
Ч.ҮЛ-ОЛДОХ
“Ярилцах цаг” булангийн энэ удаагийн зочноор УИХ-ын гишүүн, хүний эрхийн хуульч Ц.Оюунбаатарыг урилаа. Тэрээр 1983 оноос хүний эрхийн чиглэлээр 30 гаруй ажиллаж байгаа туршлагатай хуульчдын нэг. 2007 онд цаазаар авах ялыг халах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүний эрхийг зөрчдөггүй болгох, сэтгүүлчдийг эрүүгийн гэмт хэрэгт татахыг болих тухай УИХ-ын дарга Ц.Нямдорж, 76 гишүүнд хандаж байв.
-Хүний эрхийн өдрийг угтаж, мөн хууль тогтоох байгууллагын төлөөлөл, тэр дотроо хүний эрхийн хуульчтай ярилцаж буйн хувьд асуух зүйл олон байна. Юуны өмнө манай өнөөгийн байдлын талаар танд ямар дүгнэлт байна?
-Манай улс ардчилал, зах зээлд шилжээд 20 гаруй жил болсон ч хүний эрхийн байдал олон улсын төвшинд шаардлага хангахуйц хэмжээнд очиж чадсангүй. Хүний эрхийг нийтлэг хүрээнд ч, хувь хүний эдлэх эрхийн хүрээнд ч зөрчиж байна. Ийм зөрчил эрх мэдэл бүхий төрийн байгууллага, албан тушаалтнаас олонтаа гарах болжээ. Сонгуулийн дараа төрийн албан хаагчийг бөөнөөр нь улс төрийн шалтгаанаар ажлаас халдаг, урт богино хугацаагаар хохироох явдал хавтгайрлаа. Хүний эрхийг хамгаалах эрхзүйн шинэчлэл бүрэн хийгдсэнгүй. Манай улс 2002 онд Хүний эрхийн комисстой болсон нь нэг алхам ч хүний эрхийг хангаж, хамгаалж байгаа юм алга. Өнөөдөр хууль, цагдаа, прокурор, шүүхийн байгууллагуудад хүний эрх нийтлэг байдлаар зөрчигдөж байна. Хуулийн зохицуулалт хангалтгүй, сэжигтэн яллагдагчийн эрхийг зөрчих, зөрчигдсөн эрхээ хамгаалуулж өмгөөлүүлэх гэхээр хавчиж, шахдаг явдал байна. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллага хуучин байдлаасаа дордсон. Үндэслэл муутайгаар хэрэгт татдаг, удаан хугацаагаар мөрдөж, барьж хорьж залхаасныхаа эцэст тухайн хүн аргагүйн эрхэнд хэрэг хүлээх маягаар асуудлыг шийдэх байдал байна.
-Хууль, шүүхийнхний шахалтаар хэрэг хүлээсэн, эсвэл удаан хугацаагаар хоригдож аргаа барахдаа тийм алхам хийсэн ямар хүмүүс байна?
