
Э.СОЛОНГО
АНУ-ын Индианагийн их сургуулийн судлаачийн багт ажиллаж буй Монгол Улсын гавьяат багш П.Увштай гадаад дахь монгол гэр бүлийн онцлог, монгол гэр бүлд тулгамдаж байгаа асуудлын талаар ярилцлаа.
Тэрээр энэ чиглэлээр АНУ-ын эрдэмтэдтэй судалгаа хийжээ.
-Таныг АНУ-ын эрдэмтэдтэй гэр бүлийн талаар судалгаа хийж байгаа гэж дуулсан. Монгол гэр бүлийн талаар сонирхолтой дүгнэлтийг танилцуулах байх гэж бодож байна?
-Монгол гэр бүлийн хөгжил төрийн бус байгууллагуудын нуруун дээр явж ирсэн. Гэр бүлийн асуудлаар бизнес хийж ирсэн хувийн байгууллага ч мэр сэр бий.
Гэхдээ сүүлийн жилүүдэд гэр бүл харьяалагдах төрийн байгууллагын бүтэцтэй болж байна. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ Вашингтон хотын монгол иргэдтэй уулзахдаа иргэдээ хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүд, ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэсэн таван бүлэгт хувааж, тус тусад нь чиглэсэн бодлого хэрэгжүүлж байгаагаа ярьсан. Бидний судалгаандаа энэ таван бүлгийг гэр бүл гэсэн нэг цөмд төвлөрүүлж, бодлогоо боловсруулбал илүү үр дүнд хүрэх санааг дэвшүүлсэн нь салбарын сайдын бодлоготой нийцэж байгаад талархаж байна. Монголд залуу гэр бүл урт хугацаанд оршин тогтнох нь асуудал болоод байгааг гадны эрдэмтэн, судлаачид онцолдог. Манай судалгааны багийнхан монгол гэр бүлийг “урт наслахад” төрийн оролцоо, үнэлгээ чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байгаа. 30, 40 жил амьдрал, үр хүүхдээ амжилттай авч яваа эхнэр нөхөр, тэдний эцэг эхийг төр үнэлбэл залуус аав ээжийнхээ сайхан уламжлалыг сэвтүүлэхийг хүсэхгүй. Нөгөөтэйгүүр төрийн дэмжлэгт тэд урамшина шүү дээ. Манай хойд хөршид гэхэд Ерөнхийлөгч нь олон хүүхэдтэй гэр бүлийг өөрийн биеэр хүлээн авч уулзаад, тэр айлын бат бэх байдлыг үнэлж шагнадаг.
-Монгол гэр бүлд гадны орнуудад амьдрах сонирхол хэр байна?
-2004 онд “Монголын гэр бүлийн хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын хандлага” сэдвээр улсын хэмжээний нэгдсэн судалгааг бид салбарын яамны захиалга, НҮБ-ын Хүн амын сангийн санхүүжилтээр хийсэн. Тэр судалгааны хүрээнд монгол гэр бүлийн хөгжлийн үзэл баримтлал, гарц, үргэлжлэлийг эрэлхийлэхийг, гэр бүл бол нийгмийн гол нэгж гэж тунхагладаг хэрнээ бодлогын төвшинд санаатай, санамсаргүйгээр орхиж буйг мөн гадаадад амьдарч байгаа монгол гэр бүлийг илүү тусгасан юм. Уг судалгаагаар 1990-ээд оноос хойш гадаадад ажиллаж, амьдарч байгаа монгол гэр бүлийн тоо эрс өссөн нь ажиглагдсан. Цаашид ч өсөх хандлагатай байна. Тэдний зорилго, эрмэлзэл нь хувийн чанартай боловч Монгол Улсын нийгэм, эдийн засаг, соёлын хөгжилд оруулж байгаа хувь нэмрийг нь төр анзаардаггүй. Тэд гадны хөгжилтэй орноос өндөр ур чадвар, сайн туршлага сурч, эх орондоо нутагшуулж байгаа. Мөн үүнээс илүү нэг зүйл байгаа нь гадаадад эх орныхоо уламжлал, соёл, зан заншлыг тодорхой хэмжээгээр хадгалж, хамгаалж, гадныханд таниулж, сурталчилж яваа нь. Гадны оронд аж төрж байгаа гэр бүлийг эх орондоо байгаа гэр бүлийн шалгуураар ангилж, тодорхойлох, эрх үүргийг нь хуваарилах боломжгүй.
-Гадаадад байгаа монгол гэр бүлүүд уламжлалт ёс заншил, соёлдоо хэр ойр байдаг вэ. Тэднийг үндэснийхээ ахуй, хэл соёлоос холдож байна гэх юм?
-Бидний явуулсан судалгаагаар гадаадад байгаа монгол гэр бүлийг эхнэр, нөхөр хоёулаа монгол эсвэл нэг нь монгол гэсэн гишүүд бүрдүүлж байна. Мөн судалгаагаар монгол гэр бүл гадаадад удах тусам үндэснийхээ гэр бүлийн уламжлалт соёл, үнэт зүйл, хэл, ахуйгаасаа холдож байгаа нь ажиглагдсан. Үүнд залуу гэр бүл илүү ихээр хамрагдаж байна. Өнөөдөр гадаадад байгаа монгол гэр бүлийн 15 хувь нь өөр үндэстний эхнэр, нөхөртэй байна. Ийм нөхцөлд хосолмол соёл зэрэгцэн оршдог. Аль соёлыг нь давамгай байлгах, монгол соёл тухайн гэр бүлд хэр байр суурийг эзлэх, тэр айлд өсч буй хүүхдийн орчинд хоёр өөр ёс заншалыг хэрхэн тэнцвэржүүлэхийг манай төр бодлогын төвшинд анхаарах шаардлагатай байна. Индианагийн их сургуулийн профессор Brian Powell хоёр үндэстний гэр бүлийн онцлогийг судалж, ийм гэр бүлд хүүхэддээ тавих халамж илүү үгүйлэгдэж байгааг тогтоосон.
