Хуульчдын нэр хөсөр унав, хуульчдын холбоо нь таг чиг

2019-04-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДАМДИН-ОЧИР Хуульч гэдэг ерөнхий мэргэжлийн дор үйл ажиллагаа явуулдаг шүүх, прокурор, хууль хяналтын байгууллагын ажилтнуудтай холбоотой таагүй мэдээ тасрахаа больсон. Тэд авлига авдаг, хар тамхи хэрэглэдэг, ер нь холбогдохгүй хэрэг ч гэж алга. Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны гуравдугаар сарын 14-ний өдөр зарлиг гаргаж Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүгч С.Батжаргал, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч П.Долгормаа хоёрын бүрэн эрхийг түдгэлзүүлсэн байна. Энэ хоёр шүүгч эрүүгийн гэмт хэрэгт холбогдсон учир албан тушаалаас нь чөлөөлж, шүүгчийн бүрэн эрхийг нь түдгэлзүүлж байгаад хэргийг шалгах, мөрдөн байцааж эхэлсэн байна. Дахин ийм асуудлаар ШЕЗ-өөр хэлэлцүүлж, улмаар Ерөнхийлөгчид өргөн барьж мэдэх хэд хэдэн шүүгчийн асуудал яригдаж байгаа аж. Мөн АТГ-аас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй зургаан шүүгчийн талаарх мэдээллийг “Зууны мэдээ” сонин хүргэж байсан. Тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгахаас прокурор татгалзаж байсан боловч өдгөө үргэлжлүүлэн шалгаж байгаа юм байна. Өнгөрсөн сарын сүүлчээр АТГ-аас “.:.Нэр бүхий найман шүүгчид хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.Тэдний тавыг нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, хөрөнгө орлогын мэдүүлгээ тайлбарлаж чадаагүй гэх үндэслэлээр шалгаж байгаа бол гурвыг нь авлига, албан тушаалын хэрэгт холбогдуулан шалгаж байгаа” гэж мэдээлсэн. За тэгээд, Эрдэнэт үйлдвэр, Салхитын мөнгөний орд, Багануурын ордын асуудал, С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтэй нэр холбогддог шүүгч нарыг олон нийт надаар хэлүүлэлтгүй мэднэ. Тэдэнтэй хариуцлага тооцох талаар тун удахгүй ярьж эхэлнэ. Хоёр жил гаруйн өмнө Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Тамир хар тамхины хэрэгт холбогдож шүүхээр орж байлаа. Үүнээс гадна Б.Амгаланбаатар Улсын ерөнхий прокурорын орлогч байхдаа ЖДҮ-гийн асуудалд нэр холбогдсон. Бас цагдаагийн нэгэн томоохон албан хаагч ч ЖДҮ-д холбогдоод авсан байдаг. Прокурор Ё.Сагсай, Э.Амарбат нартай холбоотой ёс зүйн гэдэг юм уу, аль эсвэл албан тушаалаа ашигласан эрүүгийн шинжтэй гэдэг юм уу мэдээллүүд бас бий. Э.Амарбат өмгөөлөгч бүсгүйг хүчиндэхийг завдсан гээд хэдэн жилийн өмнө “хохирогч” нь өөрөө хэвлэлийн бага хурал зарлаад сүйд болсон. Ё.Сагсай бас гэмт хэрэгт холбогдсон хүний эхнэрт дарамт үзүүлсэн гэх бичлэг нийтэд цацагдсан. Тэрчлэн дээр нэр дурдсан томоохон хэргүүд тухайлбал, С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг л гэхэд тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, прокурор, шүүхийн нөхдүүдийн “хонгил”-оор шийдэгдсэн байж болзошгүй нөхцөл байдал үзэгдээд эхэлсэн. