Г.Оюунболд: Зөрчлийн хуулийг дагаад 220 гаруй хуульд өөрчлөлт орно

2013-12-12
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.БОЛОРМАА

Хууль зүйн яамныхан Гэмт хэргийн тухай хуулийн хажуугаар Зөрчлийн тухай хуулийн төсөл санаачилжээ. Энэ тухай тус яамны Хууль сахиулах бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Г.Оюунболдтой ярилцлаа.

-Зөрчлийн хуулийн төслийг боловсруулаад дуусч байна уу. Энэ  ямар онцлогтой хууль вэ. Бүх хуульд байсан зөрчлийг түүж Зөрчлийн тухай хууль гэж “бүтээж” байгаа гэж ойлгох нь зөв үү?

-Монгол Улсын Эрүүгийн болон Захиргааны хариуцлагын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалсан үнэт зүйл, хууль ёсны ашиг сонирхлыг зүй зохистой хамгаалж, ялгамжтай хариуцлага тооцох үүргээ бүрэн биелүүлж чадахгүй байна.

 

Социалист нийгмийн харилцаанд тэргүүнд хамгаалж байсан тухайн үеийн үнэт зүйл болох социалист өмч, нийгмийн дэг журам, хамтын аж төрөх ёс зэрэг эрэмбэлж хамгаалж байсан харилцааг өөрчилж Үндсэн хуулиар тунхагласан хүний эрх, ардчилсан нийгмийн харилцаанд үнэт зүйл гэж үзэж байгаа ойлголтуудыг материаллаг хэм хэмжээгээр хамгаалах бодлогыг дахин авч үзэх хэрэгтэй болсон.  Захиргааны хариуцлагын тухай хууль 1992 онд батлагдан хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээс хойш эрх зүйн шинэчлэлтийн хүрээнд дорвитой өөрчлөлт ороогүй юм. Энэ хууль нь бусад хуульд заасан санкц, эрх зүйн акт, нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээнээс бүрддэгээрээ онцлогтой байв. Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг баталснаас хойш УИХ-аас батлан гаргасан хуулиудын 70 орчим хувьд нь зөрчил, түүнд хүлээлгэх хариуцлагын хэм хэмжээг тогтоосон байдаг. Өөрөөр хэлбэл, Захиргааны хариуцлагын тухай  хууль тогтоомжид олон тооны хууль, эрхийн актууд хамаардаг, материаллаг хууль төдийгүй мөн нэгэн зэрэг процессын хуулийн шинжийг давхар агуулж иржээ. Эрх зүйн зөрчилтэй холбоотой асуудлыг Захиргааны хариуцлагын тухай хуулиар бүрэн зохицуулж чадаагүй. Хэм хэмжээний хоорондын зөрчил, давхардал бий болгосон зэрэг нь иргэдийн дунд хууль сахиулагч, шүүгчийн гаргасан шийдвэрийг хууль бус гэж хардах шалтгаан болж байгаа юм. Цаашлаад авлига, ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэх, гэмт хэрэгтэнд ял завшуулдаг гэж дүгнэхэд хүргэж байна. Энэ нь Зөрчлийн тухай хуулийг Гэмт хэргийн тухай хуультай уялдуулан гаргах гол үндэслэл болж байна.

-Энэ хуулийг Гэмт хэргийн тухай хуультайгаа зэргэлдээ явах ёстой гэж хуульчид онцолж байсан?

