Үндсэн хуулиар хамгаалуулсан “үнэт эрдэнэ” Д.Сугар

2013-10-24
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ДАМДИН-ОЧИР

Д.Сугарыг шалгуулахгүй гэсэн “дүгнэлт”-ийг Үндсэн хуулийн цэц хоёр ч удаа гаргаад байгаа. Хэрэв “Жаст”-д баталгаа гаргаж өгсөн нь тогтоогдож, гарын үсэг нь нотлогдвол Цэцийн гишүүнээс нь түдгэлзүүлэх ёстой гэж Хууль зүйн сайд мэдэгдлээ.

Гэхдээ Цэц ингэж шийдээд байхаар Д.Сугарыг шалгах аргагүй юм байна лээ хэмээн Х.Тэмүүжин сайд учирлав. Цагдаа, прокурорынхон Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн өмнө үнэндээ хүчин мөхөстөж байгааг тэр шуудхан л хэлж байна. Үнэн байдал тийм хойно яалтай ч билээ.

Яг үнэндээ бол МИАТ, Жаст... гээд одоохондоо ил болоод байгаа ганц нэг асуудлынх нь сураг гарах төдийд л Д.Сугарыг чирж аваачаад хорьчих хуультай билээ, манайх. Тэгж ч хорьдог.

Харин Д.Сугарыг яагаад ч чаддаггүй. Үүгээрээ  тэр аль хэдийнээс хуулийнхны аазгайг хөдөлгөсөн  субъект болоод байгаа нь нууц биш. Нүхнээс цухуйлаа л бол нам буудахаар онилсон анчид шиг цагдаа, прокурорынхон түүнийг отсоор... Үндсэн хуулийн цэц хэмээх нүх Д.Сугарыг хэр удаан орогнуулах юм, бүү мэд.

 

Т.ОЧИРХҮҮГИЙНХ НОТЛОГДЧИХЛОО, ХАРИН Д.СУГАРЫНХ..?!

2013 оны долдугаар сарын 24-нд “Жаст” группийн ерөнхийлөгч Ш.Батхүү хэвлэлийн бага хурал зарлах үеэрээ “...Манай групп “Эрдэнэт” үйлдвэрт шатахуун нийлүүлэх гэх мэт маш олон төрлийн үйлчилгээ үзүүлдэг. 1997 оноос хойш найдвартай ажилласан учраас тэд баталгаа гаргаж өгсөн. Би 2008 оны үйл явдлыг ярьж байна. Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар баталгаа гаргаж өгөх боломжтой гэсэн цохолт хийж өгсөн. Үүнээс хойш “Стандарт” банкнаас хэд хэдэн удаа зээл авсан...” гэж мэдэгдэж байв. Харин Д.Сугар “....Хамтарсан үйлдвэрийн совет хяналт тавьж, ТӨХ-гоор хэлэлцэгдээд энэ гэрээ 2008 онд хэрэгжиж 20 сая ам.доллараа бүрэн төлж барагдуулсан. Тухайн үедээ “Эрдэнэт” үйлдвэр, Улаанбаатар төмөр зам, “Жаст” групп бүгд л энэ гэрээнээс тодорхой ашиг хүртсэн. Ер нь томоохон аж ахуйн нэгжүүдийн дунд энэ зэргийн харилцаа бол байдаг л юм...” гэсэн тайлбар өгч байв. Удалгүй “...Ч.Ганзориг бид хоёр ямар ч зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй гэдгийг амьдралаараа батлан тангараглахад ч бэлэн байна...” гэж мэдэгдсэн.

МИАТ-ийн хэргийн үеэр “..Би энэ хэрэгт хамаагүй. Үнэн бол намайг цаазаар ав...” гэсэн мэдэгдэл хийж байсан Д.Сугар гарын үсгийн асуудал босч ирэхэд ийн “...Амьдралаараа тангараглахад бэлэн байна...” гэлээ. Яагаав, гадаадын кинонуудад ...Бурханы нэр барьж, ..ээжийнхээ нэрийг барьж андгайлъя... гээд байдаг шиг.

Улаанбаатар төмөр замын дарга байсан Т.Очирхүү “Жаст” группийг “Стандарт” банкнаас 34 сая ам.долларын зээл авахад баталгаа гаргаж өгсөн байдаг. Энэ мэдээлэл ил болуут Т.Очирхүү учиргүй сандарч “...Би ямар ч хүний батлан даагч болоогүй. Энэ бүхэн худал мэдээлэл...” гэж мэдэгдэж байлаа. Гэтэл саяхнаас Т.Очирхүүгийн гарын үсэг  “Стандарт” банкинд очсон батлан даагчийн гэрээн дээрхтэй тохирч байгааг криминалистикийн шинжээчид тогтоосон тухай эх сурвалж мэдээлж эхэллээ. Гэвч тэр өмнөх шигээ цод хийсэн үгүйсгэлээ давтаж чадсангүй.

