Д.ЭНХЭЭ
Тансаг орд харш, спорт загварын үнэтэй унаа машин, европын боловсрол – Шри Ланкад амиа золиосон террористууд тийм ч яахаа алдсан юмны учир ойлгодоггүй хүмүүс биш байж. Алтан залуус эд баялагаа жихадын замаар сольжээ. Диваажингийн амралт сувиллын газарт эдгээр хүмүүс яагаад ийм аймшигт адал балмад хэрэг үйлдсэний учрыг РИА Новости олохыг хичээжээ. Софья Мельничук-ийн нийтлэлийг орчуулан хүргэж байна.
Тусгай албад мэдэж байсан ч амжсангүй
Террорист халдлагын аюул Шри-Ланкад байсаар л байна. Буддын сүм хийд цохилтод өртөж магадгүй. Үүний зэрэгцээ дөрөвдүгээр сарын 21-нд улаан өндөгний баярын бүтэн сайн өдөр цуврал дэлбэрэлт үйлдсэн амиа золиослогчдын талаар шинэ дэлгэрэнгүй мэдээлэл гарсаар байна.
Зохион байгуулагч байж болзошгүй эхний хүнээр Захран Хашимыг гэж үзэж байна. Тэрээр Коломбо дахь Shangri-La зочид буудалд тавьсан бөмбөгийг ажиллагаанд оруулж дэлбэлжээ. Үүнээс өмнө бүтэн жилийн турш интернетээр экстремист номлол айлдсан бөгөөд тусгай албадын хараанд аль хэдийнээс орсон байв. Гэхдээ түүнд саад болж чадаагүй.
Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлсний дагуу Хашимыг арлын зүүн хэсэгт орших Каттанкуди хотын иргэд сайн мэддэг байжээ. Эрх баригчид террорист халдлагын хариуцлагыг хүлээх ёстой гэж хүлээн зөвшөөрсөн "Жамаат ат-Таухид аль-Ватания" (өөрөөр - National Thowheed Jama’ath гэх) байгууллагыг үндэслэгч, лалын шашны номлогч тэрээр тус хотын бүх хүнийг хожим нь түүний талынхны өшөө авалтаас айж болгоомжлон камерын өөдөөс юу ч ярьж чадахгүй болтол айлган сүрдүүлжээ.
Каттанкуди хотын оршин суугчдын дийлэнх нь лалын шашны урсгал болох суфичүүд. Орон нутгийн суфийн сүмд ирдэг мөргөлчдийн хэлж ярьснаар фундаменталистууд тэдэнд тун хүйтэн ханддаг, янз бүрээр хавчилт шахалт үзүүлж, түүгээр ч барахгүй имам болон шүтээн рүү дайрч довтолж байжээ. Экстремистүүд 2017 онд лалын нэг сүм нэг рүү довтолсны дараа Хашим өөрөө зугтах болсон. Гэхдээ сүсэг бишрэлээс ухарсан буруу номтон кафируудыг гэсгээн цээрлүүлэхийг уриалсан видео бичлэгийг YouTube-ийн сувгаар үргэлжлүүлэн нийтэлсээр байсан. Гарцаагүй аюултай нэгэн субъектийн тухай лалын шашны нутгийн нэгэн сүсэгтэн эрх баригчдад мэдээлсэн боловч ямар ч хариу арга хэмжээ аваагүй тухай сэтгүүлчдэд ярьжээ.
Террорист халдлага болсны дараа “Исламын улс” бүлэглэлтэй холбоотой нэгэн агентлаг тус бүлэглэлийн тугийн дэвсгэр дээр хар өмсгөлтэй зогсож байгаа найман дайчны зургийг нийтэд тараасан. Зураг дээр зөвхөн Захран Хашим ганцаараа нүүрээ ил гаргаж, гартаа автомат буу барьсан байв. Үлдсэн долоо нь хэн болох, улаан өндөгний баярын халдлагад тэд хамаатай эсэх нь одоогоор тодорхой биш.
Баячуулын хүүхдүүд
Халуун ногоотой амттаны маш баян худалдаачин Мохаммед Юсуф Ибрагимын хөвгүүд болох ах дүү Иншаф болон Ильхам Ахмед Ибрагим элит дүүрэгт: - гурван давхар харшид, BMW маркийн спорт загварын машинууд бүхий авто салонтой тун тансаг амьдарч байсан. Зарим мэдээллээр чухам яг энд ах дүү хоёрын нэгний эхнэр өөрийгөө болон үр хүүхдээ дэлбэлж, бас хэд хэдэн цагдаагийнхан амь үрэгджээ.