-Зөрчлийн хууль нь Гэмт хэргийн тухай хуультай зэрэгцээ байх ёстой. Хүний эсрэг чиглэсэн  200 гаруй аюултай үйлдлийг Гэмт хэргийн тухай хуульд төрөлжүүлээд оруулчихсан. Харин нийтээр дагаж мөрдөх дүрэм журам, хориг, стандарт, нормыг зөрчиж байгаа үйлдлийг зөрчил гэж үзээд төрөлжүүлэн хууль болгон гаргаж байна.  Энэ төрөлжсөн хуульд 600 орчим зөрчил багтаж байна. Тодруулбал, одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа 220 гаруй хуульд байсан зөрчлийг нэгтгэж түүсэн гэсэн үг.  Ингэхдээ зөрчил бүрээ эрэмбэлж ялгах учиртай. Сахилга, ёс зүйн зөрчлийг энэ хуульд оруулахгүй. Төрийн албан хаагчдын зөрчилд тооцсон үйлдлийг Төрийн албаны тухай хуулийн дагуу хариуцлага тооцоод явах боломжтой.

-Баривчлах, албадан ажил хийлгэх шийтгэл байхгүй болж байгаа гэсэн үү?

-Зөрчлийн тухай хуулиар баривчлах шийтгэл байхгүй болгохоор тусгаж байгаа.  Хүний эсрэг чиглэсэн аюултай үйлдлээ Гэмт хэргийн тухай хуульд тусгасан учраас тэр. Хуучин агсам тавьдаг, танхайрдаг хүмүүсийг танхайрах зөрчил гаргасан гэж үздэг байсан бол Гэр бүлийн хүчирхийлэл гээд гэмт хэрэг болгосон. Зөрчлийн хуульд хамаагүй. Дээрээс нь бага хэмжээний хулгайг зөрчилд тооцдог байсан бол мөн л гэмт хэрэг болгож байна. Хулгай бол хулгай.  Түүнчлэн хүүхдийн эсрэг зөрчлийг гэмт хэрэг гэж үзээд Гэмт хэргийн тухай хуульд оруулсан байгаа. Тэгэхээр 227 хуулиас зөрчил бүрийг нь түүхдээ үнэлж эрэмбэлж төрөлжүүлэх нүсэр ажил явагдаж байна.

-Нэлээд ажил болох нь?

-1200 зөрчлийг 600 болгон төрөлжүүлж найруулж боловсруулж байна. Төсөл боловсруулах ажил маань дуусах шатандаа явж байгаа.  Зөрчлүүд нь адилхан үйлдлээр өөр, өөр хуульд давтагдан бичсэн байсныг нэгтгэж байгаа хэрэг. Мөн байгууллагын дотоод журмыг зөрчиж байгаа бол зөрчил гэж үзэхгүй гэхчилэн бүх үйлдлийг үнэлж эрэмбэлэхэд хүндрэлтэй байна. Мэдээж  Гэмт хэргийн тухай хуультайгаа зэрэгцээ явж байгаа учраас төсөл маань дуусах шатандаа явж байна.  Одоо зөрчил хянан шийдвэрлэх эрх бүхий хууль сахиулах, мэргэжлийн байгууллага, төрийн захиргааны байгууллагууд руу явуулж санал авахад бэлэн болсон. Тэдний санал ирсний дараа дахин эрэмбэлээд намрын чуулган дуусахаас өмнө өргөн барихаар төлөвлөгөөтэй ажиллаж байна.

-Намрын чуулган хоёрдугаар сарын 5-нд завсарлана. Амжих уу?

-Амжина гэсэн төлөвгөөтэй байгаа. “Гэмт хэргийн хуулийг Зөрчлийн хуультайгаа хамт оруулж ирээч” гэсэн хүлээлт бий. Энэ утгаараа Зөрчлийн хуулиа яаралтай өргөн барихаар ажиллаж байна.

-Яаралтай гэж байгаад алдаа гаргах вий?