Мань Т.Очирхүү гарын үсгийнхээ талаар Д.Сугар шиг “толгой сэгсрээд” байсан билээ. Гэвч шинжээчид түүний дүгнэлтийг түрүүлээд гаргачихав. Харин Д.Сугарынх хэзээ гарах бол, гарахаар нь тэр юу гэх бол.. Юутай ч шинжээчид Д.Сугар баталгаа гаргасан нь үнэн байна гэчихвэл цагдаа, прокурорынхон нийлж байгаад түдгэлзүүлэх хүсэлтээ гурав дахиа  тавина гэдгийг Хууль зүйн сайд хэлчихсэн. Цэц бас л Д.Сугар гэдэг “үнэт эрдэнэ”-ээ хамгаалсаар үлдэх үү гэдгийг олон нийт анхаарсаар байх биз ээ.

 

“ТӨР”-ИЙН БАТАЛГААНААС ТАТГАЛЗАХ БИЗНЕСМЭН БАЙХ УУ?

За яахав, Д.Сугар, Т.Очирхүү хоёр Ш.Бат­хүүд баталгаа гаргаж өгсөн нь тогтоогдлоо гэж бодъё. Мэдээж хэрэг, энэ гурван нөхөр хам хэрэгтэн болж таарна. Гэхдээ нэг зүйлийг нэн түрүүнд бодох учиртай болно. Д.Сугар, Т.Очирхүү хоёр бол төрийн өндөр албанд, тэр тусмаа Д.Сугар нь төрийн өмчийг хамгаалан хариуцахаар тохоогдсон албан тушаалтан. Өөрөөр хэлбэл, төрийн өмч хэмээх сүргийн малчин. Гэвч Ш.Батхүүд зээл ав гэж гарын үсэг зурж өгөөд, дараа нь үүнийгээ “Байдаг л зүйл...” гэж яриад сууж байсныг харвал Монголын төр хонин сүргээ малчинд  бус чононд даатгаж байсан байж таарах нь. Би биш, мөн байвал цаазаар ав, тангараглаж байна ч гэх шиг хоёр эхнэр хов ярьж цаг нөхцөөхөөс дор зүйлийг ярьчихаад Цэцийн араар ороод нуугдчихаж байгаа нь тун эмгэнэлтэй. Хамгийн гол нь хэргийг зангидсан эрхэм энд байхад нөгөөхийг нь барьж аваад шийтгэчихдэг МИАТ, тодруулбал Ч.Хоролсүрэнгийн жишиг давтагдахгүй гэх газар алга. Ер нь төрийн зүгээс баталгаа гаргаж өгье, чи зээлээ ав гээд байхад үгүй гэх бизнесмэн байх уу, бодох л асуудал. Үүнийг бичигч би бээр Ч.Хоролсүрэн, Ш.Батхүү хоёрыг өмгөөлөн хаацайлах гэсэнгүй. Гагцхүү олон түмний нүдэн дээр дэндүү ил байгаа, хүн бүр сайтар ойлгож байгаа асуудлыг хөндөх гэсэн хэрэг.

 

Д.СУГАРЫГ ХАМГААЛАХЫН УЧИР...

Яг үнэндээ Д.Сугар гэдэг хүн төрийн, хуулийн ийм хамгаалалтад байх шалтгаан байхгүй л баймаар. МИАТ-ийн хэргийн түүний оролцоотой хэсэг, Ч.Хоролсүрэнд хувьчилсан фактууд л хамгаалуулах шалтаггүй гэдгийг нотлох хангалттай шалтгаан. Гэвч Цэцийн гишүүд түүнийг хамгаалсаар л байна. Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн... гэж байгаад л “Шалгуулахгүй...” гэсэн дүгнэлтийг гаргаж байна. Уг  хуулийн заалтыг Д.Сугарт тохируулснаар “орчуулж” ойлгох гэвэл, “Тавдугаар зүйл. Д.Сугарын бүрэн эрхийн баталгаа:

1. Д.Сугарыг Цэцийн зөвшөөрөлгүйгээр /түүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдолд/ баривчлах, албадан саатуулах буюу цагдан хорих, эрүүгийн хариуцлагад татах, эсхүл шүүхийн журмаар түүнд захиргааны шийтгэл оногдуулах, орон байр, албан тасалгаа, биед нь үзлэг, нэгжлэг хийх, бичиг баримт, эд зүйлийг хураан авахыг хориглоно.

2. Д.Сугар гэмт хэрэгт холбогдсон бол түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг энэ тухай эрх бүхий байгууллагын санал, шийдвэрийг хүлээж авснаас хойш 14 хоногийн дотор Цэц хэлэлцэж шийдвэрлэнэ” гэж байна.

