Ч.Дагвадорж:Монгол хэлийг хятад хүн сурахад л дөхүүлж засварлах гээд байх шиг

2013-11-29
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ч.ҮЛ-ОЛДОХ

Ярилцах цаг” булангийн энэ удаагийн зочноор Соёлын гавьяат зүтгэлтэн, утга зохиолын шүүмжлэгч-судлаач, доктор, профессор Ч.Дагвадоржийг урилаа.

-Хэл шинжлэлийн эрдэмтэд байсхийгээд монгол хэлний зөв бичих дүрмийг өөрчилнө гэдэг. Түүнийг дагаад нэг үгийг янз бүрээр бичдэг хэсэг хүн бий болдог. Саяхнаас дахиад л Ц.Дамдинсүрэн агсны зохиосон зөв бичих дүрэмд өөрчлөлт оруулах ажлын хэсэг гараад байна. Энэ хэр зөв алхам бэ?

-Энэ тухай ярихын өмнө ер нь шинэ үсгийн дүрмийг өөрчлөх, сайжруулах тухай яриа болж байсан 1960-аад оны эхэн үеийг эргэж дурсъя гэж бодож байна. Манайхан үсэг, бичгээ өөрчилнө, боловсронгуй болгоно гэлцдэг. Боловсронгуй болгоно гэж ярьж болох байх.

Гэхдээ  шинэ үсгийн дүрэм гэж ярихаасаа илүүтэй, өв соёлдоо монголчууд хэрхэн хандах вэ гэдэг асуудал юуны өмнө тавигдах учиртай. Ингэхдээ  ухаалаг хандмаар байгаа юм. Яагаад гэвэл,  тэр талаар яриа гарч байсан 1960-аад онд шинэ үсгийн дүрмийн зохиогч нь   тухайлбал, Ц.Дамдинсүрэн гуай өөрөө, тухайн үеийн хэл шинжлэлийн том эрдэмтэд,  академич Б.Ринчен, Ш.Лувсанвандан,  МУИС-д багшилж байсан эрдэмтэн багш нар бүгд байлаа.   Т.Пагва, Л.Мишиг, Т.Дашцэдэн нарын хэл шинжлэлийн салбарын   урдаа барьдаг  эрдэмтэд,  ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд  А.Лувсандэндэв, Х.Лувсанбалдан, Э.Вандуй нар ид ажиллаж   байсан. Тэд  шинэ үсгийн дүрэм зохиогдож байсан 1940-өөд оныг  сайн мэднэ. Тэгвэл түүнээс хойш   20-оод жилийн дараа буюу 1960-аад онд  шинэ үсгийн дүрмийг өөрчлөх тухай яриад тоймтой шийдэлд хүрээгүй. Тэр үед  бид оюутан байсан,  Ц.Дамдинсүрэн багш МУИС дээр болсон нэг удаагийн уулзалтад “Шинэ үсгийн дүрмийг өөрчилнө гэдэг Сэлэнгэ мөрний уснаас  урсгал нийлж байгаа олон голын усыг ялгаж шүүж  гаргана гэсэнтэй адил” гэж хэлж байсан. Түүнээс хойш цаг хугацаа улирч, шинэ үсгийн дүрэм зохиосноос хойш магад жар гаруй  жил улирчээ.  Гэтэл  хэсэг мартагнуулж байгаад, тодорхой хугацааны дараа хэдэн  хүн гарч ирж шуугиулдгийг бодмоор  байгаа юм. Мэдээж, жаран  жил өнгөрнө гэдэг монгол хүний ярих, би­чих соёлд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Соёл урлаг, шинжлэх ухааныг хөгжүүлэхэд, ер нь Мон­голын нийгмийг урагшлуулахад нэг хэсэг нь шинэ үсгийн дүрэм гэж нэрлэдэг, нөгөө нь кирилл бичиг гэдэг  тэр дүрмийн гүйцэтгэсэн үүрэг асар их юм.