-Зөрчлийн хуулийг нэгтгэх нь өмнөх Хууль зүй, дотоод хэргийн  яамны үеэс эхэлсэн ажил. Ц.Нямдорж сайдын үед Захиргааны төрөлжсөн хууль гэж нэртэй 1200 орчим зөрчлийг түүгээд эрэмбэлсэн байсан юм билээ. Гурван жилийн хөдөлмөр гэсэн үг. Бид үүнийг нь Гэмт хэргийн тухай хуультайгаа уялдуулахын тулд бас л нэг жилийн хугацаанд ажиллаж байна. Ер нь энэ хоёр хууль бие биенээ нөхөж явах ёстой. Олон удаа зөрчил гаргавал яаж хариуцлага хүлээх үү. Хэрэв Гэмт хэргийн тухай хуулиар хариуцлага хүлээлгээгүй бол заавал Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээх ёстой гэхчилэн нэгнээ нөхөж явах хуулиуд юм.

-Зөрчил дотроо захир­гааны болон сахилгын гэж ялгаж байна уу?

-Төрийн албаны харил­цаанд үүссэн асуудлыг зөрчил гээд тооцож болохгүй. Сөрөг үр дагавартай.  Сахилга, ёс зүйн асуудлыг дотоод журмаар зохицуулахаар салбарт нь орхих хэрэгтэй.

-Зөрчлийн хуулийн шийтгэл нь юу байх юм бэ. Дан торгох уу. Албадан ажил хийлгэх шийтгэл ч байхгүй болж байна уу?

-Албадан ажил хийлгэх нь өөрөө шүүхийн шийдвэрээр хэрэгждэг шийтгэл. Харин зөрчил бол шүүгч биш хууль сахиулагч, мэргэжлийн хяналтын улсын байцаагч нарын авдаг арга хэмжээ. Өнөөдөр Засаг дарга гэхэд шүүгчийн эрх эдэлж байна. Шүүгчийн эрхтэй хууль сахиулагчтай гэсэн үг. Ер нь хүнийг албадан ажил хийлгэх нь цээрлүүлж байгаагийн нэг хэлбэр.  Тиймээс Гэмт хэргийн тухай хуулиар баривчилж болдог ихэнх үйлдлийг гэмт хэрэг гэж үзэж байгаа юм. Харин Зөрчлийн хуульд торгох ялтай. Хүний хувьд дээд тал нь таван сая болон арван сая төгрөг. Албан тушаалтныг бол дээд тал нь 900 сая орчмоор торгохоор зааж байна.

-Торгууль ногдуулагч нь хэн байх юм?

-Хууль сахиулагч болон мэргэжлийн хяналт, цагдаа, улсын байцаагч зэрэг эрх бүхий албан тушаалтнууд  байна. Түүнээс нэг зүйлийг тодруулах ёстой. Торгох ялаас гадна эрхийг нь хасах, хязгаарлах тухай шийтгэл Зөрчлийн хуульд хамаарна. Ингэхдээ үйл ажиллагаа явуулах эрхийг нь хасах, зөвшөөрөх нь албан тушаалтанд хамаатай. 

-Хэрэв зөрчил гаргагч шийтгэлээ хүлээн зөвшөөрөхгүй бол яах вэ?

-Харъяа шүүхэд хандаж болно. Энэ тухай  хуульд заахдаа гарах зардлаа гомдол гаргагч тал нь өөрөө хариуцахаар зохицуулж байгаа. Хэрэв шүүх үүнийг хэлэлцээд зөрчил ногдуулсан нь зөв гэж үзвэл торгуулийг нь дахин нэмэгдүүлэх тухай ч энэ хуульд нарийвчлан оруулж байна.

-Энэ хуулийг 220 хуулиас “бүтээж” байгаа гэхээр энэ хуулиудад бас нэмэлт өөрчлөлт оруулах уу?

-220 гаруй хуульд нэмэлт өөрчлөлтийг оруулах асуудал Зөрчлийн хуультай давхар явагдана. Бид энэ төслийг нь бэлдээд явж байгаа.

-Зөрчил гаргагчид торгуулийн хуудас өгөх юм уу?

