
Д.БОЛОРМАА
Энэ удаагийн “Ярилцах цаг”-ийн зочин Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаяр. Тэрээр монголчууд уул уурхайгаас илүү газар тариалан, мал аж ахуйгаас ашиг олох боломж байгаа тухай ийн ярилаа.
-АН-ынхан Засгийн эрх барьснаас хойш мал аж ахуй, газар тариалангийн салбар унаж байгаа тухай МАН-ын гишүүд шүүмжилдэг. Өмнө нь “Монгол мал” хөтөлбөр болон “Атрын III аян” хэрэгжиж үр дүнгээ өгсөн гэдэгтэй хэн ч маргахгүй?
-Ардчилсан нам гарч ирснээс хойш “Монгол мал” хөтөлбөр алдагдаж, үр дүн нь буурчихлаа гэдэгтэй санал нийлэхгүй. Тэгээд ч ганцхан жилийн дотор алдагдсан эсэх нь мэдэгдэхгүй. Ер нь өмнөх засгийн үеийн тухай эргэж харж яримааргүй байна.
Хамгийн наад зах нь гоц халдварт өвчний вакцинд буруу бодлого явуулж байсныг нь өнөөдөр засах гээд сууж байна. Саяхан надад энэ тухай баримт нь ирлээ. Вакцины тухай. Өнгөрсөн найман жилийн хугацаанд зургаан удаа шүлхий өвчин гарсан байгаа юм. Энэ бүрт нь Биокомбанит вакциныг нь нийлүүлсэн. Ингэхдээ бүр өөрсдийгөө сайн нийлүүллээ гэж бие биенээ шагнаж урамшуулсан байна. Захирал, малын ерөнхий эмч, ерөнхий инженер зэрэг удирдлагууд нь тодорхой хувийг нь хуваагаад авчихаж. Тэрэнд нь нөгөө Төрийн өмчийн хороо оролцдог байж. Нийтдээ 450 гаруй сая төгрөгийн юм авсан байх жишээтэй. Вакцин дээр гэхэд мафийн сүлжээ үүссэн тухай тэдний хэн ч ам ангайхгүй байна. Төрийн өмчийн хороо ч хэлэхгүй юм. Саяхан энэ мэдээллийг олж хараад нүд орой дээр гарчихсан гайхаад сууж байна. Цаашдаа “Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд юу хийх вэ гэдэг нь маш тодорхой. Миний хувьд хөдөө аж ахуйн чиглэлээр 20 гаруй ажиллаж байгаа хүн. Өнөөдөр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны мэргэжилтнүүдийн зүгээс байр сууриа нэгтгэх талдаа тааруухан байна. Түүнийг ил тод шууд хэлнэ.
-Тодорхой гэхээр ямар бодлого хэрэгжүүлэх юм?
-Төвийн бүс буюу газар тариалангийн районтой бүсүүдэд газар тариаланг мал аж ахуйтай хослон хөгжүүлж махны аж ахуйг бий болгох ёстой. Харин говь хээр болон алтайн хангайн нутагт бэлчээрийн мал аж ахуйг эрхэлдэгээрээ эрхэлнэ. Газар тариаланг түшиглэж махны аж ахуйг хөгжүүлснээр одоогийн бэлтгэж байгаа махаа 30 гаруй мянган тонноор илүү бэлтгэх боломжтой. Дээрээс нь манайхан газар тариалангийн 600 мянган га талбайгийнхаа 50 хувийг нь уранши гээд үлдээчихдэг. Бусад орнуудад бол сэлгэн тариалалтаар жил бүр бүх талбайгаа ашигладаг юм билээ. Энэ технологи руу яаралтай шилжих хэрэгтэй. Газар тариалан нь өөрөө бизнесийн салбар болохоор тариаланчид маань тариа тарьснаас арапис тарих нь илүү ашигтай гэх боллоо. Голдуу арапис тарьсан болохоор хурааж авсан үр тарианы хэмжээ 30 гаруй мянган тонноор буурсан байгаа. Цаашдаа газар тариалангийн салбарынхан хавар болтол ажилгүй сууна. Ингэж суухын оронд уринш байсан талбайдаа таримал тэжээл тарьж малаа бордох боломж нь байна. Үхрээ, хонио, ямаагаа бордох боломж нь байна. Мэдээж махны чиглэлийн аж ахуй нэгжид энэ санаа хамаатай.
-Бэлчээрийн мал аж ахуй устах аюултай юм биш үү?