-Хэсэг мартагнуулж байгаад  хэдэн хүн гарч ирж бужигнуулдаг  гэлээ. Ярих өөр байх, хийж бужигнуулсан юм нь, тухайлбал юу байна вэ?

-Хэдэн хүн Ц.Дамдинсүрэн  гуайн зохиосон “Төрийн  дуулал”-ыг өөрчилнө гэж хэд хэдэн удаа санал тавиад 2000 оны дундуур өөрчилж санаа нь амарсан. Би  Ц.Дамдинсүрэн багш шүлгийг нь зохиож, Б.Дамдинсүрэн, Б.Мөрдорж гуай нар аялгуу хийж, төрөөс  зарлиг гаргасан  “Төрийн дуулал”-ыг дуулж өссөн сурагч. 1950  оны намар бага сургуулийн нэгдүгээр ангид орж байсан. Анх сурсан дуу  минь ч энэ дуу. Бүх нийтээр “Төрийн дуулал-ыг  зааж, дуулж сурч  байсан  цаг үе байлаа.  Яруу найргийн,  хөг аялгууны хувьд маш зохицсон дуу  байгаа юм. Гэтэл түүнийг нь өөрчлөх гэж  хэдэн хүн үе үе зүтгэсээр “...Дархан манай хувьсгалт улс Даяар Монголын ариун  голомт  Дайсны хөлд хэзээ ч орохгүй Дандаа энхжиж үүрд мандана” гэснийг нь “Дархан манай тусгаар улс” гэж нэг тиймэрхүү орчуулгын шүлгээр зохиосон юм шиг болгосон. Үүнийг өөрчилж сэтгэл нь амарсан хэдэн хүн, өөрчлүүлчихлээ гээд налайж суугаа төр, засгийн түшээд юу боддог юм, мэдэхгүй. Болчихлоо л  гэж боддог биз. Хорьдугаар зууны манлай эрдэмтэн, зохиолч гэж нийтэд зарлачихаад, үхсэн хүн босч ирэх биш гэсэн шиг Ц.Дамдинсүрэн багшийн  хийж бүтээсэн  рүү  ингэж дайрч байгаа нь  зохисгүй. Хорьдугаар зууны манлай эрдэмтэн, зохиолч гэж хүлээн зөвшөөрсөн  л  юм бол тэр хүнийхээ хийсэн бүтээснийг нь тэр хэмжээнд авч үзэж, хүндэтгэлтэй хандах ёстой. Үүнийг би тухайн үед өөрийн бичсэн нийтлэл, өгүүлэлд бас дурьдаж байсан. “Төрийн дуулал”-ыг өөрчлөх гээд байгаа юм бол өөрсдөө шүлгээ бичиж, аялгууг  нь зохиочихоод   дуулуулна биз. Энэ дуулиан  намжиж байгаа  юм уу, эсвэл хүмүүсийн чих дөжирч байгаа юм уу, хэсэг чимээгүй болтол одоо шинэ үсгийн дүрмийг өөрчлөх тухай асуудал босч ирж байна. Зарим нь тэмээ гэхэд ямаа гэлээ гэж бодож байж магадгүй. Тэгдэггүй юм аа. Өөрчлөх, засварлах нэрээр улайрагчид нэг л хэлтэй, нэг л үгтэй байдаг.

-Гэхдээ тэд кирилл бичгийн “Цагаан толгой”-н 35 үсгээс дөрвөн тэм­дэгтийн хэрэглээг хяз­гаарлах, тэгэхдээ үсгийн бүтцийг  нь хэвээр хадгална гэж байгаа юм билээ?

