрлэг болоод аав ээж ах дүү нартаа шүлэг бичээд өгөөч гэсэн хүсэлт ирдэг л юм.
-Түүнээс чинь олонд хүрсэн дуу байх уу?.
-За даа бүгдээрээ биш боловч ганц хоёр нь дуулагддаг юм аа. Математикийн олимпиадын сүлд дуу байна. Албан ёсны нээлт дээрээ дуулдаг. Математик сэтгүүлийнхээ эхэнд тогтмол хэвлэдэг юм. Ц.Буян-Орших бид хоёрт захиалга өгч бичүүлсэн Туушин компанийн сүлд дуу байна. Байгууллагынх нь хүндэт хойморь залаатай байгаа. Ээж модны тухай дууг УИХ гишүүн асан О.Чулуунбат захиалж бичүүлсэн. Манай Н.Чулуунхүү ая хийж, өөрөө охинтойгоо сайхан дуулсныг нь сэлэнгэчүүд сайхан хүлээж авсан. Шүлгийг нь “Ээж мод”-ны дэргэдэх дэвсэгт, томоо тэмээн чинээ чулуун дээр сийрүүлж бичээд, дуун хөшөө босгосон байдаг юм.
Эх сурвалж: www.polit.mn