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн бичлэг ил болсноор энэ хардлага улам нэмэгдээд байгаа юм. Эдгээрээс гадна хууль хяналтын байгууллагад ажиллаж байгаа хуульчдын ёс зүйтэй холбоотой асуудлыг тоолоод баршгүй юм. Хүний эрхийн байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээгээр хуульчидтай холбоотой тааруухан мэдээ “талаар нэг” байдаг. Ямар сайндаа л хамгийн сүүлд 2018 онд хийсэн шударга байдлын үнэлгээний судалгаагаар шүүхийн байгууллага хамгийн шударга бус гэсэн үнэлгээ гарсан байхав дээ. Шударга бусын дуулианд тэр бүр зарлагддаггүй ч шударга шийдвэрийг намнан дээрээс нь алх цохин суух Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Батбаатар тэргүүтэн гэмгүй царайлан, шударга эрдэмтдийг мохоож байгаа тухай яригдсаар удлаа. Үүнд дээрх мэтийн нөхдүүдээс гадна мэргэжлийн ёс зүйн алдаа нийтлэг байгаа нь нөлөөлж буй хэрэг юм. Гэхдээ нэг үхрийн эвэр доргисноос болж мянгуулаа доргичихсон тал энд бий. Өөрөөр хэлбэл, хууль шүүхийн байгууллагад ажилладаг бүгд шударга бус, ёс суртахууны алдаатай, гэмт хэрэгт холбогддог гэсэн үг биш юм. Гэтэл олон нийт шүүхэд, хуулийн байгууллагуудад итгэл алдарсан ийм үед энэ бүхний “учрыг олох” ёстой нэг байгууллага таг чиг байгаад байгаа нь анхаарал татаж байгаа юм. Тэр бол Монголын Хуульчдын холбоо юм. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа мэргэжлийн холбоодоос хамгийн их эрх мэдэлтэй, бас хөрөнгө зоорьтой нь энэ байдаг. 2012 оны Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар “бүрэн эрх” нь тогтоогдсон. 2013 оны хавар Монголын Хуульчдын холбоо нэртэйгээр байгуулагдаж, дүрмээ батлан, ерөнхийлөгчөө сонгож үйл ажиллагаагаа эхлүүлж байв. Тухайн үед Хууль зүйн сайд байсан Х.Тэмүүжин тус холбоог эрх зүйн хүчтэй статустай болоход чухал нөлөө үзүүлсэн. Шүүгч, прокурор, өмгөөлөгчөөр ажиллах хүмүүс Монголын Хуульчдын холбооны “ордер”-оор эдгээр байгууллагад ажиллах эрхтэй болно. Хуульчийн шалгалтыг Монголын Хуульчдын холбоо зохион байгуулж, дүгнэдэг гэсэн үг. Энэ бол маш том эрх мэдэл юм. Ер нь бол шүүх, прокурорын ажилтнуудыг байгууллага нь биш энэ холбоо л мэддэг. Нөгөөдүүл нь ч ШЕЗ, УЕПГ-аасаа биш Монголын Хуульчдын холбооноос л үхтлээ айна. Жишээ болгож нэг болсон явдал хэлье. Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгчийн ээж шүүгчээр ажиллаж байжээ. Холбогдох байгууллагаас хуулийн дагуу ажлаас нь чөлөөлсөн байна. Тэр шийдвэр гарсан шөнө эрхэм ерөнхийлөгч сархад хүртэж, шийдвэр гаргахад оролцсон шүүгчдийг шөнөжин дарамталсан байдаг юм. Хэн хэн гэдэг хэдэн шүүгч эрхэм ерөнхийлөгчид дарамтлуулсныг энэ холбооныхон хэсэг ярьсан даа. Монголын Хуульчдын холбооны дор салбар холбоод бас үйл ажиллагаа явуулдаг. Түүнчлэн Монголын Хуульчдын холбооны татвар гэж юм бий. Бусад холбоог бодвол татвараа цаг тухайд нь цуглуулж чаддаг. Гишүүд нь ч өгдөг. Хэмжээний хувьд харьцангуй өндөр. Тус холбооны 2017 оны шинэ жилийн арга хэмжээнд гишүүд нь 150 мянган төгрөг төлөөд л оролцох жишээтэй. Иймээс Монголын Хуульчдын холбоо хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэх бүрэн боломжтой юм. Монголын Хуульчдын холбоонд үүрэг бас байдаг. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн Зургадугаар бүлгийн 45 дугаар зүйлийн 45.1.4-т “Хуульчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах” үүрэгтэй гэсэн байдаг. Хэдхэн хуульчийн балгаар хэдэн мянган хуульч муу хэлүүлж, нэр хүнд нь хөсөр унасан. Гэтэл эдгээрийг ялгаж салгах нэгээхэн ч ажлыг Монголын Хуульчдын холбоо хийсэнгүй. Сар гаруйн өмнө ШШГЕГ-ын харьяа Хорих 461 дүгээр ангид амиа алдсан Б-гийн тухайд энэ холбоо ганц үг ганхийгээгүй. Гэтэл тэр эмэгтэй хууль зүйн зөвлөгөө өгдөг, цэвэр хуульчийн ажил хийдэг байсан тухай талийгаачийн хүү С.