Амиа золиослогчдын эцэг болон гэр бүлийн бусад гишүүдийг баривчилсан. Террорист халдлага үйлдэхэд үе залгамжлагчдаа өдөөн турхирсан хэрэгт Мохаммед Юсуфийг сэжиглэж байгаа аж. Өөр зарим баримтаар бол лалын радикалуудтай нийлсэн дүү нь 33 настай ах Иншафдаа нөлөөлсөн байна. Мохаммедийн гурван хүүгийн дотроос гайгүй сайн явсан нь Иншаф хэмээн хөршүүд нь сэтгүүлчдэд тайлбарлажээ. Тэр зэсийн үйлдвэр эзэмшиж, үнэтэй машин унаж, барууны брендээр хувцасладаг байжээ. Харин Ильхам нь даруухан амьдралтай, боловсрол нимгэн байсан.
Шри – Ланкийн аюулгүй байдлын дэд сайд Руван Вижевардены хэлснээр террористуудын дунд байгаа “тохьтой хүмүүс” ах дүү хоёроор зогсохгүй гэнэ. Амиа золиослогчдын дийлэнх нь сайн боловсрол эзэмшсэн, дунд болон дундаас дээш орлоготой гэр бүлээс гаралтай. “Санхүүгийн хувьд бие даасан хараат бус” байсан бөгөөд тэдний нэг нь хууль эрх зүйн докторын зэрэгтэй ажээ. Тэднээс хэн нэг нь Ойрхи Дорнод руу явж байсан эсэх, исламистуудын нөлөөнд тэд хэрхэн автсан талаар дэд сайд тодруулга хийсэнгүй.
Тэдгээр “алтан” залуусын нэг болох өөр нэгэн террорист бол цайны магнатын хүү Абдул Литиф Жамиль Мохаммед аж. Террористуудын нэг нь Их Британид боловсрол эзэмшиж, Австралид магистрын зэрэг хамгаалсан тухай Вижевардена онцолсон бөгөөд сэтгүүлчдийн мэдээлснээр тэр нь Абдул юм байна. Их Британид тэр нисэх онгоцны техник судалж байсан, сургалтаа дүүргэсний дараа хэрэгцээ шаардлага гараагүй учир ажил хөдөлмөр эрхэлдэггүй байжээ.
Маш том террорист халдлагыг яагаад анзаарсангүй вэ?
Өөрийнхөө бодит байдалд сэтгэл дундуур байх шалтгаантай хүмүүс л гол төлөв экстремизмтэй холбогддог хэмээн ОХУ-ын ШУА-ийн Дэлхийн эдийн засаг, олон улсын харилцааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Алексей Куприянов онцлон тэмдэглэв. “Энэ бол харин түүхэнд анх удаагийн саятан террористууд болж байх шиг байна” хэмээн өгүүлээд гэхдээ бен Ладентай тэднийг харьцуулах нь зохимжгүй гэж онцлов. Гэхдээ л “Аль-Каида”-гийн баячууд терроризмыг санхүүжүүлдэг, харин дэлбэлэх төхөөрөмжийн товчлуурыг өөрсдөө тэд дардаггүй.
Эх орондоо баян чинээлэг амьдарч байгаа нь өөрсдөд нь онцгой баяр баясгалан авчраагүй гэдгээр шри-ланкийн саятнуудын аллага үйлдэх хүслийг тайлбарлаж болох юм. Зүүн Өмнөд Азийн лал шашинтнуудыг амгалан тайван, зөрчил мөргөлдөөнгүй, арилжаа наймаагаа л хийдэг уламжлалтай гэж үздэг. Гэхдээ үндсэрхэг үзэлт буддын шашинтнуудын байр суурь хүчтэй байгаа нь тэдэнд амаргүй байдаг бололтой.
Омог хоорондын зөрчил бол Шри-ланкийн өдөр тутмын үзэгдэл. 30 жил үргэлжилсэн иргэний дайн “Талил-Иламыг чөлөөлөх Барууд”-ын эсрэг буддын шашинт сингалууд дийлэнх нь байдаг засгийн газрын цэргүүдийн оролцоотойгоор 2009 онд дууссан. Сурсан зангаараа Тамилийн “Барууд” – ын зүгээс л шинээр түрэмгийлэл үйлдэхээс эрх баригчид сэрэмжилж байсан болохоос шашны үүдэлтэй бусад зөрчил мөргөлдөөнд зохих ёсоор анхаарал хандуулаагүй.