-Өршөөлийн хуулийн төслийг боловсруулах явцад бидэнд олон хүн хандаж баримт материалууд ирүүлсэн. Тэр дотор хэрэг бүртгэх байгууллагын алдаанаас, эсвэл прокурорын хариуцлагагүй үйл ажиллагаанаас үндэслэл муутайгаар таслан шийтгэсэн, шийтгэх тогтоол гаргасан, хүний эрхийг ноцтой зөрчсөн тохиолдлууд нэг бус удаа гарчээ. Тухайлбал, Баянзүрх дүүргийн шүүх Готов , Сэлэнгэ нарын иргэдийг “Бусдыг гүтгэсэн” хэмээн хилсээр яллах тогтоол гаргаж, тэр нь давж заалдах шатны шүүх дээр цагаатгагдсан. Ер нь цагаатгагдсан, хэргийн байдал Дээд шүүх дээр очоод өөрчлөгдөж байгаа нь олон байна. Дээд шүүх, хяналтын болон давж заалдах шатанд зүйл заалтууд өөрчлөгдсөн, эсвэл тодорхой үйлдлүүд хэрэгсэхгүй болно гэдэг тэр хүн өөр бусад асуудлаар буруутай байсан ч тухайн асуудлаар хэлмэгдэж байна гэсэн үг. Дөнгөж саяхан л гэхэд онцгой дэглэмийн хорих ангид ял эдэлж байгаа Н, Б нарын иргэд хүний эрхийн асуудлаар гомдол ирүүлсэн. Энэ тохиолдолд шууд шалгах эрх УИХ-ын гишүүд, хүний эрхийн хуульчдад байхгүй. Тиймээс холбогдох байгууллагуудад шилжүүлж шалгуулна. Иргэн Б “Би гэмт хэрэг огт хийгээгүй. Миний холбогдсон асуудал хилс бөгөөд хуурамч үндэслэлээр хэрэгт татсан. Өмнө нь ямар нэгэн хэрэг зөрчилд орж байсан гэдэг байдлаар хэргийг шийдлээ” гэсэн байна. Иргэн Н “Байцаалт нэг талыг барьсан өрөөсгөл байдлаар явагдсан. Ингээд яллаж шийтгэсэн нь надад маш харамсалтай байна. Тиймээс хүний эрхийн хуульчид хууль зөрчигдөж байгааг анхаарч” гэж өргөдөлдөө бичжээ. Тэд өөрсдөө хэлмэгдсэн гэдгээ бичээд, дахин ийм хэрэг гаргуулахгүй байгаасай гэсэн өнцгөөс ханджээ. Хүний эрхийг зөрчиж бусдыг үндэслэлгүй хэрэгт татсан, ялласан, шүүсэн бол хуулийн байгууллагын тэдгээр ажилтнууд цаашид хуулийн байгууллагад ажиллах боломжгүй. Бид энэ чиглэлээр хуулийн төсөл боловсруулж өргөн барина.
-Цагдаа, шүүх, прокурорын төвшинд хүний эрх зөрчигдөж байна гэлээ. Тэгвэл хууль тогтоомжид хүний эрхийг зөрчсөн зүйл заалт орж байна уу?
-Манай улс 1993 оны ардчилсан Үндсэн хуулиар хүний эрхийг нэлээн сайн баталгаажуулсан. Олон улсын Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Хүний эрх, эрх чөлөөний тухай факт, гэрээ хэлэлцээрүүдийн үндсэн шаардлагыг хуульдаа тусгасан ч бодит байдалд мөрдөж, хэрэгжүүлж чаддаггүй. Эх хуулиас салбарласан бусад хуульд хүний эрхийг зөрчих явдал олон байна. Ганцхан жишээ хэлэхэд, Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд иргэн хүн хуулийн байгууллагад шалгагдахдаа эрхзүйн туслалцаа авах эрхээр хангагдах эрхтэйг заасан. Гэтэл сая иргэний хуульд энэ заалтыг зөрчсөн. Энэ асуудал Үндсэн хуулийн цэцэд хянагдаж, тэндээс өөрчлөх шийдвэр гаргах байх. Манай олонхи гишүүний хуулийн мэдлэг сул байгаагаас хүний эрх зөрчсөн амьдралд нийцэхгүй хууль гарч байгаа нь бодит үнэн. Иймд иргэд сонголтоо хийхдээ тухайн хүний хуулийн мэдлэгийг харах хэрэгтэй юм. Яам, салбараас боловсруулж Их хуралд оруулж ирж буй хуулийн төслүүдэд хууль зөрчих явдал, янз бүрийн давхардлууд олон орж ирдэг. Энэ асуудалд хуулийн байгууллага, Үндсэн хуулийн цэц анхаарал тавих учиртай. Хүний эрхийн комисс шаардлагатай зарим хуулиудад хүний эрх зөрчиж үү, үгүй юу гэдэг талаас санал, дүгнэлтээ өгч байх ёстой.
-Гишүүдээс оруулж ирж буй хуулийн төслүүд маргаан дагуулах боллоо. Тухайлбал, Оффошор бүсийн тухай хууль хүний эрхийг зөрчсөн үү?