Төмөрбат ярьсан байдаг. Монголын Хуульчдын холбоо ингэж хуульчдынхаа эрхийн төлөө зүтгэхгүйгээс гадна болдоггүй хуульчиддаа хариуцлага тооцох хуулиар хүлээсэн үүргээ ч орхигдуулчихаад байна. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн Зургадугаар бүлгийн 45 дугаар зүйлийн 45.1.6-д “...Мэргэжлийн хариуцлагын хороо байгуулан ажиллуулах” гэж заасан үүрэг бас Монголын Хуульчдын холбоонд байдаг. Энэ үүрэг бас л байхгүй. Хариуцлага ярих байтугай хамгаалах талаар Монголын Хуульчдын холбоо, түүний ерөнхийлөгч Ж.Хунан ямар нэг “хөдөлгөөн” хийсэнгүй. Яг үнэндээ Монголын Хуульчдын холбоо хөсөр унасан хуульчдын нэр хүндийг шударга ёсны хамт босгож ирэх эрх болоод үүргийг Монгол Улсын хуулиар хүлээсэн юм. Гэвч тэд шал өөр зүйл ярьж холбооныхоо гишүүдийн дургүйцлийг төрүүлээд байгаа мэдээлэл байна. “...Монголын Хуульчдын холбоо өөрийн гэсэн байртай болох хэрэгтэй” гэсэн зорилт тавиад авах байраа ч сонгочихжээ. Тэр байр нь хотын төвд “E-Mart” худалдааны төвийн арын өндөр зэрэглэлийн үнэтэй оффисын барилгад нүүж орохоор төлөвлөөд байгаа юм байна. Бүтэн давхрыг тэр чигт нь худалдаж авах үнэ нь 2.4-2.5 орчим тэрбум төгрөг, өдгөө тус холбооны дансанд гишүүдийнх нь татварын 600-700 сая орчим төгрөг байгаа аж. Татварын хуримтлалаа өгөөд, ард нь тэрбум гаруй төгрөгийн өртэй үлдэхээр шийдчихээд байгаа тухай гишүүд нь ярьж байна. Хэрвээ тэр байрыг худалдаж авахаар гэрээ байгуулчихвал ирэх 10 гаруй жилийн татварын мөнгийг тэр өрөндөө өгнө гэсэн үг. Өөрөөр хэлбэл, байхгүй мөнгө барьцаалан байртай болох шийдвэрийг Монголын Хуульчдын холбооны удирдлагууд гаргаж магадгүй байгаа юм. Товчхондоо энэ холбооны удирдлагууд иймэрхүү л ажил хийж байна. Тэр зуурт хуульчдынх нь нэр хөсөрт унаж дуусав. Гэвч энэ “сэдэв”-ээр Монголын Хуульчдын холбоо “дуу гаргах” дургүй байна.   Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.4.17 79 (6046) 
COP17 нь зөвхөн төрийн сайд нарын хурал биш...

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 өнөөдөр Монг

2 цаг 46 мин
Орхон аймагт “өөр хууль” үйлчилж, орон сууц захиалсан хохирогчид нэмэгдэхээр болжээ

Уг нь Монгол Улс Америк шиг муж бүр нь бие даасан хуультай холбооны улс биш юм. Америк холбооны улс уч

3 цаг 1 мин
Хархорум бол ХХI зуунд илгээсэн уриалга мөн

Энэ онд Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Өгөөдэй хааны 840 жил, “Түмэн амгалант их ордон”-ны 790, Монголын буддын шашны анхны

3 цаг 1 мин
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

2026-08-14
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

2026-08-14
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

2026-08-14
Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

2026-08-13
С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Намрын чуулган сарын дараа эхэлнэ. Түүнтэй зэрэгцээд намрын улс төр ч  зэгсэн халж мэдэхээр байна. Учир н

2026-08-13
“Нэткапитал”-ын Д.Сүндий нефтийн бизнест хүч сорихоор болжээ

“Нэткапитал” санхүүгийн группийг үүсгэн байгуулагч Д.Сүндийг мэдэхгүй хүн Монголд ховор биз ээ.

2026-08-13
Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

2026-08-13