-Энэ бол  гээгдэх, гээгдэхгүй эгшиг, эсвэл хатуу, зөөлний тэмдгийг “и” болгох тухай яриа биш. Хамгийн гол нь энд зохиогчийн эрх гэж бий. Ц.Дамдинсүрэн гэдэг аугаа эрдэмтний  зохиосон шинэ үсгийн дүрэмд байр эзэлж буй  35 үсэг, тэр дотор багтаж буй хоёр тэмдэгтийг өөрчилнө гэж байна. Гэтэл  тэр хүн түүнийг зохиохдоо нэг юм бодсон байж таарна. Яагаад 36 эсвэл 38 болгоогүй вэ, эсвэл 21 болгох боломж байсан уу. Гэтэл 35 байна гэж тоог нь тогтоогоод, тэр дотроо энд нь ийм үсэг, тэнд нь хоёр тэмдэгт байна, энэ нь зөөлрүүлэх үүрэгтэй,  тэр нь салгах ,тусгаарлах үүрэгтэй   гээд яг таг тогтоочихсон байна шүү дээ. Уран барилгачин, уран зураач нарт юмны найрсал,  зохицол гэж байна. Цаад зохиогч нь ийм цогц байдлаар сэтгээд бүтээчихсэн байхад дундаас нь ганц, хоёроор сугална  гэдэг шинэ үсгээ  сэглээд хаяхаас өөрцгүй. Хүний бүтээл рүү дайрагсад сайхан үгтэй, сайнаар өнгөлөн далдалсан багтай гарч ирдэг. Тэгээд ч  хэвлэлээр гараад байгаачлан шинэ үсгийн дүрмийг өөрчлөх ажлын хэсэг гэгчид  ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, МУИС, МУБИС гээд хэл шинжлэлийн эрдэмтэд төвлөж байдаг газруудаас шигшигдсэн 20 гаруй эрдэмтэн баг бүрдүүлээд  байгаа гэж би ерөөс бодохгүй байна.

-Яагаад?

-Таваас зургаан хүний нэр л сонсогдоод  байгаа шүү дээ.  Тэр зургаан хүн  Хорьдугаар зууны манлай эрдэмтэн, зохиолч  Ц.Дамдинсүрэнгийн  зохиосон, он цагийн шал­гуурыг давсан   бүтээлийг оролдох хэмжээний хүмүүс мөн үү, биш үү гэдэг баталгаагүй.   Үнэхээр дахин шинэ үсэг зохиох гэж дурлаад,  шинэ дүрэм гаргах гэж бодоод байгаа  юм бол өөрсдийнхөө шинэ дүрмийг зохио. Түүнээс биш өвгөн Ц.Дамдинсүрэнгээр оролдож болохгүй, одоо болно. Үүнээс цааш бол ёстой хэрээс хэтэрнэ гээч болно. Хүн үхнэ гэдэг их гутамшигтай юм, тэр хүн үхсэн учраас өндийж үг хэлж чадахгүй гэж бодож баймгүй. Өө сэв эрдэг нь эрнэ л биз. Би хувьдаа  тэр дүрмийг нэг их сэмлээд байх шаардлагагүй гэж  үздэг. Тэр хүний бүтээл өөрийнх нь зохиосноор үлдэг.

-Өөрчлөлт оруулснаар  зөв бичих дүрмийн нийтээр дагаж мөрдөх нэг толь бичигтэй болгон журамлана, мөн дүрэм цөөрч монгол хэлийг сурахад хялбар болно гэж байгааг  та юу гэж үзэж байна вэ?

-Наадахыг чинь би сайн ойлгохгүй байна. Тэр хүмүүсийн яриад байгаагаас юу ойлгогдож байна гэхээр  гадаад хүмүүс монгол хэлийг муруй хазгай сурч байгаа. Манайд хамгийн ойр хоёр их хөршийнхөн монгол хэлийг сурвал юу гэж хэлэх вэ, яаж сурах вэ, дэлхийн бусад улс орны иргэд монгол хэлийг сурахад  дөхүүлж  хонь гэдэг үгийг хони, морь гэхидгийг нь “и” болгож  бичих гээд байгаа юм уу.  Эсвэл, манай уламжлалт, сонгодог бичгээр  морь гэхийг мори гэж бичдэг, түүн рүү ойртуулах гээд байна уу. Үүнийг би сайн ойлгохгүй байна. Харин манай урд хөршийн хүмүүс монгол хэл сурахад нь  дөхөм болгож байгаа юм уу гэж бодож  байгаа. Би түрүүнд хэлсэн, шинэ үсгийн дүрмийг өвгөн эрдэмтэн зохиогоод нэгэн жарныг туулсан. Түүгээр ярьж, бичиж ирсэн хүмүүс өнөөдөр мөн нэгэн жарныг туулж 70, 80 насалсан байна. Тэр хүмүүс морь, хонь, унь, онь гэж ярьж, бичээд дасчихсан. Тэгэхээр мори, хони, уни, они гэж яавч дадахгүй. Харин монгол хэл шинээр сурч байгаа гадаадын иргэд, жишээ нь манай урд хөршийнхөнд монгол хэлээр  ярьж, бичихэд хялбар болох байх.