-Ер нь бол Их хурлын гишүүдийн зүгээс оруулж ирж буй хуулийн төслүүд маш бага хэлэлцэгдэж байгаа. Ерөөс хойш тавиад байгаа асуудлууд ч бас байна. Өршөөлийн тухай хууль гэхэд л өргөн барьснаас хойш дөрвөн сар боллоо. Хуулиа боловсруулж, Засгийн газраас санал авах гэж бүтэн зургаан сар хүлээлээ. Энэ мэтээр УИХ буюу хууль санаачлах эрх бүхий субьектээс гаргаж буй хуулиуд бус, харин яамдаас, салбараас оруулж ирж буй, тэр дотроо хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан олон хуулийн төсөл хэлэлцэгдэж байгаад бид анхаарлаа хандуулах хэрэгтэй. Иргэний нийгмийнхэн, ТББ-ууд, хүүхэд, эмэгтэйчүүдийн эрх ашмийг хамгаалдаг байгууллагууд хяналтаа тавьж, хамтран ажиллах ёстой. Ж.Батзандан гишүүний боловсруулсан оффошор бүсэд данстай байх, хөрөнгө мөнгөө нуун далдлах, авлигад өртөх явдлаас сэргийлэх чиглэлээр гарсан маш сайн хууль. Үүнтэй холбогдуулж түүнийг тагнан мөрдөх, хавчин хяхах үйл ажиллагаа явуулж байгаа нь ардчилсан нийгэмд байж болшгүй үйлдэл бөгөөд шударга иргэдийнхээ хамтаар тэр хүнийг хамгаалах болно гэдгээ энэ дашрамд хэлчихъе. Харин гадаад эхнэр, нөхрийн асуудал нь Үндэсний аюулгүй байдалд харшлах уу, үгүй юу гэдэгт анхаарах ёстой байх. Гэхдээ тэр нь Оффошор бүсийн тухай хуулийг татаж унагах юм уу, хэлэлцэхгүй байх хууль зүйн үндэслэл огт биш. Гадаадын иргэнтэй гэр бүл болж, тэр нь үнэхээр улс орны аюулгүй байдалд нөлөөлж мэдэхээр бол түүнийгээ урьдчилан мэдээлдэг байх ёстой. Хүний эрхийг зөрчихгүй байх талаас хуулийн зохицуулалтууд хийх шаардлагатай.
-Тэгвэл О.Баасанхүү, Л.Эрдэнэчимэг нарын санал зөрөлдөж байгаа Тамхины хяналтын тухай хууль цөөнхийн эрхийг зөрчсөн гэдэгтэй санал нийлэх үү?
-Тамхины хяналтын тухай хууль гаргах нь зөв, ингэснээр тамхи татах явдлыг багасгасан нааштай алхмууд бий. Гэхдээ тодорхой ашиг сонирхолд нэгдсэн, никотинд донтсон цөөн хэдэн хүнийхээ эрх ашгийг бид хамгаалах л ёстой. Тиймээс тамхи татах байр савыг нь гаргаж өгөх, тэр тухай асуудал байх ёстой. Энэ нь эсрэг, тэсрэг асуудал биш учраас шийдэгдэх бололцоотой. 500 метр газар явж тамхиа тат гэх юмуу, хоёр километр газар явж байж тамхиа худалдаж авах ёстой гэсэн зүйлүүд байж болохгүй. Энэ бас л цөөнхийг хэт хавчсан хүний эрхтэй холбоотой асуудал үүсгэхийг үгүйсгэхгүй
-Агаарын бохирдол монголчуудын нийтлэг эрх ашиг, хэрэглэгчийн эрх ашиг, Үндсэн хуулиараа хуульчилсан эрүүл, аюулгүй орчинд амьдрах, амьд явах эрхийг зөрчиж байна. Энэ талаар?