Цагдаа, проку­ро­рынхон зөрчихийн ар­гагүй Цэцийн гишүүний эрхийг хамгаалсан заалт ажээ. Гэхдээ энэ зэргийн баримтуудыг дэлгээд байхад чөлөөлөөд явуулчих эрх Цэцийн гишүүдэд бий. Тэд энэ эрхээ хэрэгжүүлэхгүй гүрийсээр байгаа нь олон нийтэд тун ойлгомжгүй болж эхэлж байна. Яваандаа арав гаруй жил элдэв нэр хочгүй явж ирсэн Үндсэн хуулийн цэцийн чадамжид ч нө­лөөхийг үгүйсгэх аргагүй болсныг учир мэдэх хүмүүс хэлсээр л байна.

Мөн Үндсэн хуулийн цэцээс болж хуулийн байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдлаа гэдгийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин мэдэгдсэн. Нөгөөтэйгүүр энэ мэтийн хардлага, шахалт, хуулийн шаардлагыг үл тоон Д.Сугарыг хамгаалсаар байгаа нь Цэцийн хэдэн гишүүн ямар нэг үүрэг хүлээсэн юм биш байгаа гэсэн хардлага нийгэмд түгж эхэллээ.

 

Д.СУГАРТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛУУД СУРАГ АЛДАРДАГ

Энэ хүний хаана төрсөн, ямар сургууль дүүргэсэн, аль газарт ажил, албан тушаал эрхэлж байв гэдгийг өмнө танилцуулсан билээ. Мөн сүүлийн үед дуулиан шуугиан болоод байгаа МИАТ-ийн хэрэгт нэр холбогдсон ч Үндсэн хуулийн цэцээр хамгаалуулж, өнөөг хүртэл гүрийсээр хуулийн байгууллагуудын хэвийн ажиллагааг алдуулж байгааг ч бичсэн.

Тэр өнөөдөр л гэнэт ийм асуудал холбогдчихож байгаа юм биш ажээ. Д.Сугартай холбоотой факт гардаг. Тэгсгээд чимээгүй болдог. Энэ байдал лав сүүлийн долоон жилийн турш үргэлжилж байгаа.

Ойрхны заримаас нь дурдвал 2011 онд ТӨХ-ны дарга Д.Сугар “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн дарга байхдаа “Чайналко” компанийн охин компани “Чалко”-той 70 сая ам.долларын гэрээ хийсэн.  “Борлуу­лалтын гэрээний өөр нэг олзуурхууштай зүйл бол бид нүүрсээ ямар нэг зуучлах компанигүйгээр Хятадын гангийн үйлд­вэрүүдэд шууд нийлүүлж байгаа. Ерөөс бидний стратегийн төлөвлөгөөнд ордог хамгийн гол зүйл бол Япон, Солонгосын зах зээлд Хятадын “Чалко” компани манай нүүрсийг нийлүүлэх гэ­рээ байгуулсан явдал. Бор­луулалтын гэрээг үү­нээс илүү хийх боломж байсан. Гэвч одоогийн нөхцөлд ийм гэрээ хийхээс аргагүй. Яагаад гэвэл 250 сая ам.доллартай тэнцэх урьдчилгааг “Чалко”-гоос авч байгаа” гэж мэдэгдэж байв. Өнөөдөр энэ асуудлыг хуулийн байгууллага шалгаж магадгүй болоод байна. 

 

Үргэлжлэл бий...

 

128 бөхийн сорьцыг Германд шинжлүүлнэ

128 бөхийн сорьцыг Германд шинжлүүлнэ

Уржигдар 14 цаг 12 мин
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын төрийн айлчлал өндөрлөлөө

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын төрийн айлчлал өндөрлөлөө

Уржигдар 14 цаг 04 мин
Япон Улсын Эзэн Хаант ёсны тухай

Япон Улсын Эзэн Хаант

2025-07-11
Ж.Урангуа: Япон Монголын эрдэмтдийн хамтын ажиллагаа зөвхөн шинжлэх ухааны ололтоор зогсохгүй хоёр орны ойлголцол найрсаг харилцааны бат үндэс юм

Ж.Урангуа: Япон Монголын эрдэмтдийн хамтын ажиллагаа зөвхөн шинжлэх ухааны ололтоор зогсохгүй хоёр орны ойлголцол найрсаг харилцааны бат үндэс юм

2025-07-11
Баяр наадмын хүндэт зочин

Баяр наадмын хүндэт зочин

2025-07-11
Баяр наадмын хүндэт зочин Япон Улсын Цог жавхлант эзэн хаан Нарүхитог угтан авлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог жавхлант эзэн хаан Нарүхито, эрхэм дээд хатан Масако нар м

2025-07-09
Р.Сэддорж: Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулж малчдад хатуурхсан заалтаа хасах хэрэгтэй

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддоржтой ярилцлаа.

2025-07-09
Н.Учрал: Зэсийн олборлолтоос эдийн засгийн өсөлт хүлээж байна

Н.Учрал: Зэсийн олборлолтоос эдийн засгийн өсөлт хүлээж байна

2025-07-08
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа

2025-07-08