-Аажимдаа торгуулийн хуудаст шилжинэ. Бэлэн бус торгуулийн асуудал урт хугацаатай явагдана. Гэхдээ энэ бол цэвэр дэд бүтцийн асуудал. Нөгөө талаас зөрчилд санаатай, болгоомжгүй гэсэн ойлголт байхгүй. Зөрчил гаргахдаа мэдэх, мэдэхгүй байх нь чухал биш. Мэдээгүй байлаа гээд хариуцлагаас мултрах шалтгаан биш юм.

-Олон удаа зөрчил гаргаад байвал яах юм?

-Зөрчил бүрт нь шийтгэл оногдуулна. Нэг төрлийн зөрчлийг удаа дараа давтвал тэр зөрчлийн хамгийн дээд хэмжээгээр шийтгэнэ. Хэрэв гэмт хэрэг, зөрчил хоёрыг хамт үйлдвэл Гэмт хэргийн хуулиар шийтгэнэ.

-Өнөөх зөрчил гар­гагч маань торгуулийн мөнгөө төлөхгүй бол яах вэ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нар араас нь явах юм уу?

-Энэ талаар хуульд тодорхой зааж байна. Зөрчлийн шийдвэр бие­лүүлэх алба гэж байгуулагдах байх. Хорихоос өөр төрлийн албаны нэгжид хамаараад явна гэсэн үг.  

Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг 11 компани байна.

10 цаг 56 мин
АН-ын бүлгийн “ажил хаялт” Баялгийн сангийн бойкот болж таарав уу?!

Өнөөг хүртэл, “…АН-аас ийм өчүүхэн улс төр гарна” гэж төсөөлсөн байтугай зүүдэлсэн хүн байхгүй биз.

10 цаг 56 мин
Хүүхдийн байгууллагын 100 жилээр 7 гавьяат төрлөө

Хүүхдийн байгууллагын 100 жилээр 7 гавьяат төрлөө

Өчигдөр 15 цаг 31 мин
“Ард түмний хяналтын хороо”-г байгуулна

Иргэдийн шударга шүүх НҮТББ-аас “Ард түмний хяналтын хороо”-г үүсгэн байгуулах талаараа мэдээлэл хийлээ.

Өчигдөр 15 цаг 04 мин
АН: Бүлгийн 30 гаруй гишүүн ээлжит бусаар хуралдсан ч тодорхой шийдэлд хүрч чадаагүй

АН: Бүлгийн 30 гаруй гишүүн ээлжит бусаар хуралдсан ч тодорхой шийдэлд хүрч чадаагүй

Өчигдөр 13 цаг 53 мин
Гавьяат багш Ч.Цэрэндуламд Ардын багш цол хүртээлээ

Хүүхдийн байгууллага үүсэж, хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Өчигдөр 13 цаг 29 мин
Д.Амарбаясгалан: Мэтгэлцэх, маргалдах зүйл цаашдаа ч гарна, асуудалд субьектив байдлаар хандахгүй байхыг хүсье

Д.Амарбаясгалан: Мэтгэлцэх, маргалдах зүйл цаашдаа ч гарна, асуудалд субьектив байдлаар хандахгүй байхыг хүсье

Өчигдөр 10 цаг 43 мин
Чуулган: АН-ын бүлэгт нэг хоногийн завсарлага өглөө

Чуулган: АН-ын бүлэгт нэг хоногийн завсарлага өглөө

Өчигдөр 10 цаг 29 мин
Ерөнхий сайдын уучлал гуйх хугацаа өнөөдөр дуусч байна

Ерөнхий сайдын уучлал гуйх хугацаа өнөөдөр дуусч байна

Өчигдөр 09 цаг 56 мин
ЭСЯ: Иргэд хулгайн гэмт хэрэг үйлдэхгүй, хулгайд өртөхгүй байхад анхаарна уу

ЭСЯ: Иргэд хулгайн гэмт хэрэг үйлдэхгүй, хулгайд өртөхгүй байхад анхаарна уу

Өчигдөр 09 цаг 52 мин