-Ингэхэд  та  яагаад ингэж бодох болов?

-Тухайлбал, манайхан сүүлийн үед  хөдөлмөрийн гэрээгээр  гадаадаас ажиллах хүч  олноор нь   оруулж ирдэг болсон гэсэн.  Түүнд зориулж хэл сургах гэж байгаа бол дөхүү байж магадгүй юм. Тэгээд моли,  хони гэж ярьж, бичих бололтой. Ямар учиртай шинэ үсгийн дүрмээр ингэж  оролдож байгааг  үнэхээр ойлгохгүй байна. Уг нь би тухайн цагтаа МУИС-ийн монгол хэл-уран зохиолын ангийг төгссөн, бас чиг энэ талаар үг хэлбэл хэлэх  үүрэгтэй, ийм хүн байгаа юм. Тэгэхээр ойлгохгүй байна гэдгээ дахиад хэлье. Нөгөөтэйгүүр,  би хувьдаа шинэ үсгийн дүрмийг өөрчлөхийг зөвшөөрөхгүй.  Хэн дур­тай нь зохиогчийн эрхэнд халдаж  болохгүй. Тиймээс дахин хэлэхэд тэр хүмүүс тэгж л  их дүрэм зохиох гээд байгаа бол өөрсдөө шинээр зохио. Ц.Дамдинсүрэн багшийн бүтээлийг  зэрэмдэглэж болохгүй. Харин энэ дашрамд хэлчихэд,  манай хэл шинжлэлийн эрдэмтэд явцгүй зүйлээр оролдож байхаар шинэ зүйл сэдэж, санаачилж, бүтээгээсэй. Тэр нь юу гэсэн үг вэ гэвэл, шинэ үсгийн дүрэм дэх алдаанаас болж Монгол Улс хөгжихгүй, ард түмний мэдлэг боловсрол дээшлэхгүй, монгол хүний  хэл сэтгэхүйн нэгдмэл үйл ажиллагаа хангагдахгүй байгаа юм бол өөрсдөө шинэ дүрмээ зохиогоод, журамлах толь бичгээ  боловсруулж гаргах хэрэгтэй.

-Тэгэхээр та  энэ асуудалд  ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийнхэн шийдвэр гаргах эрх бүхий байр сууриас оролцох ёстой гэж байна уу?

- ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэд энэ асуудалд хэр зэрэг  үүрэгтэй оролцож  байгааг асуух хэрэгтэй. Би хувьдаа тэдний оролцоог олж харахгүй байгаа. Гарч буй мэдээллийг сонин, хэвлэлээс унших юм, телевизээр шинэ үсгийн дүрмийг өөрчлөх тухай ярьж байгааг харж байна. Олон улсын монгол судлалын холбооны ганц хоёр  хүний нэр гараад, МУИС, МУБИС-ийн  цөөн эрдэмтэн, багш нарын нэр дуулдах юм. Хэлний хүрээлэнгийн эрдэмтдийн нэр ерөөс сонсогдохгүй байгаа. Эсвэл тэд нэрээ нууцлаад байгаа юм уу. Энэ асуудалд хамгийн их үүрэгтэй, зөв бичих дүрмийг өөрчлөх, эсэхийг шийдвэрлэх байр сууриас оролцох байгууллага бол ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн шүү дээ. Түүнээс МУИС-ийн хэдэн багш    мэддэг юм биш. МУБИС-ийн хэдэн багш ч мэдэхгүй.  Монгол Улсын  хэл, утга зохиолын хэтийн төлөв болоод  өнөөгийн чиг хандлагыг мэдэж, чиглүүлж байгаа байгууллага нь  ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн байдаг. Гэхдээ татан буулгачихаагүй  бол шүү дээ. Энэ асуудалд эрдэмтэд түрүүлж саналаа хэлэх ёстой. Түүгээр барахгүй  тэнд жинхэнэ эрдэм шинжилгээний маргаан, мэтгэлцээн  өрнөж, эсвэл тэд Монголын нийт хэл шинжлэлийн эрдэмтдийн өмнөөс үгээ хэлж байх ёстой. Гэтэл тэдний байр суурь огт алга.

