Ж.Нэргүй: Үсэг хассанаар хэлээ, бичгээ боловсронгуй болгохгүй л болов уу

2013-12-05
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.ЦЭРЭННАДМИД

Монгол хэлбичгийн дүрэмд зарим өөрчлөлт хийх гэсэн яриа өрнөсөн үед гайгүй үгийн сантай гэддэг хүний хувьд нь зохиолч, орчуулагч Ж.Нэргүйтэй уулзахыг зорьсон юм. Очлоо. Тэгсэн чинь мань хүн “Төрийн хэлний зөвлөлийн ажлын албаны дарга болчихсон гээд сууж байлаа. Аятай юу хэмээн олзуурхаж энэ ярилцлагыг хийлээ.  

-За шинэ албанд томилогдсонд чинь баяр хүргэе. Тэгээд эхний асуултаа танай зөвлөлийн нэрнээс эхэлбэл ямар вэ. Бидний ярьж байгаа энэ хэл чинь түмний хэл биз дээ. Гэтэл Төрийн хэлний зөвлөл гэдэг нэр анхаарал татлаа?

-Тийм ээ. Хүмүүс асууж байна лээ. Төрийн хэл, түмний хэл гэж тусдаа юм уу гэж.

Тэгэхээр аль ч улсын Үндсэн хуульд Төрийн албаны хэл бол энэ гээд заалт байдаг. Монголынх ч адил. Тиймээс үүнд л түшиглэсэн нэр байх.Харин үнэн чанартаа бичгийн хэл бол ганцхан. Угаасаа төрийн хэл гэдэг нь бичгийн, утга зохиолын хэл. Тэр нь хүмүүсийн хоорондын харилцаанаас эхлээд төрийн, дипломат албанд ч адил хэрэглэдэг. Иймээс төрийн албан ёсны хэл гэж Үндсэн хуульд тусгайлан заасныг хэзээ нэг цагт эргэж харах болж ч магадгүй. Буруу нэр томъёолол ер нь олон. Байгаль орчны яам гэдэг. Тэр яамны Төрийн нарийн бичгийн дарга гэдэг албан тушаал бий. Гэтэл Байгаль орчны сайд гэж хэлдэг болсон. Ингэснээр яамгүй сайд гэж ойлгогдоод байгаа юм. Энэ мэт хэлний гажуудалд Төрийн хэлний зөвлөл цаашдаа анхаарч таарах байх.

-Төрийн хэлний зөвлөлийн ажлын чиг үүрэг нь юу вэ?

-Төрийн Хэлний Зөвлөл /ТХЗ/ хэлний тухай хууль дүрмийг  дагаж мөрдөх хэм хэмжээг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тогтоож батлах, түүнийгээ мөрдүүлж хэвшүүлэх, мэргэжлийн зөвлөгөө өгөх нэр томъёотой холбогдсон асуудлаар дүгнэлт гаргах, хэрэгжилтэд хяналт тавих үндсэн чиг үүрэгтэй байгууллага юм. Түүнээс биш одоогийн яригдаж байгаа шиг дөрвөн үсэг хасах, нэмэх талын судалгааг хийхгүй. Зарим үсгийг хэрэглэх үгүй тухайд чиглэл өгөх тийм үүрэг, зорилго байхгүй ээ.

-Танай Зөвлөлөөс хэлний талын ном товхимол нэлээд гаргадаг гэж сонссон?

-2011 онд ТХЗ тухайн оны анхны тогтоолоороо олон хувилбартай монгол үгийг яаж бичих стандартыг тогтоож өгсөн  юм билээ. Тухайлбал, 700 үгийг зөв бичих дүрмийг хэлж өгсөн гэсэн үг. Мөн түгээмэл хэрэглэдэг гадаад үгийн жагсаалтыг бий болгож бас монгол хэлээр орчуулж болох үгийг баталж өгсөн. Энэ бүхэн бичлэгийг нэг мөр болгох зорилго байлаа.

Гэхдээ тэр бүгдийгээ олон нийтэд  хүргэж чадалгүй өдий хүрсэн юм байна лээ. Сүүлийн үед нийгмийн хөгжил дагаад гадаад үг, нэр томъёо манай хэлэнд олноороо түрж орж ирлээ. Тэдгээр үгийг хэрхэн хэрэглэх, нутагшуулахад анхаарах хэрэгтэй байгаа юм. Ер нь аливаа хэл төгс яруу гэдгийн уг үндэс нь бичиг, дуудлага хоёр ойр хийгээд адил байхтай холбоотой.