-Хүн бүр тэгж бодох байх. Тэгвэл ердөө тийм биш. Зөвхөн газар тариалан хөгжсөн газруудад эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх тухай энд ярилаа. Харин газар тариалан эрхэлдэггүй газартаа бэлчээрийн мал аж ахуй нь байдагаараа байна. Дэлхийн орнуудад ч гэсэн ийм зарчмаар ажилладаг. Эрчимжсэн мал аж ахуйг нийт аймагт халдааж болохгүй. 21 аймгийн маань 14-15-д нь бэлчээрийн мал аж ахуй нь байна шүү дээ. Үлдсэн газрыг нь зөв ашиглах талаас нь асуудалд хандах ёстой. Энэ боломжийг төр, засаг нь томроод тоохгүй, харахгүй байгаа нь нууц биш. Түүнээс гадна социалист сэтгэлгээнээс гарч чадахгүй, мөнгө олох аргаа олохгүй байх шиг л байна. Төрийн албан хаагчид гэхэд цаастай ноцолдсон, захирамж тушаал гаргачихаад өнөөхөө эргэж хардаггүй. Өнөөдөр юу болов гэхээр жилдээ бид тахианы мах идэх гэж 25 тэрбум төгрөг гадагш нь алдаж. Тэр ч бүү хэл, хуурай сүү, цөцгийн тос, йогурт авах гэж 70 тэрбум алдсан байна. Хэрэв газар тариалангийн райондоо 100 мянган үхэр бордоод 300 кг жинд хүргэж чадвал бид 30 мянган тонн мах буюу 180 тэрбум төгрөг шинээр олох боломжтой. Түүнээс гадна 200 мянган эм хонио эрлийзжүүлж хургийг нь бордоод 8000 тонн хурганы махыг Араб руу нийлүүлж 70 тэрбум олох боломжтой. Өнөөдөр гахай, тахиа, сүү, махны чиглэлийн фермерийн аж ахуй болон хурдны адуунд зориулж 20 тэрбум төгрөгийн тэжээл гаднаас оруулж ирж байна. Ингэж гаднаас мөнгө заран байж авахын оронд өөрсдөө бүтээдэг болох ёстой. Бүтээгээд зогсохгүй өөр орнуудад нийлүүлдэг болох ёстой. Газар тариаландаа техник технологийг нэвтрүүлчихээд тэжээл тариалвал мөн 460 тэрбум нэмж олох боломжтой. Өнөөдөр хөдөө аж ахуй нь дотоодын нийт бүтээгдэхүүний 14.1 хувийг эзэлж байна. Нийтдээ 1.9 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Тэгвэл үүнийг 70 хувиар нэмэгдүүлж 3.3 их наяд төгрөг болгон өсгөх боломж нь ойрын таван жилдээ байна. Ингэвэл монголчууд зөвхөн уул уурхайн салбар хараад суух биш мал аж ахуй, газар тариалангаас орлого олох боломж нээгдэж байгаа юм. Яах вэ, өнөөдөртөө бид зүгээр суугаад байна. Цаашдаа яриад суух биш ажил хэрэг болгохын төлөө эхлэлийг нь тавих ёстой. Цаг хугацаа нь тэгж шаардаж байна.
-Энэ мэдээж Ерөнхийлөгчийн гаргаж байгаа санал биз дээ. Зарлиг болон хэрэгжих юм уу?
-Ерөнхийлөгч хоёр төрлийн зарлиг гаргадаг. Нэгдүгээрт, бие дааж шийдвэрлэдэг зарлиг гэж байна. Энэ нь төрийн шагнал олгох, одон медалиар шагнах, эсвэл уучлал үзүүлэх, төрийн өндөр албан тушаалтныг томилох, чөлөөлөх зэрэг хуульд заасан эрх мэдлийн зарлиг. Нөгөөх нь Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг. Энэ нь Ерөнхий сайд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. Хэрэв Засгийн газар нь зөвшөөрөхгүй бол зарлиг гарахгүй. Бид Ерөнхийлөгчийн зарлигийн төсөл бэлтгээд сууж байна. Хөдөө аж ахуйн чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай зарлиг гэж. Үүнийг засаг төр дэмжих ёстой. Засгийн газарт хараахан хүргүүлж амжаагүй байна.
-Хэзээ хүргүүлэх вэ?