-Байдал үнэхээр хүнд байна. Энэ нөхцөлд арван жилийн дараа хүн болгон уушгины хорт хавдаар өвчлөх магадлалтайг эмч нар тогтоолоо. Утааны эсрэг шийдвэрлэх арга хэмжээ авахгүй бол хуулийн хариуцлагыг хотын захирагч нар, утаа униар гаргаж байгаа ТЭЦ-ийн удирдлагууд хүлээх ёстой. Үүнийг л бид ардчилал, хүний эрх, эрх чөлөө гэж ярьдаг. Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах асуудал байна. Энэ бол хүний эрхийн бүрэлдэхүүн хэсэг. 2014 оныг хэрэглэгчийн эрхийг хамгаалах жил болгон зарлаж, бид энэ чиглэлээр хуулийн төсөл өргөн барина. АНУ-д тамхи татсаар байгаад уушгины хорт хавдар болсон хүн тамхины компаниас олон арван сая ам.долларын хохирлоо нэхэн гаргуулсан тохиолдол бий. Монголчууд тэдэнтэй л адил хэрэглэгч шүү дээ, тэгэхээр хууль, журам адилхан үйлчлэх ёстой. Түүнээс биш АНУ юм уу, бусад улс орны иргэд л эрх ашгаа хамгаалдаг манайд хамаагүй гэсэн үзэл, хууль байхгүй юм шиг ойлголт байж таарахгүй. Хүний эрх гэдэг амин чухал асуудал, Монгол Улс оршин тогтнож байгаа бол иргэнийхээ эрхийг хамгаалах, тэмцэх үүрэгтэй. Ардчилал гэх нэрээр хүний эрхийг зөрчиж болохгүй. Өнөөдөр бүх шатны шүүхэд 60 гаруй төрийн албан хаагч үндэслэлгүйгээр ажлаас халагдсан, тэр нь улс төрийн шалтгаантай, аль нэг нам нь олонхи, цөөнх болсон шалтгаанаар ажилгүй болж хохирсон гэсэн гомдол гаргаад явж байгаа судалгаа байна.
-Тэгэхээр нэг асуулт байна, Энхээ гэдэг хүн таныг Татварын ерөнхий газрын дарга байхад ажлаасаа халагдсан гэж байнга ярьж, хөөцөлдөж ирсэн. Тэгвэл та бас хүний эрх зөрчсөн юм биш үү?
-Би тэр салбарт нэгдүгээрт, хүний эрхийг маш сайн сахиж ажилласан. Тэр байтугай татвар төлөгчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлд олон юм хийсэн. Татварын орчныг либералчилж, татварын бодлогыг нь төрийн үйлчилгээ болгож өөрчилсөн. Тиймээс эдийн засгийн ид хямралын үе 2009-2010 онд төсвийн орлогыг давуулан биелүүлж байлаа. Тиймээс Эрүүл мэнд, боловсрол, төр, цэргийн салбарынхан цалинтай, хямралыг элдэв хүндрэлгүй давсан юм. Намайг татварын салбарт гурван жил шахам ажиллахад нийтдээ таван хүн л ажлаас халагдсан. Нэг нь хуурамч диплом авсан гэсэн Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт гарч, нөгөө нь ажил дээрээ архидан согтуурсан, татвар төлөгчдийг дарамталсан хэргээр ажлаасхалагдсан. Энхээ гэдэг хүнийг ажлаас халахад би оролцоогүй. Тэр хүн ёс зүй, гэмт хэргийн олон үйлдэл гаргасан байсан. Тэр нь Татварын ерөнхий газрын ёс зүйн хороогоор хэлэлцэгдэж, Нийслэлийн ТЕГ-ын даргын тушаалаар ажлаас халагдсан.
-Тэгвэл яагаад таныг шүүмжлээд байдаг юм бэ?
-Татварын газарт шинэчлэл хийх гэсэн алхмууд, ажилтнуудыг нь ёс зүйтэй болгох гэсэн миний оролдлогыг хэдэн хүн чадлаараа эсэргүүцэж байсан. Би ойлгуулах гэж их ч хичээсэн. Өнөөдөр хөөрхий тэр хүмүүс олонхи нь дээлээ нөмрөөд шоронд орчихлоо. Уг нь би тийм болчих вий гэж их зүтгэсэн, тэр үүднээсээ хатуу чанга шалгаж байсан. Тэр хүмүүс авлига, хээл хахуулыг таслан зогсоож, хатуу чанга хяналт тогтоосонд унтууцаж “Чанга хатуу прокурор даргатай болчихлоо” гээд тэр үеийн МАН-ын удирдлага руу өргөх бичиг бариад гүйж байсан. Өнөөдөр хэнийх нь зөв байж вэ гэдгийг тэр хүмүүс зах зухаас нь ойлгож байгаа. Татварын гэх алдарт хэргүүд надаас хойш 2011, 2012 онд гарч, мөнгө угаасан болохыг хэргийг судалсан судалгааны явцад тогтоосон.