-Тэгвэл сүүлийн үед орчин цагийн хэлбичгийн дүрэмд өөрчлөлт хийнэ гээд байна. Энэ тухайд...?

-Миний хувьд их эрдэмтэн Цэндийн Дамдинсүрэн гуайн зохиосон хэлбичгийн дүрмийг аугаа гэж боддог. Харин өөрчлөх засах шалтгаан яагаад гарч байгаа юм бол гэдгийг анзаарвал нэгдүгээрт манайхан зөв бичгийн дүрмээ өөрийн болгож чадаагүйгээс үгийг олон янзаар бичээд байдаг. Хоёрдугаарт гадаад үгийг тэр чигээр нь бичээд хэрэглээд байдаг зэргээс үүдэлтэй байж магадгүй.

Үгийн сан муутайгаасаа зарим үгийг дэндүү элбэгжүү хэрэглэж байна. Манай улстөрчид асуудал гэдэг үгийг нэг өгүүлбэрт 2-3 оруулж ярьдаг. Мөн ач холбогдол гэдэг үг чихэнд чийр болж байгаа. Тэр ч байтугай үг буруугаар хэрэглэдэг. Барилгын “насжилт” гэж байх юм. Насжилт гэдэг чинь хүн мал, амьтанд л хэрэглэх үг шүү дээ. Мөн “Манай нэвтрүүлэгтэй хамт байсан танд баярлалаа” гэх юм. Юу хэлж байна вэ. Ойлгогддоггүй. Хүн чинь хүнтэй л хамт байна биз дээ.

Бас хайрыг хайрла, хайраа чи юу хийж байна гэж ярих юм. Хайрт гэдэг бодьгалжсан сайхан үг бий. Ингэж л ядуухан ярьдаг боллоо. Залуучууд.

-Хэлбичгийн дүрэмд өөрчлөлт хийж дөрвөн үсэг хасах тухай яригдаж байна. Энэ зөв үү?

-Дөрвөн үсэгтэй холбоотой янз бүрийн санал их ирж байна. Тэр бүхнийг үзээд эргэцүүлж бодоход бичиг үсгээ, хэлээ сайжруулъя гэвэл үсэг хасч биш бүр нэмж боловсронгуй болгодог юм билээ шүү дээ. Энд би нэг түүх ярья. 1783 онд Орост хуучин цагаан толгой дээрээ “Ё” үсэг нэмсэн байдаг юм. Тэрний 230 жилийн ой одоо тохиож байна.

Оросын хатан хаан Екетиринагийн дотнын найз, соёлын том зүтгэлтэн. Оросын шинжлэх ухааны академийн анхны дарга Дашкова гэдэг эмэгтэй тэр үсэг нэмэх санааг гаргасан байдаг. Тэгтэл хуучин Засгийн үеийн хүн зохиосон ч гэсэн үү хэрэглэж хэвшүүлэхгүй байсаар бүр 1942 онд уг  үсгийг хэрэглэх шийдвэр гаргаж байж. Орос ном соёлыг эрхэмлэдэг ард түмэн болохоор тэр “Ё” үсэгт зориулсан хөшөөг Уляновск хотод босгосон юм байна. Тэр үсгийг хэрэглэхээс өмнө и, о гэсэн хоёр үсгээр орлуулж байж. Тэгвэл “Ё”-г хэрэглэдэг болоод авиа зай хэмнэгдсэн байдаг.

Тиймээс алив бодьгалийн гаргаж байгаа авиаг тэмдэглэнэ гэдэг барагдашгүй ажил. Түүнийг гүйцэлдүүлэхэд үсэг хасах биш нэмж тусыг олно гэдгийг дээрх жишээ харуулж байна.

-Хэсэг эрдэмтнийх хийх гэж буй өөрчлөлтийг Төрийн хэлний зөвлөл юу гэж үзэж байна вэ?

-Засгийн газрын тогтоолоор үгийн шинэ толь гаргана гэдгийг зогсоох эрх Төрийн хэлний зөвлөлд байхгүй. Үсэг хасах уу, нэмэх үү гэдгийг хэлэх боломж ч байхгүй. Харин эрдэмтдийн хийж буй ажил биелэлээ олтол их зай бий. Засгийн газарт очиж батлагдахын өмнө олон шат дамжлагаар орно. Эрдэмтдийн ажлыг дэд хэсэг нь шүүнэ. Дараа нь боловсролын яамнаас дүгнэлт гаргах учиртай. Тэр үндсэн дээр манай зөвлөл хэлэлцээд Засгийн газарт оруулж батлуулах шат дараалалтай байх ёстой байх. Гэхдээ ямар дүгнэлт гаргахыг урьдчилаад таашгүй. Энэ чинь төмөр замын өргөн, нарийний тухай яриа биш. Оюутолгойн тухай яриа биш. Нефтийн үйлдвэр барих уу, яахав гэсэн үг биш. Монгол хүн бүхэнд хамаатай зүйл. Тиймээс хэлбичгийн дүрэмд өөрчлөлт хийх, зарим үсгийг хасах тухайд тун болгоомжтой хандах хэрэгтэй гэж бодож байна.