-Монгол иргэн гадны хүнтэй гэр бүл болоход юу нөлөөлж байна вэ?
-Хоёр өөр үндэстнээс бүрдсэн гэр бүл бий болоход янз бүрийн зуучлал, наймаацал, хууль бусаар гэрлэх явдал “тусалж” байна. Үүнийг зохицуулах эрх зүйн орчин манайд байдаггүй. Хяналт нь ч зөөлөн. Ашиг сонирхлын сэдэлтэй, хууль бус гэрлэлтээс болж монгол охид, бүсгүйчүүдийн эрх хөсөр унаж байгаа нь судалгаагаар ажиглагдсан. Манай хөрш болон зэргэлдээ орнууд охид, эмэгтэйчүүдийнхээ эрх ашгийг хуульчлан хамгаалах туршлагатай. Манай улсад түүнээс суралцах шаардлага бий. Төрд гадаадад байгаа гэр бүлийн үнэт зүйл, уламжлал, зан үйлийг хамгаалах, хадгалах бодлого боловсруулж, хэрэгжүүлэхэд бэрхшээлтэй байвал ядахдаа гадаадын болон олон улсын ийм чиг үүрэгтэй байгууллагад яаралтай гишүүнээр элсэж, харьд байгаа монгол гэр бүлийн эрх ашгийг хамгаалах хэрэгтэй байна. Монголын цагдаагийн байгууллагын судалгаанаас харахад сүүлийн жилүүдэд залуу гэр бүлтэй холбоотой ноцтой хэргүүд их гарч байгаа нь ажиглагдсан. Энэ мэдээлэлд гадны эрдэмтэд монгол гэр бүлийн наслалт хурдтай богиносч байгааг онцолж байгаа.
-Гадаадад ажиллаж, амьдарч байгаа монгол гэр бүлд ямар асуудал тулгарч байна?
-Тэдэнд тулгарч байгаа асуудлын нэг гэр бүлийн гишүүд өөр, өөр хотод ажиллаж, холоос хамтын амьдралаа зохицуулж байгаа байдал. Тусдаа байх хугацаа нь уртасах хэрээр гэр бүлд хүйтэн хөндий байдал үүсэх, амьдралд тохиох саад, бэрхшээлийг салалтаар шийдэх байдал үүсч байна. Монголд ч гэсэн залуу гэр бүлийн салалт их гардаг болжээ. Ер нь монгол гэр бүлийн наслалт гадныхны анхаарлыг нэлээд татаж байгаа. Бид гадаадад байгаа монгол гэр бүл төрөөс ямар тусламж, дэмжлэг хүсч байгааг судалсан. Тэд гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэд, гэр бүлийг төр албан ёсоор бүртгэж, улс орны хөгжилтэй холбоотой асуудлаар санал бодлыг нь төрийн бодлогод тусгах, монгол гэр бүлийн гишүүдийг эх орондоо буцаж ирэхэд нь ажлаар хангах, тодорхой тохиолдолд тэтгэмж өгөхийг хүсч байна. Тэдэнд эх орондоо суурьших, тогтвортой ажиллах эрх зүй, эдийн засаг, сэтгэл санааны орчин үгүйлэгдэж байна. Залуу гэр бүлүүд гэрлэлтийн тэтгэмж, хүүхдийн мөнгө, байгалийн баялгаас хуваарилж буй хувиа авахыг бодож явдгаа судалгааны үеэр хэлсэн.
-Тэд төрд өөр ямар саналыг “илгээсэн” бэ?
-Иргэдээ гадаадад хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулахдаа аль болох гэр бүлээр нь явуулах бодлого барих, олон улсын стандартад нийцсэн даатгалын тогтолцоог улс орондоо бий болгох, үүнд гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэд, гэр бүлийг хамруулах саналтай явдгаа илэрхийлсэн. Мөн тэдний амьжиргааны түвшин, тохиолдож байгаа бэрхшээл, даван туулах арга замыг төрөөс судлах, тэдэнтэй холбогдох байгууллагуудыг бодит мэдээллээр хангахыг хүсч байна.
-Гадаадад байгаа залуус, гэр бүлийг эх оронд нь татахын тулд төр юу хийх ёстой юм бэ?
-Гаднаас өндөр боловсрол, нарийн мэргэжил эзэмшсэн хүнээ авчрах арга, ухаан төрд олон бий байх. Гадаад дахь иргэнээ нутаг орон руу нь чиглүүлэхдээ тэр хүний амьдарч байсан орчин, гэр бүлд нь хуримтлагдсан мэдлэг, боловсролын бас авч үзэх хэрэгтэй. Тэр өндөр боловсрол, ур чадвартай монгол иргэний цаана гэр бүлийнх нь эрх байнга дагаж явдаг. Дэлхийн орнууд иргэдээ нүүлгэх, шилжүүлэх, гадагшаа явуулахдаа тэдний гэр бүлд тавих анхаарал, халамж, тусламж, дэмжлэгээ эхэнд нь тавьдаг юм билээ.