-Энэ чиглэлд бүх нийтээс санал асуулга  явуулахгүй. Харин хэлний мэргэжилтнүүдээр хэлэлцүүлэх сураг  байна?

-Эрдэмтдээр заа­вал  хэлэлцүүлэх ёс­той. Өнөөдөр хэл шинжлэлийн чиглэлд сургалт, судалгаа явуулдаг их, дээд  сургуулиуд  байна. 12 жилийн  сургалттай  сургуулийн монгол хэлний заах аргач олон сайн багш бий. Тэдний саналыг сонсох ёстой. Ямар учиртай юм, яагаад өөрчлөлт хийх гэж байгаагаа ойлгуулж тайлбарласан  байх ёстой. Гэхдээ л Ц.Дамдинсүрэн гэдэг хүний зохиосон дүрмийг тэгж сэглэж болохгүй.   “Төрийн дуулал”-ын үгийг сэглэчихээд тэр хүний нэрийг тавьсан шигээ  кирилл бичгийн дүрмийг сэглэж  нэг бус үсгийг нь хасчихаад түүнийгээ Ц.Дамдинсүрэнгийн гэж бичиж болохгүй. Өөрсдөө шинэ дүрмээ зохио, тэр эрх нь нээлттэй байгаа шүү дээ. Тиймээс чадвар чинь хүрдэг юм бол өөрсдөө шинээр зохиогооч гэх байна. Ц.Дамдинсүрэн гуай хэрэв босоод ирдэгсэн бол тэдний дүрмийг булаацалдахгүй, өөрийнхөө дүрмийг л хамгаалах байх. Иймд  тэр хүний зохиосон дүрмийг зүгээр үлдээгээч ээ. Зайлшгүй өөрчлөх шаардлага гараад байгаа юм бол өөрсдөө зохиогооч ээ. Тэгэхдээ монгол үн­дэст­ний эрх ашгийг хохироож болохгүйг хатуу хэлье.

-Хатуу, зөөлний тэмдгийг “И” болгох, мөн “Й” үсгийг дээрээ цэггүйгээр  хэрэглэх, Щ үсгийг  хэрэглэхгүй болох тухай ярьж байгаа. Бараг хэрэглэгддэггүй  ч бас гадаад үгийг бичих шаардлага гарахад ш үсгээр орлуулах уу, тэгэхээр утга гажуудах биш үү гээд асуулт байна?

-Үнэхээр хэрэглээ нь цөөхөн байдаг. Намайг нэгдүгээр ангид орж байхад “Цагаан толгой” нүдлүүлэхдээ Щорс гэдэг хүний нэрийг бичдэг. Анги ахиад ирэхээр Оросын зохиолч Салтыков Щедрин гэдэг хүний нэрийг бичүүлдэг байсан. Үүгээр нь явцуу хэрэглэгддэг гээд хаслаа гэхэд дэлхий дахинтай харилцах харилцаанд гүйцэтгэх үүрэг нь юу болох вэ. Ерөөс Щ үсгээр бичсэн үг монгол хэлэнд орж ирэхгүй гэж үзэж болохгүй биз дээ. Шинэ үсгийн дүрмийг өөрчлөх гээд байгаа хэлний мэргэд  мартчихаагүй бол Щерба гэж хэл шинжлэлийн том эрдэмтэн байгаа шүү дээ. Тэгвэл Щербагийнхаа нэрийг юу гэж бичих юм. Щербатский  гэж Оросын  алдартай  эрдэмтэн бий. Тэр хүний нэрийг яаж бичих гэж байгаа юм бэ. Зөвхөн хэлний салбарын эрдэмтэн, мэргэд гэхэд л ийм хүмүүс байна шүү дээ. Тиймээс бодох хэрэгтэй байх.