-Арванхоёрдугаар сарын 10-нд дэлхий нийтээр тэмдэглэдэг Хүний эрхийн өдөртэй холбогдуулж онцолж хэлэх зүйл танд байна уу?
-Хүний эрхийг хамгаалах чиглэлд ажилладаг ТББ-ууд томоохон арга хэмжээ зохион байгуулах ёстой. Түүнээс нэг удаа яриад орхиж хэрхэвч болохгүй. Хүний эрхийн үндэсний комиссын хуульдаа томоохон өөрчлөлт оруулъя. Хүнийг хилсээр хорьсон бол шууд чөлөөлдөг байх, үндэслэлгүйгээр эрхийг нь зөрчсөн тохиолдолд материаллаг болон сэтгэл санааны хохирлыг барагдуулдаг байх, ялангуяа төр хүний эрхийг зөрчсөн тохиолдол бүрт хариуцлага хүлээдэг байх ёстой. Өнөөдөр бүх салбарт хүний эрх зөрчигдөж байна. Гэрэл, ус, цахилгаан гээд хүн амын аминд тулсан хэрэгцээт зүйлүүдийн үнэ нэмэгдчихлээ шүү дээ. Гэтэл төр өнөөдөр хүний эрхийг хамгаалах талаар юу хийж байна. Монголын төр хүний эрхийг зөрчөөд байвал жагсч цуглахаас эхлээд бүх тэмцлийг хийнэ гэдгийг бид УИХ-ын чуулган, бусад хурал цуглаанд хэлж байгаа. Цалин тэтгэвэр нь бага, тэгээд цагтаа олгогдохгүй, хүүхдэдээ ганц ширхэг алим авахад 3000 төгрөг, хоёр айл дундаа нэг талх авч ард түмний амьдрал доройтож байна шүү дээ. Үүнийг өөрчлөхийн тулд бид 20 жилд бий болгосон авлигажсан, улстөржсөн данхгар төрөө цэгцлэх ёстой. Энэ үүднээс УИХ, Засгийн газрын нөлөөллөөс ангижирч хараат бус үйл ажиллагаа явуулах хэрэгтэй юм.
-Энэ чиглэлд санаачилсан зүйлүүд байна уу?
-Бид УИХ-д улстөржилт байхгүй, намын харъяалал хамаарахгүй бие даагчдын бүлэг байгуулж хамтарч ажиллахаар санал нэгдсэн. Харин энд нэг зүйлйиг хэлэхэд, Р.Амаржаргал гишүүн олигархиудын үйл ажиллагааг эсэргүүцэж, эрх баригчдын шударга бус, хууль зөрчсөн хүнд сурталд бухимдсандаа УИХ-ын гишүүнээс татгалзсанд харамсч байна. Гишүүн хэвээр үлдээд бие даасан үйл ажиллагаа явуулж болно шүү дээ. Өнөөдөр бие дааж УИХ-д орж ирсэн гишүүд, гудамжнаас шударга ёсны төлөө тэмцэж ирсэн Г.Уянга, С.Ганбаатар, Ж.Батзандан, Д.Батцогт нар Их хурлыг чимж байна. Зарим хүн муу ажиллалаа, хэлсэн ярьсан амлалтаа биелүүлэхгүй байна гэж шүүмжилдэг. Тэр ч бас зөв байх. Гэхдээ бид өнөөдөр аль болох шударга ёсны төлөө зүтгэж байна. Эдгээр хүмүүстэй хамтарч намын харъяалалгүйгээр бие даагчдын албан бус бүлэг байгуулж, төр засгийн зүгээс хүний эрх зөрчсөн, олигархи бүлэглэлийн ашиг сонирхлыг хамгаалж буй хүмүүстэй тэмцэх зорилт тавьж байгаа. Бид аль нэг намын гишүүн байх, эс байхаас үл хамаарч шударга ёсны төлөө ажиллана. Биднийг олон түмэн, ТББ-ууд, иргэний нийгмийнхэн маань дэмжих байх. Ингэж чадвал Монгол Улсад томоохон ахиц гарна.