Европын соёл иргэншлээр зохиогдсон крилл үсгийг /славян цагаан толгой ч гэж болно/ Монголын нүүдэлчин соёлын өв уйгаржин монгол бичгийн дүрэмтэй холих хаашаа ч юм бол. Ер нь зөөлний тэмдгийн дуудагдах авиаг и үсэг нөхөхгүй л дээ. Энэ үгийг би үг, өгүүлбэрээр хөөцөлддөг ажилтай зохиолч, орчуулагч хүний хувьд хэлж байгаа юм шүү. Үсэг бичиг зохиогдсон соёл иргэншлийн язгуур нь их өөр юм л даа.

-Хэдэн эрдэмтний хийх гэж буй өөрчлөлтөд зарчмын алдаа байна уу?

-Би орчуулагч хүний хувьд бодохдоо Төрийн хэлний зөвлөлийн урьд гаргаж байсан тогтоолуудыг үзлээ л дээ. Тэгэхлээр үсгийн дүрмийг ч өөрчлөх саналаа Засгийн газарт оруулах гэж байгаа бол ТХЗ-өөр дамжуулахаа яасан юм бол. Тэгээгүй байтал уг ажлыг манай зөвлөл удирдаад байгаа юм шиг ойлголт олон нийтэд байна.

Алив салбарт эрдэмтдийн хийж буй судалгааны ажил, хэлж ярьж байгаа бүхэн биелэлээ олдог юм биш. Өөрчлөлт гэдэг ард түмний сэтгэл санаад ойлгогдохдоо удаан байдаг. Ойлгогдлоо ч олон түмний ахуй соёлын хэрэгцээг хэр хангаж байна гэдэг дээр том асуултын тэмдэг үлдээдэг.

-Нэр бүхий эрдэмтдийн хийж буй өөрчлөлтөө танай зөвлөлд оруулаад ирье. Тэгвэл батлана гэсэн үг үү. Үгүй гэсэн хэрэг үү?

-Миний хувьд би төрийн хэлний зөвлөлийг толгойлдог хүн гээд тэр эрдэмтдийн хийж буй ажлыг дундаас нь зогсоох болон буруу зөв гэж асуудал боловсруулж явах эрх байхгүй. Хэрвээ манайд уг асуудал ороод ирвэл хэлэлцээд дэмжигдэх эсэх нь олонхийн саналаар шийдэгдэнэ. Би ч ТХЗ-ийн гишүүний хувьд саналаа өгнө. Тэрнээс өмнө олон түмэн ямар санаа бодолтой байгааг тандах, судлах ажлыг хийх нь манай ажлын чиг үүргийн нэг нь л дээ.

-Үсгийн дүрмийн өөрчлөлтийг хийхэд олон түмнээс асуух шаардлагагүй гэж Ц.Өнөрбаян гэдэг багш хэлсэн байна лээ шүү дээ?

-Тэр ч буруу л даа. Хэлний хэрэглэгчид гэдэгт бүх хүн хамаарагдана. Тиймээс олон нийтийн санал бодлыг анзаарахын дээр багш нар, авиа зүйчид тэр ч байтугай хөгжмийн зохиолчид, драмын жүжигчид, дуучдын үгийг сонсох учиртай юм. Зохиолчид гэж үгийн мастерууд байна. Зарим хэлний мэргэжлийн хүний саналд Хятад ч юм уу улсын хэлд ойртуулах гээд байна гэсэн санаа байна лээ. Алив үндэстэн ястны мэдрэмж хэлтэйгээ нягт холбоотой байдгийн учир тэгж хэлсэн байх. Би ч гэсэн орчуулагчийн хувьд гайгүй монгол хэлтэй гэж тооцогдохын хувьд хүн юм асуувал санаагаа хэлж л таарна.

-Боловсролын сайд Л.Гантөмөр сэтгүүлчид ярилцлага өгөхдөө “Эрдэмтэд  ямар ч судалгаа, шинжилгээний ажил хийж болно. Тэр нь зорилгодоо хүрэх эсэх нь өөр асуудал. Харин тэр үсэг хасах зэрэг өөрчлөлтөө Засгийн газраас ч юм уу өгсөн үүрэг даалгавар мэтээр ярьж цуу яриа гаргаад байгаа нь буруу. Энэ тал дээр хариуцлага хүлээлгэх учиртай” гэж байсан.