-Шинэ үсгийн дүрмийг өөрчилье   гэсэн  хүмүүс “Олон жил буруу, зөрүү ярьж, бичиж ирсэн байдлыг нэг мөр болгоё”  гэж   байгаа. Түүнээс гадна Ц.Дамдинсүрэн гуайн гаргасан “Зөв бичих дүрмийн толь”  хууль эрх зүйн хувьд баталгаажаагүй атлаа  өнөө хүртэл мөрдөгдөж ирсэн гэх үг   дуулдаж байна?

-Ц.Дамдинсүрэн гуай, Осор гуай хоёрын хамтарч гаргасан зөв бичих дүрмийн тэр толь яагаад баталгаажаагүй байх вэ дээ. Тэр цагийн хамгийн хатуу хяналттай гэж байсан үеийн байгууллагуудын хяналт, шүүлтээр  ороод гарсан  толь яахаараа баталгаажаагүй байдаг юм бэ. Тэгээд ч   өнөө хүртэл өчнөөн олон жил мөрдөж ирлээ. Зөв,  буруу бичиж байгаа нь  түүндээ биш байх.

1990 оноос хойш нийгмийн тогтолцоо өөрчлөгдсөн. Улс ардын аж ахуй, соёлын салбар тэр чигээрээ өөрчлөгдсөн. Түүнтэй холбогдсон бужигнаан дунд өөрсдөө дүрмээ баримтлахаа  больсон.  Сурч байгаа нь ч, сургаж байгаа нь ч, албан хэрэг  хөтөлж байгаа нь ч өөрсдөө  дүрмээ мөрдөхөө больсон болохоос дүрэм байхгүй, тэгээд  жигдлэх шаардлагатай болоод алдаа гаргаад байгаа юм биш. 1990 оноос өмнө нэг мөр ярьж, бичээд болоод байсан шүү дээ. Тэр байтугай миний эрдмийн ажлын албан ёсны нэгдүгээр шүүмжлэгч нь крилл бичгийг зохиогч  Ц.Дамдинсүрэн гуай байсан. Багш миний эрдмийн ажлыг уншихдаа ч, “Монголын  судлал” гэж өөрийнхөө хариуцсан цувралд миний эрдэм шинжилгээний өгүүллийг оруулахдаа ч цэг, таслалгүй засаад оруулдаг байсан шүү дээ. Бид  жигд мөрдөж  яваад болоод байсан. Өөрсдөө байгаа дүрмээ мөрдөхгүй  эмх  замбараагүй болгочихоод  дараа нь  энэ нэг юмнаас болоод ингэчихлээ, одоо шинэ дүрэм гаргая гэж таарахгүй. Өөрчлөх  гэж байгаа бол түүнийгээ ямар ч байсан Ц.Дамдинсүрэн гэдэг хүний бүтээл дээр  л лав хийж болохгүй. 

-Эцэст нь нэг асуулт байна.  Хүүхэд залуус, хойч үеийнхэнд хандаж эх хэлний боловсролын тухайд  та юу хэлэх бол?