-Төслөө бэлтгэж дуусчихаад Ерөнхийлөгчид танилцуулна. Түүний дараа өгнө дөө. Засгийн газар яаж хүлээж авахыг нь мэдэхгүй.
-Та мал аж ахуйгаа хөгжүүлээд мах, махан бүтээгдэхүүнээ гадагш нь нийлүүлэх тухай ярьж байна. Гэхдээ гадны орнуудад манайхаас мах авах сонирхол төдийлөн байдаггүй гэдэг шүү дээ. Шүлхий байн, байн гардаг гэж?
-Үүний тулд юу хийх вэ. Нэгдүгээрт, малаа эрүүл болгох. Эрүүл болгосны дараа гадагш нь гаргана. Одоо бол махаа гаргаж чадахгүй байгаа нь үнэн. Шүлхий гарангуут гадаад орнууд биднээс мах авдаггүй. Жишээлбэл, Эрээний боомтоор өнгөрсөн долдугаар сараас хойш нэг ч хонины ноос, ямааны ноолуур, малын арьс бусад түүхий эд гараагүй. Энэ нь шүлхий гарсантай шууд холбоотой. Тэгэхээр эрүүл малтай байж мал аж ахуйн бүтээгдэхүүнээ гадагшаа гаргах боломж нь бүрдэнэ. Иймээс нэн тэргүүнд мал эмнэлгийн байгууллагыг эрх хэмжээнд нь засч сайжруулах ёстой болж байна. Дэлхийн мал эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага манайд гурван удаа зөвлөмж өгсөн байдаг. “Танай мал эмнэлгийн байгууллагын тогтолцоо буруу байна. Үүнийгээ зас. Энхийн цагт дэлхий дээр нэг л дайн гэж бий. Энэ бол гоц халдварт өвчний дайн. Үүнтэй тулалдахын тулд танай мал эмнэлгийн тогтолцоо нэгдсэн нэг арми шиг байх ёстой” гэсэн. Ерөнхийлөгчийн зарлигийн нэг заалт нь энэ тогтолцоог бий болгох тухай зааж байна. Хоёрдугаарт, газар тариалан мал аж ахуйг хослуулан хөгжүүлэх тухай оруулж байна.
-Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд багагүй хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулагдаж таарна. Үүнийг яаж шийдэх юм бэ?
-Зарлиг гарвал дараа, дараа жилийнхээ улсын төсөвт хөрөнгийг нь оруулаад явна. 2014 оны төсөв батлагдчихсан учраас энэ жилдээ амжихгүй болов уу гэж харж байна.
-Малын тоо толгой өсгөх, малчныг дэмжих талаасаа анхаарах юм уу?
-Малын тоо толгойг өсгөх эсэх нь малчдын өөрсдийнх нь мэдэх асуудал учраас төр үүнд нь оролцох хэрэггүй. Төр, засагт оролцох юм гэж байхад оролцохгүй юм бас байна. Ер нь мэргэжлийн хүний хувьд хэлэхэд тооноос чанарт шилжих цаг нь болсон. Манай бэлчээрийн 70 гаруй хувь нь цөлжилтөд өртсөн тухай олон эрдэмтний судалгаагаар батлагдсан. Энэ утгаараа бэлчээрээ зөв менежментээр хөгжүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм. Ерөнхийлөгчийн зарлигт ч гэсэн энэ тухай орсон. Бэлчээрээ зөв менежменттэй болгоё гэж. Өнөөдөр хэн дуртай нь бэлчээрийн нутагт ирж буугаад газрыг нь ухчихаад явахад хариуцлага хүлээх эрх зүйн орчин алга. Өнөөгийн тогтолцоо ийм байна. Тэгэхээр энэ чигээрээ явсаар байвал дэлхийн цаг уурын өөрчлөлтэй холбоотойгоор цөлжиж дуусна. Ийм учраас төр, засгаас бэлчээрийн менежментэд онцгой анхаарах ёстой.
-Хэрэв зарлиг гарлаа гэхэд төсөв хөрөнгө нь батлагдаагүй ч гэсэн сум хөгжүүлэх сангаар шийдэж болох юм биш үү?
-Төсөв шаардалгүйгээр менежментээр явах асуудал зөндөө байна. Сумын удирдлагын аваалж самбаа, мэдрэмж, мэдлэг болон ард иргэдээ хэрхэн ойлгуулж зохион байгуулахаас шалтгаална. Зохион байгуулалтын ажилд хөрөнгө мөнгө шаардлагагүй.