-Хэвлэлээр гарсан үг, ярианы дагуу хариуцлага тооцож болох эсэхийг би хэлж мэдэхгүй. Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлэхдээ “Эрдэмтэд дөрвөн үсэг хасна гэх мэт задаргаатай санал оруулж ирээгүй ээ” гэсэн байна лээ. Үг, үсгийн дүрмийг журамжлах гэдэг дээрээ л зогсож буй илэрхийлэл тэр байх. Дөчин  таван мянган үгтэй толь хийх юм гэсэн. Тэр бол зөв биз. Эцэст нь хэлэхэд дөрвөн үсгийг хасахыг эсэргүүцсэн санал маш их байна. Энэ нь монголчууд эх бичиг, өв соёлдоо хайртайн шинж юм. Бас нэгийг нэмээд хэлчихэд Монгол Улс энэ хэлбичгийнхээ хүчээр дэлхийд өөрийгөө таниулж чадсан юм. Дэлхийн улс орнуудад ч Монголыг энэ бичиг, үсгээр төсөөлдөг болсон. Монгол хүн бүрийн өдөр тутмын хэрэглээний тэргүүнд жагссан гэж хэлэх бүрэн үндэстэй. Тийм болохоор монголчуудын биет бус соёлын нэг өв гэж хэлж болно гэсэн бодол байна.  ЮНЕСКО-д бүртгүүлсэн ч яадаг юм.  

Ази-Номхон Далайн бүс нутаг: Авторитар хүчинүүдхэвлэл мэдээллийн хяналтыг тогтоохын тулд эдийнзасгийн дарамт шахалт үзүүлж байна

Ази-Номхон Далайн бүс нутаг: Авторитар хүчинүүдхэвлэл мэдээллийн хяналтыг тогтоохын тулд эдийнзасгийн дарамт шахалт үзүүлж байна

10 цаг 36 мин
МИК АНХ УДАА ХҮЛЭМЖИЙН ХИЙН ЯЛГАРУУЛАЛТЫН ТАЙЛАН ГАРГАЛАА

МИК АНХ УДАА ХҮЛЭМЖИЙН ХИЙН ЯЛГАРУУЛАЛТЫН ТАЙЛАН ГАРГАЛАА

10 цаг 45 мин
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг 11 компани байна.

23 цаг 15 мин
АН-ын бүлгийн “ажил хаялт” Баялгийн сангийн бойкот болж таарав уу?!

Өнөөг хүртэл, “…АН-аас ийм өчүүхэн улс төр гарна” гэж төсөөлсөн байтугай зүүдэлсэн хүн байхгүй биз.

23 цаг 15 мин
Хүүхдийн байгууллагын 100 жилээр 7 гавьяат төрлөө

Хүүхдийн байгууллагын 100 жилээр 7 гавьяат төрлөө

Уржигдар 15 цаг 31 мин
“Ард түмний хяналтын хороо”-г байгуулна

Иргэдийн шударга шүүх НҮТББ-аас “Ард түмний хяналтын хороо”-г үүсгэн байгуулах талаараа мэдээлэл хийлээ.

Уржигдар 15 цаг 04 мин
АН: Бүлгийн 30 гаруй гишүүн ээлжит бусаар хуралдсан ч тодорхой шийдэлд хүрч чадаагүй

АН: Бүлгийн 30 гаруй гишүүн ээлжит бусаар хуралдсан ч тодорхой шийдэлд хүрч чадаагүй

Уржигдар 13 цаг 53 мин
Гавьяат багш Ч.Цэрэндуламд Ардын багш цол хүртээлээ

Хүүхдийн байгууллага үүсэж, хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Уржигдар 13 цаг 29 мин
Д.Амарбаясгалан: Мэтгэлцэх, маргалдах зүйл цаашдаа ч гарна, асуудалд субьектив байдлаар хандахгүй байхыг хүсье

Д.Амарбаясгалан: Мэтгэлцэх, маргалдах зүйл цаашдаа ч гарна, асуудалд субьектив байдлаар хандахгүй байхыг хүсье

Уржигдар 10 цаг 43 мин
Чуулган: АН-ын бүлэгт нэг хоногийн завсарлага өглөө

Чуулган: АН-ын бүлэгт нэг хоногийн завсарлага өглөө

Уржигдар 10 цаг 29 мин