-Юу хэлэх вэ дээ, сүүлийн үеийнхэн ном уншихаа байчихаж. Уран зохиолын ном уншихгүй байна. Миний хүүхдийн хүүхэд, ач зээ нар, таны болоод бусдын хөвгүүд, охид ерөөс ном уншихгүй байгаа. Компьютерээр дамжуулж ганц нэг юм харсан болдог. Тэр хэмжээгээр өөрийгөө уншаад болоод байна гэж байгаагаас биш жинхэнэ уран зохиолыг амталж, зохиолчийн бичсэн сэтгэл шингэсэн зүйл рүү орохгүй байна. Ийм байхад яаж хүүхэд, залуусын эх хэлний боловсрол дээшлэх вэ. Яаж  оюун сэтгэлгээ  нь гүнзгийрч, сэтгэл санаа нь ариусах  вэ дээ,  тэр талаар бодохын ч хэрэггүй. Ном зохиолд шунан дурлаж байж, Монголын хойч үе ариун сайхан сэтгэлтэй, хурц тунгалаг оюунтай болж төлөвшинө. Харамсалтай нь тийм юм алга. Энэ бол шинэ цагийн төр, засгийн бодлогын гүнзгий алдаа. Үүнийгээ эртхэн засч авах хэрэгтэй.  Тэгэхдээ  ахмад үеийн эрдэмтэн хүний  нэгэнт бүтээн бий болгосон зүйлийг  бүрэлгэж, сайжруулах нэрээр зэрэмдэглэж  болохгүй гэдгийг дахин давтан хэлье.   

Ази-Номхон Далайн бүс нутаг: Авторитар хүчинүүдхэвлэл мэдээллийн хяналтыг тогтоохын тулд эдийнзасгийн дарамт шахалт үзүүлж байна

Ази-Номхон Далайн бүс нутаг: Авторитар хүчинүүдхэвлэл мэдээллийн хяналтыг тогтоохын тулд эдийнзасгийн дарамт шахалт үзүүлж байна

10 цаг 46 мин
МИК АНХ УДАА ХҮЛЭМЖИЙН ХИЙН ЯЛГАРУУЛАЛТЫН ТАЙЛАН ГАРГАЛАА

МИК АНХ УДАА ХҮЛЭМЖИЙН ХИЙН ЯЛГАРУУЛАЛТЫН ТАЙЛАН ГАРГАЛАА

10 цаг 55 мин
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг 11 компани байна.

23 цаг 25 мин
АН-ын бүлгийн “ажил хаялт” Баялгийн сангийн бойкот болж таарав уу?!

Өнөөг хүртэл, “…АН-аас ийм өчүүхэн улс төр гарна” гэж төсөөлсөн байтугай зүүдэлсэн хүн байхгүй биз.

23 цаг 25 мин
Хүүхдийн байгууллагын 100 жилээр 7 гавьяат төрлөө

Хүүхдийн байгууллагын 100 жилээр 7 гавьяат төрлөө

Уржигдар 15 цаг 31 мин
“Ард түмний хяналтын хороо”-г байгуулна

Иргэдийн шударга шүүх НҮТББ-аас “Ард түмний хяналтын хороо”-г үүсгэн байгуулах талаараа мэдээлэл хийлээ.

Уржигдар 15 цаг 04 мин
АН: Бүлгийн 30 гаруй гишүүн ээлжит бусаар хуралдсан ч тодорхой шийдэлд хүрч чадаагүй

АН: Бүлгийн 30 гаруй гишүүн ээлжит бусаар хуралдсан ч тодорхой шийдэлд хүрч чадаагүй

Уржигдар 13 цаг 53 мин
Гавьяат багш Ч.Цэрэндуламд Ардын багш цол хүртээлээ

Хүүхдийн байгууллага үүсэж, хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Уржигдар 13 цаг 29 мин
Д.Амарбаясгалан: Мэтгэлцэх, маргалдах зүйл цаашдаа ч гарна, асуудалд субьектив байдлаар хандахгүй байхыг хүсье

Д.Амарбаясгалан: Мэтгэлцэх, маргалдах зүйл цаашдаа ч гарна, асуудалд субьектив байдлаар хандахгүй байхыг хүсье

Уржигдар 10 цаг 43 мин
Чуулган: АН-ын бүлэгт нэг хоногийн завсарлага өглөө

Чуулган: АН-ын бүлэгт нэг хоногийн завсарлага өглөө

Уржигдар 10 цаг 29 мин