Үүргэвчтэй эрэгтэй Коломбо дахь Шангри – ла зочид буудлын ресторанд орж ирж байна, Шри-Ланка. 2019 оны дөрөвүгээр сарын 21
Тухайлбал, 2012 онд хоёр ламын үүсгэн байгуулсан "Боду Бала Сена" ("Буддийн хүч") хэмээх радикал байгууллага нэлээд хэдэн жилийн турш тус арал дахь христийн болон лалын нийгэмлэг рүү байнга халдлага үйлдсэн. Тэд өөрсдийгөө лалын аюул заналаас бүс нутгийг хамгаалах үүрэгтэй хэмээн үзэж, лалын эсрэг суртал ухуулга явуулж, бусниулан сүйтгэж, лалын эсрэг жагсаал цуглаан зохион байгуулж байв. Буддын үндсэрхэг үзэлтнүүд эрх баригчидтай ойр дотно холбоотойг харгалзан тэдний үйлдлийг саатуулах, үзэн ядах явдлаас сэргийлэх арга хэмжээг аваагүй байна.
Улс орны улс төрийн элитэд лалынхны төлөөлөл байхгүй, бодитойгоор эрх барьж байгаа талынхан тэдний асуудлыг ялихгүй зүйл хэмээн үзэж тоодоггүй байв.
Ерөнхийдөө баян мусульманы үр хүүхдүүд материаллаг аж байдлын хувьд сэтгэл хангалуун байсан хэдий ч нийгмийн байдлын хувьд тийм байсангүй. Хавчлага дарамтын төлөөх гомдол хорсол хуримтлагдсаар өчүүхэн төдий шалтаг гармагц алтан залуучууд тэсрэлт хийхэд хүрчээ. Лалын шашны энгийн хүмүүс Засгийн газарт төвийг сахиж ханддаг, нүүрлэж байгаа аюул заналын талаар анхааруулах оролдлогыг удаа дараа хийсээр байжээ. Түүгээр ч барахгүй, ерөнхийлөгч Майтрипала Сирисенад хүртэл мэдүүлсэн боловч өнөөх нь асуудлыг шийдүүлэхээр Батлан хамгаалах яам руу шилжүүлсэн боловч асуудал шийдвэрлэгдэлгүй тэндээ дарагдсан байна хэмээн Алексей Куприянов тайлбарлаж өгүүлэв.
Гадаадын тагнуулын албадаас ч анхааруулга сануулга ирүүлсээр байсан. Түгшүүрт мэдээнд хайхрамжгүй хандсаныг дотоодын зөрчилдөө автсан улс төрийн дээдчүүлийн хувьд ажилд томилогдсон хүмүүсийн мэргэжлийн ур чадвар гэхээсээ хүлцэнгүй байх явдал чухал байсан гэдгээр РИА Новости агентлагтай ярилцсан хүн тайлбарлаж байна. Тийм учраас нөхцөл байдал ямар аюултай болж байгааг ойлгоогүй офицерууд хэдийгээр экстремист бүлэглэлүүд, тэдний бүрэлдэхүүн, төлөвлөгөөний талаарх мэдээлэл өөрсдөд нь байсан хэдий ч сүүлийн хэдэн жилийн турш гарсаар байсан цуврал цуст халдлагыг огт анзаарч тоолгүй өнгөрүүлсэн.
Улс орны аюулгүй байдалд хандах хандлага үндэстэн, ястны болон шашны цөөнхөд хандах хандлагын нэг адил үндсээрээ эрс өөрчлөгдөх болно хэмээн шинжээч үзэж байна. Тусгай албад хэд хэдэн үзлэг явуулж Сири, Египетийн иргэд оролцсон хэдэн арван хүнийг баривчилж заримыг нь устгасан байна.
Халдлагын золиос нь өөрсдийнх нь дайсан болох буддын шашинтнууд биш, харин зовж зүдэрсэн христийн шашныхан байсныг авч үзвэл шри-ланкийн террористууд ойрхи дорнодын “зөвлөх”-үүдийн хатгалгаар үйлдсэн байж болзошгүй. Террористуудын халдлага үйлдсэн зорилго хэсэг хугацааны дараа илүү тодорхой болох биз. Одоо харин Зүүн өмнөд Азийн улс орнуудын хувьд радикал үзэлтэй сэтгэл дундуур экстремистүүд өөр хаа нэг газар чимээгүй отож байгаа юм биш байгаа гэдгийг олн тогтоох хэрэгтэй.
Эх сурвалж: www.polit.mn