-Ерөнхийлөгч өмнөх бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газарт чиглэл өгсөн өөр ямар зарлиг гаргаж байсан юм бэ. Түүний үр дүн нь гарсан болов уу?
-Хөдөө аж ахуйн чиглэлээр гаргасан зарлиг нь амжилттай хэрэгжсэн. Төмс, хүнсний ногоо, дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах, хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх, сүүний фермерийн аж ахуйг дэмжих, газар тариалангийн салбарт дэмжлэг үзүүлэх тухай 250 дугаар зарлиг гэж гаргаж байлаа. Энэ зарлигийн биелэлтийг Хөдөө аж ахуйн яамныхан жил бүр тайлагнасан. Т.Бадамжунай сайд ,Т.Гантулга дарга нар энэ зарлигийг маань сайн дэмжиж ажилласан. Одооны Засгийн газартай ч гэсэн сайн хамтарч ажиллана гэдэгтээ найдаж байна. Ер нь аль болох хамтран ойлголцож, хөдөө аж ахуйг хөгжүүлэхийн төлөө хамтдаа зүтгэх ёстой цаг болсон. Нэг зүйл тодруулж хэлэхэд, энэ зарлиг гарснаас хойш чацарганы аж ахуй хөгжсөн. Жимс жимсгэний аж ахуй ч гэсэн. Даршилсан ногооны бүтээгдэхүүн болон хүлэмжийн аж ахуй нэмэгдлээ. Одоо зоорийн аж ахуй хөгжүүлэх талаас нь анхаарч байна. Орчин үеийн тоног төхөөрөмжтэй 6000 тонны багтаамжтай хоёр зоорь барьж байна.
-Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн “Том төрөөс ухаалаг төр рүү” лекцид олон нийт ам сайтай байх шиг ээ. Ухаалаг төр болгохын төлөө хэд, хэдэн хууль санаачилж байгаа тухай сонссон юм байна?
-Ерөнхийлөгч ухаалаг төрийн тухай лекц уншихаад Азийн орнуудаар 10 гаруй хоног явлаа. Ирэнгүүтээ “Нэг удаа ярьчихаад орхиж болохгүй” гээд ажлын хэсэг гаргаад ажиллуулж байгаа. Бид шинэ оноос өмнө зургаан хуулийг УИХ-д өргөн зорилттой ажиллаж байна.
-Ямар хуулийн төсөл гэж?
- Албан бус байдлаар хэлэхэд Хууль санаачлах эрхийн тухай хууль. Хуулийг хэн санаачлах ёстой вэ. УИХ-ын гишүүн ашиг сонирхлын зөрчилтэй асуудлаар хууль санаачлах нь ёс зүйн хувьд зөв үү, буруу юу гэж. Бизнесийн талын хуулийг Засгийн газар нь санаачилдаг байвал зөв биш үү гэхчилэн. Мөн Төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах тухай хууль. Нэг жишээ хэлье. Өнгөрсөн жил Орбитод байдаг нэг цэргийн ангиар очлоо. Ангийн захирагч нь өөртөө сэтгэл хангалуунаар ажлаа танилцуулж байна. “Манай анги гахайтай. Дээр нь тариалангийн талбайтай. Энэ жил нэг комбани улсын төсөвт сулгуулсан. Комбаниа ирэхээр нь үр тариагаа хураагаад авчихна. Бас гурилын үйлдвэртэй” гээд л ярьж өгч байна. Төрийн байгууллагууд бизнесийнхэнтэй өрсөлдөж ажлыг нь хийгээд байж болох уу. Цэргийн анги өөрийн чиг үүргээ биелүүлнэ үү гэхээс хаа хамаагүй бизнесийн салбартай өрсөлдөөд байж болохгүй. Зөвхөн өөрийн чиг үүргээ сайн гүйцэтгэх ёстой гэсэн санааг энэ хуулиар оруулж өгч байгаа юм.
-Хэрэглээндээ зарцуулах гэж аж ахуйч байдлаар ажилласан байж болно шүү дээ?
-Угаасаа зах зээл дээр бизнесийн байгууллага нь байна. Төрийн өмчийг хувьчилна гээд байхад улам данхайлгаж байж таарахгүй. Үүнийг зогсоох ёстой. Мөн төрийн зарим чиг үүргийг Төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх тухай хуультай болно. Бид үүнийг лав 10 жил ярьсан байх аа. Одоо ярих биш ажил хэрэг болгох нь чухал байна.